Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

хохирогч Б.Түмэнбаяр,

шүүгдэгч М.Сүрэнжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мөнхбаярын Сүрэнжавт холбогдох эрүүгийн 2307000000058 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймаг, Сайнцагаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Замчин 31-204 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   Боржигон овогт Мөнхбаярын Сүрэнжав /РД: ЗК02283134/.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Сүрэнжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мерри” рестораны гадна зогсоол дээр Б.Түмэнбаяртай “томрох гээд байна уу, яах гээд байгаа юм” гэсэн шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж,  улмаар түүний толгойн тус газарт цохиж зодон, биед нь хамар ясны хугарал, хамар духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Сүрэнжав нь шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

            Хохирогч Б.Түмэнбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоогоор гомдолтой байгаа. Хамраа тэгшлүүлсэн ч гэсэн яг сайн харахаар далий байгаа. Тэгшлүүлснээс хойш хэд хоногийн дараа хавдар нь буугаад харахад далий л байсан. Гэмтлийн эмч дээр тэгшлүүлсэн. Одоо ямар нэгэн өвдөлт байхгүй, хаяадаа хамар битүүрдэг. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч М.Сүрэнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),
  2. Гэрч Б.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),
  3. Гэрч А.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дахь тал),
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч М.Сүрэнжав, хохирогч Б.Түмэнбаяр нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч М.Сүрэнжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 23 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мерри” рестораны гадна зогсоол дээр Б.Түмэнбаяртай “томрох гээд байна уу, яах гээд байгаа юм” гэсэн шалтгаанаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж,  улмаар түүний толгойн тус газарт цохиж, биед нь хамар ясны хугарал, хамар духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

  • Хохирогч Б.Түмэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би найз Энхбилгүүнтэй уулзахаар Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мерри рестораны гадна зогсоол дээр өөрийн найзууд болох Гэрэлт-Од, Жавхлан нарын хамт өөрийн эзэмшлийн 38-92 УБӨ улсын дугаартай Тоёота приус загварын машинтайгаа очоод дотроо сууж байтал 20 цагийн орчим нэг залуу машин андуураад манай машинд орж ирээд суусан. Тэгээд машин андуурснаа мэдээд буух гэж байгаад манай найз Жавхлантай хамт Багануурын цэргийн ангид алба хааж байсан гээд таниад тэр 2 хоорондоо юм ярьж байгаад, тэр залуу намайг жолоочийн сандал дээр сууж байхад араас “юу байна хоёр дүү” гээд миний толгой руу зөөлөн цохиод намайг өдөөд байсан. Тэгэхээр нь би “зүгээр байгаач ээ” гээд хэлтэл “яагаад томроод байгаа юм” гээд надруу уурлаад миний үснээс зулгаасан. Тэр үед Жавхлан болиулаад тэр залууг машинаас буулгатал тэр залуу намайг зодох гэж дайраад, Жавхлан болиулах гээд байж байтал Жавхлангаас мултраад машины хаалгыг онгойлгоод миний нүүр, уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь миний уруулаас цус гарч эхэлсэн. Тэгээд би уруул сэтэрчихлээ гэж хэлээд дөхөөд очтол надруу дайраад намайг үснээс зулгааж тонгойлгож байгаад миний нүүрлүү доороос өлгөөд цохиод байсан, дараа нь миний нүүрлүү хэдэн удаа өшиглөөд байж байтал тэр залуугийн найзууд нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 05 дахь тал),

 

  • Гэрч Б.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд бид нэг нэгнийгээ таниад Сүрэнжав машин дотор орж ирж суугаад урд талын суудал дээр сууж байсан Түмэнбаярыг хойноос нь дагзадсан чинь Түмэнбаяр уурлаад “чи болиоч” гэхэд Сүрэнжав надруу “танай найзууд чинь надруу томрох гээд байна уу, яах гээд байгаа юм” гээд Түмэнбаярын хойноос үсдээд татсан. Ингээд машин дотор бид хэд хоорондоо муудалцсан, тухайн үед Сүрэнжав машинаас түрүүлж буугаад Түмэнбаярын сууж байсан талын хаалгыг татаж онгойлгоод түүнийг машинаас нь буулгаад зууралдаад эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас нь буугаад тэр хоёрыг хооронд нь зодолдуулахгүй гээд Сүрэнжавыг хойноос нь бариад авч түүнтэй зууралдаад байж байтал Сүрэнжавын найзууд нь бололтой Тоёота приус 30 загварын машин ирж зогсоод дотроос нь хэдэн залуучууд буугаад ирэхээр нь би тэд нарт та нар найзыгаа аваач ээ гэж хэлээд Сүрэнжаваас салчихсан байхад Сүрэнжав надаас салангуутаа Түмэнбаяр луу очоод түүнийг доош нь дарж байгаад нүүрлүү нь 2 удаа өшиглөөд буцаад найзуудынхаа машинд суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

 

  • Гэрч А.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 20 цагийн үед манай найз Түмэнбаяр, Жавхлан бид гурав Налайх дүүргийн 2 дугаар хороо, Мерри зочид буудлын урд Түмэнбаярын цагаан өнгөтэй Тоёота приус 30 маркийн машин дотор нь хоорондоо юм ярилцаад сууцгаасан байсан юм. Тэгсэн 22 цагийн үед манай машины хаалгыг нэг танихгүй залуу татаж онгойлгосноо “машин андуурчихлаа” гэж хэлээд буцаж явах гэж байснаа машин дотор сууж байсан Жавхланг харчхаад цэргийн алба хамт хаасан он жав байна гэж таниад манай машинд суучихсан юм. Тэгээд тэр залуу Жавхлантай юм ярьж сууж байснаа тэр танихгүй залуу машины урд талд сууж байсан Түмэнбаяр бид хоёрын шилэн хүзүүнээс бариад “дүү нар юу байна, юу хийж байна” гээд агсраад байгаа ч юм шиг атаман зан гаргаад байгаа юм шиг авирлаад эхэлсэн. Тэгэхэд нь Түмэнбаяр уурлаад “одоо болиоч зүгээр байгаач” гэж хэлсэн чинь тэр Сүрэнжав гэх Жавхлангийн он жав нь машинаас буугаад Түмэнбаяр талын хаалгыг татаж онгойлгоод түүнийг машинаас нь буулгаад Түмэнбаяртай зууралдаад авсан. Тэр үед Жавхлан машинаас буугаад тэр хоёрын дундуур орж Сүрэнжавыг Түмэнбаяраас холдуулаад бариад байж байтал Сүрэнжав, Жавхлангаас мултраад шууд Түмэнбаярлуу очсоноо түүний толгойг доош нь дарж байгаад нүүрлүү нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08 дах тал),

 

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаар “Баярхүүгийн Түмэнбаярын биед хамар ясны хугарал, хамар духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар ясны хугарал гэмтэл нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Хамар, духанд учирсан зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Шүүгдэгч М.Сүрэнжав нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч М.Сүрэнжавын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.Түмэнбаярын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч М.Сүрэнжавын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч М.Сүрэнжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “томрох гээд байна уу, яах гээд байгаа юм” гэсэн шалтгаанаар тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Түмэнбаярын биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Сүрэнжавыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Түмэнбаярын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь бензиний зардал 80.000 төгрөг, шинжилгээ дүрс оношилгоо хийлгэх 140.000 төгрөг, эм тариа 33.300 төгрөг, хамрын хугарал цөмрөлт засах 100.000 төгрөг, шинжээчийн дүгнэлт 8.000 төгрөг, яаралтай хугарал, цөмрөлт тэгшлэх 80.000 төгрөг буюу эмчилгээний зардалд 441.300 төгрөг, ажилгүй байсан хугацааны 10 хоногийн цалин 800.000 төгрөг, нийт 1.241.300 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

            Шүүх хохирогчийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 441.300 төгрөгийн баримтуудыг судлан үзээд шинжилгээ хийлгэсэн, эм тариа авсан зэрэг 281.300 төгрөгийг /140.000+3.300+8.000+30.000+100.000/ шүүгдэгч М.Сүрэнжаваас гаргуулж, хохирогч Б.Түмэнбаярт олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

            Харин хохирогч Б.Түмэнбаярын нэхэмжлэлээс бензиний зардал 80.000  төгрөг, яаралтай хугарал, цөмрөлт тэгшлэх 80.000 төгрөг буюу нийт 160.000 төгрөгийн холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр, мөн түүний 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны өдрийг дуусталх 10 хоногийн цалин болох 800.000 төгрөгийг “Төрийн хар тулга” ХХК-ийн өдрийн 80.000 төгрөгөөр ажиллагдаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг үндэслэн шүүх тооцож гаргах боломжгүй гэж үзэж, эмчилгээний зардал 160.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.

 

Шүүгдэгч М.Сүрэнжав нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч М.Сүрэнжавт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж хүний биед халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй/, хувийн байдал  /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Сүрэнжав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Мөнхбаярын Сүрэнжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүрэнжавыг 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сүрэнжавт оногдуулсан 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Сүрэнжав нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Сүрэнжаваас 281.300 (хоёр зуун наян нэгэн мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Түмэнбаярт олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Түмэнбаяр нь бензиний зардал 80.000 (наян мянга) төгрөг, яаралтай хамрын хугарал, цөмрөл тэгшлэх 80.000 (наян мянга) төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 800.000 (найман зуун мянга) төгрөг зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Сүрэнжавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг

дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ