| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0770/З |
| Дугаар | 221/МА2025/0127 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0127
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Н.М
Нэхэмжлэгч: Н.Б
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1060 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Г, Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0770/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б нь Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1060 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 48 дугаар зүйлийн 48.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч цагдаагийн дэд хурандаа Н.Бийн хувьд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргаар ажилладаг.
Ажлын чиг үүрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхойлогдсон байдаг. Анхан шатны шүүх Н.Бт Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан сахилгын арга хэмжээ авсан нь буруу буюу энэ нь ёс зүйн сахилгад хамаарах асуудал биш гэж дүгнэсэн. Ёс зүй, сахилга гэдэг нь тусдаа асуудлууд юм. Жишээлбэл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ гэдэг нь төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг хэлнэ гэж тодорхойлсон.
3.1. Ёс зүйг тусад нь ийнхүү тодорхойлсон. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дугаартай тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд цагдаагийн алба хаагчийн сахилга гэдэг нь Монгол улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журам, цагдаагийн алба хаагчийн тангаргаар хүлээсэн үүргийг чанд биелүүлэх ойлголтыг хэлнэ гэж заасан. Тогтолцооны хувьд авч үзвэл, Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ гэж заасан.
Цагдаагийн алба хаагч хуулиар харьяалуулсан гэмт хэргийг мөрдөн шалгах нь тухайн процессын хуулиар зохицуулагдана. Процессын тухай хууль зөрчсөн тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулиар арга хэмжээ тооцох ёстой. Төрийн албаны тухай хуульд энэ хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг салбар хуулиар зохицуулна гэж тодорхой заасан. Тиймээс мөрдөн байцаах нэгжийн даргын гаргасан зөрчил нь Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээ тооцогдох тул үндэслэлтэй.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны зөрчлийг сахилгын зөрчилд тооцож, эрүүгийн хэрэг мөрдөх процесс ажиллагааг зохицуулаагүй Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлээр сахилгын шийтгэл ноогдуулсан нь хууль зүйн хувьд буруу гэж дүгнэсэн. Сахилга, ёс зүй гэдэг бол тусдаа асуудал юм.
3.2. Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн албан хаагч учраас Цагдаагийн албаны тухай хуулиар арга хэмжээ авах ёстой. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д албан тушаалын тодорхойлолтын аль хэсгийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь тодорхойгүй гэж тусгагдсан. Мөрдөн байцаах нэгжийн дарга нь харьяалах гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл буюу эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах ёстой гэж хууль болон албан тушаалтны тодорхойлолтод зааж өгсөн.
2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн илтгэх хуудсанд Н.Б нь хэргийн газарт ажилласан, цагдаагийн ахмад н.Сд 32 заалт бүхий зааварчилга бичиж, биелэлт үр дүн тооцон ажилласан, мөн мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс зааварчилгаа бичиж ирүүлснийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах чиглэлээр ажилласан гэж тус тус илтгэх хуудсанд дурдсан байдаг. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч Н.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан болон хуулиар хүлээсэн чиг үүргээ мэдэж байсан гэх хангалттай үндэслэлтэй юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2 дахь заалтад хаяглагдсан этгээдэд захиргааны актын үндэслэл тодорхой, ойлгомжтой байгаа, эсхүл бодит нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бол гэж заасан. Үүнээс үзэхэд, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актын үндэслэл тодорхой ойлгомжтой байгаа эсхүл бодит нөхцөл, хууль зүйн үндэслэлийг өмнө нь мэдэж байсан бөгөөд захиргааны актын шаардлагад хамаарахгүй гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6.3.1.6 дахь заалт, 24.4 дүгээр зүйлийн 24.4.6 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 24.4.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх асуудал нь эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны процессын зөрчилд хамаарах бөгөөд албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээ авах, хэрэгжүүлэх талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүх тухайн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгох, улмаар мөрдөгчийн буруутай шийдвэрээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн тохиолдолд ноцтой үр дагавар үүснэ.
3.3. Тиймээс ёс зүйн сахилгын зөрчил биш гэж дүгнэсэн нь буруу юм. Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны хуульд зааснаар Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэх, сахин биелүүлэх үүргийг хүлээж байгаа. Нэхэмжлэгч Н.Б нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн үйлдэл нь албаны шалгалт болон хэргийн материалд авагдсан баримтаар хангалттай нотлогдсоор байтал шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/27 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Н.Бийг албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргийг хангалтгүй биелүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, 24.4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т зааснаар түүний албан тушаалын сарын үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Н.Б нь тус хэргийн газрын үзлэгт Мөрдөн байцаах тасгийн даргын хувьд оролцож, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилласан. Тухайн үед амь хохирогчийн хэн болохыг тогтоох зорилгоор түүний бичиг баримтад үзлэг хийж, уг бичиг баримтуудыг дуудлага өгсөн Д.Д болон амь хохирогчийн найз Ч Ю С-г-д хүлээлгэн өгсөн хураан авах шаардлагагүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй, цаашлаад мөрдөгч хууль зөрчөөгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрмийг огт зөрчөөгүй” гэж маргажээ.
2.2. Хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ “... цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэнээс “БНСУ-ын иргэн өчигдөр гэртээ ороод одоо болтол гараагүй, хаалгаа нээхгүй байна” гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагчид очиход гадаадын иргэн шатнаас боомилсон байдалтай нас барсан байсан. Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллах үед Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан. Үзлэгээр амь хохирогчид өөр гар утас байсан болох нь тогтоогдсон боловч тэнд ажиллаж байсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас гар утас алга болсон. Мөн гадаад паспорт, жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны төлөөлөгчид биш хөндлөнгийн этгээдэд хүлээлгэж өгсөн нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэж тайлбарласан байна.
2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрэм зөрчсөн болохыг тогтоогоогүй, ёс зүй, сахилгын зөрчилд энэ сахилгын шийтгэлийг ногдуулаагүй харин албаны шалгалтаар тогтоогдсон гэх эрүүгийн хэрэг мөрдөн ажиллагааны процессын зөрчилд холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан байх тул шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны зөрчлийг сахилгын зөрчилд тооцсон нь буруу” гэж дүгнэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
3. Шүүх нэхэмжлэгч Н.Бийн дээрх үйлдэл нь холбогдох хууль, журмыг зөрчсөн эсэх, энэ нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэх, маргаан бүхий шийтгэл ногдуулсан захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх ёстой.
3.1. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр иргэнээс “БНСУ-ын иргэн өчигдөр гэртээ ороод одоо болтол гараагүй, хаалгаа нээхгүй байна” гэсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагчид очиход гадаадын иргэн шатнаас боомилсон байдалтай нас барсан байсан. Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллах үед Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Б мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан байх бөгөөд өмгөөлөгч Ч.Х Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж БНСУ-ын иргэн Л Ж М нас барсан хэрэг бүртгэлтийн хэргийг шалгах явцад Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хууль зөрчсөн гэх гомдлыг гаргаснаар Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулсан байна.
3.2. “Албаны шалгалтын материал” болон Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №1/182 дугаартай албаны шалгалтын дүнгээс үзвэл нэхэмжлэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах, оролцогчдод хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйгээс хэргийн газрын үзлэгийн үед амь хохирогчийг хэн болохыг тогтоох зорилгоор шалгасан бичиг баримтуудыг амь хохирогчтой хамт ажилладаг, анх дуудлага өгсөн Д.Д, найз гэх БНСУ-ын иргэн Ч Ю С-г нарт хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон гэж үзэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.2-т заасны дагуу үндсэн цалинг 2 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах санал гаргаснаар маргаан бүхий тушаал гарсан байна.
3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлд “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын эрх хэмжээ”-г зохицуулсан бөгөөд 6.3 дугаар зүйлийн 1.1-д “мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах замаар гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоох талаар шуурхай зохицуулалт хийх;”, 1.6-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах”, мөн хуулийн 24.4 дүгээр зүйлийн 6-д “Баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол хууль ёсны эзэмшигчид эхийг нь буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсарган тэмдэглэлд тусгана”, 7-д “Хураан авсан эд мөрийн баримтын жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна”, 8-д “Эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаанд энэ хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж тус тус хуульчилсан байна.
3.4. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны А/194 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг ... ёсчлон биелүүлж”, мөн даргын 2023 оны А/401 дүгээр тушаалаар баталсан Албан тушаалын тодорхойлолтод “Тасаг, хэсгийн даргын албан тушаалын зорилго нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг удирдан зохион байгуулах, ажлын хэсэг, удирдах, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, нотлох ажиллагааг удирдан зохион байгуулалтаар болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллага, алба хаагч, бусад ажиллагсдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, харьяалах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангах” гэж заасан.
3.5. Нэхэмжлэгч Н.Б нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гарах, хэргийн оролцогчид хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
4. Цагдаагийн албаны тухай хуулийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, 81 дүгээр зүйлийн 81.1-т “Цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа цагдаагийн төв байгууллагаас тогтоосон олон нийттэй харилцах, хууль хэрэгжүүлэхэд баримтлах ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллана”, 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д төрийн албан хаагчийн нийтлэг үүргүүдийг тодорхойлж түүн дотроо хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэхээр зааж, хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.
4.1. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хэдий ч нэхэмжлэгч Н.Б нь төрийн тусгай албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, цагдаагийн албан хаагчийн хувьд Цагдаагийн албаны тухай хууль болон холбогдох дүрэм, журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.
4.2. Гэтэл анхан шатны шүүх “... цагдаагийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх зөрчилд тухайн байгууллагын албан хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн зөрчил л хамаарна ... өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг мөрдөх ажиллагааны зөрчлийг сахилгын зөрчилд тооцож, сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу” гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
4.3. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нөгөө талаас хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх талаар нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүх тухайн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгох, улмаар мөрдөгчийн буруутай шийдвэрээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн тохиолдолд ноцтой эрх зүйн үр дагавар үүснэ. Нөгөө талаас сахилгын зөрчлийг Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмын хэрэгжилт, цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагаа, хүний эрхийг хангах гэж тодорхойлсон тул шүүхээс ёс зүй, сахилгын зөрчил биш гэж дүгнэх нь буруу” гэсэн тайлбар үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/1060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 81 дүгээр зүйлийн 81.4, 81.4.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Бөөс Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ