Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 69

 

Д.О-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзул, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 299 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 863 дугаар магадлалтай, 201725020372 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзулын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Д-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.О-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О-т холбогдох хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзул гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Д.О-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ардын эрхийн салбараас О.Г-ийн Е-1170149 дугаартай гадаад паспортыг ашиглан Хаан банкин дахь 5125055930 дугаартай данснаас 10,000,000 төгрөгийг гаргуулан авсан үйлдлийг “хулгайлсан” гэж зүйлчилсэн нь буруу гэж үзжээ. Улмаар Д.О нь Хаан банкны теллерт өөрийгөө О.Г гэж итгүүлэн ...10,000,000 төгрөгийг авсан гэж дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Д.О нь Хаан банкнаас 10,000,000 төгрөгийг гаргуулан авахдаа теллер Г.Ш-г хуурах, хуурамч баримт бичиг ашиглах, нүүр царайгаа хохирогч О.Г-тэй ижил болгон будаж, янзлах, бодит байдлыг нууж төөрөгдүүлэх үг хэлэх, яриа өрнүүлэх зэргээр өөрийгөө О.Г гэж итгүүлэн залилах ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан яллагдагчийн мэдүүлэг, камерийн бичлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдоно. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байх тул түүний энэ үйлдлийг залилах гэмт хэргээр зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн иргэний нэхэмжлэгчээр Хаан банкийг тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй. Хаан банкны теллер Г.Ш нь хугацаа дууссан хүчингүй бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийсэн, хохирогч болон шүүгдэгч Д.О-ийн царай, дүр төрх огт өөр байхад бичиг баримтыг нягтлан шалгалгүй 10,000,000 төгрөгийг гарган өгч ажлын хариуцлага алдан улмаар Хаан банкийг хохироосон. Хаан банк нь хохирогч О.Г-тэй байгуулсан хадгаламжийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 10,000,000 төгрөгийг О.Г-т гаргаж өгч улмаар хариуцлага алдсан ажилтан Г.Ш-д сахилгын хариуцлага тооцон, түүний нэр дээр авлагын данс нээсэн тухай иргэний нэхэмжлэгч Г.Ш мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, давж заалдах шатны шүүхэд өгсөн тайлбар зэрэгтээ мэдүүлжээ. Хаан банк нь мөрдөн байцаалтын шатанд теллер Г.Ш-г иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохоор албан бичиг хүргүүлсний дагуу иргэний нэхэмжлэгчээр Г.Ш-г тогтоосон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзэж байна. Хилийн гадна үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 1.6 дугаар зүйлийн зохих зүйл заалтыг журамлаагүй нь буруу байсан. Бичиг баримт ашигласан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан зэрэг үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжүүдийг агуулж байна. Хаан банкны теллер шууд Г гэж үзсэн. Учир нь түүний бичиг баримтыг бариад орсон, мөн зарлагын баримт дээр дансны дугаарыг бичсэн. Энэ нь хулгайн гэмт хэрэг биш бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан тул хэргийн зүйлчлэл буруу байсан. Шүүгдэгч Д.О дараагийн банкнаас үлдсэн 2,000,000 төгрөгийг авахаар очсон үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзулын гаргасан гомдлыг үндэслэн Д.О-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны Ардын эрх салбарын теллерт өөрийгөө О.Г гэж итгүүлэн, хохирогчийн харилцах данснаас 10,000,000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон байтал прокуророос түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

Мөн хохирогч О.Г-ийн гадаад паспортыг ашиглан дээрх аргаар ХААН банкны өөр салбараас мөнгө авахыг завдсан байж болох үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэн гадаад улсад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухай гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалтыг журамлаж БНХАУ-ын Эрээн хотод үйлдэгдсэн гэмт хэргийг Монгол Улсын шүүх хянан шийдвэрлэсэн үндэслэлийг тогтоолд тусгах нь зүйтэй.

Дээрх байдлаар анхан шатны шүүхээс гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзулын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 863 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Алтанзулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                         ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН