| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 106/2023/0137/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сэргэлэнбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,
шүүгдэгч Б.Баатардолгор өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Баатардолгорт холбогдох эрүүгийн 2305000000091 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 29-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8 дугаар баг, Индэрт 2 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва апартмент 134 дүгээр байрны 111 тоотод түр оршин суух, “Жео Апекс” ХХК-д өрмийн туслах ажилтай, ял шийтгэлгүй, Хан буурал овогт Болормаагийн Баатардолгор /Регистрийн дугаар: ДЕ 9401 2911/.
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Баатардолгор нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын “Си Юу” дэлгүүрийн орчим “найз охиноос таксины мөнгө нэхсэн” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч А.Лхамрагчаагийн толгой хэсэгт гар утсаар цохиж, түүний биед зулай, дагзанд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Баатардолгор нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Баатардолгор мэдүүлэхдээ: “...Хохирогчтой таксины мөнгө нэхсэнээс болж маргалдаж, утсаараа толгой хэсэг рүү нь цохисон. Би хайгуулын ажил хийдэг компанид ажилладаг, одоохондоо түр зогссон байгаа, Цагаан сарын дараа эхэлнэ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирогчид 1,300,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл мөнгийг ажил эхлэхээр цалингаа аваад төлнө. Өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1 дүгээр хуудас/,
Хохирогч А.Лхамрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг Монгол фарм нэртэй эмийн кампанид жор баригчаар ажилладаг юм. 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед манай байгууллагын шинэ жил болсон. Шинэ жилд ороод архи согтууруулах ундаа уугаад 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед тарцгаасан. Надад мөнгө байхгүй байсан тул Гэрэлмаа руу залгаад түүнд хандаж мөнгө байна уу, таксины мөнгө шилжүүлээд өгөөч гэж хэлсэн чинь түүний найз залуу утсыг нь аваад надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь түүнд хандаж Говь-Алтай аймагт чамайг мэдэхгүй юм байна шүү гэж хэлсэн. Тэгээд би Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд байх ажил дээрээсээ гарч ирэх үед Гэрэлмаагийн найз залуу Баатардолгор ирсэн байсан. Би түүн дээр очих үед тэр надаас хэрүүл өдөөд би түүнтэй хэрэлдээд байж байх үед тэр миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохих үед нь би хариу цохиод тэгсэн тэр гартаа барьсан гар утсаараа миний толгой хэсэг рүү 4-5 удаа цохих үед миний толгойноос цус гарсан. Тэгээд юу болсныг санахгүй байгаа, нэг мэдсэн ГССҮТ дээр толгойдоо оёдол тавиулаад сууж байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Тухайн зодоон нь шүүгдэгчийн найз охин Гэрэлмаа руу залгаж мөнгө гуйсанд уурлаж дээрээс нь хэл амаараа доромжлолцож байгаад зодоон гарсан. Тухайн үед Баатардолгор бид хоёр л байсан, намайг бүлэглэж зодсон зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ хийлгэсэн бүх зардлыг Баатардолгор төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-6-7 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1228 дугаартай: “А.Лхамрагчаагийн биед зулай, дагзанд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Баатардолгорын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед найз охин Гэрэлмаа миний дугаар луу залгаад надад хандаж би очиж байна шүү, байгаа газраа хэлээд өг гэхээр нь би түүнд хаягаа зааж өгсөн. Удалгүй Гэрэлмаа бид 2 уулзаад буудлын өрөөнд байж байсан чинь Гэрэлмаагийн дугаар луу ажлын газрын хүн нь залгаад манай найз охиныг таксины мөнгө шилжүүл гээд уурлаж байснаа тасалсан. Би Гэрэлмаад хандаж хэн гэж хүн юм бэ? гэж асуусан чинь хамт ажилладаг Лхамрагчаа гэдэг залуу байгаа юм аа гэж хариулсан. Би Гэрэлмаагийн утсаар тус дугаар луу буцааж залгаад Лхамрагчаад хандаж “би Гэрэлмаагийн найз залуу байна, чи яах гээд байгаа юм бэ?” гэж асуусан чинь чамайг би Говь-Алтайд гөлөг байсан гэж мэднэ шүү гэж хариулаад бид хоёрын дунд хэрүүл болсон. Хэрүүл хийж байгаад би түүний байгаа газар очихоор болсон. 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд ганцаараа очих үед Лхамрагчаа ганцаараа гарч ирсэн. Би түүн дээр очоод юу юу гээд байгаа юм, эр хүн шиг учраа олчих уу? гэж асуусан чинь миний өмнөөс томорч зүгээр байгаарай гэж хариулсан. Би гартаа барьсан гар утсаараа Лхамрагчаагийн толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохих үед хариу миний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа цохих үед нь би түүний толгой хэсэг рүү гараараа дахин цохиод бид хоёр зууралдах үед үл таних хүн салгасан. Хэрүүл маргаан гарах үед Лхамрагчаа бид хоёр л байсан. Би Лхамрагчаагийн толгой болон нүүр хэсэг рүү цохисон. Хохирогчийн эмчилгээ хийлгэсэн бүх зардлыг төлж барагдуулж, хохирогчтой сайн дураараа эвлэрч түүнийг гомдол саналгүй болгосон” гэсэн мэдүүлэг /хх-30-31 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-42 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Баатардолгор нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг прокуророос хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргаж, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Баатардолгор нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын “CU” дэлгүүрийн орчим “найз охиноос таксины мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас хохирогч А.Лхамрагчаагийн толгой хэсэгт гар утсаар цохиж, түүний биед зулай, дагзанд сорви, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Лхамрагчаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1228 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Баатардолгорын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Баатардолгор мөрдөн байцаалтын үеэс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хуралдаанд өөрийн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс харахад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Баатардолгорын хохирогч А.Лхамрагчаагийн толгой хэсэгт гар утсаар цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шинжээчийн дүгнэлт нь мөрдөгчийн тавьсан асуултад бүрэн хариулсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Б.Баатардолгор нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас учирч болох хохирол, хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хохирол, хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Баатардолгорын хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Лхамрагчаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1228 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Баатардолгор нь хохирогчид 1,300,000 төгрөг нөхөн төлсөн /хх-48 дугаар хуудас/ байх ба хохирогч А.Лхамрагчаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “...эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээ хийлгэсэн бүх зардлыг Б.Баатардолгор төлсөн” /хх-7 дугаар хуудас/ гэж мэдүүлсэн, мөн “...хохирлыг барагдуулсан тул гомдолгүй” /хх-49 дүгээр хуудас/ гэсэн хүсэлт бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.Баатардолгорыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Прокуророос шүүгдэгч Б.Баатардолгорт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл, хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Баатардолгор уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Шүүгдэгч Б.Баатардолгорт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Баатардолгорын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон талуудын ял тохиролцсон нөхцөл зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хэрэв шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баатардолгор нь цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хан буурал овогт Болормаагийн Баатардолгорыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баатардолгорыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Баатардолгорт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатардолгор нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баатардолгор нь цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч нар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Баатардолгорт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА