| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 185/2022/1079/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/05 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/05
2022 12 23 2023/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч О.Б , түүний өмгөөлөгч Г.Урантогос, Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О ын Б т холбогдох эрүүгийн 2209017631643 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 3 дүү, охины хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэл:
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/1782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 344 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял;
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял;
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/772 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял;
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон; Б овогт О ын Б /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар дээрх мэдээллээ ашиглан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөрийн гар утаснаасаа ... дугаарын данс руу нэвтэрч, түүний хүүхэд Л.Ө ын эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай хадгаламжийн дансыг барьцаалан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгөөр 3 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 250.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, 25.000 төгрөгийн зээлийг Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансаар дамжуулан түүний виза картаар АТМ-ээс бэлнээр болон өөрийн эзэмшлийн Хас банкны ... дугаарын данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Б т нийт 2.795.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Б нь “...үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар дээрх мэдээллээ ашиглан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөрийн гар утаснаасаа ... дугаарын данс руу нэвтэрч, түүний хүүхэд Л.Ө ын эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай хадгаламжийн дансыг барьцаалан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгөөр 3 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 250.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, 25.000 төгрөгийн зээлийг Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансаар дамжуулан түүний виза картаар АТМ-ээс бэлнээр болон өөрийн эзэмшлийн Хас банкны ... дугаарын данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Б т нийт 2.795.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Э.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Б тэй 5 дугаар сард танилцаж байсан. Тэрээр миний эзэмшлийн Төрийн банкны ... дугаарын данснаас миний зөвшөөрөлгүй нэвтэрч хууль бусаар мөнгө авсан байсан. 2022 оны 6 дугаар сарын 22-ны өглөө манай ээж Э над руу залгаад “чи Төрийн банкны хүүхдийн хадгаламжийн данснаас мөнгө авсан уу” гэж асуухаар нь би гайхаад хадгаламжийн дансаа үзтэл мөнгө байхгүй байсан ба дансны хуулгаа авч үзтэл миний хадгаламжийн данснаас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхэлж нийт 2.300.000 төгрөгийг надтай хамт өмнө амьдардаг байсан Б гэх эмэгтэйн данс руу орж авсан байсан. Тэгээд би Б тэй утсаар яриад юу болсон талаар асуухад “би чиний хадгаламжийн данснаас мөнгө аваагүй, чи өөрөө шилжүүлж авсан” гэж надад хэлээд байсан. Тэгээд би хэл ам ололцохгүй болохоор нь би Б ийн 1 дүгээр сургуулийн замын эсрэг талд байдаг “...” гэх нэртэй газар очоод Б тэй уулзсан ба надад хэлэхдээ “чи өөрөө мөнгөө шилжүүлж авсан биз дээ” гээд хэрэлдээд байсан ба би тэгвэл чамайг цагдааг өгнө гэж хэлтэл надад үнэнээ буюу миний данснаас мөнгө авсан талаараа хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Хохирогч Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаарын дансны “...Хадгаламж барьцаалсан онлайн зээл олгов гэх утгаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгөөр 3 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 250.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, 25.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн талаарх...” дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-46 дугаар тал/,
Л.Ө ын эзэмшлийн Төрийн банкны ... дугаарын зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 41-46 дугаар тал/,
Шүүгдэгч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Б ээс авсан нийт 2.287.850 төгрөгөөс 500.000 төгрөгийг одоогийн байдлаар шилжүүлсэн байна. ...Би виза картгүй байсан болохоор Б ийн виза карт руу өөрийн данснаас бэлэн мөнгө авах зорилготой шилжүүлэн авдаг байсан. Мөн Б ийн хадгаламжийн данснаас түүнд хэлэхгүй нууцаар мөнгө авдаг байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66-67 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 5 дугаар сараас эхлэн би найзыхаа данснаас мөнгө авсан. Өөрт нь бас би зээл авч өгч байсан. Би өөрөө бас зээл аваад тохиролцоод эргүүлэн өгч байсан. ...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч О.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансны нэвтрэх нэр, нууц үгийг олж авч, улмаар дээрх мэдээллээ ашиглан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс өөрийн гар утаснаасаа ... дугаарын данс руу нэвтэрч, түүний хүүхэд Л.Ө ын эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай хадгаламжийн дансыг барьцаалан 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 500.000 төгрөгөөр 3 удаа, 700.000 төгрөгөөр 1 удаа, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 250.000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, 25.000 төгрөгийн зээлийг Э.Б ийн эзэмшлийн Төрийн банкны ... дугаартай дансаар дамжуулан түүний виза картаар АТМ-ээс бэлнээр болон өөрийн эзэмшлийн Хас банкны ... дугаарын данс руу шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Э.Б т нийт 2.795.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урантогос, Ч.Баднайнямбуу нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, шүүгдэгч О.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг гэмт этгээд ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.
Шүүгдэгч О.Б нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “...энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээ /гурван зуун мянган төгрөгөөс доош/-ний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй...” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдад 2.795.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч О.Б ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б т нийт 2.795.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгдэгч О.Б нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч О.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, урьд Чингэлтэй дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б т 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон байх тул үлдэгдэл 512 хоногийг нэмж нэгтгэн, нийт 3 жил 4 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү…” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урантогос эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүх хязгаарлалт тогтоох ял оноож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хамт байсан найз буюу хохирогч нь Б ийн гар утсаар банк руугаа нэвтрэн орсон байсан ба Б нь нэвтрэх код бэлэн байх үед нь мөнгийг нь авах байдлаар гэмт хэрэг үйлдсэн байдаг. Хор уршгийн хувьд бага хэмжээнй хохирол учруулсан байдаг бөгөөд одоогоор хохирол арилсан байна. Миний үйлчлүүлэгч 2 настай охины хамт амьдардаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч хэд хоног хоригдохдоо ял ямар байдгийг мэдэрсэн тул дахин гэмт хэрэг үйлдэхгүй талаар хэлж байна. Иймд миний үйлчлүүлэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү. Өмнө нь авсан зорчих эрхийг хязгаарлах нь гурван дүүргээс гарахыг хязгаарласан бол энэ удаад нэг дүүрэг, хорооноос гарахыг хязгаарлах хүрээтэй тогтоох бүрэн боломжтой байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б ийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 84-110 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч О.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны хүүхэдтэй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийн биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт: “...шүүгдэгч О.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас 35 хоногийг эдэлж, 512 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй үлдэгдэлтэй байгаа...” гэжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Б ийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 512 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б нь ... тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Б ийг дээрх хугацаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 3 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 45 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О ын Б ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.Б т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/460 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 512 /таван зуун арван хоёр/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 3 /гурав/ жил, 5 /тав/ сар, 2 /хоёр/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 45 /дөчин тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б т шүүхээс оногдуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримт үгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН