| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0020/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/29 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
2022 12 28 2022/ШЦТ/29 -
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
улсын яллагч Т.Мөнх-Амгалан /томилолт/
шүүгдэгч М.Т түүний өмгөөлөгч Э.Түвдэн, шүүгдэгч З.А түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт З А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б М Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн холбогдох эрүүгийн 2206 03087 3696 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 2002 оны 06 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 14-р хороо, Зүүн хүрээ хотхон 204-60 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:НЭ02261711/, овогт МТ
2. Монгол Улсын иргэн, 2003 оны 02 сарын 17-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөгч угсрагч мэргэжилтэй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 5-р хороо,Хаппе тауны 72А байр 45 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ЕУ03221716/, Б овогт З А
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Алтандүү нь 2022 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18-р хороо 38-р байрны орчимд Санан дурсахуй бааранд үйлчлүүлээд гарч явсан хохирогч М.Мөнхтөмөрийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгч буюу М.Түмэнбатын үүрэг оролцоог хуваарилж, хохирогч М.Мөнхтөмөрийн гар утсыг очоод аваад ир гэж даалгасан, улмаар ай фоне 13 про макс загварын гар утсыг өөрийн эзэмшилд авч, өөртөө ашиг хонжоо олох бусдад шилжүүлэн хохирогчид 3525000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч М.Түмэнбат нь 2022 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18-р хороо 38-р байрны урд талд З.Алтандүүгийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж үүрэг оролцоог хуваарилан хохирогч М.Мөнхтөмөрийн гар утсыг очоод аваад ир гэж даалгасны дагуу иргэн М.Мөнхтөмөрийн гартаа барьж явсан,түүний эзэмшлийн ай фоне 13 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 3525000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Түмэнбат шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. Шүүгдэгч З.Алтандүү шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Мөнхтөмөрийн “Би 2022 оны 06 сарын 02-ны өдөр 23:00 цагийн үед найзынхаасаа гараад ганцаараа Санан дурсахуй нэртэй бааранд ороод нэг шил пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад гэр лүүгээ алхаж байсан. Би Баянзүрх дүүргийн 18-р хороо, 38-р байрны урд талаар алхаж байтал нэг үл таних залуу миний баруун гаранд барьцан байсан айфоне 13 про макс загварын гар утсыг шүүрэх гэж оролдохоор нь утастайгаа зууралдаад би урагшаа унатал утсыг маань аваад хойшоогоо гараад зугтаагаад явсан. Би араас нь орилсон чинь ойр байсан нэг эрэгтэй, эмэгтэй 2 хүний эрэгтэй нь үл таних залуугийн араас нь гүйсэн. Тэгээд би нөгөө эмэгтэйтэй нь хамт төв зам руу гартал араас нь гүйсэн залуу буцаж хүрч ирээд хойшоо гүйгээд зугтаагаад алга болчихлоо гэсэн. 2022 оны 05 сарын 29-ний өдөр Теди төвөөс 3900000 төгрөгөөр авч байсан. Утсаа олж авмаар байна. Утсаа аваад 5 хоног ч болоогүй байхад алдсанд гомдолтой байна. /хх-ийн 15 тал/ гэх мэдүүлэг Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022.06.15-ны өдөр алдагдсан ай фоне 13 про макс загварын гар утсыг 3525000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29/ зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч З.Алтандүү нь 2022 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18-р хороо 38-р байрны орчимд Санан дурсахуй бааранд үйлчлүүлээд гарч явсан хохирогч М.Мөнхтөмөрийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг хамтран үйлдэгч буюу М.Түмэнбатын үүрэг оролцоог хуваарилж, хохирогч М.Мөнхтөмөрийн гар утсыг очоод аваад ир гэж даалгасан, улмаар ай фоне 13 про макс загварын гар утсыг өөрийн эзэмшилд авч, өөртөө ашиг хонжоо олох бусдад шилжүүлэн хохирогчид 3525000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч М.Түмэнбат нь 2022 оны 06 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18-р хороо 38-р байрны урд талд З.Алтандүүгийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилж үүрэг оролцоог хуваарилан хохирогч М.Мөнхтөмөрийн гар утсыг очоод аваад ир гэж даалгасны дагуу иргэн М.Мөнхтөмөрийн гартаа барьж явсан,түүний эзэмшлийн ай фоне 13 загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч бусдад 3525000 төгрөгийн хохирол учруулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нар нь уг дүгнэлттэй маргаагүй болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч З.Алтандүү, М.Түмэнбат нар нь хохирогч М.Мөнхтөмөрийн айфон 13 про макс загварын гар утасны үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 3525000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул хохирогчийн гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн хүсэлт болон шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг прокурор харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн тул шүүх прокурорын саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу М.Түмэнбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 6 сар З.Алтандүүг 9 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах саналыг тус тус танилцуулж, шүүгдэгч нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Шүүгдэгч М.Түмэнбатын өмгөөлөгч Э.Түвдэн: Прокурорын саналын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргасан, Шүүгдэгч З.Алтандүүгийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа: Прокурорын саналын дагуу шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргасан, Шүүгдэгч М.Түмэнбат 1 сар 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдах, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах, З.Алтандүү нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг ажилладаггүй гэх си диг хэрэгт хавсаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З. А Б овогт М Т нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А хорих ял оногдуулахгүйгээр 9 сар, М.Т 6 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.Т З.А нарыг тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.А, М.Т нар нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар З.А, М.Т нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, З.Алтандүүд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си диг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА