Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/199

 

2023 02 08                                          2023/ШЦТ/199

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр

улсын яллагч Ж.Бүрэнжаргал

шүүгдэгч Н.Шоовдорхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Насанжаргалын Шоовдорхүүд холбогдох эрүүгийн 2206 03026 3513 дугаар хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 сарын 27-ны Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн мэргэжилтэй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, иргэний үнэмлэхийн хаяг: Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд дарь эхийн 7-943 тоотод бүртгэлтэй урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж уг ялаа эдэлж байгаа, Боржигон овогт Насанжаргалын Шоовдорхүү /МД85102777/ Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Н.Шоовдорхүү нь 2020 оны 06 сарын 05-ны өглөөний 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4-р хороо, 37-р байрны В1 давхарт байрлах автомашины зогсоол дээр байсан хохирогч Д.Ганбаатарын эзэмшлийн triben маркийн 420000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Шоовдорхүү мэдүүлэхдээ: “Нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ганбаатарын өгсөн: “Би унадаг дугуйгаа 06 сарын 03-ны өдрийн 19 цагийн үед гэрийнхээ авто зогсоолд байршуулсан. Би ер нь дандаа унадаг дугуйгаа тэнд тавьж орхидог. Өнөөдөр өглөө буюу 2022 оны 6 сарын 05-ны 08 цагийн үед гэрийнхээ грашнаас гараад эргээд 11 цагийн үед гэртээ ирээд грашруугаа буцаад орсон чинь машины зогсоолын хойно түгжээтэй байсан унадаг дугуй байхгүй байсан. Төмрөөр хөшөөд түгжээг нь эвдлээд газар хаясан байсан. Би байрныхаа грашны хяналтын камерыг шүүж шалгаж үзэхэд өглөөний 09 цаг 20 минутын үед ARB бичиглэлтэй хар өнгийн саравчтай малгайтай, цэнхэр хантаазтай, шар өнгийн бичиглэлтэй хар өнгийн юүдэнтэй цамцтай, цагаан ултай хар пүүзтэй 160-165 см орчим өндөртэй 35-40 насны эрүүндээ бага зэргийн сахалтай, хүн орцны хаалгаар ороод сондгой тоотой лифтээр B1давхарлуу буугаад машины грашруу ороод машин дунд орж бие засаад 2-3 минутын дараа гарч ирээд тэр хавьд хана дагуу тавьсан байсан унадаг дугуйнуудын түгжээг шалгаж байсан тэгээд лифтны цаад талын 10 дугаартай зогсоолын хана дагуу байрлуулсан түгжээтэй унадаг дугуйг мултлах гэж үзээд чадалгүй граш дотор төмөр хайгаад улаан өнгийн махир төмөр олж ирээд 4-5 минут түгжээг мултлах гэж үзэж байгаад эвдэлсэн. 09 цаг 37 минутын сондгой тоотой лифтээр 1 давхарлуу гарч орцны шатаар буугаад дугуйг авч явсан. Хашааны хаалгаар гараад урд зүгрүү чиглэж дугуйг түрж явсан. Цагаан өмдтэй, цайвар өнгийн цамцтай бараан өнгийн хувцастай 2 хүнтэй уулзаад юм яриад байсан, миний бодлоор бол дугуйг үзүүлээд байх шиг байсан. Тэгээд автобусны буудал чиглээд яваад өгсөн бичлэгийг би үзсэн. Хяналтын камерын бичлэгийг 2 цаг гаруй хугацаанд шүүгээд 11 цаг 30 минутад эхлээд 13 цаг 20 минутад дууссан. Би хяналтын камер үзчихээд гэрийнхээ гадаа гартал унадаг дугуйг авч явсан 2 эрэгтэй, 1 эмэгтэйтэй цуг архи ууж байсан. Би харангуутаа нөгөө залууг өөрөө барьж аваад дагуулаад орцонд оруулаад цагдаа дуудсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 19/ Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.06.17 БЗД2-22-1195 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/ камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч гэм буруугийн талаар Шүүгдэгч Н.Шоовдорхүү нь 2020 оны 06 сарын 05-ны өглөөний 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4-р хороо, 37-р байрны В1 давхарт байрлах автомашины зогсоол дээр байсан хохирогч Д.Ганбаатарын эзэмшлийн triben маркийн 420000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Дамно хөрөнгийн үнэлгээний 2022.06.17 БЗД2-22-1195 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25/ камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 15/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/ хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 19/ Хулгайлах гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч Н.Шоовдорхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Шоовдор төлөх үүрэгтэй байх ба хохирогч Д.Ганбаатар үнэлгээгээр тогтоогдсон дугуйны үнэ 420000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 420000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ганбаатарт олгуулах нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Шоовдорхүү нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: Шүүгдэгч Н.Шоовдорхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгүүлэн 2 жил 7 сар 29 хоногийн хорих ял оногдуулах, уг хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан, Шүүх шүүгдэгч Н.Шоовдорхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, түүний урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж, ялаа эдэлж байгаа хувийн байдал мөн улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ял руу шилжүүлж, 60 хоногийн хорих ялыг өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 7 сар 29 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Н.Шоовдорхүү нь энэ хэрэгтээ 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 20 хоногийг эдлэх ялд нь оруулах тооцох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Насанжаргалын Шоовдорхүүг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Шоовдорхүүд 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон хорих ял руу шилжүүлж, 60 хоног хорих ялыг өмнө Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 890 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 7 сар 29 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шоовдорхүүд оногдуулсан 1 жил 7 сар 29 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Шоовдорхүүгийн цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шоовдорхүүгээс 420000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ганбаатар /РД:ЦЖ76042198/-т олгуулсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг си ди г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шоовдорхүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ц.МӨНХТУЛГА