Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0739

 

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0739

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Э*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,******* шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 дугаар актыг хүчингүй болгуулах. 2011-2012 онд татварын улсын байцаагч нь томилолтгүйгээр шалгалт хийсэн. 2011-2012 оны хооронд шалгах томилолтоороо 2013 оны санхүүгийн тайлан баримтыг үзэж 2013 оны томилолт байхгүй байхад манай байгууллага дээр 1.800.000.000 төгрөгийн актыг тавьсан. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно, 30.1.1-д татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх, 30.1.9-т татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах, татвар ногдуулах буюу хяналт шалгалт хийх зэрэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гарсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөгдөх, холбогдох хариуцлагыг зохицуулахад оршино гэж заажээ. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж тус тус заажээ. Уг хуулийн дагуу манай компани бүх зүйлээ зохих дүрэм, журмын дагуу тайлагнасан байсан. Үүн дээр акт тавьсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Захиргааны хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18-д Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно. гэж тус тус заасны дагуу хугацааг нь тоолж үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна. Дээрх гурван үндэслэлийн дагуу улсын байцаагчийн актыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хоёр. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1.300.000.000 сая төгрөгтэй холбоотой 250011097 дугаар татварын актыг Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болгосон. Энэ актад 250040 дүгээр дүгнэлтэд 2011, 2012 оныг шалгаж акт гаргасан акт нь 250011097 юм. Энэ актыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болгосон. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн акт дээр энэ дүгнэлтийн дагуу дахин акт тавьсан байгаа. Хүчингүй болсон актыг дахин тавьсан байгаа нь акт давхардсан гэж ойлгож болно. 2011 оноос 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх актыг хүчингүй болгосон байхад дахин давхар акт тавьсан. Хүчингүй болсон акт нь 12 дугаар сарын 28-ны өдөр тавьсан акт юм гэв.

Гурав.нэхэмжлэгчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагч 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн актыг гаргахдаа нийт 3.379.690.630 төгрөгийн нөхөн татварын ногдуулсан. Уг шалгалтын удирдамжийг харахад 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу 2011, 2012 оныг бүтэн шалгаж ийм байдлаар нөхөн татвар ногдуулсан байна. Манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэнчлэн уг татварын шалгалтын актаар 2013 оны татварт нөхөн татварын ногдуулсан байгаа. 2013 оны зөрчил нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу татварын улсын байцаагчийн хориглох үйл ажиллагаанд хамаарах татварын хяналт шалгалтын удирдамжгүйгээр хяналт шалгалтыг явуулсан гэх хориглосон үйл ажиллагааг хийсэн байна. Энэхүү нөхөн татварын 1.800.000.000 төгрөгт холбогдох хэсгийн хувьд хууль зөрчиж явуулсан шалгалт байна. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хуучин Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд татварын нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн актаар 2011 оны зөрчилд төлбөр ногдуулсан байна. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаа нь таван жилээс давсан байна.

Нэмэгдсэн өртгийн алба татварын хэрэгжилт, падаантай холбоотой татвар ногдох орлогоо бууруулсан гэх зөрчлийг тодорхойлж нэхэмжлэгчид зөрчил ногдуулсан. 2011 оны зөрчилд төлбөр ногдуулсан байна. 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны зөрчлүүд нь юу байсныг татварын улсын байцаагч ялгаж, тодорхойлоогүй. 2011 он бүхэлдээ Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан таван жилийн хөөн хэлэлцэх хугацаанаас хэтэрсэн байна. Татварын байцаагч татварын актыг гаргахдаа ямар байдлаар хууль зөрчсөн, ямар хууль зүйн үндэслэлээр нөхөн татварын ногдуулснаа актадаа дурдах ёстой атал татварын улсын байцаагчийн актад татварын төлөгчийн үүрэгтэй холбоотой асуудал Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.12-т заасныг удирдлага болгож, алданги ногдуулахтай холбоотой асуудлаар 74.1-т заасныг тус тус баримталсан байдаг.

Нөхөн татварын ногдуулахтай холбоотой ямар хуулийг татварын улсын байцаагч хэрэглэсэн бэ? Үндсэн хуулийн дагуу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим байдаг. Бидний үзэж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд захиргааны байгууллагын үйл ажиллагаа болон эрх бүхий этгээдүүдийн үйл ажиллагааг хуульд үндэслэх гэж тодорхойлсон байдаг. Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим нь захиргааны байгууллага нь зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн зарчим хэрэгждэг. Татварын улсын байцаагч ямар хуулийг үндэслэж манай компани 3,300,000.000 төгрөгийн үүрэг хүлээлгэсэн бэ гэдэг нь тодорхойгүй. Хариуцагч томилолтгүйгээр хяналт шалгалт явуулсан талаар татварын маргаан таслах зөвлөл дээр яригдсан байдаг. Татварын маргаан таслах зөвлөлийн гишүүдийн зүгээс хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэж дээд шатны байгууллага албан тушаалтан доод шатны байгууллагын шийдвэрийг зөвтгөх боломжтой юм. Энэ нь зайлшгүй асуудал. Захиргааны ерөнхий хууль заасан захиргаан байгууллага албан тушаалтан гэх ангилалд Татварын маргаан таслах зөвлөл хамаарахгүй. Татварын маргаан таслах зөвлөлөөс захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлдэггүй, эндээс гарж байгаа шийдвэрийг захиргааны байгууллага хэрэгжүүлдэггүй. Дээд шатны байгууллага гэдэг ойлголтод Нийслэлийн татварын газар, Татварын ерөнхий газар гэх түвшинд ойлгоно. Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь дээд шатны байгууллага биш. Энэ нь татвар төлөгчийн гомдлоор татварын байцаагчийн актыг үндэслэлтэй эсэх талаар хянаж, татвар төлөгчийн эрхийг зөрчсөн байвал актыг хүчингүй болгох, дахин шалгалтад буцаах шийдвэр гаргадаг. Татварын маргаан таслах зөвлөл нь өөрсдийгөө дээд шатны байгууллага гэж үзсэн нь буруу байна. Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх татварын улсын байцаагчийн актад ийм байдлаар зөвтгөж байна гэх тайлбар хийж, татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн байдаг. Бидний ярьж байгаа биш хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа зүйл юм гэв.

Дөрөв. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд мэдүүлэхдээ: ******* нь 2013 онд 25/5731 дугаартай томилолтоор 250040 дугаар дүгнэлт гарсан. 2014 онд 3414040098 дугаартай дүгнэлтээр 46001103 гэсэн дүгнэлт гарсан. Уг хоёр дүгнэлт үйлдэгдэж цагдаагийн байгууллагаас шалгагдаад Баянгол дүүргийн цагдаагаас 267 дугаар хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарсан. Уг тогтоолыг үндэслэж өнөөдрийн бидний маргаж байгаа татварын улсын байцаагчийн акт гарсан. Уг актыг хамрах хүрээ, хугацааны хувьд. Нэхэмжлэгч нь тухайн онуудад зөрчил үйлдсэн болох нь, татвараа бууруулсан гэдэг нь тогтоогдсон. Өмнөх дүгнэлтүүдээр тогтоогдсон учир татварын улсын байцаагчаас өмнөх дүгнэлтийн хүрээнд шалгаж захиргааны акт олгосон. Хий бичилттэй падаанаар худалдан авалтын татвараа бууруулсан гэдэг нь тогтоогдож, нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 2011-2012 оны томилолттой байгаа. Гэхдээ оны ялгаа гарсан нь хэрэгсэхгүй тогтоолоор ирсэн онуудыг хамарсан зөрчил нь өмнө нь тогтоогдсон зөрчил учир татварын улсын байцаагч үүн дээр акт тавьсан байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд маргаан бүхий актаар тогтоогдсон зөрчлүүд хамаарахгүй. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг дагаж гарсан журам байдаг. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-д нуун дарагдуулах гэдгийг юу гэж ойлгохыг тодорхой заасан байдаг. Нуун дарагдуулах гэдгийг өмнө нь албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх гэжээ. Эдийн Засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд гарахаас өмнө татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн зөрчлийг тогтоосон учир нуун дарагдуулсан гэдэгт хамаарахгүй учир Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамаарахгүй юм гэв.

Тав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд гаргаасан хариу тайлбар болон хуралдаанд мэдүүлэхдээ: Хөөн хэлэлцэх хугацааны тухайд. Татвар, торгууль, алданги нөхөн ногдуулах нь нарийвчилсан хуулийн дагуу зохицуулагддаг. Татварын ерөнхий хуулийн 2008 оны 3 дугаар зүйлийн 3.2-т Дор дурдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна, 7 дугаар зүйлийн 7.1-д Татварыг татварын төрөлд ангилах ба тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна., 11 дүгээр зүйлийн 11.3.2-т тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс; гэж заасны дагуу жилийн эцсийг тайлангийн хөөн хэлэлцэх хугацааны эцэс гэж ойлгож хөөн хэлэлцэх хугацааг тооцно. Актын үргэлжлэл хэсэгт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аль заалтыг ямар үндэслэлээр зөрчсөн талаар тодорхой гаргаж өгсөн байгаа. Сүүлд хэлсэн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн татварын шинэчлэл бүхий актыг хүчингүй болгосон. УГ актыг хүчингүй болгосон үндэслэл нь 2011, 2012 оныг хамрах хугацааны дүгнэлт шалгагдсан. Нэхэмжлэгч талын борлуулагч талууд нь маш их хэмжээний хий бичилттэй падаан зарж борлуулсан. Энэ хий бичилттэй падааныг дахин зарж борлуулж байна гэсэн мэдээлэл ирж, уг хий бичилттэй падааны тухайн онууд дээр дахин падаан гарж ирсэн учир Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын даргын албан бичгийн дагуу энэ акт үйлдэгдсэн. Ахин хяналт шалгалтын акт үйлдсэний дараа маргаан таслах зөвлөлд хандахад, маргаан таслах зөвлөл хүчингүй болгосон. Маргаан таслах зөвлөлөөс дээр дурдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нуун дарагдуулсан гэдэгт хамаарч байгаа учир хүчингүй болгосон байдаг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарахаас өмнө зөрчигдсөн учир тэрийг нуун дарагдуулсан гэж үзэхгүй. Харин сүүлийн 2016, 2017, 2019 онуудын акт нь албан бичгээр хяналт шалгалт хийсэн учир нуун дарагдуулсан гэдэгт хамаарч байна гэж үзэж Маргаан талсах зөвлөлөөс хүчингүй болгосон байгаа. 2013 оны 250040 дугаартай дүгнэлтийн хий бичилттэй падаанууд болон сүүлд хүчингүй болсон дүгнэлтийн хий бичилттэй падаанууд нь өөр өөр байгаа. Тухайн борлуулагч компаниуд маш их хэмжээний хий бичилттэй падаан авч зарсантай холбоотойгоор ийм үйлдлүүд давтагдсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актын илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актыг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

Шүүх хуульд заасан журмаар хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, болон нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэлээ.

1. 2011-2012 онд 14,912,054,000.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулсан зөрчилд 1,491,205,400.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан тухайд:

*******-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөрх хүртэлх нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч шалгалт хийж, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 250040 тоот дүгнэлт, 2014 оны 10 дугаар сарын 20-ны 360001103 тоот дүгнэлтийг бичиж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Дээрх дүгнэлтүүдийн дагуу Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 267 дугаар тогтоолоо эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Прокурорын 2016 оны 267 дугаартай тогтоолын 48 дугаартай хэсэгт ...2013 оны татварын улсын байцаагчийн 250040 тоот дүгнэлтээр 2011-2012 онд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хий бичилт хийлгэж, 1,491,205.4 мянган төгрөгийн хохирол учруулж албан татвар төлөхөөс зайлсхийсэн, 2014 оны улсын байцаагчийн 360001103 дугаартай дүгнэлтээр 1,888,396.2 мянган төгрөгийн албан татвар төлөхөөс зайлхийсэн. Бүгд 3,379,601.6 мянган төгрөгийн хохирол учруулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад...Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнаж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул... гээд 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв гэжээ.

Үүний дараа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Э*******,******* нар *******-ийн 2011.01.01-2012.12.31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, удирдамжийн дагуу 2016 оны 04 дүгээр 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн байна.

Тус шалгалтаар 2011-2012 онд 14,912,054,000.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулсан, 2012-2013 онд 18,883,962,300.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулж нийт 33,796,016,300.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөхөөс зайлсхийсэн нийт 33,796,016,300.0 төгрөгийн зөрчилд 3,379,601,630.0 төгрөгийн нөхөн татвар ногдуулж, татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 250022968 дугаар актыг үйлдсэн байна.

Ингээд дахин Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нар *******-ийн 2011.01.01-2012.12.31-ний дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 13,811,630,420.0 төгрөгийн зөрчилд 1,381,163,042.0 төгрөгийн нөхөн татвар, 414,348,912.6 төгрөгийн торгууль, 690,581,521.2 төгрөгийн алданги нийт 2,486,093,475.8 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

Үүнийг нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 059 дугаар тогтоолоор ...татварын улсын байцаагчийн 250011097 тоот актаар төлбөр ногдуулсан нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг зөрчсөн гэж үзэж, татварын улсын байцаагчийн 250011097 тоот актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус компанид 2013-2016 оны хооронд нийт 4 удаагийн татварын улсын байцаагчийн акт тавигдсан байх бөгөөд улсын байцаагчийн актууд бүгд адил 2011-2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хийгдсэн байх тул хариуцагч талаас ...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011097 дугаартай актаар тавигдсан зөрчил бусад улсын байцаагчийн акт, дүгнэллээр тогтоогдсон зөрчилтэй давхцаагүй, давхардуулан төлбөр тогтоогоогүй... гэж тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хамгийн сүүлийн буюу 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 250011097 дугаартай актаар тавигдсан зөрчлүүдтэй улсын байцаагчийн өмнөх актууд утга агуулгын хувьд адил бөгөөд, уг актыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж хүчингүй болгосон прокурорын тогтоол, нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 059 дугаартай тогтоол өнөөдрийг хүртэл хүчинтөгөлдөр байна.

Уг нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн тогтоолд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харъяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4 .1-д заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө, 5.2-д энэ хуулийн 4.1-т заасны дагуу харъяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус бөгөөд эдгээр тайлан мэдүүлэгт сайн дурын үндсэн дээр мэдүүлж шинээр тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж, Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.1.1-т нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-т засны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөлгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг, мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, эсхүл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харъяалах татварын албанд мэдүүлэх гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг буруу гаргасан байна гэжээ.

Иймд Маргаан таслах зөвлөл улсын байцаагчийн 25001197 тоот актыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн атлаа түүний өмнөх 250022968 тоот акт дээрх өөр дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

2. 2012-2013 онд 18,883,962,300.0 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан худалдан авч татвар ногдох орлогоо бууруулсан нийт 33,796,016,300.0 төгрөгийн зөрчлийн тухайд:

Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 30 дугаар зүйлийн 30.1.1-т татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх, 30.1.9-д татварын улсын байцаагчийн эрх олгогдоогүй, эсхүл уг эрх зохих журмын дагуу сунгагдаагүй байхад татварын тайлан хүлээн авах,татвар ногдуулах болон буюу хяналт шалгалт хийхийг татварын улсын байцаагчид хориглосон байна.

Дээрх хуулийн заалтаас үзвэл татварын улсын байцаагч нь эрх бүхий байгууллагаас журамд заасны дагуу дагуу олгогдсон томилолт, удирдамжийн хүрээнд хамааралтай зөрчил шалгаж, төлбөр ногдуулах эрхтэй, бөгөөд татварын улсын байцаагчид шалгалт хийх онд хамааралтай зөрчилд төлбөр ногдуулах, эсхүл шалгалтанд хамрагдах хугацааг томилолтоор сунгуулах үүрэгтэй байжээ.

Шалгалтанд хамрагдах хугацаанд хамаарахгүй зөрчилд төлбөр ногдуулсаныг Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй, 45.2-д эрх, хууль ёсны ашиг сонтрхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засахыг шаардах эрхтэй гэж заасныг тухайн нөхцөлтэй холбогдуулан тайлбарлаж, маргаан бүхий захиргааы актыг зөвтгөсөн нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай тогтоолыг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан илэрхий алдаа гэдэгт татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийж, төлбөр ногдуулсан улсын байцаагчийн үйлдэлийг адилтгах боломжгүй бөгөөд зөвхөн захиргааны актын бичилт болон тооцооны алдааг засах боломжийг олгосон хуулийн заалт юм.

Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актаас үзвэл Экоконстракшн ХХК-ийн 2011.01.01-2012.12.31 дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыхийх томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэв гэсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 25160400290 дугаартай татварын хяналт шалгалт хийх томилолтоос үзвэл татварын хяналт шалгалтад хамрагдах хугацааг 2011.01.01-2012.012.31-ийг дуустал, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 хоногт шалгалт эхлэх, зарцуулах хугацааг тогтоож, шалгалтын хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 104 хоног болгон сунгаснаас үзвэл улсын байцаагчид Экоконстракшн ХХК-ийн 2011-2012 оны санхүүгийн татвар ногдуулалт, төлөлтөд шалгалт хийх томилолттой атлаа шалгалтаар 2013 оны зөрчилд татвар ногдуулж дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актыг хууль бус болохыг тогоож, хүчингүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн /2008 он/ баримтлан Эко канстракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч Ж.Э*******,******* нарт холбогдуулан гаргаснаар Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 250022968 тоот актыг хууль хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ