Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/44

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Б.Хүрэлбаатар нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 2315000000003 дугаартай, 163/2023/0046/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хөх овогт Батсүхийн Хүрэлбаатар, 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат 1 дүгээр баг, “Гурван толгойн өвөр” гэх газар оршин суух бүртгэлтэй, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгэлгүй, /РД:ГД86071370/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Хүрэлбаатар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг Хүрэмт гэх газраас иргэн Ц.Мөнгөншагайгийн 4 тооны адуу буюу олон тооны малыг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2315000000003 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэмт” гэх газраас иргэн Ц.Мөнгөншагайгийн 4 тооны адуу буюу олон тооны малыг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хулгайлж 9.500.000 төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, машин механизм ашиглаж үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

  1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хүрэлбаатарын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000000302 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

2.Хохирогч Ц.Мөнгөншагайгийн өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 11 цагийн орчим манай адууг хардаг манай адуучин залуу болох манай аавын дүүгийн хүү Санжадмолом над руу гар утсаар холбогдоод цавьдар азаргатай адуу ойр харагдахгүй байна та GРS-ээрээ хараад өгөөч гэсэн юм. Манай адуунууд хүзүүндээ GРS-тэй юм тэгээд би GРS-р нь харахад манай адуу байсан газраас зүүн урагшаа 38.5 километр явсан байсан. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны 06 цаг 36 секунтэд GРS нь мэдээгээ дамжуулаад тэрнээс хойш ажиллагаагүй болсон байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн орчим манай царьдар азаргатай адуу худаг дээр ирчихлээ гээд манай адуучин залуу Санжадмолом гар утсаар залгаад 4 тооны адуу дутуу байна гэсэн юм. Тэгэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил төрлөө адуу мал дээрээ ирэхэд манай соёолон хээр байдас, 2 хүрэн зээрд байдас, хул хязаалан үрээ нар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

3. Гэрч С.Энхцэцэгийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сумын иргэн Хүрэлбаатар гэх хүнээс очиж идэшний адуу авахаар өөрийн нөхөр болох Өлзийбаатар, төрсөн дүү С.Отгонбор, бэр Уранчимэг болон таньдаг машинтай 2 залууг гуйгаад бид 6 очиж Хүрэлбаатарынхаас 2 тооны адуу авсан юм. Өмнө нь буюу 2022 оны 10 дугаар сард бэр Уранчимэг бид 2 Хүрэлбаатарт 2.000.000 төгрөг идэшний адуу авна гээд өгчихсөн байсан юм. Тэгээд л тэр адуугаа очиж авсан юм. Би өөрийнхөө Хаан банкны 5064090799 дугаартай данснаас Хүрэлбаатарын эхнэр Мажигийн данс руу 1.000.000 төгрөг хийж байсан... Хүрэлбаатар өөрөө арьс ширийг нь үхрийн зэл хийнэ гээд аваад үлдсэн. Толгойг нь хатахаас нь өмнө гээд авч ирээд бууз хийгээд идчихсэн...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 39-41 дэх тал/,

4. Гэрч У.Уранчимэгийн өгсөн: “… Би 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хадам эгч Энхцэцэг, Энхцэцэг эгчийн нөхөр Тогтох ах болон нөхөр Отгонбор, Жамцаа гэх жолооч залуутай тэгээд дахиад нэг нэрийг нь мэдэхгүй жолооч залуутай 6-уулаа Булган аймгийн Дашинчилэн сумын төвийн урд байрлах Хүрэлбаатарын гэрт нь очиж идэшний адуу авсан юм. Энхцэцэг эгч бид хоёр 10 дугаар сард Хүрэлбаатарт 2.000.000 төгрөг буюу тус бүр нэг нэг сая төгрөг өгөөд идэшний авна гээд захичихсан байсан юм. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр идшээ хийж явсан юм... Хүрэлбаатар арьс, ширийг нь аваад үлдсэн харин толгой нь манай гэт байгаа би толгойг нь өвччихсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

5. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 222811 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 4 тооны адуу зах зээлийн үнэлгээг нийт 16.567.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт, /хавтаст хэргийн 60-65 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч  Б.Хүрэлбаатар нь амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Хүрэмт” гэх газраас хохирогч Ц.Мөнгөншагайгийн өмчлөлийн  4 тооны буюу олон тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, Булган аймгийн Бүрэгхангай суманд нядалсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ц.Мөнгөншагайгийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл,үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч С.Энхцэцэг, У.Уранчимэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тэдний мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 222811 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас 9.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Хүрэлбаатарын гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнгөншагайд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

         Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

“Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. “Мал хулгайлах” гэмт хэргийг халдлагын зүйлээр нь “Хулгайлах” гэмт хэргээс ялгаатай байдлаар хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Б.Хүрэлбаатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

          Мал хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын малыг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг. Мал хулгайлах гэмт хэрэг нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгтэй нэгэн адил бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан байна.

Харин хууль бусаар авсан гэж бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх эсхүл захиран зарцуулсныг, хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Б.Хүрэлбаатар нь бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Учир нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэж хоёр болон түүнээс дээш мал хулгайлсныг ойлгодог бөгөөд Б.Хүрэлбаатарын үйлдэл нь дээрх шинжийг хангаж байх тул түүний “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг хүндрүүлж зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь  бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Хүрэлбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мөнгөншагай нь  9.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлоос 7.000.000 төгрөгийг буюу 2 тооны морийг буцаан өгч, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр харилцан тохиролцсон бөгөөд шүүхийн шатанд 1.300.000 төгрөгийг төлсөн, үлдэх 1.200.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг хохирогч Ц.Мөнгөншагайд 1.200.000 төгрөгийн хохирол төлөхыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас : Шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах саналыг, 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал: Шүүгдэгч Б.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь хавтаст хэргийн 86-94 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний тээврийн хэрэгслийн мэдээлэл дамжуулах сервис, Булган аймгийн Цагдаагийн газрын зөрчлийн хайлт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарын хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналага болох 2 тооны морьний  үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 4.400.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт нэг шинжээч томилох тогтоолоор  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийн үнэлгээг гаргуулсан байх тул цаашид анхаарах нь зүйтэй байна.

 Мөн хохирогч Ц.Мөнгөншагайд шүүх хуралдааны товыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 цаг 20 минутанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэж, шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан өмгөөлөгч Ч.Отгонжаргал хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдъя.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Хүрэлбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 метр 35 см урттай, 1.5 см диаметртэй модон уурга 1 ширхэг, бор шаргал өнгийн хуучирсан суран хазаар 1 ширхэг, эмээл 1 ширхэг, адууны шир 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хөх овогт Батсүхийн Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын  олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хүрэлбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь хохирогчид 1.200.000 төгрөг төлөх болохыг, хохирогч гомдол саналгүйг, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 2 тооны морьны үнэлгээгээр тогтоогдсон 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Б.Хүрэлбаатараас гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 метр 35 см урттай, 1.5 см диаметртэй модон уурга 1 ширхэг, бор шаргал өнгийн хуучирсан суран хазаар 1 ширхэг, эмээл 1 ширхэг, адууны шир 2 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ