Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1807

 

 

 

 

 

 

 

   2022         12         12                                       2022/ШЦТ/1807

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,  

улсын яллагч Г.Цогтгэрэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир,

шүүгдэгч Ш.Б., түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн,

шүүгдэгч Г.Б., түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б. овогт Ш.гийн Б., С. овогт Г.ын Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00000 0190 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Х.” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б. овогт Ш.гийн Б..

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт оршин суух, С. овогт Г.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч “Х.” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б., нягтлан бодогч Г.Б. нар нь Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нартай хамтран оролцож, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Дтай 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” 001 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Х.” ХХК-д их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Ш.Л, Н.Х, Б.О. Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “...” ХХК, “...” ХХК-иас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг өөрийн компанид шивэлт хийлгүүлж, Татварын ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийн гэмт хэргийг санаачилсан, гүйцэтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа зөвшөөрч байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ “Улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нгийн өгсөн: “ “Х.” ХХК-тай холбоотой татварын хяналт шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Ц.Э нар нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын албаны мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнтэй холбоотой зөрчил илэрсэн. “Х.” ХХК нь 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Сүхбаатар дүүргийн харьяа “...” ХХК-иас 10 дугаар сард 232 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.749.928.218.16 төгрөгийн, 11 дүгээр сард 238 ширхэг падаанаар 10.821.030.318.16 төгрөгийн, 12 дугаар сард 263 ширхэг падаанаар 12.026.685.299.92 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 44.272.909.09 төгрөгийн худалдан авалт хийснийг 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-ийн 234 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 10.839.669.763.61 төгрөг, 11 дүгээр сард “...” ХХК-ийн 237 ширхэг НӨАТ-ын падааны 10.775.561.681.80 төгрөг, 12 дугаар сард мөн компанийн 263 ширхэг НӨАТ-ын падааны 12.026.685.299.92 төгрөгийн худалдан авалтын буцаалт хийж залруулж тайлагнасныг татварын албанд хүлээн авсан байна. “Х.” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн харьяа “...” ХХК-иас 2019 оны 10 дугаар сард 234 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.849.757.572.69 төгрөг, 11 дүгээр сард 237 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.770.138.499.99 төгрөгийн худалдан авалт, Хан-Уул дүүргийн “...” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 205 ширхэг НӨАТ-ын падаанаар 9.337.492.945.10 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр татварт тайлагнасан. Энэ нь нийт падааны 30.957.389.017.18 төгрөгийн худалдан авалтын падаан бичүүлж, төсөвт төлөх татварын хэмжээг 3.095.738.901.71 төгрөгөөр бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-1 дэх хэсэг, 14.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймээс “Х.” ХХК-иас улсад төлөх ёстой татварын хэмжээг санаатай бууруулж, төсөвт төлөх 3.095.738.901.71 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162-163/,

- Гэрч Б.Эын өгсөн: “Одоо тухайн өдрийн сар өдрийг нь санахгүй байна. Манай аавтай Д компани дээр ирж уулзахдаа эхлээд ганцаараа ирсэн. Ингээд эхлээд Д манай аавтай ирж уулзахдаа “Найдвартай НӨАТ-ын илүүдэлтэй компани байгаа, ямар ч асуудалгүй, танай компанийн тайланг чинь янзлаад өгье, компанийхаа татварын тайланг буцаачих” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай аав түүнд хандаж “Тэгвэл даргатай чинь уулзъя” гэж хэлсэн чинь тэр өдрөө Д Лг дагуулаад ирж, компани дээр аавтай ирж уулзсан. Тухайн үед аав болон Д, Л нар хоорондоо юу ярьсан талаар би мэдэхгүй байна. Эхлээд Дтай танилцсан, дараа нь Лтэй танилцсан. Бид нарын хооронд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. Жавхлангийн санал болгосноор ажил хэргийн шугамаар танилцсан. Би Дд НӨАТ-ын ажлын хөлс гэж өөрийнхөө нэр дээр байсан … улсын дугаартай Рэнж Ровер загварын тээврийн хэрэгсэл, Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, …. тоотод байрлах 3 өрөө манай нөхөр Дий аав болох Ц.Дийн нэр дээр байсан байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Мөн би тухайн дансны дугаарыг нь санахгүй байна. Үүнээс өөр мөнгө, эд зүйлс өгөөгүй, мөн Лд ямар нэгэн мөнгө, эд зүйлс өгөөгүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-175/,

- Б.Дгийн гэрчээр өгсөн: “Эхний удаа улсад татварын өртэй компаниуд надтай утсаар холбогдоод “НӨАТ-ын хий бичилт хийх үү, 2.5 хувийг нь өгье” гэж хэлдэг байсан. Ингээд тэд нарын хэлсэн дүнг Л эгчид хэлээд Л цааш нь тэр дүнгээр хий бичилттэй НӨАТ-ын падаан надад авчирч өгдөг байсан. Үүний дараа буюу захиалсан аж ахуй нэгжүүдэд хий бичилттэй НӨАТ-ын падаанууд өгч, татварын санд шивсний дараа тохиролцсон үнийн дүнгээр мөнгөө бэлнээр аваад Л эгчид өгдөг. Л эгч цаашаа НӨАТ-ын падаан олж өгсөн хүнтэй яриад ашгаа хуваадаг юм шиг байсан. Миний хувьд НӨАТ-ын хий бичилттэй хуурамч падаан гэдгийг 2020 оны 04 дүгээр сард мэдсэн. Тэрнээс өмнө огт мэддэггүй зөвхөн Л эгчийн өгсөн НӨАТ-ын падааныг хүргэж өгдөг байсан. Дээрх тээврийн хэрэгслийн талаар хэлэхэд “Х.” ХХК-ийн 3.4 тэрбум төгрөгийн татварын өрийг Л эгч бид хоёр хамтран НӨАТ-ын хий бичилтээр хаахад нь тусалж, хариуд нь … улсын дугаартай Рэйнж Ровер маркийн тээврийн хэрэгсэл, бэлэн 150.000.000 төгрөг, Баянзүрх захын ойролцоо байрлах “Х.” ХХК-ийн хажуу талын 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад Л эгчид өгсөн. Үүнээс 500.000 төгрөг авсан. “...” ХХК нь миний нэр дээр 2020 оны 07 дугаар сарын үед шилжиж ирсэн. Сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед Л эгч над руу яриад “...” гэж компанийг нэр дээрээ шилжүүлээд аваадах, энэ нь НӨАТ-ын бичилт хийхгүй, зөвхөн санхүүгийн зөвлөх үйлчилгээний ажил хийнэ, тусгай зөвшөөрөл гаргуулж аваад чи энэ компаниар барилгын ажил хий гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-169, 4-р хх-ийн 146-148/,

- Ш.Лгийн сэжигтнээр өгсөн: “ “Х.” ХХК нь 34 тэрбум болон НӨАТ-ын өр нь 3.400.000.000 төгрөгийг улсад төлөх өртэй байсан. “Х.” ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан 50 гаран насны хүн байсан. Тухайн компанийн гүйцэтгэх захирал гэх эмэгтэй хүний хамт Д бид хоёртой 2020 оны 07 дугаар сард уулзаж, улсад төлөх 3.400.000.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгвөл 700 сая төгрөг өгөхөөр анх тохиролцож, тухайн компанийн бичиг баримтыг өгч, НӨАТ-ын хуурамч шивэлтийг хийлгэж дуусаад, “Х.” ХХК-ийн захиралтай дахин уулзаж, 700.000.000 төгрөгийг нэхсэн боловч тухайн компанийн захирал бэлэн мөнгө байхгүй, 700 сая төгрөгийг өгч чадахгүй, харин нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 96 мкв бүхий 3 өрөө байрыг 260 сая төгрөгөөр, … улсын дугаартай Рэйнж Ровер маркийн тээврийн хэрэгслийг 290.000.000 төгрөгөөр, бэлэн 70.000.000 төгрөгийг Дд өгсөн байдаг. Д бид хоёрын хувьд тухайн мөнгөнд бодож авсан байр, машин зэргийг зараад мөнгөө хувааж авах ёстой байсан. Дээрх машин одоо хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Энэ талаар Д сайн мэдэх ёстой. Харин 96 мкв бүхий 3 өрөө байранд манай том хүү М.А эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. “...” ХХК нь анх 2020 оны 06 дугаар сард М гэдэг нэрээр надтай танилцаж байсан О гэдэг хүний компани гэдгийг мэднэ. Д нь “...” гэдэг компаниас хуурамч НӨАТ-ын падаан бичиж байсан ба уг асуудал татвар, цагдаа дээр гарч ирэх үед Д Отой холбогдож, Ооос “...” ХХК-ийг авч, өөрийн НӨАТ-ын буцаалт хийлгэсэн компаниудаа шивж оруулсан. О гэдэг хүн “...” гэдэг компаниас НӨАТ-ын хий бичилт хийдэг байсан. Тэгээд Д нь өөрийнхөө НӨАТ-ын хий бичилтийг хийхээр уг компанийг Ооос өөр лүүгээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 164-165, 4-р хх-ин 151-152/,

- Ш.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Татварын байгууллагын хувьд манай компани 2020 онд нийт 3.4 тэрбум төгрөгийн өглөгийн асуудал байсан. Яагаад ийм өндөр дүнтэй өглөг үүссэн гэхээр … сум хүртэлх 127 км замын ажил дээр эдийн засгийн уналт болон мөнгөний ханшийн алдагдлаас болж татвар төлөх боломжгүй болсон юм. Яагаад гэхээр улсаас төсөвлөсөн хөрөнгө нь 62 тэрбум төгрөг байсан бөгөөд 2015-2020 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд ханшийн зөрүү, мөнгөний уналт, өвчин зовлон бүхий л асуудлаас болоод тухайн төслийг хэрэгжүүлснээр компани тооцоолсон ашгаа хийж чадаагүй. Иймд татварын байгууллагад өр төлөх боломжгүй болж хуримтлагдсанаар 3.4 тэрбум төгрөг болсон. Манай компанийн зүгээс 2020 онд татварын байгууллагын өр төлбөрийг тэглэсэн. Хэрхэн тэглэсэн гэхээр миний охин Б.Эд түүний найз татварт өртэй компанид НӨАТ-ын шивэлт хийж, НӨАТ-ын буцаан олголтоор татвараа тэглэх боломжтой гэж охинд санал тавьсан байсан. Үүний дагуу охин надад хэлэхдээ “манай найзын таньдаг хүн нь НӨАТ-ын авлагатай компанитай бөгөөд НӨАТ-ын авлага танайх руу шилжүүлээд оронд нь мөнгө авах боломжтой юу гэж асуулгаж байна” гэж хэлсэн. Би тухайн хүнтэй уулзахыг охиндоо зөвшөөрсөн бөгөөд удалгүй 2020 оны 07 дугаар сарын дундуур манай оффис дээр хүрч ирж уулзсан. Тухайн уулзалтад Б.Д гэх хүн ирж уулзсан бөгөөд надад хэлэхдээ “Манай нэг компани байдаг юм. Тухайн компани нь гадаад улсаас худалдан авалт хийж, Монгол улсад оруулж ирэн гааль, НӨАТ-ын татварт тогтвортой байнгын татвар төлдөг, НӨАТ-ын буцаан олголт их болчихоод байгаа, танайх татварт хэдэн төгрөгийн өртэй юм бэ?” гэж хэлсэн. Миний бие тухайн үед нягтлан бодогч Г.Б.г дуудаж “Х.” ХХК-ийн татварт төлөх өр хэдэн төгрөг байгаа эсэхийг тодруулахад Г.Б. надад хэлэхдээ 3.4 тэрбум төгрөгийн өртэй байгаа талаар надад хэлсэн. Уг дүнг Б.Д сонсчихоод энэ дайны мөнгөний НӨАТ гаргаж болно гэж хэлсэн. Миний бие 3.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ийг хэрхэн, яаж, хэдэн төгрөгөөр хаах юм бэ гэж асуухад 1 тэрбум төгрөг өгчих, тэгвэл өрийг чинь хаагаад өгье гэж хэлсэн. Иймд миний бие тэр их хэмжээний мөнгө гаргаж өгч чадахгүй учир 800 сая төгрөг өгье гэж хэлэхэд Б.Д захиралтайгаа яриад хэлье гэсэн. Хэд хоногийн дараа Б.Д, захирал нь гэж Л, мөн нэг залуутай хамт явж байсан. Уг уулзалтаар Л болон менежер гэх залуу нь танай өрийг хаагаад өгье, надад өмнө хэлсэн 800 сая төгрөгөө өгчих гэж хэлсэн бөгөөд миний бие тухайн асуудлыг зөвшөөрч тохиролцсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Дгийн Satsu нэртэй компанитай санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 800 сая төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу манайх руу шивэлтээ хийсэн тохиолдолд миний бие мөнгө өгөхөөр болсон бөгөөд гэрээ хийсэн өдрөөс хойш удалгүй манай компанид хэдэн төгрөгийн шивэлт байсныг нь мэдэхгүй ямар ч байсан НӨАТ-ын шивэлт ороод ирсэн байсан бөгөөд миний бие 100 орчим сая төгрөгийг өгөхийг нягтлан Б.д даалгасан. Тухайн үед төсөвт 4 тэрбум төгрөгийн төслийн үлдэгдэл байсан бөгөөд уг мөнгийг компанийн дансанд орж ирнэ гэж бодоод байж байтал Засгийн газрын төсвийн тодотголоор 4 тэрбум төгрөгийг дараа жил рүү шилжүүлсэн тул миний бие 800 сая төгрөг өгөх боломжгүй болсон. Иймд энэ асуудлаар Б.Дг дуудаж, 800 сая төгрөгийг өгөх боломжгүй болсон талаар хэлэх гэж дуудсан. Миний дуудсанаар Б.Д нь манай ажил дээр хүрч ирсэн. Ирэхээр нь миний бие гэрээний дагуу бэлэн мөнгө өгч чадахаа байсан. Төсвийн тодотголоор манай компанид орж ирэх ёстой мөнгийг татаад авсан. Иймд мөнгөний оронд машин, байр өгөх боломжтой юу гэж асуухад Б.Д нь захирлаасаа асууя гэж хэлээд миний хажууд утсаар ярьсан. Утсаар ярьсны дараагаар Б.Д нь машин болон байрыг эхлээд үзье гэж хэлсэн бөгөөд үүний дагуу миний бие охин Эын эзэмшилд байсан Рэйнж ровер маркийн … улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөх, мөн охины нөхөр Дий аав, ээжийнх нь байр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, … дүгээр байранд байрлах 3 өрөө, 100 орчим мкв байрыг үзүүлсэн. Тухайн байр машин нь Д болон түүний захиралд таалагдаж, тохиролцсон. Байшингаа 260 сая төгрөг, машин 300 сая төгрөгөөр үнэлсэн байсан юм. 240 сая төгрөгийг бэлнээр өгсөн байх гэж бодож байна. Мөнгө өгөхдөө би хүлээлгэж өгөөгүй, нягтлан бодогч Б. өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 176-182/,

- Гэрч С.Чийн өгсөн: “Оийн төрсөн эцэг С.Ч нь өнөөдрөөс 7 хоногийн өмнө манай гэрт жижиг хар саарал өнгийн цүнхтэй эд зүйл авч ирээд намайг хадгалж байгаарай гэж үлдээсэн. Тэр дотор “...” ХХК, “...” ХХК, “...” ХХК-иудын тамга болон санхүүгийн тамга, тэмдэг байсан. Иймд учраас эдгээр эд зүйлсийг цагдаагийн байгууллагад гаргаж өгч байна.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 33-34/,

- Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Х.” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх улсын байцаагч Ц.Э, Т.Б  нарын танилцуулга “ “Х.” ХХК нь 2019 онд “...” ХХК, “...” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 30.957.389.017.10 төгрөгийн худалдан авалт нь төсөвт төлөх татварыг 3.095.738.901.71 төгрөгөөр бууруулж байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байна.” гэх танилцуулга /1-р хх-ийн 75-78/,

- Татварын ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 07/65 дугаар албан бичгээр ирүүлсэн “ “Х.” ХХК-ийн 2017-2020 оны төлсөн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдсэн борлуулалт, худалдан авалтын мэдээлэл” албан бичиг /1-р хх-ийн 91-205/,

- Гэрч Т.Бгийн өгсөн: “Санхүүгийн анхан шатны баримтууд болон татварын цахим системээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт болон борлуулалт дээр шалгалт хийхэд 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад “...” ХХК, “...” ХХК, “...” ХХК-иас хий бичилттэй падаан бичүүлж, улсад төлөх татварын хэмжээг багасгаж тайлагнасан байсан. “...” ХХК-иас бичигдсэн НӨАТ-ын падааныг тухайн үед нь буцаалтаар тайлагнаж, тайланг залруулсан ба “...” ХХК, “...” ХХК-иас хийсэн хий шивэлтийн падааныг буцаагаагүй. “Х.” ХХК нь “...” ХХК, “...” ХХК-иас нийт 30.957.389.017.10 төгрөгийн 658 ширхэг падаанаар худалдан авалт хийж, төсөвт төлөх татвар болох 3.095.738.901.71 төгрөгийг нуун дарагдуулсан байсан. “...” ХХК, “...” ХХК-иуд нь татварын нэгдсэн системд бүртгэлтэй боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар экс тайлантай ба НӨАТ-ын худалдан авалт борлуулалтыг тайлагнасан байсан. Үүнээс харахад үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээрх компани гэж хэлж болно. “Х.” ХХК нь урд татварын тайлангийн жилүүдэд татварын ийм төрлийн алдаа хийж байгаагүй. 2012 онд 43 тэрбум төгрөгийн тендерийн ажил улсаас авч тухайн ажил нь хойшилсон ба жил бүр орж байгаа орлогын тодорхой хэсгийг урьдчилж олгон орлогоор тайлагнаж, 2020 онд тухайн ажил дуусаж, улсын комисс хүлээн аваад борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр байсан боловч 2019 оны татварын тайланд засвар хийж, хуурамч компаниар худалдан авалтын падаан шивүүлж, татвараас зайлсхийсэн байна.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 37-40/,

- 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Х.” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-иас 10.849.757.572 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сард 10.770.138.500 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сард “...” ХХК-иас 9.337.492.945 төгрөгийн нийт 30.957.389.017 төгрөгийн худалдан авалт хийсэн байна гэж тайлагнасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Х.” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-иас 10.849.757.572 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сард 10.770.138.500 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сард “...” ХХК-иас 9.337.492.945 төгрөгийн нийт 30.957.389.017 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан бөгөөд борлуулагч компанийн санхүүгийн баримт, татварын газрын хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтууд ирүүлээгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 207-209/,

- Ш.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Би нягтлан бодогч Г.Б.гээс Дтай уулзаад манай компанид татварын өр байгаа юу гэж асуухад Б. нь одоогоор татварын өр байхгүй. Гэхдээ 128 км замын улсын комиссын акт гарахаар оны сүүлээр өр өснө гэж хэлсэн. Манай аж ахуйн нэгжийн хувьд тайлангаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгөх ёстой байсан. Тухайн үед өр үүсэх байсан. Тэгтэл тэрнээс өмнө Д гэх эмэгтэй над дээр ирж та манай компаниас НӨАТ худалдаж авсан тохиолдолд танай компанийн НӨАТ-ын өр төлөгдөж дуусна. Өөрөөр хэлбэл манай аж ахуйн нэгжээс падаан худалдаж ав гэж хэлсэн. Тэрний дагуу нягтлантайгаа яриад, ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн өр гарах байж гэж хэлсэн. Д нь танай аж ахуйн нэгж 800 сая төгрөг өгөөд манай аж ахуйн нэгжээс НӨАТ худалдаж аваад улсад төлөх 3.4 тэрбум төгрөгийн өрийг 0 болгож болно гэж хэлсэн. Ингээд бичилт хийгдээд эхлэх үед нь би мөнгө төлж эхэлсэн учраас энэ хэрэгт холбогдсон. Би Б.д энэ хүмүүстэй санхүүгийн зөвлөгөө авах гэрээ хийгээд 3.4 тэрбум төгрөгийн падаан манай компани руу шивээд би оронд нь 800 сая төгрөг өгөх болсон гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Г.Б. надад нөгөө хүмүүс падаан шивээд манай компани руу хэд хэдэн худалдан авалтын падаан ороод ирсэн гэж хэлэх үед би тэр хүмүүст мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-41, 42-52/,

- Г.Б.гийн сэжигтнээр өгсөн: “ “Х.” ХХК нь яг хэдэн онд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна Завхан аймагт 127.1 км замын ажлыг авсан. Тухайн замын ажлын орлого дээр НӨАТ-ын асуудал үүссэн. Тухайн замын ажлын гэрээг анх 2 жилийн өмнө гаргаж, 62.900.000.000 төгрөгийн гэрээний дүнтэй байсан боловч тухайн ажлын санхүүжилт нь улсын төсөвт гүйцэд орж ирээгүйн улмаас энэ он хүртэл олон жил гэрээ сунгаж хийгдсэн. Ийм учраас энэ ажил нь ямар ч ашиггүй, алдагдалтай ажил болсон. Тэгээд санхүүжилтээр орж ирсэн мөнгийг урьдчилан орсон орлого гээд баланс дээр хуримтлуулж тавьсан дүн 34.4 орчим тэрбум төгрөг болсон ба уг нь энэ мөнгийг борлуулалтад хүлээн зөвшөөрөөд НӨАТ-ын өр үүсэх байсан. Тэгээд энэ жил замаа бариад дууссан учраас дээрх мөнгийг борлуулалтад хүлээн зөвшөөрөөд тайлагнах ёстой байсан. Тэгтэл манай компани дээрх мөнгийг тайлагнасан тохиолдолд НӨАТ-ыг төлөх боломжгүй байсан. Ийм учраас дээрх мөнгийг 2019 оны тайланд тусгаад худалдан авалтын падааныг хуурамчаар шивүүлсэн. Ингээд манай компани улсад төлөх ёстой байсан 3.4 тэрбум төгрөгийн өрнөөс гарсан. 2020 оны 07 дугаар сараас хойш хуурамч падаан бичдэг хүмүүстэй харьцсан. Яг хэзээ бичсэн талаар би санахгүй байна. Нэг өдөр гэрээ  хийсний дараа тэр хүмүүс манай компанид падаан бичиж өгөөд манай компани өргүй болсон. Гэтэл удалгүй буцаад өртэй болж харагдсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүстэй холбогдоод өр гарч ирсэн талаар хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс манай компани компанийн нэрээ сольж байгаа, ямар нэгэн асуудал үүсэхгүй буцаад хэвэндээ орно гэсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73/,

- Г.Б.гийн яллагдагчаар өгсөн: “Д нь нэг орой над руу залгаад надаас тоон гарын үсэг, татвар луу нэвтрэх нууц кодоо явуулчих гээд надаас авсан. Энэ асуудлыг захиралдаа битгий хэлээрэй би янзлаад эргээд хэлье гэсэн. Би 4-5 хоног хүлээгээд захиралд хэлсэн. Миний санаж байгаагаар 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Д гэж эмэгтэй манай ерөнхий захирал Ш.Б.тэй уулзаад явсан байсан. Ингээд дараагийн долоо хоногийн нэг дэх өдөр Д, Х хоёр манай компанийн оффис дээр ирээд захирал бид хоёртой уулзсан. Тухайн үед манай компани татварын байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын ямар нэгэн өр үүсээгүй байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сард Завхан аймагт хийж байгаа 127 км замыг Зам тээврийн яаманд хүлээлгэж өгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсэх байсан. Дээрх замын ажил нь 2012 оноос хойш үргэлжилж байгаа ажил бөгөөд энэ хугацаанд үүссэн борлуулалтын орлого буюу гүйцэтгэлийн ажлын хөлсийг татварын албанд 2020 оны 12 дугаар сард тайлагнаж, манай  компанид нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсэх байсныг Д гэх эмэгтэй захиралтай уулзаад, өөрийнх нь компани улсаас нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай байгаа, тиймээс танай компанийн 2020 оны 12 дугаар сард үүсэх өрийг чинь, 2019 оны татварын тайланг чинь засаад өгье гэж хэлсэн байсан. Миний хувьд энэ асуудлаар Дтай хамт манай ажил дээр ирсэн Н.Х гэдэг залуутай уулзахад 2020 оны 12 дугаар сард үүсэх ёстой татварын өрийг 2019 оны жилийн эцсийн тайландаа тусгаад Дгийн компаниас манай “Х.” ХХК руу худалдан авалтын падаан шивэгдэж орж ирнэ гэж ярьсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын эхээр анх манай компани руу “...” ХХК-иас худалдан авалтын падаан орж ирж эхэлсэн. Иймээс би 2020 оны 12 дугаар сард тусгах байсан борлуулалтын орлого буюу нэмэгдсэн өртгийн өрөө 2019 оны жилийн эцсийн тайланд оруулж зассан. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр бил үү 10 дугаар сарын эхээр Д шөнийн 23:00 цагийн үед над руу өөрийнхөө 88-тай дугаараас миний 99001291 дугаарын утас руу залгаад танайх руу шивсэн падаанаа засах хэрэгтэй болчихлоо, надад тоон гарын үсэг болон татварын “И такс” систем рүү нэвтрэх нэр, нууц үгээ өгчих, захиралдаа битгий хэлээрэй, бид нар өөрсдөө засаад  болохоороо хэлнэ. Нэг долоо хоногийн дотор засна гэж хэлсэн. Ингээд би нэг, хоёр хоног ерөнхий захирал Ш.Б.эд хэлэлгүйгээр хүлээсэн. Ингэхдээ систем рүү өөрөө нэвтэрч ороод засагдсан эсэхийг шалгаж үзэхэд юу ч өөрчлөгдөөгүй байхаар нь захирал Ш.Б.эд энэ талаар хэлсэн. Тэгтэл өөрсдөө засна гэсэн юм бол харж л байя гэхээр нь сар гаран хүлээсэн. Энэ хугацаанд Дтай утсаар болон фэйсбүүкийн чатаар холбогдож байсан. Энэ талаарх баримтуудаа хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн байгаа. Ингээд нэг сар гарангийн дараа манай “Х.” ХХК руу “...” ХХК-иас шивэгдсэн байсан худалдан авалтын падаан шивэгдэж орж ирсэн байсан. Миний хувьд татварын тайланг Д, Х нартай хамтарч зассан нь нягтлан бодох бүртгэлийн журам, стандартыг зөрчиж байгааг мэдсэн боловч “Х.” ХХК-ийн захирал Ш.Б. зас гэсэн учраас зассан. Тэрнээс татвар төлөхөөс зайлсхийх санаа зорилго байгаагүй. Манай компанид 2020 оны 12 дугаар сард үүсэх байсан өрийг 2019 онд жилийн эцсийн тайланд засвар хийснээр манайх татварын өргүй. Харин Дгийн хувьд улсаас авах ёстой авлагаа танай компаниас авч байна гээд санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байсан. Д татварын өргүй болгоно гэж нийт 245.000.000.00 төгрөгийг 20.000.000.00, 30.000.000.00, 150.000.000.00, 36.000.000.00, 9.000.000.00 гэж хувааж авсан байсан бөгөөд надаар дамжуулан авсан нь 9.000.000.00 төгрөг байгаа юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-73, 4-р хх-ийн 112-114/,

- 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Б.гийн эзэмшлийн Хуавэй А6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 230-241, 2-р хх-ийн 198-214, 215-239/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох материалууд /2-р хх-ийн 242-250, 3-р хх-ийн 1-250, 4-р хх-ийн 1-82/,

- …. улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 195/,

- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Ш.Б. нь яллагдагч Б.Дтай байгуулсан 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 001 дугаартай гэрээ /4-р хх-ийн 83-85/,

- Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/1457 дугаартай албан бичгээр ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан мэдээ, “...” ХХК, “...” ХХК-ийн нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга зэрэг баримтууд /4-р хх-ийн 117-143, 165-168/,

- Ш.Б. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 99-100, 105, 109/,

- Гэрч Б.Иийн өгсөн: “Миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сарын дундуур байх Ггийн эхнэр Л нь надад хэлэхдээ татан буугдаж байгаа компани байгаа юм, түр миний нэр дээр байлгах гэсэн юм, он гараад өөр хүний нэр дээр болгоно, чи гарын үсэг зураад  өгөөч, янз бүрийн асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд түүнд итгээд 100 айлын улсын бүртгэлийн газарт Оиж гарын үсэг зурсан. “...” ХХК-ийн нэр шилжүүлэх үед л гарын үсэг зурсан, дахин ямар ч юман дээр гарын үсэг зурж байгаагүй, компанийн тамга, тэмдэг ч надад байгаагүй. Ажил гүйцэтгэх, бараа таваар худалдан авах, гэрээ хэлцэл хийх зэрэг компанийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн зүйл дээр гарын үсэг зурж байгаагүй. 2021 оны 01 сарын сүүлээр байх Эрүүгийн цагдаагийн албанаас намайг дуудах үед Лг хууль бус үйлдэл хийж байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 183/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч “Х.” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Б., нягтлан бодогч Г.Б. нар нь Ш.Л, Н.Х, Б.О, Б.Д нартай хамтран оролцож, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Дтай 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй “Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” 001 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Х.” ХХК-д их хэмжээний татвар ногдох орлого буюу 30.957.389.017.10 төгрөгт 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Ш.Л, Н.Х, Б.О. Б.Д нараар, тэдгээрийн үүсгэн байгуулсан, үйл ажиллагаа явуулдаггүй “...” ХХК, “...” ХХК-иас эд хөрөнгө, бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр 658 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг өөрийн компанид шивэлт хийлгүүлж, Татварын ерөнхий газрын нэгдсэн санд хуурамчаар бүртгүүлж, Татварын нэгдсэн санд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нийт 3.095.738.901 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийн гэмт хэргийг санаачилсан, гүйцэтгэсэн болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нгийн өгсөн: “...“Х.” ХХК нь 2019 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Сүхбаатар дүүргийн харьяа “...” ХХК-иас 10 дугаар сард 232 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.749.928.218.16 төгрөгийн, 11 дүгээр сард 238 ширхэг падаанаар 10.821.030.318.16 төгрөгийн, 12 дугаар сард 263 ширхэг падаанаар 12.026.685.299.92 төгрөгийн, 2020 оны 07 дугаар сард нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 44.272.909.09 төгрөгийн худалдан авалт хийснийг 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-ийн 234 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааны 10.839.669.763.61 төгрөг, 11 дүгээр сард “...” ХХК-ийн 237 ширхэг НӨАТ-ын падааны 10.775.561.681.80 төгрөг, 12 дугаар сард мөн компанийн 263 ширхэг НӨАТ-ын падааны 12.026.685.299.92 төгрөгийн худалдан авалтын буцаалт хийж залруулж тайлагнасныг татварын албанд хүлээн авсан байна. “Х.” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн харьяа “...” ХХК-иас 2019 оны 10 дугаар сард 234 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.849.757.572.69 төгрөг, 11 дүгээр сард 237 ширхэг НӨАТ-ын падаанаар 10.770.138.499.99 төгрөгийн худалдан авалт, Хан-Уул дүүргийн “...” ХХК-иас 2019 оны 12 дугаар сард 205 ширхэг НӨАТ-ын падаанаар 9.337.492.945.10 төгрөгийн худалдан авалт хийсэн мэтээр татварт тайлагнасан. Энэ нь нийт падааны 30.957.389.017.18 төгрөгийн худалдан авалтын падаан бичүүлж, төсөвт төлөх татварын хэмжээг 3.095.738.901.71 төгрөгөөр бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-1 дэх хэсэг, 14.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймээс “Х.” ХХК-иас улсад төлөх ёстой татварын хэмжээг санаатай бууруулж, төсөвт төлөх 3.095.738.901.71 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Эын өгсөн: “...Д нь манай аавтай ирж уулзахдаа “Найдвартай НӨАТ-ын илүүдэлтэй компани байгаа, ямар ч асуудалгүй, танай компанийн тайланг чинь янзлаад өгье, компанийхаа татварын тайланг буцаачих” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай аав түүнд хандаж “Тэгвэл даргатай чинь уулзъя” гэж хэлсэн чинь тэр өдрөө Д Лг дагуулаад ирж, компани дээр аавтай ирж уулзсан. Би Дд НӨАТ-ын ажлын хөлс гэж өөрийнхөө нэр дээр байсан ... УНК улсын дугаартай Рэнж Ровер загварын тээврийн хэрэгсэл, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, ... тоотод байрлах 3 өрөө манай нөхөр Дий аав болох Ц.Дийн нэр дээр байсан байрыг түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлэг,

- Б.Дгийн гэрчээр өгсөн: “ “Х.” ХХК-ийн 3.4 тэрбум төгрөгийн татварын өрийг Л эгч бид хоёр хамтран НӨАТ-ын хий бичилтээр хаахад нь тусалж, хариуд нь ... УНК улсын дугаартай Рэйнж Ровер маркийн тээврийн хэрэгсэл, бэлэн 150.000.000 төгрөг, Баянзүрх захын ойролцоо байрлах “Х.” ХХК-ийн хажуу талын 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад Л эгчид өгсөн. Үүнээс 500.000 төгрөг авсан. “...” ХХК нь миний нэр дээр 2020 оны 07 дугаар сарын үед шилжиж ирсэн. Сарыг нь сайн санахгүй байна. Тухайн үед Л эгч над руу яриад “...” гэж компанийг нэр дээрээ шилжүүлээд аваадах, энэ нь НӨАТ-ын бичилт хийхгүй, зөвхөн санхүүгийн зөвлөх үйлчилгээний ажил хийнэ, тусгай зөвшөөрөл гаргуулж аваад чи энэ компаниар барилгын ажил хий гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

- Ш.Лгийн сэжигтнээр өгсөн: “ “Х.” ХХК нь 34 тэрбум болон НӨАТ-ын өр нь 3.400.000.000 төгрөгийг улсад төлөх өртэй байсан. “Х.” ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан 50 гаран насны хүн байсан. Тухайн компанийн гүйцэтгэх захирал гэх эмэгтэй хүний хамт Д бид хоёртой 2020 оны 07 дугаар сард уулзаж, улсад төлөх 3.400.000.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэж өгвөл 700 сая төгрөг өгөхөөр анх тохиролцож, тухайн компанийн бичиг баримтыг өгч, НӨАТ-ын хуурамч шивэлтийг хийлгэж дуусаад, “Х.” ХХК-ийн захиралтай дахин уулзаж, 700.000.000 төгрөгийг нэхсэн боловч тухайн компанийн захирал бэлэн мөнгө байхгүй, 700 сая төгрөгийг өгч чадахгүй, харин нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байрлах 96 мкв бүхий 3 өрөө байрыг 260 сая төгрөгөөр, ... УНК улсын дугаартай Рэйнж Ровер маркийн тээврийн хэрэгслийг 290.000.000 төгрөгөөр, бэлэн 70.000.000 төгрөгийг Дд өгсөн байдаг. Д бид хоёрын хувьд тухайн мөнгөнд бодож авсан байр, машин зэргийг зараад мөнгөө хувааж авах ёстой байсан. Дээрх машин одоо хэний нэр дээр байгааг мэдэхгүй байна. Энэ талаар Д сайн мэдэх ёстой. Харин 96 мкв бүхий 3 өрөө байранд манай том хүү М.А эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. “...” ХХК нь анх 2020 оны 06 дугаар сард М гэдэг нэрээр надтай танилцаж байсан О гэдэг хүний компани гэдгийг мэднэ. Д нь “...” гэдэг компаниас хуурамч НӨАТ-ын падаан бичиж байсан ба уг асуудал татвар, цагдаа дээр гарч ирэх үед Д Отой холбогдож, Ооос “...” ХХК-ийг авч, өөрийн НӨАТ-ын буцаалт хийлгэсэн компаниудаа шивж оруулсан. О гэдэг хүн “...” гэдэг компаниас НӨАТ-ын хий бичилт хийдэг байсан. Тэгээд Д нь өөрийнхөө НӨАТ-ын хий бичилтийг хийхээр уг компанийг Ооос өөр лүүгээ шилжүүлж авсан.” гэх мэдүүлэг,

- Ш.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Татварын байгууллагын хувьд манай компани 2020 онд нийт 3.4 тэрбум төгрөгийн өглөгийн асуудал байсан. Яагаад ийм өндөр дүнтэй өглөг үүссэн гэхээр Архангайн Цахир сумаас Завханы Тосонцэнгэл сум хүртэлх 127 км замын ажил дээр эдийн засгийн уналт болон мөнгөний ханшийн алдагдлаас болж татвар төлөх боломжгүй болсон юм. Яагаад гэхээр улсаас төсөвлөсөн хөрөнгө нь 62 тэрбум төгрөг байсан бөгөөд 2015-2020 оны 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд ханшийн зөрүү, мөнгөний уналт, өвчин зовлон бүхий л асуудлаас болоод тухайн төслийг хэрэгжүүлснээр компани тооцоолсон ашгаа хийж чадаагүй. Иймд татварын байгууллагад өр төлөх боломжгүй болж хуримтлагдсанаар 3.4 тэрбум төгрөг болсон. Манай компанийн зүгээс 2020 онд татварын байгууллагын өр төлбөрийг тэглэсэн. Хэрхэн тэглэсэн гэхээр миний охин Б.Эд түүний найз татварт өртэй компанид НӨАТ-ын шивэлт хийж, НӨАТ-ын буцаан олголтоор татвараа тэглэх боломжтой гэж охинд санал тавьсан байсан. Үүний дагуу охин надад хэлэхдээ “манай найзын таньдаг хүн нь НӨАТ-ын авлагатай компанитай бөгөөд НӨАТ-ын авлага танайх руу шилжүүлээд оронд нь мөнгө авах боломжтой юу гэж асуулгаж байна” гэж хэлсэн. Би тухайн хүнтэй уулзахыг охиндоо зөвшөөрсөн бөгөөд удалгүй 2020 оны 07 дугаар сарын дундуур манай оффис дээр хүрч ирж уулзсан. Тухайн уулзалтад Б.Д гэх хүн ирж уулзсан бөгөөд надад хэлэхдээ “Манай нэг компани байдаг юм. Тухайн компани нь гадаад улсаас худалдан авалт хийж, Монгол улсад оруулж ирэн гааль, НӨАТ-ын татварт тогтвортой байнгын татвар төлдөг, НӨАТ-ын буцаан олголт их болчихоод байгаа, танайх татварт хэдэн төгрөгийн өртэй юм бэ?” гэж хэлсэн. Миний бие тухайн үед нягтлан бодогч Г.Б.г дуудаж “Х.” ХХК-ийн татварт төлөх өр хэдэн төгрөг байгаа эсэхийг тодруулахад Г.Б. надад хэлэхдээ 3.4 тэрбум төгрөгийн өртэй байгаа талаар надад хэлсэн. Уг дүнг Б.Д сонсчихоод энэ дайны мөнгөний НӨАТ гаргаж болно гэж хэлсэн. Миний бие 3.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ийг хэрхэн, яаж, хэдэн төгрөгөөр хаах юм бэ гэж асуухад 1 тэрбум төгрөг өгчих, тэгвэл өрийг чинь хаагаад өгье гэж хэлсэн. Иймд миний бие тэр их хэмжээний мөнгө гаргаж өгч чадахгүй учир 800 сая төгрөг өгье гэж хэлэхэд Б.Д захиралтайгаа яриад хэлье гэсэн. Хэд хоногийн дараа Б.Д, захирал нь гэж Л, мөн нэг залуутай хамт явж байсан. Уг уулзалтаар Л болон менежер гэх залуу нь танай өрийг хаагаад өгье, надад өмнө хэлсэн 800 сая төгрөгөө өгчих гэж хэлсэн бөгөөд миний бие тухайн асуудлыг зөвшөөрч тохиролцсон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Б.Дгийн Satsu нэртэй компанитай санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 800 сая төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу манайх руу шивэлтээ хийсэн тохиолдолд миний бие мөнгө өгөхөөр болсон бөгөөд гэрээ хийсэн өдрөөс хойш удалгүй манай компанид хэдэн төгрөгийн шивэлт байсныг нь мэдэхгүй ямар ч байсан НӨАТ-ын шивэлт ороод ирсэн байсан бөгөөд миний бие 100 орчим сая төгрөгийг өгөхийг нягтлан Б.д даалгасан. Тухайн үед төсөвт 4 тэрбум төгрөгийн төслийн үлдэгдэл байсан бөгөөд уг мөнгийг компанийн дансанд орж ирнэ гэж бодоод байж байтал Засгийн газрын төсвийн тодотголоор 4 тэрбум төгрөгийг дараа жил рүү шилжүүлсэн тул миний бие 800 сая төгрөг өгөх боломжгүй болсон. Иймд энэ асуудлаар Б.Дг дуудаж, 800 сая төгрөгийг өгөх боломжгүй болсон талаар хэлэх гэж дуудсан. Миний дуудсанаар Б.Д нь манай ажил дээр хүрч ирсэн. Ирэхээр нь миний бие гэрээний дагуу бэлэн мөнгө өгч чадахаа байсан. Төсвийн тодотголоор манай компанид орж ирэх ёстой мөнгийг татаад авсан. Иймд мөнгөний оронд машин, байр өгөх боломжтой юу гэж асуухад Б.Д нь захирлаасаа асууя гэж хэлээд миний хажууд утсаар ярьсан. Утсаар ярьсны дараагаар Б.Д нь машин болон байрыг эхлээд үзье гэж хэлсэн бөгөөд үүний дагуу миний бие охин Эын эзэмшилд байсан Рэйнж ровер маркийн ... УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг өгөх, мөн охины нөхөр Дий аав, ээжийнх нь байр болох Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 71 дүгээр байранд байрлах 3 өрөө, 100 орчим мкв байрыг үзүүлсэн. Тухайн байр машин нь Д болон түүний захиралд таалагдаж, тохиролцсон. Байшингаа 260 сая төгрөг, машин 300 сая төгрөгөөр үнэлсэн байсан юм. 240 сая төгрөгийг бэлнээр өгсөн байх гэж бодож байна. Мөнгө өгөхдөө би хүлээлгэж өгөөгүй, нягтлан бодогч Б. өгсөн.” гэх мэдүүлэг,

- Татварын ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Х.” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх улсын байцаагч Ц.Э, Т.Б  нарын танилцуулга “ “Х.” ХХК нь 2019 онд “...” ХХК, “...” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын нийт 30.957.389.017.10 төгрөгийн худалдан авалт нь төсөвт төлөх татварыг 3.095.738.901.71 төгрөгөөр бууруулж байгаа зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байна.” гэх танилцуулга,

- Гэрч Т.Бгийн өгсөн: “Санхүүгийн анхан шатны баримтууд болон татварын цахим системээр нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт болон борлуулалт дээр шалгалт хийхэд 2019 оны 10, 11, 12 дугаар саруудад “...” ХХК, “...” ХХК, “...” ХХК-иас хий бичилттэй падаан бичүүлж, улсад төлөх татварын хэмжээг багасгаж тайлагнасан байсан. “...” ХХК-иас бичигдсэн НӨАТ-ын падааныг тухайн үед нь буцаалтаар тайлагнаж, тайланг залруулсан ба “...” ХХК, “...” ХХК-иас хийсэн хий шивэлтийн падааныг буцаагаагүй. “Х.” ХХК нь “...” ХХК, “...” ХХК-иас нийт 30.957.389.017.10 төгрөгийн 658 ширхэг падаанаар худалдан авалт хийж, төсөвт төлөх татвар болох 3.095.738.901.71 төгрөгийг нуун дарагдуулсан байсан. “...” ХХК, “...” ХХК-иуд нь татварын нэгдсэн системд бүртгэлтэй боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар экс тайлантай ба НӨАТ-ын худалдан авалт борлуулалтыг тайлагнасан байсан. Үүнээс харахад үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээрх компани гэж хэлж болно. “Х.” ХХК нь урд татварын тайлангийн жилүүдэд татварын ийм төрлийн алдаа хийж байгаагүй. 2012 онд 43 тэрбум төгрөгийн тендерийн ажил улсаас авч тухайн ажил нь хойшилсон ба жил бүр орж байгаа орлогын тодорхой хэсгийг урьдчилж олгон орлогоор тайлагнаж, 2020 онд тухайн ажил дуусаж, улсын комисс хүлээн аваад борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр байсан боловч 2019 оны татварын тайланд засвар хийж, хуурамч компаниар худалдан авалтын падаан шивүүлж, татвараас зайлсхийсэн байна.” гэх мэдүүлэг,

- 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Х.” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-иас 10.849.757.572 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сард 10.770.138.500 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сард “...” ХХК-иас 9.337.492.945 төгрөгийн нийт 30.957.389.017 төгрөгийн худалдан авалт хийсэн байна гэж тайлагнасан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Х.” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2019 оны 10 дугаар сард “...” ХХК-иас 10.849.757.572 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сард 10.770.138.500 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сард “...” ХХК-иас 9.337.492.945 төгрөгийн нийт 30.957.389.017 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайлагнасан бөгөөд борлуулагч компанийн санхүүгийн баримт, татварын газрын хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтууд ирүүлээгүй.” гэх дүгнэлт,  

- Ш.Б.ийн яллагдагчаар өгсөн: “Би нягтлан бодогч Г.Б.гээс Дтай уулзаад манай компанид татварын өр байгаа юу гэж асуухад Б. нь одоогоор татварын өр байхгүй. Гэхдээ 128 км замын улсын комиссын акт гарахаар оны сүүлээр өр өснө гэж хэлсэн. Манай аж ахуйн нэгжийн хувьд тайлангаа 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргаж өгөх ёстой байсан. Тухайн үед өр үүсэх байсан. Тэгтэл тэрнээс өмнө Д гэх эмэгтэй над дээр ирж та манай компаниас НӨАТ худалдаж авсан тохиолдолд танай компанийн НӨАТ-ын өр төлөгдөж дуусна. Өөрөөр хэлбэл манай аж ахуйн нэгжээс падаан худалдаж ав гэж хэлсэн. Тэрний дагуу нягтлантайгаа яриад, ойролцоогоор 3.4 тэрбум төгрөгийн өр гарах байж гэж хэлсэн. Д нь танай аж ахуйн нэгж 800 сая төгрөг өгөөд манай аж ахуйн нэгжээс НӨАТ худалдаж аваад улсад төлөх 3.4 тэрбум төгрөгийн өрийг 0 болгож болно гэж хэлсэн. Ингээд бичилт хийгдээд эхлэх үед нь би мөнгө төлж эхэлсэн учраас энэ хэрэгт холбогдсон. Би Б.д энэ хүмүүстэй санхүүгийн зөвлөгөө авах гэрээ хийгээд 3.4 тэрбум төгрөгийн падаан манай компани руу шивээд би оронд нь 800 сая төгрөг өгөх болсон гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Г.Б. надад нөгөө хүмүүс падаан шивээд манай компани руу хэд хэдэн худалдан авалтын падаан ороод ирсэн гэж хэлэх үед би тэр хүмүүст мөнгө өгч байсан.” гэх мэдүүлэг,

- Г.Б.гийн сэжигтнээр өгсөн: “ “Х.” ХХК нь яг хэдэн онд гэдгийг нь хэлж мэдэхгүй байна Завхан аймагт 127.1 км замын ажлыг авсан. Тухайн замын ажлын орлого дээр НӨАТ-ын асуудал үүссэн. Тухайн замын ажлын гэрээг анх 2 жилийн өмнө гаргаж, 62.900.000.000 төгрөгийн гэрээний дүнтэй байсан боловч тухайн ажлын санхүүжилт нь улсын төсөвт гүйцэд орж ирээгүйн улмаас энэ он хүртэл олон жил гэрээ сунгаж хийгдсэн. Ийм учраас энэ ажил нь ямар ч ашиггүй, алдагдалтай ажил болсон. Тэгээд санхүүжилтээр орж ирсэн мөнгийг урьдчилан орсон орлого гээд баланс дээр хуримтлуулж тавьсан дүн 34.4 орчим тэрбум төгрөг болсон ба уг нь энэ мөнгийг борлуулалтад хүлээн зөвшөөрөөд НӨАТ-ын өр үүсэх байсан. Тэгээд энэ жил замаа бариад дууссан учраас дээрх мөнгийг борлуулалтад хүлээн зөвшөөрөөд тайлагнах ёстой байсан. Тэгтэл манай компани дээрх мөнгийг тайлагнасан тохиолдолд НӨАТ-ыг төлөх боломжгүй байсан. Ийм учраас дээрх мөнгийг 2019 оны тайланд тусгаад худалдан авалтын падааныг хуурамчаар шивүүлсэн. Ингээд манай компани улсад төлөх ёстой байсан 3.4 тэрбум төгрөгийн өрнөөс гарсан. 2020 оны 07 дугаар сараас хойш хуурамч падаан бичдэг хүмүүстэй харьцсан. Яг хэзээ бичсэн талаар би санахгүй байна. Нэг өдөр гэрээ  хийсний дараа тэр хүмүүс манай компанид падаан бичиж өгөөд манай компани өргүй болсон. Гэтэл удалгүй буцаад өртэй болж харагдсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүстэй холбогдоод өр гарч ирсэн талаар хэлсэн. Тэгтэл тэр хүмүүс манай компани компанийн нэрээ сольж байгаа, ямар нэгэн асуудал үүсэхгүй буцаад хэвэндээ орно гэсэн.” гэх мэдүүлэг,  

- Г.Б.гийн яллагдагчаар өгсөн: “Д нь нэг орой над руу залгаад надаас тоон гарын үсэг, татвар луу нэвтрэх нууц кодоо явуулчих гээд надаас авсан. Энэ асуудлыг захиралдаа битгий хэлээрэй би янзлаад эргээд хэлье гэсэн. Би 4-5 хоног хүлээгээд захиралд хэлсэн. Миний санаж байгаагаар 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Д гэж эмэгтэй манай ерөнхий захирал Ш.Б.тэй уулзаад явсан байсан. Ингээд дараагийн долоо хоногийн нэг дэх өдөр Д, Х хоёр манай компанийн оффис дээр ирээд захирал бид хоёртой уулзсан. Тухайн үед манай компани татварын байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татварын ямар нэгэн өр үүсээгүй байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сард Завхан аймагт хийж байгаа 127 км замыг Зам тээврийн яаманд хүлээлгэж өгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсэх байсан. Дээрх замын ажил нь 2012 оноос хойш үргэлжилж байгаа ажил бөгөөд энэ хугацаанд үүссэн борлуулалтын орлого буюу гүйцэтгэлийн ажлын хөлсийг татварын албанд 2020 оны 12 дугаар сард тайлагнаж, манай  компанид нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсэх байсныг Д гэх эмэгтэй захиралтай уулзаад, өөрийнх нь компани улсаас нэмэгдсэн өртгийн албан татварын авлагатай байгаа, тиймээс танай компанийн 2020 оны 12 дугаар сард үүсэх өрийг чинь, 2019 оны татварын тайланг чинь засаад өгье гэж хэлсэн байсан. Миний хувьд энэ асуудлаар Дтай хамт манай ажил дээр ирсэн Н.Х гэдэг залуутай уулзахад 2020 оны 12 дугаар сард үүсэх ёстой татварын өрийг 2019 оны жилийн эцсийн тайландаа тусгаад Дгийн компаниас манай “Х.” ХХК руу худалдан авалтын падаан шивэгдэж орж ирнэ гэж ярьсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын эхээр анх манай компани руу “...” ХХК-иас худалдан авалтын падаан орж ирж эхэлсэн. Иймээс би 2020 оны 12 дугаар сард тусгах байсан борлуулалтын орлого буюу нэмэгдсэн өртгийн өрөө 2019 оны жилийн эцсийн тайланд оруулж зассан. Үүний дараа 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр бил үү 10 дугаар сарын эхээр Д шөнийн 23:00 цагийн үед над руу өөрийнхөө 88-тай дугаараас миний 99001291 дугаарын утас руу залгаад танайх руу шивсэн падаанаа засах хэрэгтэй болчихлоо, надад тоон гарын үсэг болон татварын “И такс” систем рүү нэвтрэх нэр, нууц үгээ өгчих, захиралдаа битгий хэлээрэй, бид нар өөрсдөө засаад  болохоороо хэлнэ. Нэг долоо хоногийн дотор засна гэж хэлсэн. Ингээд би нэг, хоёр хоног ерөнхий захирал Ш.Б.эд хэлэлгүйгээр хүлээсэн. Ингэхдээ систем рүү өөрөө нэвтэрч ороод засагдсан эсэхийг шалгаж үзэхэд юу ч өөрчлөгдөөгүй байхаар нь захирал Ш.Б.эд энэ талаар хэлсэн. Тэгтэл өөрсдөө засна гэсэн юм бол харж л байя гэхээр нь сар гаран хүлээсэн. Энэ хугацаанд Дтай утсаар болон фэйсбүүкийн чатаар холбогдож байсан. Энэ талаарх баримтуудаа хэрэгт хавсаргуулахаар гарган өгсөн байгаа. Ингээд нэг сар гарангийн дараа манай “Х.” ХХК руу “...” ХХК-иас шивэгдсэн байсан худалдан авалтын падаан шивэгдэж орж ирсэн байсан. Миний хувьд татварын тайланг Д, Х нартай хамтарч зассан нь нягтлан бодох бүртгэлийн журам, стандартыг зөрчиж байгааг мэдсэн боловч “Х.” ХХК-ийн захирал Ш.Б. зас гэсэн учраас зассан. Тэрнээс татвар төлөхөөс зайлсхийх санаа зорилго байгаагүй. Манай компанид 2020 оны 12 дугаар сард үүсэх байсан өрийг 2019 онд жилийн эцсийн тайланд засвар хийснээр манайх татварын өргүй. Харин Дгийн хувьд улсаас авах ёстой авлагаа танай компаниас авч байна гээд санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байсан. Д татварын өргүй болгоно гэж нийт 245.000.000.00 төгрөгийг 20.000.000.00, 30.000.000.00, 150.000.000.00, 36.000.000.00, 9.000.000.00 гэж хувааж авсан байсан бөгөөд надаар дамжуулан авсан нь 9.000.000.00 төгрөг байгаа юм.” гэх мэдүүлэг,

- 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Б.гийн эзэмшлийн Хуавэй А6 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч Ш.Б. нь яллагдагч Б.Дтай байгуулсан 800.000.000 төгрөгийн үнийн дүнтэй Санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 001 дугаартай гэрээ,

- Татварын ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/1457 дугаартай албан бичгээр ирүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан мэдээ, “...” ХХК, “...” ХХК-ийн нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулга зэрэг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Б., Г.Б. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас улсад 3.095.738.901 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Ш.Б.ээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

            Түүнчлэн, Нийслэлийн прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Ш.Б.ийн өмчлөлийн:

            - ….

зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээгээр албадан гаргуулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Б., Г.Б. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б.эд 4.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б.д 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд зааснаар 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Б.эд оногдуулсан 4.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 28 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 420.000 төгрөгөөр тооцон хасч, түүнд оногдуулах нийт ялыг 3.580.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Б.д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 45 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 675.000 төгрөгөөр тооцон хасч, түүнд оногдуулах нийт ялыг 325.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт Ш.гийн Б., С. овогт Г.ын Б. нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлж татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б.эд 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б.д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Б.эд оногдуулсан 4.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 28 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 420.000 төгрөгөөр тооцон хасч, түүнд оногдуулах нийт ялыг 3.580.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Б.д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 45 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй хэмжээний төгрөгөөр буюу 675.000 төгрөгөөр тооцон хасч, түүнд оногдуулах нийт ялыг 325.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б.эд оногдуулсан 3.580.000 төгрөгөөр торгох ял, Г.Б.д оногдуулсан 325.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б., Г.Б. нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Шийтгэл тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б., Г.Б. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б.ээс 3.095.738.901 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 тоот тогтоолоор битүүмжилсэн Ш.Б.ийн өмчлөлийн:

            - … объект,

            - … объект,

            - … объект,

            - … объект,

- … зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээгээр албадан гаргуулсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б. нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД