Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01393

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр магадлалтай,

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

Бэрх оньс ХХК болон З.Базарсадад холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 26,025,071.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч З.Базарсадын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч З.Базарсад, прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бэрх оньс ХХК нь 2017.07 сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Хуулийн хугацаанд төлөлгүй хугацаа хоцроож, өр авлага хуримтлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн өр 17,350,047.38 төгрөг, түүнд ногдох алданги 8,675,023.69 төгрөг, бүгд 26,025,071.07 төгрөг /хорин зургаан сая хорин таван мянга далан нэгэн төгрөг долоон мөнгө/-ийг Бэрх оньс ХХК-аас болон захирал З.Базарсад нараас гаргуулж, Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай Бэрх оньс ХХК нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын шимтгэлийн 17,350,047.38 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. Дээрх өр төлбөрийг 2020.01 сараас эхлэн хувиар хийж сар бүр 3,000,000-4,000,000 төгрөг төлж, 2020 оны эхний хагас жилд бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Дээрх өр төлбөрт тооцсон алданги 8,575,023.59 төгрөгийг төлөх боломж байхгүй байна. Үндсэн төлбөрөө төлж барагдуулна. Манай компани төлбөрийн чадвар нэн тааруу тул үндсэн төлбөрөө 6 сараар тооцож төлж барагдуулах хүсэлтэй байгааг минь хүлээн авч тусална уу. 2 дугаар сараас эхлэн Жаргалант сумын ЗДТГ дулааны үйл ажиллагаагаа эрхлэх болсон гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-аас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17,350,047.38 төгрөг, алданги 8,509,398.69 төгрөг, нийт 25,859,446.07 /хорин таван сая найман зуун тавин есөн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг долоон мөнгө/ төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас захирал З.Базарсадад холбогдох хэсэг болон 165,625 /нэг зуун жаран таван мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-аас 287,297.23 /хоёр зуун наян долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00121 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг ...Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1., 20 дугаар зүйлийн 1.-д зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-аас нийгмийн даатгалын хугацаандаа төлөөгүй өр 17,350,047.38 төгрөг, алданги 8,675,024 төгрөг, нийт 26,025,071 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай... гэж, шийдвэрийн 2 дахь заалтыг ...хариуцагч Бэрх оньс ХХК-аас 287,297.23 /хоёр зуун наян долоон мянга хоёр зуун ерэн долоон төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг гэснийг ...хариуцагч Бэрх оньс ХХК-аас 288,075 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4.-т зааснаар хариуцагч Бэрх оньс ХХК-ийн захирал З.Базарсадын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч З.Базарсад хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай Бэрх оньс ХХК нь Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 17,350,047 төгрөгийн өртэй байгаа нь үнэн болно. Мөн дээрх төлбөрийн алдангид Нийгмийн даатгалын хэлтсээс 8,509,398.69 төгрөгийн алданги манай компаниас нэхэмжилсэн юм. Манай компани нь дээрх өр төлбөрийн үндсэн төлбөр 17,350,047 төгрөг төлж барагдуулах нь болно. Харин алданги болох 8,509,398.69 төгрөгийг төлөх боломжгүй тул чөлөөлөн өгч тусална уу. Одоо манай компанийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгийн хөрөнгө мөнгөний чадвар боломж байхгүй болоод байна. Дээрх алданги 8,509,398.69 төгрөгийг чөлөөлөн өгч гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Бэрх оньс ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал З.Базарсадад холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 17,350,047.38 төгрөг, алданги 8,675,023.69 төгрөг, бүгд 26,025,071.07 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч төлбөрийг төлөөгүй нь үнэн, алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Бэрх оньс ХХК-аас 25,859,446.07 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, 165,625 төгрөгийн болон З.Базарсадад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон хэдий ч тус шүүх З.Базарсадад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул магадлалд зохих өөрчлөлт оруулав.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажил олгогчийн болон даатгуулагчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүргийг хүлээнэ.

 

Хариуцагч Бэрх оньс ХХК нь 2017 оны 07 дугаар сарын байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 17,350,047.38 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон, уг төлбөрийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрчээ.

 

...Хугацаандаа төлөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан бөгөөд төлбөр 17,350,047.38 төгрөг, уг төлбөрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувиар тооцон 8,675,023.69 төгрөг, бүгд 26,025,071.07 төгрөг Бэрх оньс ХХК-аас шаардсан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Бэрх оньс ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Базарсад нь нэхэмжлэлийг хариуцах этгээд бус тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Ажил олгогч нь ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүргийг нийгмийн даатгалын харилцааг тусгайлан зохицуулсан Нийгмийн даатгалын тухай хуулиар ногдуулсан байх тул алдангийн хэмжээг багасгах, алдангиас чөлөөлөх эрхийг нийгмийн даатгалын сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч нийгмийн даатгалын байгууллага болон шүүх эдлэх боломжгүй юм.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн алдангийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад олгосугай гэснийг олгож, хариуцагч З.Базарсадад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч З.Базарсад хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.24-ний өдөр төлсөн 153,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН