Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 167

 

“Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, С.Ууганбаяр нарыг оролцуулан хийж,  “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0158 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0158 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туулын гүүрний баруун урд талд 2007 оноос хойш 30000 м.кв газрыг Аялал жуулчлалын хотхон барих зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд уг газар дээр замын трасс орсон гэдэг шалтгаанаар маргаан үүсч, бид 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарыг хариуцагчаар татаж, нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шийдвэрийн дагуу манай компани Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дугаар захирамжийн дагуу 13,4 га газрыг эзэмшихээр болж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авсан.

Бид кадастрын зургийн дагуу хашаагаа барих гэтэл манай эзэмшлийн газар дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны зөвшөөрлөөр “Бух чулуу” ХХК үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж, энэ талаар тодруулахаар тус яамны кадастрын мэргэжилтнүүдтэй уулзаж лавлахад “2014 онд “Бух чулуу” ХХК-д 1,7 га газрыг ашиглуулахаар гэрчилгээ олгосон, танай компанийн газар бүхэлдээ Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах учраас Нийслэлээс авсан танай газар эзэмших гэрчилгээ хүчингүй” гэдэг тайлбарыг өгсөн.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас хуулийн дагуу олгосон бидний эзэмшлийн газар дээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас өөр хуулийн этгээдэд давхардуулан газар олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн тул “Бух чулуу” ХХК-д 1,7 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А318 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 1021 дүгээр шийдвэр гарсан бөгөөд тус шийдвэрээр Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-318 дугаар тушаалын “Бух чулуу” ХХК-д холбогдох хэсгийг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Үүний дараа Байгаль орчны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 221/МА2017/0158 дугаартай магадлал гарсан.

Давж заалдах шүүхийн магадлалд УИХ-ын 1995 оны 26 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тодорхой зааж өгсөн байхад “маргаан бүхий газар нь хилийн заагт орсон эсэхийг эрх бүхий этгээдийг шинжээчээр томилж хилийн заагийг тогтоолгох боломжтой” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Учир нь, хариуцагч талаас маргаан бүхий газар нь УИХ-ын 1995 оны 26 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын дагуу Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байгаа учраас “Бух чулуу” ХХК-д 1,7 га газрыг ашиглуулахаар гэрчилгээ олгосон гэж өмнөх тайлбартаа дурдаж байсан, хэрэв маргаан бүхий газрыг Дархан цаазат газрын хилийн заагт ороогүй гэж үзэж байгаа бол анхнаасаа “Бух чулуу” ХХК-д 1,7 га газрын ашиглуулахаар олгосон А-318 тоот Байгаль орчны яамны сайдын тушаал нь үндэслэлгүй болно.

Нийслэлийн Газрын алба болон Байгаль орчны яамнаас давхардуулан олгосон маргаан бүхий газар нь 1995 оны 26 дугаар тогтоолд тусгагдсан хилийн заагт орсон байгаа боловч бодит байдал дээр 2-р шон уу? 21-р шон уу? гэдэг нь тодорхойгүй, энэ талаар тогтоолд зөрүүтэй тусгагдсан учраас Ажлын хэсэг томилон ажиллуулах болсон бөгөөд тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар, УИХ-д хилийн цэсийн асуудлыг өргөн барьж, алдаа зөрөөг нь засуулах шаардлагатай байгаа учраас анхан шатны шүүх асуудалд бодитой дүгнэлт хийсэн гэж үздэг.

Энэ асуудалд өмнө нь Нийслэлийн Газрын алба болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хоорондоо зөвшилцсөний эцэст Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А-135 тоот тушаал гарган Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалттай холбоотой асуудлыг /Богдхан уулын хилийн цэс, 21-р шон гэх мэт/ судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан хэдий ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй, өнөөдрийг хүртэл яамны сайдын зөвлөлийн хурлаар энэ талаар хэлэлцэгдээгүй, хэн аль нь өөрийн харьяандаа байгаа гэж ойлгон газар олголт хийж байгаа учраас ажлын хэсэг ажиллах, холбогдох дүгнэлт гаргах зайлшгүй шаардлагатай байгаа.

Энэ талаар Байгаль орчны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд өгсөн тайлбартаа “Тус ажлын хэсэгт байсан хүмүүс ихэнх нь халагдаж, солигдсонтой холбоотойгоор ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, дахин шинэ комисс томилогдох гэж байгаа, энэ комиссын дүгнэлт гарч байж “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК болон “Бух чулуу” ХХК-ийн газрын маргаан эцэслэн шийдэгдэнэ” гэж тодорхой мэдэгдэж байсан атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо маргаан бүхий газар нь 26 дугаар тогтоолын дагуу тусгай хамгаалалттай газрын хилийн заагт орсон эсэхийг шүүх тодруулаагүй гэж гомдол гарган анхан шатны шүүхэд өгч байсан өмнөх тайлбараа илт үгүйсгэж, ёс зүйгүй үйлдэл гаргасан.

Хариуцагч тал өмнөх тайлбараа үгүйсгэн байж давж заалдах гомдол гаргаж хугацаа алдаж байхаар ажлын хэсгээ томилон ажиллуулсан бол өнөөдөр дүгнэлт гаргах хэмжээнд хүрээд, зөрүү маргаантай асуудлаа шийдвэрлэх боломжтой болох байсныг шүүх анхаарч үзнэ үү.

Анхан шатны шүүх оролцогчдоос шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс “зөвхөн нэг талын баримтыг үндэслэн шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Тухайлбал,

  1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн мэдээллийн санд маргаан бүхий газар нь “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд “Бух чулуу” ХХК-ийн газар давхацсан байгаа талаарх өнгөт зураг бүхий тайлбар.
  2. Байгаль орчны яамнаас ирүүлсэн “Бух чулуу” ХХК-ийн газрын талаарх баримтууд, УИХ-ын 26 дугаар тогтоол болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын А-135 тоот тушаалаар томилогдсон Ажлын хэсгийн тухай, ажлын хэсгийн дүгнэлт гарснаар маргаан шийдэгдэх эсэх, дүгнэлт яагаад гарахгүй удаж байгаа талаар тодорхой тайлбар.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн “Нийслэлийн болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд хилийн цэс зөрүүтэй тогтоогдсон тул хилийн цэс, газар ашиглалттай холбоотой “Ажлын хэсгийг шинэчлэн дахин ажиллуулах шаардлагатай” гэсэн санал бүхий 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/2629 тоот албан бичиг.

4.  Нийслэлийн Газрын албанаас ирүүлсэн “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн эзэмшлийн газрын талаарх зургийг мэдээллийн сангийн зурагтай давхцуулан гаргасан өнгөт зураг бүхий тайлбар зэрэг материалууд хэрэгт авсан байгаагаар нотлогдох болно.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0158 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг шударгаар үнэн зөв үнэлэн дүгнэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасантай нийцсэн байна.  

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/389 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 134000 м.кв газрыг цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлсэн, гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/318 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Бух чулуу” ХХК-д Баянзүрх дүүрэг, Хүрхрээгийн аманд 1.7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалтад буй газрууд давхцалтай, нэхэмжлэгчээс “манайд олгосон газар нь дархан цаазат газрын хилийн заагт хамааралгүй” гэсэн, харин хариуцагч, гуравдагч этгээдээс “нэхэмжлэгчийн маргаж байгаа газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн дотор орсон, Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон” гэсэн тайлбар гарган маргасан байна.

Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоожээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахаар олгосон газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг шалган тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх байтал “маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт хамаарч байгаа эсэх болон уг тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосонтой хэрхэн таарч байгаа эсэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тодруулах шаардлагатай” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийн захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь буруу байна.

Зүй нь, анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаас эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн газрууд нь дээрх 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулах, шаардлагатай бол хөндлөнгийн эрх бүхий этгээдийг шинжээчээр томилон маргаан бүхий газар нь дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг тогтоолгох нь хэрэгт нотолгооны ач холбогдолтой байна.

Маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт хамаарч байгаа эсэхийг тогтоосноор Нийслэлийн Засаг дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын хэн нь хуульд зааснаар маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах, газар олгох эрхтэй болох нь тодорхой болох юм.  

Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/1599 дугаар албан бичигт “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн газрыг “Бух чулуу” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээний хавсралтад дурдагдсан солбицлыг давхцуулж үзэхэд бүрэн давхцалтай” гэж тодорхойлон нэгж талбарыг сансрын зурагтай давхцуулсан зургийг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10/1469 дүгээр албан бичигт “Бух чулуу” ХХК-ийн 1,7 га газар нь бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай давхцаагүй” гэж тодорхойлон, газрын байршлын зургийг ирүүлжээ. Иймд шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн маргаж буй газрын давхцал, тэдгээр нь дархан цаазат газрын хилийн заагтай давхцалтай эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн, шүүх өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжтой байхад “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн...” гэж дүгнэн энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д “энэ хуулийн 16.1.1-16.1.4, ...-т заасан зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох” гэж зааснаар хилийн заагийг тогтоох нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамааралтай юм.

Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон байхад давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “...шинжээч томилж, ...хилийн заагийг тогтоолгох” гэж агуулгын алдаатай дүгнэлт хийсэн нь буруу, энэ талаар хяналтын гомдолд дурдсан нь үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0158 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АТАРЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                        Б.МӨНХТУЯА