| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0100/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/115 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/115
2023 01 23 2023/ШЦТ/115 - МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Цасшихэр
улсын яллагч Г.Чанцалдулам
шүүгдэгч Ж.Цэнгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Боржигон овогт Жаргалмаагийн Цэнгүүнд холбогдох эрүүгийн 2206 00000 2468 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, /үсчин/ ам бүл 4, ах, ээж нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо, 225-104 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жаргалмаагийн Цэнгүүн РД:УЗ96070924/. Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Цэнгүүн нь 2022 оны 07 сарын 17-ны орой Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Батчимэгийн биед халдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Цэнгүүн шүүхийн хэлэлцүүлэгт: “... Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хэргийн үйл баримтын талаар 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 тал/, хохирогч С.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Орой нөхөр Дашзэвэгийн хамт явж байхад найз Лхагва гэх эрэгтэй нь залгаад гол ороё гээд зургуулаа байна, танай машинтай хамт явья гэж манай нөхөр лүү залгасан. Тэгээд нөхөр бид хоёр зурагтаас очиж аваад Баянзүрхийн гол руу гарсан. Гол дээр оройны 23 цагийн орчимд очсон, тэгээд хоорондоо юм яриад байж байгаад хартал манай нөхрийг гурван эмэгтэй гурван талаас толгой, гарлуу цохиж байгаа харагдахаар нь би явж очоод юу болж байгаан, яагаад хүн зодоод байгаан Өсөх гэх найзынхан эхнэр гэх ягаан цамцтай эмэгтэй чи муу янхан хэн бэ? гэд намайг үсдээд дух руу гараа цохисон, миний гарын мушгиж дараад байхаар нь гараа автал миний хувцаснаас татаад цамцыг сунгасан, чиний гараас хутгална гээд тогоотой шөл над руу цацсан. Тэгээд учир зүггүй над руу дайраад байсан гэх мэдүүлэг, /хх-ийн 7/ Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10036 дугаартай: “С.Батчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, бугалга сарвуунд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-20-21 тал /, Дахин хийсэн дүгнэлт: Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 882 дугаартай: “ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.07.19-ний өдрийн 10036 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч С.Батчимэгийн биед духанд зөөлөн эдийн няцрал, бугалга сарвуунд цус хуралт, хамар зулгаралт, зүүн гарны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-62-63 тал / гэх дүгнэлт, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Улсын яллагч “Шүүгдэгч Ж.Цэнгүүн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 сарын 16-ны орой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр, Туул голын эрэг дээр нөхөр Дашзэвэгийг өмөөрлөө гэх шалтгаанаар иргэн С.Батчимэгийг гараараа дух руу цохиж, гарыг мушгисны улмаас духанд зөөлөн эдийн няцрал, бугалга сарвуунд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. Үйл баримтын талаарх дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Ж.Цэнгүүн нь хохирогч С.Батчимэгийн дух руу цохиж, гарыг мушгисны улмаас духанд зөөлөн эдийн няцрал, бугалга сарвуунд цус хуралт, хамарт зулгаралт, зүүн гарын чигчий хурууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулжээ. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг бөгөөд шүүгдэгч нь уг хохиролыг санаатай учруулсан болох үйл баримт тогтоогдож байна. Эрх зүйн дүгнэлт Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан Шүүгдэгч Ж.Цэнгүүн нь хохирогч С.Батчимэгийн эрүүл мэндэд халдаж зодсон үйлдэл хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Шүүгдэгч Ж.Цэнгүүний үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчтой маргалдсан нөхцөл байдал байна гэж үзэв. Хохирол, хор уршгийн талаар Хохирогч С.Батчимэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 910260 төгрөг хохирол нэхэмжилсэн боловч дээрх нэхэмжилсэн баримтыг үзэхээр 800000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, үлдэх 110260 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч С.Батчимэгт олгуулах нь зүйтэй байна. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Цэнгүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар ноцтой их биш, зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв. Улсын яллагч: “Шүүгдэгч Ж.Цэнгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан. Шүүх шүүгдэгч Ж.Цэнгүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, жирэмсэн байгаа түүний хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Бусад асуудлаар Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Цэнгүүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жаргалмаагийн Цэнгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Цэнгүүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Цэнгүүн нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Цэнгүүнээс 110260 /нэг зуун арван мянга хоёр зуун жаран/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулан хохирогч С.Батчимэг/РД:ДЮ95121900/-т олгуулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Цэнгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээхийг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Цэнгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА