| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0045/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
2023 01 09 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр
Улсын яллагч В.Б Хохирогч Л.Б
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Цогнууд овогт Батцогтын Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2203 00637 0587 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав ээж 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 3-хороо, 9-45 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЦБ70071275 Ц овогт Б М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Б.М нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “ ...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Батхүлэг мэдүүлэхдээ: “Би 3 сар хэвтэрт байж байгаад босож ирсэн. Энэ хүнээс би 3 сар хэвтсэн ажлынхаа хөлсийг авах шаардлагатай байна. Өнөөдөр баримтаа авах гэсэн чинь манай хоёр захирал хөдөө явчихсан байсан. “...Нэг сар 600000 төгрөг гэхээр 3 сар 1800000 төгрөг болж байгаа. Эм тарианы зардалд төлсөн 552180 төгрөгийг авсан. Өөр зүйл байхгүй гэв. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны 10/05/2022/ 10:33:05 гэх хуудас, /хх-ийн 04/ 2022.10.05-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 05-10/ Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын зам тээврийн осол хэрэг хариуцсан тасгийн шинжээч цагдаагийн ахмадын Д.Золбаярын тэмдэглэл /хх-ийн 11/ хохирогч Л.Батхүлэгийн мэдүүлэг /хх-ийн 20/ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.01-ний өдрийн №14784 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-35/ Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын СХД техникийн хяналтын үзлэгийн төвөөс 2022.10.18№999535 дугаартай дүгнэлт /хх-38-42/ Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Б.Ариунболдын 2022.11.15-ны өдрийн 1296 дугаартай магадлагаа /хх-ийн 47/ /хх 4, 15-16 20, 24-25 28, 32-38 42, 55, 62, 64, 66, 73/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Л.Батхүлэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №14784 дугаартай шинжээчийн “Л.Батхүлэгийн биед зүүн шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал зүүн өвдөг, шилбэнд мэс заслын сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийг хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас хохирогч Л.Батхүлэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр ялаас чөлөөлөх саналыг гаргасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Шүүх шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн байдал, цаашид хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялыг 1 сарын хугацаагаар оногдуулаар шийдвэрлэв. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Л.Батхүлэг 552180 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1800000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч хохирогчийн эмчилгээ, эм тарианы зардалд 523000 төгрөгийг төлсөн, хохирогч эмчилгээ, эм тарианы зардал төлөгдсөн гэж үзнэ гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримт хангалтгүй байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. Харин гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батхүлэгт нийт 1326100 төгрөгийг Эрүүл мэндийн сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал гарч төр нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан байна. Иймд дээрх тусламж үйлчилгээ авсан зардал нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 1326100 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна. Хохирогч Л.Батхүлэг ажилгүй байсан хугацааны цалин 1800000 төгрөгтэй холбоотой баримтаа нөхөж бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ц овогт Б. М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 1 сарын хугацаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүнд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 1326100 төгрөгийг иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаартай дансанд шүүгдэгч Б.М төлөхийг үүрэг болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа нөхөж бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА