Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч О.Баясгалан өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Баясгаланд холбогдох эрүүгийн 2205029060041 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 01-нд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Консулын 20 дугаар гудамжны 532 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 607 дугаар байрны 23 тоотод оршин суух, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 963 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тост овогт Отгонбаярын Баясгалан /Регистрийн дугаар: ПЮ94080138/.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч О.Баясгалан нь 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Их баян төв зочид буудлын 204 тоот өрөөнд хохирогч Ж.Ариунжаргалыг зодож, түүний биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зүүн 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Баясгалан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Баясгалан мэдүүлэхдээ: “...Тухайн үед Ариунжаргалын үйлдлээс болж толгой хагарсан. Цагдаагийн байгууллагаас гомдол, санал байна уу, шинжээч томилуулах уу гэхэд нь шинжээч томилуулахгүй, гомдол саналгүй гэдгээ бичиж өгсөн. Би Ариунжаргалыг 2-3 удаа цохисон. Би хохирол төлбөр төлөөгүй, хохирогчтой утсаар ярихад гомдол санал гэх зүйл байхгүй, надаас уучлал гуйчих гэж хэлэхээр нь нэгэнт болсон асуудал учраас уучлал гуйсан. 0,33 литрийн архийг Амраатай хамт уугаад унтаж байхад Ариука намайг алгадсан. Миний гар утсыг цонхоор авч шидсэн, тухайн гар утас одоо ашиглах боломжгүй болсон. Тухайн утасны мөнгийг нэхэмжлэхгүй. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ж.Ариунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 25-ны үүрээр 5 цагийн үед ажлаа дуусгаад ажлынхаа газрын хүмүүстэй дөрвүүлээ таван шарын урд талын автобусны буудлын эсрэг талын Их баян төвийн зочид буудлын 204 тоот өрөөнд 07 цаг өнгөрч байхад 2,5 литрийн 2 ширхэг том пиво авч орсон. Буудал дотор гурвуулаа 2,5 литрийн 1 том пиво уусан. Тэгээд 9 цагийн үед Баясаа гэх залуу 2,5 литрийн 3 ширхэг пиво, нэг шил 0,33 граммын Экс нэртэй архи авч орж ирсэн. Тэгээд Баясаа манай ажлын газрын залуутай 0,33 граммын архи хувааж ууж байгаад тасраад орон дээр унтчихсан. Би Баясаагийн дээр хөнжил тавьж өгсөн. Манай ажлын газрын охин Улка, Амраатай хоорондоо юм ярьж байгаад Амраа тасраад орон дээр унтаад өгсөн. Улка бид 2 үлдсэн пивоо ууя гэж байхад Баясаа унтаж байснаа босож ирээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү гараараа 2-3 удаа шанаадахаар нь чи одоо дахиад намайг шанаад гэхэд дахиад миний нүүр лүү гараараа цохиод хоолой боогоод багалзуурдаад сандал дээр амьсгал боогдох үед Улка цагдаа гэж орилсон. Баясаа хаалга руу очиж харах гээд хаалгаар гарах гэж байхаар нь би чамайг явуулахгүй гээд хаалган дээр очоод 2 гараа алдалтал би хангалттай явна за юу, наад хачин цагдаа нар чинь намайг яаж ч чадахгүй гээд баруун гараараа миний хоолойг багалзуурдаж хаалганд шахаад гарах гэхээр нь үгүй ээ би явуулахгүй гэж хэлээд 2 гараараа урдаас нь түлхэхэд хойшоогоо унахдаа шүүгээ толгойгоороо мөргөчихсөн. Тэгээд Баясаа гар утсаа гаргаж ирээд нэг хүнтэй, хачин гичий надтай зодолдоод намайг амраасангүй гэхээр нь миний дургүй хүрээд би гар утсыг нь булааж аваад цонхоор шидсэн. Ресепшн өрөөнд орж ирээд гараад утсыг чинь аваад ирье гэж хэлээд гар утсыг нь авч орж ирсэн, удалгүй цагдаа нар орж ирсэн. Би гомдолтой байна. Тухайн үед томографит үзүүлсэн, нүдээ үзүүлсний зардал болох 220,000 төгрөг, ажилдаа яваагүй 10 хоносон 480,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үзүүлсэн баримтаа тухайн үед гээсэн” гэсэн мэдүүлэг /хх-10 дугаар хуудас/,

Гэрч Б.Наранзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ариунжаргал, Баясгалан бас нэг үл таних залуутай 5 шарын автобусны буудлын хажууд байрлах буудалд архи уусан, нэрийг нь сайн санахгүй байна. Тэндээ уугаад байж байтал Баясгалан унтаад өгсөн. Ариунжаргал Баясгаланг сэрээх гээд чимхэж аваад, цохиод байсан. Баясгалан болиоч гэж хэлсэн, тэгтэл Ариунжаргал Баясгаланг алгадаад авсан, Баясгалан уурлаад Ариунжаргалын нүүр лүү алгадсан. Тэгээд Баясгалан босож ирээд тэр хоёр хоорондоо зодолдсон” гэсэн мэдүүлэг /хх-51-52 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11770 дугаартай: “Ж.Ариунжаргалын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-20-21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр Амраа, Улка, Ариукаа нар буудалд ууж байна хүрээд ир гээд тэр гурав дуудахаар нь би Баян зочид буудалд хоёр пиво, нэг шил архи аваад очсон, тэгээд тэндээ авсан юмаа уугаад ярилцаж байгаад би унтаад өсгөн. Тэгсэн Ариукаа намайг 2 удаа алгадаад авсан, тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэтэл миний гар утсыг авч шидээд согтуурхаад байхаар нь би гарлаа гээд гарах гэсэн хаалга хааж зогсчхоод намайг түлхээд би хойшоо унаад өлгүүрт толгой цохигдоод хагарсан. Тэгэхээр нь би уурлаад нүүр хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37 дугаар хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40 дүгээр хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-41 дүгээр хуудас/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /хх-42 дугаар хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-44 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч О.Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Баясгалан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Их баян төв зочид буудлын 204 тоот өрөөнд “унтаж амарч байхад цохиж, алгадлаа” гэх шалтгааны улмаас хохирогч Ж.Ариунжаргалтай маргалдаж, улмаар түүнийг цохиж, биед нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, дээд, доод уруулын язарсан шарх, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч Ж.Ариунжаргал, гэрч Б.Наранзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11770 дугаартай дүгнэлт, шүүгдэгч О.Баясгалангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэж гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлсон боловч хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ж.Ариунжаргалын мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар уг гэмт хэрэг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөвтгөн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Ж.Ариунжаргалын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч О.Баясгалангийн гэм буруутай үйлдэл болох гараараа цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Баясгалан нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Баясгалангийн бусдыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тухайн үед хохирогч Ж.Ариунжаргал нь шүүгдэгч О.Баясгаланг цохиж алгадсан, түлхэж унагаасан, түүний гар утсыг авч зочид буудлын цонхоор шидсэн үйл баримт тогтоогдсон хэдий ч шүүгдэгч О.Баясгалан шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гар утасны талаар гомдол саналгүй гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнчлэн Ж.Ариунжаргалын дээрх үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар холбогдох байгууллагад шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ариунжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “эмчилгээ, оношилгооны төлбөр болох 220,000 төгрөг, ажилдаа яваагүй 10 хоногийн 480,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэлийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ж.Ариунжаргал нь өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Баясгалангаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч О.Баясгалан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч О.Баясгаланд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч О.Баясгаланд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баясгаланг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч О.Баясгалангийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Баясгалан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тост овогт Отгонбаярын Баясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баясгаланг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч О.Баясгаланд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Баясгалан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Ариунжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч О.Баясгалангаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч О.Баясгалан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Баясгаланд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НЯМДАВАА