Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2018/00006

 

“К б” ХХК-ийн Дорнод салбарын

нэхэмжлэлтэй, Г.Б, Б.Л

нарт холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Б, Б.Л нарын давж заалдах гомдлоор “К б” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй, Г.Б, Б.Л нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 36831068 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “К б” ХХКомпанийн Дорнод салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “К б” ХХК-ийн Дорнод салбар нь иргэн Г.Б, Б.Л нартай 2015 оны 03 сарын 10-ны өдөр №ЗГ-42 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45`500`000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Дорнод аймаг Хэрлэн сумын 6 дугаар баг,  дугаар байрны 14 тоотын 46 м.кв талбай бүхий 4 өрөө хувийн орон сууц /Ү- дугаартай / барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 01-ний өдөр дуусгавар болох боловч иргэн Г.Б, Б.Л нар нь 2016 оны 8 сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг хийгээгүй зээлийн эргэн төлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, үүргээ ноцтой зөрчиж банкны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй өнөөг хүртэл явж байна. Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлнээс 17`841`773 төгрөг 75 мөнгө, үндсэн хүү 1`1680`577 төгрөг 97 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 101`620 төгрөг 07 мөнгө нийт 29623971 төгрөг 79 мөнгийг төлөөд байна. Одоо 27`658`226 төгрөг, 8`545`945 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, 626`897 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус төлөөгүй “К б” ХХК, иргэн Г.Б, Б.Л нарын хооронд байгуулсан №ЗГ-42 тоот “Зээлийн гэрээ”-ний 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудыг тус тус зөрчин банкинд хохирол учруулсан байна. Иргэн Г.Б, Б.Л нараас үндсэн зээл 27`658`226 төгрөг, 8`545`945 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, 626`897 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 36`831`068  төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна гэжээ.

        Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “К б”-ны Дорнод салбар нь хариуцагч Г.Б, Б.Л нартай зээлийн гэрээ байгуулан, 45`500`000 төгрөгийн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу төлөлт хийгдэж явсан боловч 2016 оны 8 сараас эхлэн зээлээ огт төлөөгүй. Банкны зүгээс зээл төлүүлэх талаар 18 удаа уулзаж явцын хяналтыг 7 удаа хийж  байсан. 2016 оны 8 сарын 12-ны өдрөөс хойш нэг ч төлбөр хийгээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөө төлөөгүй байна. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 сарын 18-ны өдөр хугацаа дуусна. Манай банкны хувьд зээлийн гэрээгээ цуцалж байна гэж үзэж болно. Иймд хариуцагч Г.Б, Б.Л нараас 36`831`068  төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Г.Б, Б.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч “К б” ХХК-иас Г.Б, Б.Л бидэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид “К б”-ны Дорнод аймаг дахь салбараас 2015 оны 03 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 45`500`000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Тухайн зээлийг жижиг дунд бизнесийн зориулалтаар авч, гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацааг 36 сараар тохиролцсон. Бид авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, тухайн үед үндсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг төлөөд явж байсан. Гэвч улс орны хэмжээнд нүүрэлсэн санхүүгийн хямралаас болж бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд сар бүр төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн. “К б”-ны зүгээс зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд  нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус банкны Дорнод аймаг дахь салбарын удирдлагуудтай уулзаж, харилцан тохиролцож шийдэлд хүрнэ гэж найдаж байна гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар Г.Б, Б.Л нараас 36`831`068 төгрөг гаргуулан “К б”-ны Дорнод салбарт олгож хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг,    байрны 14 тоот     дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 46 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 342`105 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Б, Б.Л нараас 342`105 төгрөгийг гаргуулан  “К б”-ны Дорнод салбарт олгож, ...шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б, Б.Л нар давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хувьд тус банкнаас авсан зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж явсан боловч улс орны хэмжээнд санхүүгийн хямрал нүүрэлж, бизнесийн үйл ажиллагаа доголдсон. Капитал банк нь тохиролцсон ёсоор зээлийн гэрээний хугацаа дуусахад хагас жилийн хугацаа дутуу байхад буюу 2017 оны 10 сарын 17-ны өдөр бидэнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ ёсоор 36 сарын хугацаа дуусахад биднээс холбогдох мөнгийг нэхэмжилж шүүхэд хандах ёстой байсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь бидний хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаанд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Мөн тус шүүх нь “... Г.Б, Б.Л нараас 36`831`068 төгрөг гаргуулан “К б”-ны Дорнод салбарт олгож хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Хэрлэн сумын 6-р баг,  байрны 14 тоот Y    дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй 46 м.кв талбай бүхий орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. ...” гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Учир нь К бны нэхэмжлэлийн шаардлага нь “... нийт 36`831`068 төгрөгийг, зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн 0614000392 тоот дугаартай хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд “шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнөөс гаргуулахыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах” тухай шаардлага байхгүй юм. Тийм байхад шүүхийн шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй шаардлагыг өөрийн үзэмжээр хариуцагч бид нарт үүрэг болгож шийдвэрлэсэн К банкинд давуу байдал олгон хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “К б” ХХК-ийн Дорнод салбар нь хариуцагч Г.Б, Б.Л нараас үндсэн зээл 27658226 төгрөг, үндсэн хүү 8545945 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 626897 төгрөг, нийт 36831068 төгрөгийг гаргуулах тухай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Зээлдүүлэгч, зээлдэгч Г.Б, Б.Л нарын хооронд 2015 оны 03 сарын 10-ны өдөр 45500000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, ЗГ-42 дугаар зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд  Хэрлэн сумын 6 дугаар баг,    дугаар байрны 14 тоотын 46м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалж БГ-42 дугаар барьцааны гэрээ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. / хх-ийн 5-12 дугаар талууд /

Хариуцагч нар  нь 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс хойш  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэг ч төгрөгийн төлбөр хийгдээгүй талаар талууд маргаагүй байна.

Харин хариуцагч нар нь улс оронд нүүрлэсэн санхүүгийн хямралаас болж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь үнэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 сарын 10-ны өдөр дуусна. Энэ хугацаа дуусаагүй байхад банк биднийг шүүхэд өгснийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Зохигчдын хооронд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, дээрх гэрээнүүдийн хугацаа 2018 оны 03 сарын 10-ны өдөр дуусах боловч зээлдэгч Г.Б, Б.Л нар нь 2016 оны 08 сарын 10-ны өдрөөс хойш зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.2, 8.3.9 дэх заалтуудыг зөрчсөн байх тул зээлдүүлэгч “К б” ХХК-ийн Дорнод салбар нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй юм. 

Зээлдэгч  нар нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тухай Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, 24 дүгээр зүйлийн 3-т заасан байх тул хариуцагч Г.Б, Б.Л нараас  үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 36831068 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К б” ХХК-ийн Дорнод салбарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэлтэй зөв болсон байна.

Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан “... Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн заалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасан “... шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, ... “ гэсэн зохицуулалттай нийцсэн байх тул  хариуцагч нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 342106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч Г.Б, Б.Л нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,   Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 138/ШШ2018/00038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б, Б.Л нараас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

         

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                              Д.БАЙГАЛМАА

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ