| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/1766/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/05 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/05
2022 12 22 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч У.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г. овогт У.гийн Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203 00566 0558 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, Г. овогт У.гийн Б..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замд 73-34 УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч М.П.ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б. мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,
- Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/,
- Хохирогч М.П.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 19:00 цаг өнгөрч байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замын явган хүний зохицуулагддаггүй гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарахаар явж байтал замын баруунаас зүүн тийш чиглэх урсгалын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гээд алхаж явах үед нэг бор саарал өнгийн Приус маркийн машин миний зүүн хөл дээгүүр зүүн урд талын дугуйгаараа гарчихсан. Ингээд би тэр даруйдаа цагдаад болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн хөлийн тавхайн ясанд хугарал гэмтэл учирсан байсан. Тавхайн ясны хугарал болон зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн. Осол болох үед машины хөдөлгөөн багатай, халтиргаа гулгаагүй, цаг агаар тогтуун байсан. Ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Жолооч ганцаараа явж байсан. Бүс хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би болон тэр ахын хувьд огт архи дарс хэрэглээгүй байсан. Жолоочийн зүгээс миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Одоогоор миний биеийн байдал хэвийн болсон учраас ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Иргэний нэхэмжлэгч Э.Наранчимэгийн өгсөн: “Энэ машиныг би 2016 онд худалдаж авч байсан миний нэр дээр байдаг, манай гэр бүлийн эзэмшлийн машин байгаа. Осол болдог өдөр манай нөхөр Пүрэв-Очир нь өөрийн найз Б.д уг машиныг маань түр өгөөд явуулсан юм. Тэгтэл Б. нь машиныг жолоодож яваад осолд холбогдсон байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12692 тоот: “М.П.ийн биед зүүн тавхайн ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр “Үзлэгийн явц: Тоёота Приус 30 загварын 73-34 УБӨ улсын дугаартай автотээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад: Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5600 cd, хол дээрээ 18700 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3700 cd, хол дээрээ 31800 cd. Хариулт 2. Баруун, зүүн талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-39/,
- Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1244 тоот: “1.Явган зорчигч П.П. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 2.Тоёота Приус маркийн 73-34 УБӨ улсын дугаартай автомашины жолооч У.Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол болох шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадлагаа /хх-ийн 44/,
- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 04/4959 дугаартай албан бичиг, түүний хавсралтад 2022 оны 09 дүгээр сард хохирогч М.П. нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 229.000 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан талаар зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 64-65/,
- Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас иргэн М.П.ийн эмчилгээнд 229.000 төгрөгийн зардал гарсныг яллагдагч У.Б.аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замд 73-34 УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч М.П.ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,
- Хохирогч М.П.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 19:00 цаг өнгөрч байхад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд замын явган хүний зохицуулагддаггүй гарцаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарахаар явж байтал замын баруунаас зүүн тийш чиглэх урсгалын 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү орох гээд алхаж явах үед нэг бор саарал өнгийн Приус маркийн машин миний зүүн хөл дээгүүр зүүн урд талын дугуйгаараа гарчихсан. Ингээд би тэр даруйдаа цагдаад болон түргэн тусламжид дуудлага өгсөн. Тухайн үед эмнэлэгт очиж үзүүлэхэд миний зүүн хөлийн тавхайн ясанд хугарал гэмтэл учирсан байсан. Тавхайн ясны хугарал болон зөөлөн эдийн гэмтлүүд үүссэн. Осол болох үед машины хөдөлгөөн багатай, халтиргаа гулгаагүй, цаг агаар тогтуун байсан. Ойролцоогоор 30-40 орчим км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Жолооч ганцаараа явж байсан. Бүс хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Би болон тэр ахын хувьд огт архи дарс хэрэглээгүй байсан. Жолоочийн зүгээс миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Одоогоор миний биеийн байдал хэвийн болсон учраас ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12692 тоот: “М.П.ийн биед зүүн тавхайн ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 27-28/,
- Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1244 тоот: “1.Явган зорчигч П.П. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 2.Тоёота Приус маркийн 73-34 УБӨ улсын дугаартай автомашины жолооч У.Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас осол болох шалтгаан нөхцөл болсон байна.” гэх магадлагаа /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У.Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг хүлээн авч, гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн, иргэний хариуцагч Э.Наранчимэг нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч С.Сувд-Эрдэнэ нь “...М.П.ийн эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 229.000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн тул гэм буруутай этгээдээр төлүүлэх үндэслэлтэй...” гэж тайлбарлан үүнд холбогдох төлбөрийн мэдээллийг хэрэгт хавсаргаж, энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаж байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.”, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж тус тус заасныг үндэслэн дээрх мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч У.Б.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч У.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г. овогт У.гийн Б.г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б.д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар У.Б.д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Б. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч У.Б.аас 229.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД