Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 09

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж,

шүүгдэгч Д.Хуягбаатар,

улсын яллагч Л.Цэндсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Жалайр овогт Доржсэмбийн Хуягбаатарт холбогдох эрүүгийн 201626031608 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа дугуй засвар ажиллуулдаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 1-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа саруул Жалайр овогт Доржсэмбийн Хуягбаатар /РД:ДС81112516/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Хуягбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Х.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харьцаа буюу “надаар машинаа янзлуулчихаад, надад заралгүй буцааж авлаа” гэсний улмаас хоорондоо маргалдаж, хохирогч Х.Эрдэнэбатыг гэрээсээ гаргах үедээ гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Хуягбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орой 22 цагийн үед гэртээ унтах гээд орондоо хэвтэж байтал согтуу хүн хаалга өшиглөх шиг болохоор нь эхнэртээ хэлж “наана чинь ямар учиртай хүн хаалга үүд нүдээд байгаа юм бол” гээд гаргатал танил Эрдэнэбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай гэрт ирж “чи машинаа надаас авчихлаа, би гурван сая төгрөгийг чинь хүчрэхгүй юм шиг байна уу” гээд миний нөмөрч байсан хөнжлийг татаж авахаар нь миний уур хүрээд орноосоо босож “чи согтуу байна, гэртээ харь” гэтэл миний өөдөөс агсарч, намайг хэл амаар доромжилж маргаад байхаар нь гэрээсээ гаргаад түлхчихсэн. Гэтэл нүүрээрээ унасан. Тэгээд босоод ирсэн чинь нүүр ам нь шороо болчихсон баруун билүү зүүн хацар нь шалбарчихсан, амнаас нь цус гарсан байдалтай босож ирсэн. Тэгээд хэсэг газар сууж байгаад босож ирэхдээ “чи миний шүдийг хугалчихлаа” гэхээр нь харахад хиймэл шүд нь мултарсан, голын ганц шүд нь байсан. Тэр шүд нь хөдөлсөн байсан.

Би өөрийн портер машинаа зардаг юм билүү гэж ярьж байхад Эрдэнэбат өөрөө надад “3.500.000 төгрөгөөр зээлээр өгчих” гээд гуйгаад байсан. Би түүнд хариу хэлээгүй байсан юм. Хэрэг гарахаас өмнө Эрдэнэбат миний машиныг гуйж 7-8 хоног унасан. Буцааж өгөхдөө маслыг нь сольсон байсан. Түүнээс биш засвар үйлчилгээ хийгээгүй. Би өөрийн машиныг Эрдэнэбат унаж байхыг зөвшөөрсөн байсан юм. Хаяадаа түлээ нүүрс зөөх ажил гардаг юм. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргаж хэрэг төвөгт орохгүй байж чадна. Хохирогч Эрдэнэбатад хохиролд тооцож 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн 90.000 төгрөгөөр портерын тал нүүрс худалдан авч өгсөн. Хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, хохирогчтой эвлэрсэн байгаа. Эрдэнэбаттай нүүрсэнд хамт явдаг таньдаг байсан. Оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626031608 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Х.Эрдэнэбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ нутгийн ах Болдоотой хамт нэг шил 0,33 граммын архи хувааж уугаад, орой 21:00 цагийн үед Болдоо ахыг гэрт нь хүргэж өгөхөөр гэрээс гараад 22:00 цагийн үед Болдоо ахыг хашааных нь үүдэнд хүргэж өгсөн. Тэгээд гэр рүүгээ буцах замдаа танил Хуягаагийн гэрт очиж “чи надаар машин тэргээ янзлуулчихаад, эгчийгээ над руу явуулж машинаа авхуулчихлаа, би чиний машиныг янзалж тос маслыг нь сольсон, түрүү жил хамтдаа нүүрсэнд явсан, тэр үед чи намайг бас л хуурч мэхэлсэн, эхлээд авчирсан нүүрсээ хувааж авна гэж ярьчихаад надад банкны хүү төлөх хэрэгтэй байна гээд бүгдийг нь аваад надад юу ч өгөөгүй, яагаад худлаа яриад байдаг юм бэ” гэж хэлсэн.

Тэгтэл Хуягаа орноосоо босож ирээд, хувцсаа өмсөөд, намайг татаж гэрээсээ гаргаад шууд шүд рүү гараараа цохиод, баруун чамархайн тус газар 2-3 удаа цохисон. Тэгтэл миний ам хамарнаас цус гараад байхаар нь “чи яаж байгаа юм бэ, миний шүд хөдөлчихлөө” гэхэд намайг гэр рүүгээ дагуулж ороод, эхнэрээ дуудаж босгож машинаа асаагаад машинаараа намайг гэрт хүргэж өгсөн.

2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед Хуягаа нь “чи машин тэрэг авах гэж байгаа бол миний машиныг асаагаад аваач, тэгээд яриа тохирвол чамд өгье” гэж ярьж байсан юм. Тэгээд Хуягаагаас портер загварын асахгүй байсан авто машиныг нь янзлаад байж байтал Хуягаагийн эгч нь гэх нэг эмэгтэй манай гэрт ирээд “энэ машин чинь Хуягаагийн машин биш, миний машин байгаа юм” гэж хэлээд манай хашаанаас аваад явсан. Ингээд маргааш өдөр нь Хуягаад энэ болсон явдлыг нь хэлэх санаатай очсон юм.

Миний дээд эрүүний үүдэн нэг шүд унасан. Тухайн шүдний хажууд байсан хиймэл шүднүүд хугарчихсан. Шүд унасны улмаас юм идэж болохгүй хүндрэлтэй байна. Тухайн үед Хуягаа эрүүл, орондоо хэвтэж байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй, хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй.

Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, үүдэн нэг шүд хийлгэхэд 3.0 сая төгрөг байдаг юм байна лээ. Энэ мөнгөн дүнг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,

 

2. Гэрч Х.Дүүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:    

“...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 22 цаг өнгөрч байсан шиг санаж байна, манай нөхөр унтах гээд хэвтэж байтал манай гэрийн хаалгыг хүн хүчтэй нүдээд хаалга үүд өшиглөсөөр зүс таних Х.Эрдэнэбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж ирсэн. Х.Эрдэнэбат нь манай гэрт орж ирээд манай нөхрийг “чи надад портероо зарсангүй” гэж орилж хашгираад агсамнаад байхаар нь манай нөхөр “чи одоо шөнө орой болсон хойно агсам тавих гэж ирсэн юм уу” гэсэн. Тэгтэл Х.Эрдэнэбат нь хүний үг авахгүй улам дайраад байхаар нь манай нөхөр орноосоо босож ирээд гэрээсээ гаргах санаатай түлхсэн. Тэгтэл гарч өгөхгүй болохоор нь чирээд гарсан. Х.Эрдэнэбат нь унаж бүдэрсээр гэрээс гарсан бөгөөд би араас нь дагаж гарсан. Тэгтэл манай нөхөр Хуягбаатар Х.Эрдэнэбатыг дагуулаад нилээн цаашлаад явсан бөгөөд Х.Эрдэнэбатыг гэрээсээ холдуулчихаад эргээд иртэл араас нь Эрдэнэбат дагаад ирсэн. Тэгэхээр нь аргаа ядаад машинаа асаагаад Х.Эрдэнэбатыг гэрт нь хүргэж өгсөн. Х.Эрдэнэбатын гэрийн гадаа иртэл хүүхэд нь гарч ирээд аавыгаа аваад орсон, бид хоёр гэр рүүгээ харьсан.

Манай нөхөр Эрдэнэбатыг айхтар зодож цохисон асуудал байхгүй. Нэг удаа түлхсэн. Тэгтэл Эрдэнэбат нь газар унаад, босож ирэхдээ баруун шанаа хэсэг нь шалбарчихсан босож ирсэн. Манай нөхөр Эрдэнэбатыг 3 жилийн өмнөөс мэдэх бөгөөд өнгөрсөн жил хамтдаа нүүрсэнд явдаг байсан юм. Энэ жилийн хувьд манай нөхөр дугуй засвар ажиллуулсан юм. Тэгээд Эрдэнэбатыг ажилгүй байсан учраас “удахгүй эхнэр чинь төрнө, манай машиныг аваад ажилд явахгүй юу” гэж хэлээд машинаа өгсөн юм.

Тэгээд Эрдэнэбатад машинаа өгөөд удалгүй байж байтал манай нөхрийн дүү Борхүү хөдөөнөөс ирээд “ажил олоод өгөөч” гэхээр нь “ажилгүй байхаар миний машиныг ав” гээд Эрдэнэбатаас машинаа авсан. Гэтэл Эрдэнэбат нь “машинаа авлаа” гэж манай гэрт согтуу ирээд агсам тавьсан. Манай нөхөр хүнд тусархуу, нөхөрсөг, орон гэрээ авч явах гэж аль болох хувиараа хөдөлмөр эрхэлж, хийж болох бүхий л ажил хийдэг. Мөн ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор мал маллаж, морь уядаг юм. Ер нь бол хүн зодоод явах хүн биш. Бид хоёр 2015 онд гэр бүл болон хамт амьдарч байгаа. Амьдарч байх хугацаандаа хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй, айл гэрийн эзэн хүний хувьд ахуй амьдралдаа анхаарал халамж тавьдаг, архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй. Х.Эрдэнэбат, Д.Хуягбаатар хоёрын дунд ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х/,

 

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн 15872 тоот дүгнэлтэд:

            1. Х.Эрдэнэбатын биед 1 шүдний булгаралт, уруулд няцарсан шарх, баруун хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид нэг шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5%-р алдагдуулна.

5. Хиймэл шүд унахад гэмтлийн зэрэг тогтоодоггүй болно...” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х/,

 

            4. Шүүгдэгч Д.Хуягбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр орой 22 цагийн үед унтах гээд орондоо хэвтэж байтал согтуу хүн хаалга өшиглөх шиг болохоор нь эхнэртээ хэлж наана чинь ямар учиртай хүн хаалга үүд нүдээд байгаа юм бол гээд гаргатал танил Эрдэнэбат согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ манай гэрт ирж “чи машинаа надаас авчихлаа, би гурван сая төгрөгийг чинь хүчрэхгүй байна уу” гээд миний нөмөрч байсан хөнжлийг татаж авахаар нь би орноосоо босож хэсэг Эрдэнэбаттай маргалдаж байгаад “чи согтуу байна, гэртээ харь” гэтэл миний өөдөөс агсарч, намайг хэл амаар доромжилж маргаад байхаар нь гэрээсээ чирч гаргаад түлхчихсэн.

Тэгтэл нүүр ам нь шороо болчихсон баруун билүү зүүн хацар нь шалбарчихсан, амнаас нь цус гарсан байдалтай хэсэг газар сууж байгаад босож ирээд “чи миний шүдийг хугалчихлаа” гэхээр нь “чи одоо надтай юу ярих гээд байгаа юм, ярих юм байвал эрүүл үедээ ярь, одоо яв” гэхэд явж өгөхгүй болохоор нь эхнэрээ дуудаж гаргаж ирээд машинаа асаагаад гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Эрдэнэбатын гадаа ирээд буулгах гэтэл машинаас бууж өгөхгүй зуураад байж байтал хүүхэд нь гарч ирээд Эрдэнэбатыг гэр рүүгээ аваад орсон. Холбогдсон хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х, 27х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 28х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 29х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 22:00 цагийн үед иргэн Х.Эрдэнэбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүгдэгч Д.Хуягбаатарын Хан-Уул дүүргийн 14-р хороо, Өлзийт хороолол, Бурхантын 1-3 тоотод байх гэрт нь ирж “надаар машинаа янзлуулчихаад, надад заралгүй буцааж авлаа, гурван сая төгрөгийг чинь хүчрэхээргүй байна уу” гэх зэргээр маргаан өдөөж, шүүгдэгч Д.Хуягбаатар нь хохирогч Х.Эрдэнэбатыг гэрээсээ гаргах гэснээс тэдний хооронд маргаан үүсч, улмаар хохирогчийг гэрээсээ гаргах үедээ гараараа нүүрэн тус газар нь цохиж, биед нь 1 шүдний булгаралт, уруулд няцарсан шарх, баруун хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Эрдэнэбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Дүүрэнжаргалын мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 15872 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хуягбаатарын дээрх үйлдлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Хуягбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.      

 

Шүүгдэгч Д.Хуягбаатар нь урьд ял шийтгэгдэж байгаа болох нь хэргийн 28 дугаар талд авагдсан ЦЕГ-ын мэдээллийг санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.   

 

Хохирогч Х.Эрдэнэбат нь 3,0 сая төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн хэдий ч энэ талаархи нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй ба шүүхийн шатанд хохирогч нь “гэм хорын хохиролд 100.000 төгрөг бэлнээр авсан, мөн Портер нүүрс авсан тул хохиролгүй болсон, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болж шүүгдэгчтэй эвлэрсэн тухайгаа илэрхийлсэн баримтыг шүүхэд бичгээр /хэргийн 58х/ гаргасан байх тул хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураар  эвлэрсэн гэж үзнэ.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд хохирогч Х.Эрдэнэбат нь шүүгдэгч Д.Хуягбаатартай сайн дураар эвлэрсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Энэ хэргийн хохирогч Х.Эрдэнэбат нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрэн хэлэлцсэн, шүүгдэгч Д.Хуягбаатар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн, анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Д.Хуягбаатарт холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийн “Хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэсэн үндэслэлээр шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.    

            

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Хуягбаатарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Эрдэнэбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тогтоолд дурьдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэг, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                      

                                                    ТОГТООХ нь:

 

1.  Жалайр овогт Доржсэмбийн Хуягбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Хуягбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Д.Хуягбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

 3. Энэ хэрэгт Д.Хуягбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Хуягбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД