Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0165

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч С яам

Хариуцагч С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

Нэхэмжлэлийн шаардлага: С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтад “А” ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1017 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э

Хариуцагч С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

Хариуцагч С яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э

Хэргийн индекс: 128/2024/0158/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь С яам, С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нарт холбогдуулж “С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтад “А” ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1017 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн 52.1.14 дэх заалтад заасныг тус тус баримтлан “А” ХХК-аас гаргасан “С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтад “А” ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М давж заалдах гомдолдоо:

“...А ХХК нь Зам ....... төв ТӨҮГ-тэй 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗТХТ/********* тоот түлхүүр гардуулах нөхцөлтэй Зам ....... төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил гэрээг байгуулсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас “А” ХХК-ийг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх мэдээллийг 2022 оны 5 дугаар сарын 03/**** тоот, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/**** тоот, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр ирүүлсний дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай ** дугаар, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ** дүгээр удирдамжийн дагуу С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар дүгнэлтээр “А” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан нөхцөл үүссэн болохыг тогтоосон гэдэг.

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг үндэслэн С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл”-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтад “А” ХХК-ийг хамруулахаар шийдвэрлэж, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/**** дугаар мэдэгдлээр мэдэгдсэн байна. “А” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалыг эс зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн АБ-23/*** дугаартай албан тоотоор гомдол гаргаж, С яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/**** дугаартай албан тоотоор бүртгэлээс хасахгүй тухай мэдэгдсэн. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн сайдад 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн АБ/24/*** дугаартай албан тоотоор гомдол гаргасан ч хариу ирүүлээгүй тул 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

“А” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, 1,547,112,994.23 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, захиалагч талаас нийт 1,351,560,408 төгрөгийн санхүүжилтийг авсан, 195,552,586.43 төгрөгийн илүү ажил гүйцэтгэсэн. Энэ төлбөрийг гэрээнд зааснаар төлөх, захиалагч талыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Гэтэл захиалагч тал нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөөгүй, санхүүжилт хугацаандаа бүрэн хийгээгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж, ажил зогсох нөхцөл байдал үүссэн, энэ тухай сонсох ажиллагааны үед тэмдэглэсэн, захиалагч талын үүргийн биелэлт хэрхэн биелэгдсэн эсэх, “А” ХХК нь гэрээний аль үүргээ ноцтой зөрчсөн эсэх нотлох баримтууд байхгүй байхад зөвхөн захиалагч талын албан тоотуудыг үндэслэж, дүгнэлт гаргасан.

Сонсох ажиллагааны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ирсэн мэдэгдэлд “2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13 цаг 30 минутад С яамны *** тоот өрөөнд сонсох ажиллагааг явуулна” гэж мэдэгдсэн мөртлөө сонсох ажиллагааг өглөө явуулсан, сонсох ажиллагааг хэзээ, хаана явагдсан газрыг бичээгүй, сонсох ажиллагаанд оролцсон Л.Б-ын итгэмжлэлийг хавсаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-т заасан дарааллын талаарх мэдээллийг хүргүүлээгүй. Мөн хуулийн 27.6-д заасан сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан мэдээлэл бэлтгэн баримтжуулаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, гарын үсэг зурж, тамга дараагүй.

Хяналт шалгалтын удирдамжийн хугацаа 30 хоног байх ёстой байхад 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот удирдамжаар 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай удирдамжийн шалгалт хийх хугацааг 30 хоногоор сунгасан нь 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон тул 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар дүгнэлтээр улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хууль бус юм. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т зааснаар Улсын байцаагч хяналт шалгалт эхлэх шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэх үзүүлэхээр байхад өөрчлөгдсөн хугацаа сунгасан гэх удирдамжийг танилцуулаагүй.

С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны дүрэм”-ийн 7.1-д зааснаар 10 хоногт худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхээр компанийг хангаагүй, тус дүгнэлтэд танилцсан “А” ХХК-ийг төлөөлж Ш.Б гэж бичсэн мөртлөө одоог хүртэл танилцуулаагүй. Энэ нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.4-т, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9, 5.10-т тус тус зааснаар дүгнэлтийг 2 хувь үйлдэж, шалгуулсан этгээдэд танилцуулж, нэг хувийг өгөх байхад өгөөгүй, мэдэгдээгүй, танилцуулаагүй хууль зөрчсөн тул дүгнэлт хууль бус юм.

Зам ....... төвийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/*** дугаар гэрээний хэрэгжилтийг хангах тухай албан тоотоор хугацаандаа ажлыг дуусгаагүй тохиолдолд хар жагсаалтад оруулах арга хэмжээ авахыг анхааруулж байна гэж мэдэгдсэн нь С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот удирдамжаар шалгах ажил, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг ийнхүү төрийн байгууллага өөрийн эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар урьдчилан шийдвэр гаргасан байгаа нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1.1-т заасан бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлоос ангид байх улсын байцаагчийн үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн нь Зам ....... төв санхүүжилт олгох гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулан шалгаагүй үйлдлээр илэрч байна.

Зам ....... төв ТӨҮГ-тэй 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ЗТХТ/********* тоот түлхүүр гардуулах нөхцөлтэй Зам ....... төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэл төсөл боловсруулах барилга угсралтын ажил” гэрээнд гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол 0,5 хувийн алданги тооцох хариуцлагын заалт хэрэгжсэн эсэх, гэрээг цуцалсан эсэх асуудлыг Улсын байцаагч нэг мөр судалж дүгнээгүй. Гэтэл Зам тээвэр хөгжлийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/**** тоотоор 72.2 хувийн 1.372.086.747 төгрөгийг компанид олгосон, зураг төсөл батлуулах ажлыг манайх хариуцахгүй, иймд ажлаа нэн даруй эхлүүлнэ үү гэсэн албан бичгийг “А” ХХК-д ирүүлсэн байх үед 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ** тоот хяналт шалгалт хийх удирдамж гарсан байсан. Ийнхүү төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажиллагаанаас тухайн компани өнөөдрийг хүртэл хохирсоор байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” гэж, мөн хуулийн 14.1.4-т “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” байхаар тус тус заасан гэжээ. Гэтэл тус хуульд зааснаар “А” ХХК сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг бүрэн дүүрэн тогтоогоогүй, улмаар сүүлийн 3 жилийн хугацаанд гэрээний үүргийн зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа огт гаргаагүй, мөн түүнчлэн улсын байцаагч нь тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд “А” ХХК-ийг бүртгэхдээ бодит байдлыг тодруулаагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь бүрэн шалгаж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулаагүй, юуг үндэслэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтгүй байхад дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь “А”ХХК-ийн гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан санхүүжилт цаг тухайд нь авч чадаагүйтэй холбоотой гэрээний гүйцэтгэлд хэрхэн нөлөөлсөн болохыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй, улмаар шүүх захиалагч тал санхүүжилтээ хугацаанд нь олгосон эсэх талаар нэхэмжлэгч компани маргасан байхад дүгнэлт хийгээгүй, улсын байцаагч ч энэ талаар дүгнэлтэд шалгаагүй, бичээгүй.

Иймд Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.10-т зааснаар хөндлөнгийн нөлөөнд үл автаж, хяналт шалгалтын ажлыг бүрэн гүйцэд хийх үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 10.9.11-т зааснаар улсын байцаагч нь хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлтийн баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцахаар байх бөгөөд улсын байцаагч Л.А нь илтэд үндэслэлгүй, тодорхойгүй, нотлох баримтуудын үндсэн дээр эрх зүйн акт гаргаагүй нөхцөл байдал бий болгож байгаа тул уг дүгнэлтийг хууль бус хүчингүйд тооцуулах эрхзүйн үндэслэл бүрдэж байна.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1.3-т зааснаар асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх үүргээ нэгэнт биелүүлээгүй байх тул С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Агийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг өнөөдөр Захиргааны шүүхээр хууль ёсны эсэхийг дүгнэх боломжгүй, шүүх зөвхөн нотолгооны хэрэгслээр дүгнэлтийг гаргана. Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд С яам, С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл’’-д 3 жилийн хугацаатайгаар хамруулах жагсаалтад “А” ХХК-ийг оруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байхад шүүх маргааныг шийдвэрлээгүй үлдээсэн тул манай нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэг шийдвэрлэгдээгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1017 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. С яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай “Хяналт шалгалтын тухай” дүгнэлтэд[1] “...А” ХХК нь үйл ажиллагаа эхэлсэн цагаас эхлэн ажиллах хүч, хүний нөөцийн дутмаг, идэвх санаачилгагүйн улмаас барилгын ажлын явц хэт удаашралтай, үйл ажиллагаа байнгын доголдолтой энэ талаар захиалагчийн зүгээс тогтмол сануулж байсан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй, 2023 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл барилгын ажил зогсонги байдалтай байна. Түүнчлэн гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулж, хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлээгүй. Байгууламжийн гүйцэтгэлтэй холбоотой бүх зураг, төсвийг баталгаажуулаагүй, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын явц, тайланг тус газарт  ирүүлээгүй, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудад хүндрэл учруулж байна. Гэрээний хэрэгжилтийг хангах талаар тус газраас болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас “А” ХХК-д удаа дараа албан бичиг хүргүүлж, барилгын ажлыг дуусгахад тулгамдаж буй асуудлаар хуралдах саналыг тавьсан боловч одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй” гэснийг үндэслэн “1.А ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна. 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “А” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байна...” гэх дүгнэлтийг гаргажээ.

          3.  Улмаар Монгол Улсын С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар[2] Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулах жагсаалтыг хавсралтаар баталж, тушаалын хавсралтын 47-д “А ХХК гэрээний үүрэг биелүүлээгүй” гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэжээ.

          4. Дээрх актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “А” ХХК хүсэлт гаргасныг С яамны 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03/**** дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...дээрх удирдамжийн дагуу улсын байцаагч холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай дүгнэлт гарган танай компанид хүргүүлсэн байна. Уг дүгнэлтэд Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 7.1-д зааснаар 10 хоногт багтаан улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхтэйг заасан ба тус хугацаанд гомдол гаргаагүй байна. Иймд С сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай тушаалаар танай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулсан ба хүчин төгөлдөр улсын байцаагчийн шийдвэрт үндэслэн бүртгэл хөтөлсөн ба танай компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу бүртгэлээс хасах хууль, эрх зүйн боломжгүй” гэх хариуг өгсөн байна.

          5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ” 52 дугаар зүйлийн 52.1.14-т “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх”, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж тус тус заасан.  

          6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Зам ....... төв ТӨҮГ, “А” ХХК нар нь 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр №2021/*** дугаар “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Зам ....... төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэлт” ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил” Дугаар /ЗТХТ/*********/ гэрээ”-ээр[3] 1,897,976,547 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гэрээт ажлыг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэхээр байгуулжээ.

          7. Улмаар “А” ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Цар тахал, хил гааль хаагдсантай холбоотойгоор бараа материал татан авалт хомсдол үүссэн үндэслэлээр гэрээнд сунгалт хийх тухай хүсэлт[4] гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ХА21/** дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Зам ....... төвийн конторын барилгын өргөтгөл, шинэчлэлт” ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил” ЗТХТ/*********, 2021/*** дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг[5] байгуулж, мөн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс БНХАУ хилээ хааж, бараа материалын үнэ өссөн тул нэмэлт санхүүжилтийг авч гадна тохижилтын ажлаа хийж, үлдсэн ажлаа дуусгах тухай хүсэлт[6] гаргаснаар 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн ЗТХТ/*********/02 дугаар нэмэлт гэрээгээр[7] ...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, барилгын ажлыг дээрх хугацааны дотор ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцож шийдвэрлэсэн байна.

          8. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ЗТХТ/*********/03 дугаар гэрээгээр “...Коронавируст халдвар /Ковид-19/-ын нөхцөл байдлаас хамаарсан барилгын материалын үнийн өсөлт болон конторын барилгын гадна тохижилтын нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага үүссэн тул гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулахаар тохиролцож, ажил гүйцэтгэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж талууд дахин гэрээ байгуулжээ.

          9. Зам,тээврийн хөгжлийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/**** дугаар албан бичгээр[8] Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй 6 аж ахуйн нэгж, байгууллагын баримт бичгийг С яамны худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчид хүргүүлж, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Тайлбар, мэдээлэлд[9] “...А ХХК нь нэмэлт гэрээний дагуу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр барилга, байгууламжийг дуусгаж, байнгын ашиглалтад оруулаагүй... 2023 оны 5 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл барилгын ажил зогсонги байдалтай байна” хэмээн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл /хар жагсаалт/-д хамруулах хүсэлтийг гаргасан байна. 

          10. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 66 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай” тогтоолоор  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан.

          11. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч “А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд барилгын ажлыг уг хугацаанд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

          12. Нэхэмжлэгчээс “...захиалагч тал нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөөгүй, санхүүжилт хугацаандаа бүрэн хийгээгүйгээс талуудын хооронд маргаан үүсэж, ажил зогсох нөхцөл байдал үүссэн” хэмээн маргасан боловч анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч компаниас төсөвт өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай, бодит байдалд 2,518,000,000 төгрөгийн зардал гаргасан гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотой нотлох баримт буюу баталгаажуулсан магадлалын төсөв байдаггүй, мөн талууд 2,060,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх боловч тухайн ажлын гүйцэтгэлдээ таарсан хэмжээний санхүүжилтийг олгох асуудлаар маргаан үүсгэсэн зүйлгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй.   

       Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад холбогдуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2024/1017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

                         ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

 ШҮҮГЧ                                              Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 9-10 хуудас

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 28-29 хуудас

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 55 хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 195 хуудас

[5] 2 дугаар хавтаст хэргийн 194 хуудас

[6] 2 дугаар хавтаст хэргийн 198-199 хуудас

[7] 2 дугаар хавтаст хэргийн 196-197 хуудас

[8] 2 дугаар хавтаст хэргийн 127-129 хуудас

[9] 2 дугаар хавтаст хэргийн 130-132 хуудас