| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2023/0164/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/177 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/177
2023 02 03 2023/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч Б.Уянга
Шүүгдэгч Г.Содбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нааний овогт Галбадрахын Содбилэгт холбогдох эрүүгийн 2106 03320 2142 хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 03 сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ам бүл 5, ээж нөхөр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11–р хороо, зүүн сэлбэ 07-121б тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 5-р хороо Плорис хотхоны 405Б тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн 1328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих л оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Нааний овогт Галбадрахын Содбилэг /РД:ЛЮ93032300/.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг: Шүүгдэгч Г.Содбилэг нь 2020 оны 07 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Чин-сэтгэл” нэртэй фэйсбүүк хаягаар дамжуулан хохирогч Б.Уянгаас бараа захиалж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж 28,231,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Содбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ”... Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Хохирогч Б.Уянга нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирлоо барагдуулж авмаар байна. Энэ 28,231,000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 191-194/ Хохирогч Б.Уянга, Г.Содбилэг нарын харилцаж байсан мессежнүүд /хх-ийн 8-122/ Хохирогч Б.Уянгын Хаан банкны 5032522515 тоот дансны хуулга, Гэрч Э.Зоригтбаатарын 5015105447 тоот дансны гүйлгээ хийсэн билл /хх-ийн 83-87/ Г.Содбилэгийн хаан банкны 5084256368, 5629057378, 5301411549 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 12-182/ Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70, 208 дугаар хуудас), Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) баримт зэрэг болно. Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Г.Содбилэг нь 2020 оны 07 сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Чин-сэтгэл нэртэй фэйсбүүк хаягаар дамжуулан хохирогч Б.Уянгаас бараа захиалж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхэлж 28,231,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгч Г.Содбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Г.Содбилэг нь гэм буруугийн талаар уг дүгнэлттэй маргаагүй бөгөөд прокуророос гардуулсан яллах дүгнэлтийг хүлээж авсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна. Гэм буруугийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Шүүгдэгч Г.Содбилэг нь цахим орчинд бараа бүтээгдэхүүн захиална гэх зар байршуулж тус зараар холбогдсон Б.Уянгыг хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнээс 28231000 төгрөгийг өөрийн дансаар авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтаар тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Содбилэг нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба шүүгдэгч нь залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч Б.Уянгад 28,231,000 төгрөгийн хохирол учруулсан, төлбөр барагдуулаагүй бөгөөд түүнээс дээрх хохирлыг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Г.Содбилэгт шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заанаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял, шийтгэл оногдуулах үндэслэлтэй. Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Содбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 2 жил Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялын саналыг гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал билээ. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангах ёстой. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцэх учиртай. Энэ хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, үлэмж хэмжээний хохирол, прокурорын ялын санал, шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хуульд заасан журмын дагуу түүнд 2 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Содбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Нааний овогт Галбадрахын Содбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Содбилэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Содбилэг нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.Содбилэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Содбилэгээс 28,231,000 /хорин найман сая хоёр зуун гучин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Уянгад /РД:УД88051826/ олгуулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Содбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА