Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1802

 

 

 

 

 

   2022         12         12                                       2022/ШЦТ/1802

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Б.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г. овогт Д.ы А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3410 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А. нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөөний 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн ... хорооны нутаг дэвсгэр, ... тоот  хашааны үүдэнд хохирогч Э.Х.ын эзэмшлийн Айфон 13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Э.Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 05:00 цагийн үед Сүхбаатарын талбайн хажууд байрлах пабаас гараад, такси бариад Бэлх рүү явсан. Тухайн жолооч надаас “би чамаас нэг юм гуйчих уу?” гэхээр нь би юу болохыг нь лавлаж асуутал “би ийшээ нэг гудамж руу ороод зогсоодохъё, би согтуу байна, найзаараа машинаа бариулчихвал зүгээр байна” гэсэн. Тэгээд би “би буулаа” гэсэн чинь тухайн машины жолооч миний гар утсыг миний гарнаас булаагаад машиндаа суугаад зугатаагаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.А. нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөөний 05:00 цагийн үед Баянзүрх дүүргийн … дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоот  хашааны үүдэнд хохирогч Э.Х.ын эзэмшлийн Айфон 13 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Э.Х.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 05:00 цагийн үед Сүхбаатарын талбайн хажууд байрлах пабаас гараад, такси бариад Бэлх рүү явсан. Тухайн жолооч надаас “би чамаас нэг юм гуйчих уу?” гэхээр нь би юу болохыг нь лавлаж асуутал “би ийшээ нэг гудамж руу ороод зогсоодохъё, би согтуу байна, найзаараа машинаа бариулчихвал зүгээр байна” гэсэн. Тэгээд би “би буулаа” гэсэн чинь тухайн машины жолооч миний гар утсыг миний гарнаас булаагаад машиндаа суугаад зугатаагаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.А.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.А.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэснийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Д.А.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г. овогт Д.ы А.г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А.д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Д.А.д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.А.д тайлбарласугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

             6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД