Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/200

 

2023 02 08                                                 2023/ШЦТ/200

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цасшихэр

улсын яллагч Б.Цэцэгмаа

шүүгдэгч М.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оодон овогт Мөнхцэцэгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1806 00956 1805 дугаар хэргийг 2022 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 12 сарын 08-ны Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, ам бүл 3, эмээ дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 3-р хороо, 13-р байр 2-1тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Оодон овогт Мөнхцэцэгийн Мөнхбат, регистрийн дугаар /РД:УК01320835/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Мөнхбат нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 6а байрны орцонд 2002 оны 07 сарын 10-ны өдөр төрсөн 15 нас 06 сар 12 хоногтой буюу насанд хүрээгүй Э.Өсөхбаярын самсунг галакси эс 6 загварын 192000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбат мэдүүлэхдээ: “...Тухайн үед би тээврийн хэрэгт холбогдсон, пи си тоглоомд донтсон байсан. 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Пи Си тоглоод гарч ирэхэд гадаа нэг хүүхэд зогсож байхаар нь утсыг нь авсан. Тэгэхэд би 17 настай байсан. Хохирлыг төлсөн гэв. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Өсөхбаярын өгсөн: “Би 2018 оны 01 сарын 22-ны өглөө гэрээсээ хамаатны дүү Ц.Учралын хамт номын дэлгүүр орохоор өглөө 10:00 цагийн орчим гараад Баянзүрх дүүргийн 1-р хороо 6 байрны замын эсрэг талд байдаг номын дэлгүүр ороход дүүд маань авах ном арай үнэтэй байхаар нь дэлгүүрээс гараад гэрлүүгээ харих гээд зам гарахаасаа өмнө Баянцээлйн нүхэн гарц руу орохоосоо өмнө ээж Сүрэн рүү өөрийнхөө утсаар залгаад ном үнэтэй талаар хэлээд нүхэн гарц руу ороод явж байтал үл таних таван 17 орчим насны хүүхдүүдтэй таарахад хөөе гээд дуудахаар нь шууд чигээрээ сонсоогүй юм шиг явахад араас 3 эрэгтэй хүүхэд ирээд улаан куртик өмссөн эрэгтэй нь ирээд дошин дээр яаж яваад байгаа юм бэ? муухай хараад байна уу гэж хэлээд намайг ташаа руу өвдөглөөд нөгөө 2 залуу нь хажуу талын 6а байрны 2 давхар луу ороод хүүхэд дуудаад өг гэхээр нь Учрал бид хоёр үл таних 3 бандийн хамт 6а байрны гадаа очоод саравчинд зогсож байтал өндөр банди нь миний толгой руу бид нар чамайг дээрэлхээгүй биз дээ гэж хэлээд 3 удаа толгойгоороо толгой руу мөргөсөн, үл таних 3 бандийн өндөр банди нь дүү Учралын дагуулаад орц руу орохоор нь би намхан улаан куртик өмссөн хүүхэд болон хар куртик өмссөн банди хоёртой байж байтал улаан куртик өмссөн банди намайг утсаараа нэг яриулчих гэхээр нь би нэгж байхгүй гэхэд тэр банди моби биз дээ 1 удаа дохиулчих *******бол хүчээр ярина гэхээр нь би утсаа гаргаж ирээд утсаа улаан куртик өмссөн залууд өгсөн чинь нэг дугаар луу залгаад тэр дугаарынх нь цаад хүн нь утсаа аваад нэг хүүхэд асуугаад л утсаа таслаад улаан куртикныхээ халаас руу чиний утсыг явахад чинь өгнө гээд хийгээд улаан куртиктэй банди намайг орц руу ийшээ орьё гээд дагуулаад эвээр ярьж байгаа дээр эвээр яриарай ахтайгаа хүчээ үзэх үү азаа үзэх үү гээд дагуулаад орж байхад Учрал орцноос өндөр бандийн хамт гарсан. Тэгээд би намхан улаан куртик өмссөн бандийн хамт лифтэнд суугаад 9 давхарт гараад буугаад шатруу очоод намайг шатан дээр суулгаад агаан дүү өндөр гэдгээрэй бардаад байгаа юм уу ахтайгаа азаа үзэх үү гэж хэлээд л намайг цохих гээд гараа займчуулаад байснаа утсыг чинь найзад чинь өгнө гадаа гараад найзаасаа аваарай гээд Учралын талаар ярьж байснаа намайг гарснаас хойш 10 минутын дараа гараарай гэхээр нь би түүнээс утсаа авьялдаа гээд гуйхад бид нар та нарыг мэднэ явсаны дараа хүн амьтан дуудна гэж хэлээд утас өгөөгүй буугаад явсан. Би шууд шатаар уруудаж гүйгээд гадаа гарахад Учрал ганцаараа байсан. Учралаас би хаашаа явсан талаар асуухад тэдгээр банди нарыг хойшоогоо ломбард асуулдаад гүйлдсэн гэж хэлсэн. Би утсаа Учралын аавд Солонгосоос 2017 оны 11 сард захиж байсан. Учралын аав гар утсыг барьж байсан болохоор хайрцаг байхгүй. Би Учралын ааваас утсаа 300000 төгрөгөөр авч байсан одоо утсаа 300000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг, /хх-ийн 28/ Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Дамно хөрөнгийн үнэлгээний 2020.02.03-ны өдрийн самсунг s6 маркийн гар утсыг 192000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 46-47/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй хохирол барагдуулсан талаар хүсэлт /хх-ийн 72/ зэрэг нотлох баримтуудыг судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч гэм буруугийн талаар Шүүгдэгч М.Мөнхбат нь 2018 оны 01 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 6а байрны орцонд 2002 оны 07 сарын 10-ны өдөр төрсөн 15 нас 06 сар 12 хоногтой буюу насанд хүрээгүй Э.Өсөхбаярын самсунг галакси эс 6 загварын 192000 төгрөгний үнэлгээтэй гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Дамно хөрөнгийн үнэлгээний 2020.02.03-ны өдрийн самсунг s6 маркийн гар утсыг 192000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 46-47/, насанд хүрээгүй хохирогч Э.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 28/ дээрэмдэх гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заалтад заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Иймд шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Бусад асуудлаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч М.Мөнхбат төлөх үүрэгтэй байх ба насанд хүрээгүй хохирогч Э.Өсөхбаярын самсунг галакси s-6 маркийн гар утасны үнэ 192000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь түүний хууль ёсны төлөөлөгч Б.Сүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Мөнхбат нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо. Улсын яллагч: Шүүгдэгч М.Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, саналыг гаргасан, Шүүх шүүгдэгч М.Мөнхбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдал мөн улсын яллагчийн саналыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоож, түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглохоор шийдвэрлэв. Шүүгдэгч М.Мөнхбат нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, харин энэ хэрэг тус шүүх дээр ирсэн хойно оргон зайлж явахдаа бусадтай нийлэн хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг дурдах нь зүйтэй. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Оодон овогт Мөнхцэцэгийн Мөнхбатыг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлд заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Мөнхбатад Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хоёр дахин багасгаж 3 сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбат нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол тэдний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Мөнхбатад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мөнхбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Ц.МӨНХТУЛГА