Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 105/2022/1312/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1832 |
Огноо | 2022-12-16 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | Б.Саруул-Ирээдүй |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1832
2022 12 16 2022/ШЦТ/1832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,
шүүгдэгч Ж.Х. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.ы Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206019621936 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Н. овогт Ж.ы Х..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Х. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хохирогч Ш.Д.ын эзэмшлийн Редми Нөүт-10 про загварын гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Ш.Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагийн үед ... улсын дугаартай Ниссан Мурано маркийн автомашиныг Тээврийн цагдаагийн хэлтсийн зүүн талд зогсохыг хориглосон тэмдгийн доороос ачаад, журмын хашаандаа аваачсан. 10:00 цагийн үед жолооч нь ирж машинаа аваад зугтах гэхэд нь манай ресепшн очоод тэр хоёр муудалцаад, зогсож байхаар нь би ирээд “хөөе, хөөе, тайван бай” гээд утсаа гаргаад бичлэг хийгээд зогсох гэтэл миний утсыг аваад газар шидээд, дээрээс нь дэвсээд, өшиглөөд, миний машины доогуур оруулчихсан. Редми Нөүт 10 про загварын утсыг 2021 оны 12 дугаар сард Мобикомоос хайрцаг, савтай нь 1.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо утас маань гацаад ар талын нуруу нь хагарчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Гэрч С.Эийн өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10:00 цагийн орчимд тээврийн хэрэгсэл саатуулах 7 дугаар байрны хашаа руу машин ачаад орж байхад улаан курткатай 30 гаран насны эмэгтэй хүн орилж чарлаад, төлбөр тооцоо өгөхгүй гээд байсан байх, хэрүүл маргаан болоод манайхаас 2-3 ажилтан байх шиг байсан. Тэр үед манай менежер Д. гар утсаараа бичлэг хийтэл тэр эмэгтэй гараараа утсыг нь цохиж, газар унагааж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
- Гэрч О.Чний өгсөн: “2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10:00 цагийн орчим тээврийн хэрэгсэл саатуулах 7 дугаар байрны хашаанаас ажилдаа гарах гэтэл нэг эмэгтэй хүн төлбөрөө өгөхгүйгээс ресепшн М, хаалгач У нартай маргалдаад байхаар нь яваад очсон. Тэгээд тэр маргааныг менежер Д. гар утсаараа бичлэг хийгээд “та машинаа ухраагаад хаалгаа чөлөөлөөд өгчих, цааанаас машин орно” гэхэд улаан курткатай эмэгтэй гар утсыг нь гараараа цохиж, газар унагаагаад, дээр нь хөлөөрөө 2 удаа дэвсэхээр нь бид нар болиулах гэтэл хөлөөрөө өшиглөөд холдуулсан. Тэгэхээр нь би очоод гар утсыг нь авахад гар утас нь хотойсон, дэлгэц нь зурагдсан, арын таг нь хагарчихсан, шороо тоос болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 71-72/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69/,
- Ж.Х.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
- Гэрч Ц.Тлийн өгсөн: “Тухайн гар утасны плат нь 260.000-280.000 төгрөгийн үнэ ханштай байгаа. Солих ажлын хөлстэй нийлээд 320.000 төгрөг болно. Арын таг солих үнэ нь 35.000 төгрөг орчим, дэлгэц нь 450.000 төгрөг орчим байгаа. Тухайн гар утасны зах зээлийн үнэлгээ 600.000 орчим байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131/,
- Гэрч Г.Бын өгсөн: “Редми нөүт-10 про загварын гар утас нь тухайн үед голоороо хотойж нугаларсан ба энэ нь платын гэмтэлтэй, арын шил нь хагарсан ирсэн. Тэр үед нь би арын шилийг нь сольж, платыг халааж байгаад тэгшилж, жэпү нь салсан байхаар нь буцааж наасан. Тухайн засвар үйлчилгээ нь 300.000-320.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 134-135/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Х. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хохирогч Ш.Д.ын эзэмшлийн Редми Нөүт-10 про загварын гар утсыг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Ш.Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...утсаа гаргаад бичлэг хийгээд зогсох гэтэл миний утсыг аваад газар шидээд, дээрээс нь дэвсээд, өшиглөөд, миний машины доогуур оруулчихсан. Одоо утас маань гацаад ар талын нуруу нь хагарчихсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч С.нийн өгсөн: “...30 гаран насны эмэгтэй хүн орилж чарлаад, төлбөр тооцоо өгөхгүй гээд байсан байх, хэрүүл маргаан болоод манайхаас 2-3 ажилтан байх шиг байсан. Тэр үед манай менежер Д. гар утсаараа бичлэг хийтэл тэр эмэгтэй гараараа утсыг нь цохиж, газар унагааж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Чний өгсөн: “...Ш.Д. гар утсаараа бичлэг хийгээд “та машинаа ухраагаад хаалгаа чөлөөлөөд өгчих, цааанаас машин орно” гэхэд улаан курткатай эмэгтэй гар утсыг нь гараараа цохиж, газар унагаагаад, дээр нь хөлөөрөө 2 удаа дэвсэхээр нь бид нар болиулах гэтэл хөлөөрөө өшиглөөд холдуулсан. Тэгэхээр нь би очоод гар утсыг нь авахад гар утас нь хотойсон, дэлгэц нь зурагдсан, арын таг нь хагарчихсан, шороо тоос болчихсон байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Тлийн өгсөн: “Тухайн гар утасны плат нь 260.000-280.000 төгрөгийн үнэ ханштай байгаа. Солих ажлын хөлстэй нийлээд 320.000 төгрөг болно. Арын таг солих үнэ нь 35.000 төгрөг орчим, дэлгэц нь 450.000 төгрөг орчим байгаа. Тухайн гар утасны зах зээлийн үнэлгээ 600.000 орчим байгаа.” гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Бын өгсөн: “Редми нөүт 10 про загварын гар утас нь тухайн үед голоороо хотойж нугаларсан ба энэ нь платын гэмтэлтэй, арын шил нь хагарсан ирсэн. Тэр үед нь би арын шилийг нь сольж, платыг халааж байгаад тэгшилж, жэпү нь салсан байхаар нь буцааж наасан. Тухайн засвар үйлчилгээ нь 300.000-320.000 төгрөг болсон.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж.Х.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчээс “...хохирогчийн гар утас 100.000 төгрөг дотор засагдана, урд шил нь хагараагүй, арын таг нь хагарсан ба тухайн гар утас яг тэр хэвэндээ одоог хүртэл байсаар байхад засвар үйлчилгээ хийлгэсэн, эд ангийг солиулж, хохирол 300.000 төгрөгөөс дээш гарсан гэж байгаа нь ойлгомжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Мөрдөгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор хохирогч Ш.Д.ын эзэмшлийн Редми Нөүт 10 про гар утсыг эд мөрийн баримтаар тооцон, хэрэгт хавсарган шүүхэд ирүүлсэн байна.
Гэрч Г.Б мэдүүлэхдээ “...Редми Нөүт 10 про гар утас нь голоороо хотойж нугаларсан, плат нь гэмтэлтэй, арын шил нь хагарсан байсан. Тэгээд би арын шилийг нь сольж, платыг нь тэгшилж, дэлгэцийн өнгөний ялгаралт нь салсан байхаар нь буцааж наасан. Энэ нь 320.000 төгрөгийн засвар болсон.” гэжээ.
Гэрч Г.Б нь хэдийгээр гар утасны арын шилийг сольж, платыг тэгшилж, дэлгэцийн өнгөний ялгаралтыг наасан гэх боловч шүүх эд мөрийн баримтаар ирсэн гар утсыг шинжлэн судлахад арын шилийг сольсон гэж үзэхээргүй буюу хагархай, гар утсанд хотойлт үүссэн нь платыг тэгшилсэн гэж үзэхээргүй буюу гэрчийн мэдүүлэг хэргийн бодит байдлаас зөрүүтэй байгаа нь хохирогчийн гар утсанд 320.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн гэх нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болж байхаас гадна энэ нь өөр бусад нотлох баримтаар нотлогдоогүй.
Түүнчлэн, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Редми Нөүт 10 про маркийн гар утас нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 600.000 төгрөгийн үнэлгээтэй гэж тодорхойлсон байх боловч энэ нь хохирогчийн гар утсанд учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээг тогтоогоогүй, тухайн гар утсыг худалдах, худалдан авах зах зээлийн үнэлгээг тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасантай нийцэхгүй байна.
Харин “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Ц.Т гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тухай гар утасны плат нь ажлын хөлстэйгөө нийлээд 320.000 төгрөг, арын таг солих үнэ нь 35.000 төгрөг, дэлгэц 450.000 төгрөг байгаа.” гэсэнд үндэслэн дэлгэцийн үнэлгээг хасч, шүүгдэгчээс 355.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн гар утасны платыг тэгшилж, арын таг зэргийг сольж, засварлаагүй боловч эдгээрийг засварлахад нийт 355.000 төгрөг болох талаар шинжээч мэдүүлгээрээ дэлгэрэнгүй тодорхойлсон нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ тодорхой гэж үзэх үндэслэл болж байна.
Иймд “гар утсыг 100.000 төгрөгөөс доош үнийн дүнгээр завсарлах боломжтой, засвар үйлчилгээ хийгээгүй байхад 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан гэж үзсэн нь ойлгомжгүй” гэх хохирогчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, энэ нь хэрэгт авагдсан шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлыг гаргуулан шүүгдэгчид олгох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Х.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа санаатай гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.Х.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Редми нөүт 10 про гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Д.д буцаан олгохыг дурдаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.ы Х.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Ж.Х.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Х. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Х.гаас 355.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Редми нөүт 10 про загварын гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Д.д буцаан олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД