| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0022/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/29 |
| Огноо | 2023-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч О.*******
Хохирогч Л.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******өд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д оператор ажилтай, , эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн сумын ******* баг, 4 дүгээр хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ын ******* регистрийн дугаар: //
Шүүгдэгч О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн сумын нутагт дэвсгэрт 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед хохирогч Л.*******той маргалдаж улмаар дээлийнх нь энгэрийг урснаас болж түүний нүүрэн тус газарт нь өвдөглөж эрүүл мэндэд нь хамрын хянга ясны хугарал, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, хүзүүний баруун талд хөндлөн зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алимын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч О.******* 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Завхан аймгийн сумын нутагт дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.*******той маргалдаж “дээлийнх нь энгэрийг урсан” гэсэн шалтгаанаар түүнийг зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Л.*******ын “...Ж. өврөөсөө 2 шил архи гаргаж бид нар хувааж уусан. ...би О.*******тэй муудалцаж барьцалдаад айлаас гарч хашаан дотор нь ноцолдож байгаад би О.*******ийн дээлийнх нь энгэрийг урчихсан юм. Тэгтэл О.******* чи яасан овоо байна гээд намайг татаж унагаад миний нүүр лүү өшиглөх шиг болсон тухайн үед би түрхэн зуур ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд зүүн нүд юм харахгүй чинэрч өвдөөд, хамраас цус гараад тогтохгүй байсан тул О.*******, Н. нар намайг сумын эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж авсан...” гэсэн мэдүүлгээр,
Энэ талаар мэдүүлсэн гэрч Я.ийн “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 35 минутын орчимд манай сумын иргэн О.******* над руу гар утсаараа залгаад би танай нөхрийн нүдийг хаачихлаа, мөн танай нөхрийн хамраас цус гараад тогтохгүй байна. Би эмнэлэг рүү аваад явж байна та эмнэлэг дээр хүрээд ирээч гэж ярьсан яваад очтол манай нөхрийн хамраас цус гарсан, өмсөж явсан хувцаснууд нь цус болсон мөн зүүн нүд нь хавдаж харах боломжгүй болсон байсан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Н.гийн “...*******, ******* бид гурав гэх айлд очиж чанасан мах идээд ууж байсан архины үлдэгдэл гээд нэг тал шилтэй архиа хувааж уугаад сууж байтал *******, ******* нар хоорондоо муудалцаад айлаас гараад явсан араас нь гараад иртэл хашаан дотор барьцалдаад авсан байхаар нь би салгасан боловч дахиж барьцалдаад *******, *******ыг унагаад өвдөглөхөөр нь би дахиж салгаад *******ыг босготол хамраас цус гоожоод нүд нь хавдсан байсан...” гэсэн мэдүүлгээр,
Хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн О.*******ийн “...2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Н. бид хоёр Ж.той уулзахаар Л.*******ынд очиход тэр хоёр архи уугаад сууж байхаар нь Н. бид хоёр явах гэтэл Ж., Л.******* нар “Хэдүүлээ ойрд уулзалдаагүй юм чинь ганц юм уучхаад салъя” гэж хэлсэн. Тэгээд бид нар сумын төвийн зүүн талд харганы захад очиход Ж. дээлийнхээ өврөөс 2 шил архи гаргаж ирсэн бөгөөд бид нар хувааж уугаад сууж байтал Ж. тасраад унахаар нь айлд хүргэж өгчхөөд Л.*******, Н. бид гурав Н.ын очиж хоол идээд сууж байтал Л.******* “Чи яасан том пизда вэ” гээд над руу дайраад бид хоёр заамдалцаад тухайн айлаас гарсан. Заамдалцах үед би боолтод орж зэрэг манарсан бөгөөд Н. бид хоёрыг салгасан боловч Л.******* “Чамайг ална” гээд дайраад байхаар нь би мөрнөөс нь татаж авчраад нэг удаа өвдөглөсөн чинь Л.*******ын хамраас нь цус гараад, нүд нь хавдаж эхэлсэн, айлаас ус гаргаж хамрынх нь цусыг угаасан боловч тогтохгүй байхаар нь Н. бид хоёр сумын эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Л.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч П.гийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 000000587 дугаартай “... 1.Иргэн Л.*******ын биед хамрын хянга ясны хугарал, зүүн талын ухархайн дотор ханын хугарал, хүзүүний баруун талд хөндлөн зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний алимын салстад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022.11.15-нд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэж болно. 4. Иргэн Л.*******ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,
Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний зардал авсан талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.гийн “...Хохирогч Л.******* нь тухайн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр манай Эрүүл мэндийн даатгалын сангаас Завхан аймгийн нэгдсэн эмнэлгээс амбулаторийн үзлэг өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, мэс засал гээд нийтдээ 203,310 төгрөгийн үйлчилгээний зардал авсан байна. Мөн Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд 15000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс амбулаторийн үзлэг, мэс засалд 2.792.150 төгрөг нийт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.995.460 төгрөгийн зардал авсан бөгөөд энэ зардлыг задалж хэлбэл Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт ХХК хөнгөлөлттэй эм 5.310, S05.8 амбулаторийн үзлэг 15000, "O' амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 57.000, J34.2 өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ 84000, амбулаториор хийлгэх мэс ажилбар, S02.2 оноштой 27.000, G93.2 амбулатори үзлэг 15000, S02.2 амбулаторийн үзлэг 15000, IT амбулаторийн үзлэг 15000, 505 амбулаторийн үзлэг 15000, 502 мэс засал 2.736.150, Z48.0 амбулаторийн үзлэг 11000 төгрөгөөр тус тус эмчилгээ хийлгэсэн байна. ...Эрүүл мэндийн даатгалын санд мэс засал, эмнэлгийн тусламж, үзлэг, оношилгоонд нийтдээ 2.995.460 төгрөгийн хохирол учирсан байна. Өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа. ...Тухайн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан нийт 2.995.460 төгрөгийн хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр болон бусад бичгийн нотлох баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч О.******* нь хохирогч Л.*******ын нүүрэн тус газар өвдөглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна.
Шүүгдэгч О.******* хохирогч Л.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангасан байна.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол буюу хөнгөн гэмтэл учирсантай холбогдож үүссэн хор уршиг болох зардалд 12,868,902 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хохирогч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа сгаж 5,300,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч О.*******өөс хохирогчид 2,514,000 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хэрэгт хавсаргуулсан бичгийн баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудын буюу гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт хамаарахгүй дараах зардлууд нийт 493.560 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Тухайлбал хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан 10.050 төгрөгний, 13.250 төгрөгний, 10.210 төгрөгний, 18.300 төгрөгний, 36.500 төгрөгний, 4.000 төгрөгний, 18.150 төгрөгний, 35.000 төгрөгний, 22.000 төгрөгний, 23.350 төгрөгний, 10.500 төгрөгний, 12.300 төгрөгний, 12 дугаар хуудасны 39.000 төгрөгний, 20.300 төгрөгний, 22.000 төгрөгний, 23.500 төгрөгний, 37.500 төгрөгний, 7.500 төгрөгний, 1.900 төгрөгний, 3.500 төгрөгний, 10.100 төгрөгний, 12.500 төгрөгний, 25.000 төгрөгний, 25.000 төгрөгний, 25.850 төгрөгний, 15.800 төгрөгний худалдан авалт хийгдсэн гэх НӨАТ-ын буцаан олголтын 26 ширхэг баримтуудаар гарсан нийт 493.560 төгрөгний зардлууд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан эмчилгээтэй холбоотой гарсан шууд зардал биш харин хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглээний зүйлсийг хэн ямар зорилгоор авсан нь тодорхойгүй, мөн уг хүнсний бүтээгдэхүүнүүд болон ахуйн хэрэглээний зүйлс нь хүний ердийн хоол хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зүйлс байх тул эмчилгээ сувилгаатай холбогдох гарсан зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй.
Харин хохирогчийн мэс засал хийлгэсэн зардал болох хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан нүдний эмчилгээний ж хэрэгсэл 1.500.000 төгрөг, зүрхний эхо 50.000 төгрөг, нүүрний ясны хугарал засах мэс заслын төлбөр 482.850 төгрөг, толгойн комьютерт томографийн 36.000 төгрөг нийт 2,068,850 төгрөгийг, замын зардалд 331,800 төгрөгийн, эм тариа хэрэглэсний 113,350 төгрөгийн нийт 2,514,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.*******од олгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн эмчилгээндээ хэрэглэсэн эм тарианы зардал гэх нөат-ын буцаан олголтын баримтуудыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, уг зардлыг хохирогч Л.******* зарцуулсан эсэх нь эргэлзээтэй мөн түүний таксигаар үйлчлүүлсний зардалд 700,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар огт баримтгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.
Л.******* нь ХХК-ийн Уулын хэлтэст хүнд даацын машинч, жолоочоор ажилладаг бөгөөд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас үүссэн цалин хөлс 1,550,040 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байгаа боловч хэрэгт цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнээс өөр баримт хавсаргагдаагүй учир шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Л.******* нь цалин хөлс болон бусад эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн хохирогч Л.******* нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 2.995.460 төгрөгийн зардлыг авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “...гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад...” нөхөн гаргуулахаар заасан бөгөөд шүүгдэгч О.*******өөс 2.995.460 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй.
Шүүгдэгч О.******* нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах тухай хүсэлт гаргасан бөгөөд энэ хугацаанд хохирогч Л.*******од 2.550.000 төгрөгийг төлсөн нь түүний 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид энэ шүүх хуралдаанаар төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* иргэний нэхэмжлэгч байгууллагад 2.995.460 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Шүүгдэгч О.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч О.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.*******өд үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******өд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч О.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******өд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******өд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч О.*******өд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар хохирогч Л.*******ын Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 2.995.460 төгрөгийн зардлыг шүүгдэгч О.*******өөс гаргуулж, иргэний нэхэмжлэгчид байгууллагад олгож, нөат-ын буцаан олголтын баримтууд 493.560 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хэрэгсэхгүй болгож, хохирогч Л.******* цалин хөлс болон бусад эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан, гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч О.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8.Шүүгдэгч О.******* хохирогч Л.*******од энэ тогтоолоор гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.550.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэгчтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН. ДЭЛГЭРМАА