Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0757

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0757

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тав дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Шүүхийн Ерөнхий Зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг нь 90 хувиар тооцож олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/**8 дугаартай албан бичгийн хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Бын бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд сар бүр цалин хөлсийг 90 хувиар тооцон олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгч С.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлигаар шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-д заасан үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа тул эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Надад холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүгчийн бүхэн эрхийг сэргээх зарлиг гараагүй байна.

Улсын Их Хурлаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдан, мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг нь 90%-аар тооцож олгоно гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлт гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/**8 дугаартай албан бичгээр татгалзаж шийдвэрлэсэн тул 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Бын бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд цалин хөлсийг 90%-аар тооцон олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчдийн цалинтай холбоотой асуудлаар төсөвт тусгагдаагүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын Сангийн яаманд хандан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт төсөвт зохицуулалт хийлгүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх гэсэн агуулгатай хүргүүлсэн. Сангийн яамнаас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 4-3/1380 дугаар албан бичигт Монгол Улсын шүүхийн тухай шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хуулийн дагуу цалин хөлс олгох эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасны дагуу бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг нь 90 хувиар тооцож олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/**8 дугаартай албан бичгийн хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Бын бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд сар бүр цалин хөлсийг 90 хувиар тооцон олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах гэж тодорхойлжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Б нь нийслэлийн Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаар зарлигаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн түүний шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 215 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүгчийн бүхэн эрхийг сэргээх зарлиг гараагүй байна.

Энэ хугацаанд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, тус хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн байна.

Нэхэмжлэгч нь уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт Энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно гэж заасны дагуу хуулийг дагаж мөрдсөн хугацаанаас хойшхи хугацаанд хамаарах буюу 2021 оны 03 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш цалин хөлсийг 90 хувиар тооцуулан гаргуулж авах тухай хүсэлтийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2021 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 01/**8 тоот албан бичгээр татгалзсан хариу хүргүүлсэн байна.

Татгалзсан үндэслэлээ Монгол Улсын Сангийн яам дээрх албан бичигтээ ... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан бөгөөд уг хуульд хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө эрх нь түдгэлзсэн шүүгчид цалин хөлс олгох асуудлыг тусгаагүй байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хуулийн дагуу цалин хөлс олгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт зааснаар бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцон гаргуулан авах эрхтэй гэж маргаж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт Энэ хуулийн 39.4-т заасан үндэслэлээр бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгоно гэж заасныг энэ нөхцөл байдалтай холбогдуулан үзвэл шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн бол тухайн шүүгчид түдгэлзсэн хугацаанд цалин хөлсийг 90 хувиар тооцож олгохоор заасан үүнийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрх зүйн үйлчлэлтэй болсон хуулийн заалтыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой байжээ.

Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/**8 дугаартай албан бичгийн хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Бын бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд сар бүр цалин хөлсийг 90 хувиар тооцон олгохыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасныг баримтлан С.Бын нэхэмжлэлтэй Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргаснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчид уг хугацаанд цалин хөлсийг нь 90 хувиар тооцож олгохоос татгалзсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/**8 дугаартай албан бичгийн хууль бус болохыг тогтоож, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Бын бүрэн эрх нь түдгэлзсэн хугацаанд түүний сар бүрийн цалин хөлсийг 90 хувиар тооцон олгохыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ