| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
2023 02 03 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр
улсын яллагч М.Оюунбат шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сүргээ овогт Тогоочийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2206 01990 2902 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 09 сарын 13-ны Хэнтий аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 15-р хороо, жаргалантын 10-295 тоотод оршин суух хаягтай боловч тогтсон оршин суух газаргүй сүүлд урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 03-ны өдрийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Сүргээ овогт Тогоочийн Бат-Эрдэнэ, регистрийн дугаар /РД:ЧЛ76092372/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/1 байрны 12 давхарын орцны галын хайрцгаас түгжсэн иргэн Г.Энхсувдын эзэмшлийн “Алтон” брэндийн унадаг дугуйг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 720000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2021 оны 03 сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14-р хороо Ахмадын хорооллын 107-р байрны гадна байрлуулсан хохирогч Ш.Идэрбатын эзэмшлийн 03-98 УАВ улсын дугаартай Т.Приус маркийн 30 загварын тээврийн хэрэгслийн толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380000 төгрөг хохирол учруулсан, 2021 оны 03 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Эмиралд хотхоны 501- байрны гаднаас Таван богд фүүдс ХХК-ийн өмч болох zapcool брэндийн цахилгаан дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 1438920 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410-4 давхарт байрлуулсан хохирогч Н.Насанбаярын эзэмшлийн Алтон брэндийн унадаг дугуйг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 580000 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 3118920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. 1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Энхсувдын өгсөн: “2022 оны 03 сарын 10-ны өдрийн 15:30-16:10 цагийн орчим нөхөр Алтон брэндийн хар өнгийн унадаг дугуйг давхарын галын хайрцагны доод хэсэгт байрлуулаад 19 цагт намайг ирэхэд уг газар байсан дугуй усны хоолойд түгжсэн байсан. Тэгээд 07:00 цагт нөхөр гарч ирэхэд дугуйг хулгайлсан байсан тул цагдаад хандсан. Дугуйгаа 20 хоногийн өмнө 900000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг, /1хх-ийн7-12 / 2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Мөнхнасангийн өгсөн: “2021 оны 03 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо эмиралд хотхон 501-р байранд хоол хүргэхээр очсон. Ингээд тухайн байрны гадаа өөрийн хариуцсан цахилгаан дугуйг үлдээсэн ба хоолоо өгчихөөд гараад ирэхэд миний дугуй хулгайд алдагдсан байсан тул цагдаад хандсан.Zapcool брэндийн 1500000 төгрөгний үнэтэй дугуй байсан. 2021 оны 03 сарын 13-ны үед би Таван богд фүүдс KFC хоолны газар хүргэлтийн ажил хийдэг байсан. Намайг хүргэлтийн ажилтан болоход алдагдсан дугуйг миний нэр дээр хариуцуулан хүлээлгэж өгсөн учир алдагдсан дугуйг олоогүй тохиолдолд би хариуцах байсан гэх мэдүүлэг, “... хохирогч Б.Мөнхбаатарын өгсөн: “2021 оны 03 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо Эмиралд хотхон 501-р байранд хоол хүргэхээр очсон. Ингээд тухайн байрны байгууллагын өмч болох цахилгаан дугуйг үлдээсэн ба хоолоо өгчихөөд гараад ирэхэд дугуй хулгайд алдагдсан байсан тул цагдаад хандсан. Zapcool брэндийн цахилгаан дугуй 2000000 төгрөг үнэтэй. Одоо цахилгаан дугуйг хүлээлгэн өгсөн тул гомдолгүй гэх мэдүүлэг, /1хх-ийн 86, 93/ 3. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Насанбаярын өгсөн: “Миний дугуйг 2022 оны 04 сарын 17-ны өдөр үеэл дүү Одхуяг нь унаж ирээд цоожлоод орцонд оруулж тавьсан гэж надад хэлсэн бөгөөд тэрнээс хойш би 2 хоногийн дараа буюу 19 цагийн өдөр орцонд миний дугуй байсан. Тэгтэл өнөөдөр үеэл дүү маань манай гэрлүү ирж байна гэдгээ хэлээд миний дугуйг асуугаад ажилдаа унаж явчихаад ирье гэж хэлээд манайд ирсэн бөгөөд ирээд намайг дуудаад ахаа дугуй чинь алга болчихсон байна гэж надад хэлсэн. Хэлсэн даруйд нь гараад харахад байхгүй болчихсон. Өдөр болгон тогтмол цэвэрлэгээ хийгддэг учраас ямар нэгэн ул мөргүй болчихсон байсан. 2022 оны 04 сарын 19-ний өдрөөс одоог хүртэл аль өдөр алдагдсан гэдгийг нь мэдэхгүй байна. 2019 онд БНСАУ-ын Alton брэндийн дугуйны дэлгүүрээс тэр үеийн ханшаар 7100000 орчим төгрөгөөр худалдаж авч байсан. Дугуй Alton үйлдвэрийн fat bike загварын дугуй байсан бөгөөд улаан өнгийн биетэй рам нь голдоо нүхтэй өргөн дугуй орох зориулалттай, насанд хүрсэн хүн унахад зориулагдсан хэмжээтэй дугуй байгаа юм гэх мэдүүлэг, /1хх-ийн158/ 4. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Идэрбатын өгсөн: “Би 2021 оны 03 сарын 11-нд машинаа орой 11 цагийн орчим 7-р байрны урд талын зогсоолд тавьсан. Тэгээд 2021 оны 03 сарын 12-нд 13 цагийн орчим машинаа харахад шилний машины толь байхгүй байсан. Тэгээд 13-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ гарахад машины толь байхгүй байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би машинаа толийг тус тусад 200000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг, /1хх-ийн214/ Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.04.06 БЗ1-22-586 дугаартай дүгнэлт /1хх-ийн 18-19/ камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 23-25/камерын бичлэгт үзсэн хийсэн тэмдэглэл /1хх-ийн 21-22/ мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 41-44/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 79-82/ Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.07.29 БЗ1-21-625 дугаартай дүгнэлт /1хх-ийн 105-106/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 109-111/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 113-115/, Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.05.05 БЗ1-22-797 дугаартай дүгнэлт, /1хх-ийн 170-171/, Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.03.30 БЗ1-21-193 дугаартай дүгнэлт, /1хх-ийн 219-220/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч гэм буруугийн талаар Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 03 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97/1 байрны 12 давхарын орцны галын хайрцгаас түгжсэн иргэн Г.Энхсувдын эзэмшлийн “Алтон” брэндийн унадаг дугуйг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 720000 төгрөгийн хохирол учруулсан, Мөн 2021 оны 03 сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14-р хороо Ахмадын хорооллын 107-р байрны гадна байрлуулсан хохирогч Ш.Идэрбатын эзэмшлийн 03-98 УАВ улсын дугаартай Т.Приус маркийн 30 загварын тээврийн хэрэгслийн толийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 380000 төгрөг хохирол учруулсан, 2021 оны 03 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороо, Эмиралд хотхоны 501- байрны гаднаас Таван богд фүүдс ХХК-ийн өмч болох zapcool брэндийн цахилгаан дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж 1438920 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 04 сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 410-4 давхарт байрлуулсан хохирогч Н.Насанбаярын эзэмшлийн Алтон брэндийн унадаг дугуйг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлж 580000 төгрөгийн хохирол учруулж нийт бусдад 3118920 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.04.06 БЗ1-22-586 дугаартай дүгнэлт /1хх-ийн 18-19/ Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.07.29 БЗ1-21-625 дугаартай дүгнэлт /1хх-ийн 105-106/, Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.05.05 БЗ1-22-797 дугаартай дүгнэлт, /1хх-ийн 170-171/, Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.03.30 БЗ1-21-193 дугаартай дүгнэлт, /1хх-ийн 219-220/ Хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ төлөх үүрэгтэй байх ба хохирогч Г.Энхсувдад дугуйны үнэ 720000 төгрөг, Б.Мөнхбаатарт цахилгаан дугуйн үнэ 1438920 төгрөг, Н.Насанбаярт дугуйны үнэ 580000 төгрөг, Ш.Идэрбатад автомашины хос толь 380000 төгрөг нийт 3118920 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Б.Мөнхбаатарын цахилгаан дугуйг хүлээлгэж өгсөн болох нь эд зүйл хураан авсан, хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 109-111/ зэргээр тогтоогдож байх тул үлдэх 1680000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, саналыг гаргасан, Шүүх шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, түүний урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал мөн улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв Шүүгдэгч Т.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 116 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Сүргээ овогт Тогоочийн Бат-Эрдэнийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд 1 /нэг/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 116 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бат-Эрдэнээс 1680000 төгрөг гаргуулан хохирогч Г.Энхсувдад /РД:СЭ94101400/ 720000 төгрөг, Н.Насанбаярт /РД:ВК00240916/ 580000 төгрөг, Ш.Идэрбатад /РД:УК91111439/ 380000 төгрөгийг тус тус олгуулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг си ди-г хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА