Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 201/МА2018/00007

 

Ц.А, Ж.Н нарын

нэхэмжлэлтэй, Ө.Од холбогдох хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, А.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдлоор Ц.А, Ж.Н нарын нэхэмжлэлтэй, Ө.Од холбогдох “газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай, нэхэмжлэгч Ж.Нд холбогдох Ө.Од эзэмшүүлсэн 1170м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Нгийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2018 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Аг төлөөлж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Аг төлөөлж, түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Бид өмнө нь тус шүүхэд хандан хариуцагч Ө.Од холбогдуулан Ц.А, М Ф нарын өмчлөлийн барилгыг буулгасан материалын үнэ 20.000.000 төгрөгийг гаргуулах, мөн 351м2 газрын гэрчилгээг Ө.Огээс Ж.Нгийн нэр дээр шилжүүлж, 819м2 газрын гэрчилгээнээс Ө.Огийн нэрийг хасаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг Ж.Нгийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч бид хууль зүйн туслалцаа авсаны үндсэн дээр өмнөх нэхэмжлэлийн шаардлага маань тодорхойгүй байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилсөнтэй холбогдуулан буулгасан материалын үнэ 20.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын нэхэмжлэгч М Ф энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон тул түүний надад олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг нэхэмжлэгчээс хасуулсан байгаа. Харин Ц.Агийн надад өмнө нь олгосон итгэмжлэлийн дагуу Ц.А болон Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын 70 хувийг Ж.Нд, 30 хувийг Ө.Од эзэмшүүлэхээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.Од 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Учир нь миний нөхөр М Ф нь Ц.Атай гэр бүл байхдаа Г.Бгийн эзэмшилд байсан дээрх 1170 м2 газрыг дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдийн 220.000.000 төгрөгөөр худалдан авсан. Хятад улсын иргэн Монгол улсад газар эзэмших эрхгүй учраас хуучин эхнэр Ц.Агийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлсэн. Ингээд 2012 онд Ц.Агаас гэр бүлээ цуцлуулсан бөгөөд эд хөрөнгөө хувааж авсан. Ингээд Ц.Агаас дээрх газрыг бүхэлд нь одоогийн эхнэр Ж.Н миний нэр дээр шилжүүлэх гэж байсан. Гэтэл тэр үед М Ф, Л Ф, Ө.О нар тухайн газар дээр хамтарч барилга барихаар болж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ үед Ө.О нь Моза ХХК-тай, манай компани барилгын компани, барилга барих зөвшөөрөлтэй, барилга барих газар миний нэр дээр байхгүй бол болохгүй гэж биднээс газрын 50 хувийг өгөхийг шаардсан. Бид 50 хувийг өгөхийг зөвшөөрөөгүй. Ингээд ярилцаж байгаад 30 хувийг шилжүүлэхээр болж, Ц.Аг дуудан нотариат дээр очиж, дээрх 1170м2 газрын 70 хувийг Ж.Нд, 30 хувийг Ө.Од шилжүүлэхээр гэрээ байгуулсан. Улмаар Ө.О нь даварсаар сүүлдээ Ж.Нгийн эзэмшиж байсан 819 м2 газрыг мөн хууран мэхлэх аргаар өөрийн эзэмшил болгосон байгаа. Гэтэл Ө.О нь барилгын тусгай зөвшөөрөлгүй, мөн барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй байсан болох нь мэдэгдсэн бөгөөд эхнээсээ л энэ газрыг өөрийн болгох хүсэл зорилготой байсан учраас Ц.Аг төөрөгдүүлэн гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т зааснаар Ө.О нь Ц.Аг ноцтой төөрөгдүүлсэн учир дээрх гэрээний Ө.Од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ж.Нн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан бид нар нэхэмжлэгч Ж.Нг төлөөлж, түүний бидэнд олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ц.А, М Ф нарын өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан учраас бид хэрэгт цугларсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Ингээд Ц.А, Ж.Н, О нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.Одхүүд 30 хувийг эзэмшүүлэх эрхийг шилжүүлсэн хэсгийг Ц.Агаас Ж.Нд олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Ц.Аг төлөөлж Ж.Н, Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрын эзэмших эрхийг Ө.Отэй хамтран эзэмшихээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Ж.Нгаас бидэнд олгосон итгэмжлэлийн дагуу түүнийг төлөөлж бид тус тус нэхэмжлэл гаргасан. М Фны хувьд 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэхэмжлэгч байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан М Ф энэ хэрэгт оролцох шаардлагагүй болсон учир нэхэмжлэгчийн эрх үүргээс чөлөөлүүлсэн байгаа. Иймд бид өмнөх нэхэмжлэлийн шаардлагын талаар ярихгүй, харин хэрэгт цугларсан баримтын хүрээнд Ж.Нгийн өмнөөс дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Ж.Нгийн Ц.Ааас шилжүүлэн авч эзэмшиж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай, орон сууцны зориулалтаар эзэмшиж байсан 819 м2 газар эзэмших эрхийг Ө.Отэй хамтран эзэмшихээр болж тэдний хооронд 2014 оны 9 сарын 02-ны өдөр байгуулсан гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хуурч мэхлэх аргаар байгуулсан гэрээ гэж үзэн хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Учир нь Ө.О нь Ц.А, М Ф, Ж.Н нарыг барилгын компанитай, барилга барих газар миний нэр дээр байхгүй бол барилгын гэрчилгээ гарахгүй гэж ноцтой төөрөгдөлд оруулж Ц.Аийн эзэмшилд байсан 1170м2 газрын 30 хувь буюу 351 м2 газрыг өөрийн эзэмшилд авсан. Улмаар Ө.О нь барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй гэж үзэн барилга барих ажлыг түдгэлзүүлж, зогсоосон тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарчихсан байхад Ж.Нийн эзэмшиж байсан газрыг бүхэлд нь авахын тулд түүнийг хуурч мэхэлсэн. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг нь зогсоочихсон байхад барилгаа үргэлжлүүлэхийн тулд банкнаас зээл авах шаардлагатай байна, үүний тулд газраа барьцаалах хэрэгтэй байна. Гэтэл барилга барих газрын гэрчилгээ хоёр хүний нэр дээр байж болохгүй,нэг хүний нэр дээр болгох шаардлагатай байна гэж хуурч мэхлэн улмаар дээрх 819 м2 газрыг хамтран эзэмших тухай гэрээг Ж.Нтай 2014 оны 9 сарын 02-ны өдөр байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Ө.О нь 1170м2 газрыг бүхэлд нь өөрийнхөө нэр дээр болгож гэрчилгээг нь авсан байсан. Энэ тухай Ж.Нг Захиргааны хэргийн шүүх дээр дуудахад нь хэргийн материалтай танилцах үедээ мэдсэн байдаг. Мөн барилгын ажлыг зогсоосон байсныг ч мэдсэн. Ингээд газрын албан дээр очиж учрыг асууж мэдээд заргалдсаны эцэст Ж.Нгийн нэрийг дээрх 1170 м2 газрын хамтран эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн... Энэ мэтчилэн Ө.Оийн хүсэл зориг нь ямар ч хамаагүй аргаар Ж.Нг хуурч мэхлэн түүний газрыг бүхэлд нь өөртөө авах зорилготой байсан гэдэг нь эндээс харагдаж байгаа тул дээрх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Оийн хувьд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ө.О нь БНХАУ-ын иргэн Л Ф, М Ф нартай хамтран 2013 оны 01 сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 1170м2 газар дээр орон сууцны барилга барихаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр талууд адил хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Гэтэл барилга барих газар нь М Фны хуучин эхнэр Ц.Агийн нэр дээр байсан бөгөөд уг барилгын ажилд ямар ч хамааралгүй Ц.Агийн нэр дээр барилгын техникийн нөхцлүүд гарч эхэлсэн. Ингээд энэ гурван этгээд хоорондоо ярьж тохиролцоод барилга барих газрын нэг хэсгийг Ө.О хамтран эзэмшиж байвал дуусаагүй барилгын гэрчилгээ гарах байсан учир тэд тохирсны үндсэн дээр Ц.Агийн эзэмшиж байсан 1170 м2 газрын 30 хувь буюу 351 м2 газар Ө.Огийн эзэмшилд ирсэн. Ингээд газрыг шилжүүлж авахаар материалаа бүрдүүлж өгөөд бүтэн нэг жилийн хугацаанд газрын гэрчилгээ гарахгүй хүлээлгэсэн. Газрын гэрчилгээ гарч ирэхдээ Ж.Н, Ө.О нарын нэр дээр тус тусдаа гэрчилгээтэй гарч ирсэн. Барилгын санхүүжилт дутаад банкнаас зээл авахаар хандахад хоёр тусдаа гэрчилгээтэй газарт зээл олгохгүй гэсэн. Гэтэл тухайн үед М Ф газраа зарна, барилгын ажлаас гарна гэсэн учраас газрын төлбөрт 225,0 сая төгрөгийг Л Ф нь М Фд бэлнээр болон бэлэн бусаар өгсөн байдаг. Ингээд М Ф нь газрын төлбөрөө аваад зогсохгүй, барилгаас ашиг авна гэж газар ашиглах гэрээг байгуулж уг гэрээгээр барилгын ажил дуусахаар 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Ингээд Ж.Нтай 819 м2 газрыг хамтран эзэмшихээр гэрээ байгуулсан. Газрын мөнгөө бүрэн авчихаад газрыг бүтэн шилжүүлж өгөхгүй, хамтран эзэмшигчээр шилжүүлнэ гэж гэрээ байгуулсан. Түүнээс биш Ө.Оийн хувьд Ц.А болон Ж.Н нарыг ноцтой төөрөгдүүлж, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ж.Нгийн газрыг бүхэлд нь өөрийнхөө нэр дээр болгох гээд улайраад байгааг огт ойлгохгүй байна. Ж.Н нь энэ барилгын ажилтай огт хамааралгүй, газар эзэмших эрх нь хэвээр байхад ийм нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ө.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Н нь нөхөр М Фны хамт газар ашиглах гэрээний дагуу газрын төлбөрийг бүрэн авсан, мөн барилгын ажил дуусахаар уг барилгаас 3 өрөө байр хоёрыг авахаар тохирсон. Энэ газар ашиглах гэрээгээр Ж.Н нь газар эзэмших, барилга барих ажилд саад учруулахгүй байх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж, Ө.Огийн газар эзэмших, барилга барих ажилд саад учруулж байгаа тул Ө.Од эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай, нэгж талбарын 2016000185 дугаартай, 000441231 дугаартай 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Нийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Ж.Нгийн хувьд газар эзэмших эрхээ Ө.О болон Хятад улсын иргэн Л Ф нарт худалдсан зүйл байхгүй. Уг газрын хууль ёсны эзэмшигч хэвээрээ байгаа. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т тус тус заасныг баримтлан Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрыг Ө.Отэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Ц.А, Ж.Н болон Ө.О нарын дунд байгуулагдсан 2013 оны 5 сарын 24-ний өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлах 1170 м2 газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.Од 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай шаардлагыг, Ж.Нд холбогдох Ө.Од эзэмшүүлсэн 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Нгийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгч Д.Гын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 328150 төгрөгөөс 140400 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас илүү төлсөн 187750 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Ж.Н, Ц.А нарт олгож, ...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Н давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтын “2013 оны 05 сарын 24-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний Ө.Од 30 хувийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ц.А Ө.Од хууран мэхлэгдээгүй, Ц.Агийн шийдвэр М Фны хүсэлтээр хийгдсэн гэжээ. Шүүгчийн энэ үндэслэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заагдсанаар зөв мэт боловч манай нэхэмжлэл 58, 59 дүгээр зүйлд заагдсанаар төөрөгдсөн бас хууран мэхлэгдсэн гэж шаардлагаа тодорхойлсон.

Хэргийн байдал нь Ж.Н, М Ф нар нь хууран мэхлэгдэж Ц.А нь төөрөгдсөн байдаг. Төөрөгдөл, хууран мэхлэлт хоёр бол хоёр өөр үйлдэл байдаг ба хууран мэхлэлт нь мэхэлж байгаа мэхлэгдэж байгаа субъектүүдийн шууд харилцаатай хамааралтай бол төөрөгдөл нь шууд бус дам шинжтэй эсхүл гадаад байдалтай хамааралтай байдаг. ... Хэлцэл хийгч Ц.Агийн хүсэл зориг нь газрыг бүхэлд нь Ж.Нгийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байсан ба Ө.Од мэхлэгдсэн М Ф, Ж.Н нарын хүсэлтээр Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2.1-д зааснаар хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрч огт танихгүй, мэдэхгүй Од хэсэг газрыг шилжүүлсэн байдаг. Мөн дээрх хэлцэл хийх гол үндэслэл нь газрын эрхийн нэг хэсгийг Огийн нэр дээр шилжүүлэхгүй бол барилга эхлүүлэх зөвшөөрөл гаргахгүй гэж төөрөгдсөн. Мөн хэлцэл хийгч нөгөө этгээд болох Ө.О нь барилгад хөрөнгө оруулах чадвартай, итгэлтэй хүн гэж М Фнд найз нь итгүүлснээр найдвартай хүний дүү нь найдвартай гэж төөрөгдсөн.

Мөн тохиролцооны зүйл нь нэг талаас газраар, нөгөө талаас биет байдлаар хөрөнгө оруулахаар тохиролцсон байсан байтал Ө.О нь биет хөрөнгө байдлаар оруулалгүйгээр хууран мэхэлж шилжүүлж авсан газраар хөрөнгө оруулж үндэслэлгүйгээр хөрөнгөжих зорилго бүхий этгээд байсан нь тогтоогдсон. Дээрх байдлаар Ц.А нь төөрөгдөж Ж.Н, М Ф нар нь хууран мэхлэгдэж бас төөрөгдсөн үйл явдал болж өнгөрсөн.

Иймд Ц.А нь төөрөгдсөн гээд нэхэмжлэл гаргахад Ц.А нь хууран мэхлэгдээгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-р заалтын Ц.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулан, төөрөгдсөн Ц.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо: “Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “Ж.Н, Ө.О нарын дунд байгуулагдсан 2014 оны 9 сарын 02-ны өдрийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-ийн 30 дугаар байрны хажууд байрлалтай 819 м2 газрыг Ө.Одхүүтэй хамтран эзэмшихээр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоныг, мөн Ж.Нд холбогдох Ө.Од эзэмшүүлсэн 1170 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээнээс хамтран эзэмшигч Ж.Нгийн нэрийг хасахыг даалгасан шийдвэр гаргуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Н анх иргэн Огээс 20 сая төгрөг гаргуулах, 351 м2 газар эзэмшүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1170 м2 газраас Ө.Огийн нэрийг хасуулж бүхэлд нь өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байсан. Гэвч шат шатны шүүхээр явж гаргасан нэхэмжлэл нь луйвар хийж ашиг хонжоо олох зорилготой болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд тодорхой болоод ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Дорнод аймагт луйвраар мэргэшсэн БНХАУ-ын иргэн М Фныг нэхэмжлэгчээс хассан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад М Ф иргэн Ө.О, Л ф С нартай хамтарч ажиллаж байхдаа эд хөрөнгө, бэлэн мөнгө дутаасан, завшсан тухай эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байсан нь хангалттай нотлогдож байгаа. Өнөөдөр иргэн Н би ноцтой төөрөгдсөн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа боловч үнэн хэрэгтээ түүний нөхөр болох М Фны хийж байгаа үйлдлийн халхавч юм. Барилга барьж зарж борлуулан ашиг олох энэхүү бизнесийн үйл ажиллагаанд иргэн Н огт хамааралгүй бөгөөд ноцтой төөрөгдөх үндэслэл байхгүй. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Ж.Нгийн нотлох баримтгүйгээр, зохиож ярьж байгаа болгон нь энэхүү газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч баригдаж байгаа барилгын ажлыг гацааж цаашлаад шантаажлах, барьцаалах замаар байгуулсан гэрээ, тохиролцооноосоо буцаж үндэслэлгүйгээр баяжихыг санаархаж байна гэж үзэж эсэргүүцэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Ц.А нь 2013 оны 05 сарын 24-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний Ө.Од холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн нэхэмжлэгч Ж.Н нь 2014 оны 09 сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч Ө.О эс зөвшөөрч маргажээ. /2 дахь хх-ийн 9 дэх тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г 1170 м.кв эзэмшлийн газрын гэрчилгээнээс иргэн Ж.Нгийн нэрийг хасаж өгөхийг даалгасан шийдвэр гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.Н эс зөвшөөрч маргажээ. /2 дахь хх-ийн 60 дахь тал/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн маргаааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн нэг дэх шаардлагын талаар.

Нэхэмжлэгч Ц.А нөхөр болох БНХАУ-ын иргэн М Фнаас гэрлэлтээ цуцлуулж, Хэрлэн сумын 6 дугаар баг, СМУ-гийн 30 дугаар байрны хажууд байх 1170 м.кв өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхийг нөхөр М Фтай тохирсны дагуу одоогийн эхнэр буюу нэхэмжлэгч Ж.Нд 70 хувь буюу 819 м.кв газрын эзэмших эрхийг, хариуцагч Ө.Од 30 хувь буюу 351 м.кв газрын эзэмших эрхийг  шилжүүлэхээр Ц.А, Ж.Н, Ө.О нар нь хоорондоо 2013 оны 05  сарын 24-ний өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байна. /1 дэх хх-ийн 31 дэх тал/

Аймгийн Засаг даргын 2014 оны 05  сарын 28-ны өдөр А/261 дугаар “Газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх, газар эзэмшлийн зориулалтыг өөрчлүүлэх тухай” захирамжаар Ж.Нд 819 м.кв газрын, Ө.Од 351 м.кв газрын эзэмших эрхийг тус тус 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж, /1 дэх хх-ийн 33 дахь тал/ улмаар Ж.Нд 000441340 дугаартай, Ө.Од 000441339 дугаартай гэрчилгээ тус тус олгогдсон байна. /1 дэх хх-ийн 45-46 дахь талууд/

Нэхэмжлэгч Ц.Аийн нөхөр БНХАУ-ын иргэн М Ф, мөн улсын иргэн Л Ф, хариуцагч Ө.О нар нь орон сууцны барилга барихаар 2013 оны 05 сарын 24-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан ба дээрх  үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /1 дэх хх-ийн 8-11 дэх талууд/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байна. Хэргийг шийдвэрлэхэд хэлцэл хийгч Ц.Аийн хүсэл зоригийн илэрхийлэл болон хүссэн үр дагавар нь юу байсан гэдгийг зөв тогтоох нь чухал юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.А нөхөр болох М Фнаас захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө хуваахдаа Ц.Агийн эзэмшилд байсан 1170 м.кв газар эзэмших эрхийн 30 хувь буюу 351 м.кв газар эзэмших эрхийг Ө.Од хоорондоо тохирч шилжүүлснийг Ц.А, М Ф нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүссэн үр дагаварт хүрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм учраас Ц.Агийн хүсэл зоригийн илэрхийлэл зөрчигдөж, ноцтой төөрөгдсөн гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Үндсэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын талаар.

Нэхэмжлэгч Ж.Н нь 2014 оны 09 сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн 819 м.кв газар эзэмших эрхээ хариуцагч Ө.Отэй хамтран эзэмшихээр “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулсан ба улмаар Аймгийн Засаг даргын 2014 оны 12 сарын 11-ний өдрийн А/525 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” тухай захирамж гарсан байна. /1 дэх хх-ийн 46 дахь хуудасны ар тал, 47 дахь талууд/

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Ө.О нь нэхэмжлэгч Ж.Нгийн 819 м.кв газрын эзэмших эрхийг хамтран эзэмшихийн тулд “Барилгын ажлыг дуусгахын тулд банкнаас зээл авах шаардлагатай байна. Хоёр хүний нэр дээрх газрын гэрчилгээнд зээл гаргахгүй байна. Газрын гэрчилгээг нэг хүний нэр дээр болгох шаардлагатай байна” гэж удаа дараа шаардсаны дагуу аргагүйн эрхэнд газар эзэмших эрхийг хамтран эзэмшихээр болж гэрээ байгуулж эрхээ шилжүүлсэн гэж нэхэмжлэгч Ж.Нгийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, няцаагаагүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 09  сарын 02-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ө.О нарын 2014 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан 819 м.кв газрын эзэмших эрхийг хамтран эзэмшихээр байгуулсан “газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул хариуцагч Ө.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үндэслэлтэй, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ж.Нийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ө.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ж.Нгийн төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Н, хариуцагч Ө.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 138/ШШ2018/00061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Ж.Нгийн төлсөн 70200 төгрөг, хариуцагчийн төлөөлөгч Д.Гын төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                        

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                               Д.БАЙГАЛМАА

                                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ