| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/1077/З |
| Дугаар | 221/МА2025/0152 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2025/0152
“БО” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгч: “БО” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Г.Б
Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1005 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/1077/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “БО” ХХК-иас хариуцагч Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1005 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т заасныг тус тус баримтлан БО ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 3 сарын 31-ний өдрийн НА-************* дугаар хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М би Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд хэлэлцэгдсэн Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б гийн өмгөөлөгчөөр биечлэн оролцож, санал дүгнэлтэй илэрхийлсэн билээ. Энэ хугацаанд хуралдахаар зарлагдсан “БО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хурал давхацсан гэх үндэслэлээр хойшлуулж өгөх хүсэлтийг шүүхийн цахим шуудангаар хүргүүлсэн юм.
Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “...хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтэд хавсаргасан баримтад түүний нэр байхгүй байгааг харгалзан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.” гэжээ.
3.2. Миний бие Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Б.Б гийн гаргасан гомдлыг дэмжиж биечлэн оролцож санал дүгнэлтээ илэрхийлсэн болох нь Монгол Улсын Дээд Шүүхийн тамгын газраас хөгжүүлэлтийг нь хийдэг “Монгол Улсын дээд шүүх” гэх фейж хуудсанд байршуулсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шууд бичлэгээс тодорхой харагдах болно. Мөн шүүх хуралдааны тэмдэглэл, Шүүхийн тогтоолоос тодорхой харагдах боловч одоогоор уг тэмдэглэл, тогтоол албажиж гаргаагүй байгаа болно.
3.3. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлд “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна.” гэсний дагуу шүүх хуралдааны оролцогч миний бие тухайн хуралд тасралтгүй оролцож, энэ хугацаанд өөр шүүх хуралдаанд оролцож болохгүй гэсэн ойлголттойгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралдаанд оролцож байгаа талаараа хүсэлтээр илэрхийлсэн болно.
3.4. Мөн миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцох эрхээ хэрэгжүүлэх байсан бөгөөд нэхэмжлэгч талыг шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаж, тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх боломжоор хангаагүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/1005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “БО” ХХК-аас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Г.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О , Г.Б нар нь “БО” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар
“1. Гаалийн мэдээгээр 2018 онд 34,987.99 тонн, 2019 оны 1, 2, 3 дугаар сард 10,451.34 тонн нийт 45,439.33 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2018 онд 30,247,042,458.20 төгрөг, 2019 онд 10,971,588,255.69 төгрөгийн нийт 41,218,630,713.89 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй,
2. 2019 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 65,997.19 тонн, 2020 онд 26,617.96 тонн, 2021 онд 25,111.79 тонн нийт 117,726.94 тонн жоншийг экспортод гарган борлуулахдаа 2019 онд 52,324,574,013.72 төгрөг, 2020 онд 15,705,706,941.99 төгрөг, 2021 онд 2,169,345,510.12 төгрөг нийт 70,199,626,465.83 төгрөгийн борлуулалтын үнэлгээтэй ашигт малтмалд, ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулаагүй,
3. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2020 онд ногдуулсан 100,085,912.29 төгрөгийн төлбөрийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан гэх зөрчлүүдэд ...10,552,140,458.84 төгрөгийн нөхөн татвар, 3,358,941,978.04 төгрөгийн торгууль, 2,102,373,716.57 төгрөгийн алданги, нийт 16,013,456,153.45 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.4. Анхан шатны шүүх “...Татварын улсын байцаагчид гаалийн экспортын мэдээн дэх гаалийн төв лабораторийн ашигт малтмалын агууламжийн мэдээлэлд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцоолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.5. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан доор дурдсан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлнө” гээд мөн зүйлийн 1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж,
Ашигт малтмалын тухай хууль /2019 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” ойлгоно гэж, мөн хууль /2019 онд өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.2-д “Энэ хуулийн 47.16-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтална”, 47.3-д “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараах хэмжээгээр ногдуулна”, 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”, 47.5-д “Энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшингээс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно”, 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал, эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж,
Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт... алданги тооцох бөгөөд”, 73.2.1-д “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар” гэж тус тус заасан.
2.6. Мөн Ашигт малтмалын тухай хууль /2019 онд өөрчлөн найруулснаар/-ийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана” гэж, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ын 5-д “Хайлуур жонш” “Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ (www.Indmin.com)”, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоол болон 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-д заасан зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахаар заасан зэргээс үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт албан татвар ногдох бөгөөд жоншны хүдэр, баяжмалыг экспортод гаргахдаа олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн болон нэмэлт төлбөр ногдуулан төсөвт төлөхөөр зохицуулсан тул нэхэмжлэгч “БО” ХХК нь 2018 онд 13,393.85 тонн, 2019 онд 69,705.00 тонн, 2020 онд 26,617.96 тонн, 2021 онд 25,111.79 тонн, нийт 134,828.6 тонн жоншийг экспортод гаргаж борлуулсан боловч АМНАТ тайлагнаж төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нотлогдож байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
2.7. Нэхэмжлэгч “БО” ХХК-аас анх 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан нийт 9 удаа шүүх хуралдааныг хойшлуулсны эцэст 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Улмаар нэхэмжлэгч компаниас хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг товлосон боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон нутагт шүүх хуралдаан давхацсан хүсэлтээр, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан хүсэлтээр, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас БНСУ руу зорчих хүсэлтээр тус тус хойшлуулсан үйл баримт тогтоогдож байна.
2.8. Улмаар дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр товлон зарласан байх бөгөөд мөн л нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Хяналтын шатны Эрүүгийн хэргийн хэргийн шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч уг хүсэлтэд хавсаргасан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд оролцож байгаа болох нь нотлогдоогүй тул тухайн тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн түүнийг байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
2.9. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байх хэдий ч уг нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх, хөндөгдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр идэвх, санаачилгатай үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж үзлээ.
2.10. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд уг хугацааг эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болох хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, анхан шатны шүүхээс хэргийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.11. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй, ...шүүх хуралдаанд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах байсан, өмгөөлөгч авч оролцох эрхээ хэрэгжүүлэх байсан, шинжээч томилуулах байсан” гэж тайлбарлаж байх боловч эдгээр хүсэлтүүдийг шүүх хуралдааны бэлтгэл хангах үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа хэлбэрээр гаргах хэргийн оролцогчдын эрхийг шүүх хязгаарлаагүй, нөгөө талаас нэхэмжлэгч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй төдийгүй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр өмнө тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Б-г өмгөөлөгчөөр оролцуулсан байх бөгөөд тухайн өмгөөлөгчөөс татгалзсан зүйлгүй, үргэлжлүүлэн оролцуулах эрх нь нээлттэй байсан зэргээс үзэхэд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
2.12. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт маргаан бүхий актын огноог “2023 оны 03 дугаар сарын 31-ний” өдрийн гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1005 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 2023 оны 3 сарын 31-ний өдрийн НА-************* дугаар хүчингүй болгуулах” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн НА-************* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “БО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА