Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            02           27                                         2023/ШЦТ/131                                

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан /томилолтоор/, шүүгдэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт******* *******д холбогдох эрүүгийн 23100 0000 0044 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны мэргэжилтэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 131/5 дугаар байрны 25 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овогт******* ******* /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр И-Март худалдааны төвийн 1 давхарт байрлах Ч.Оюунтөгсийн түрээслэн ажиллуулдаг гутлын дэлгүүрийн худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан 2 ширхэг гутлыг хувьдаа завшиж, 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Н.*******ээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг,

Гурав. Эрүүгийн 23100 0000 0044 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ч.Оюунтөгсийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сараас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март худалдааны төвийн 1 давхарт гутлын лангуу түрээслэн хувиараа гутал зарж байгаа. Ингээд цагийн худалдагчаар ******* гэх эмэгтэйг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилд авсан. 15-22 цагийн хооронд цагаар ажиллаад, цагт 25.000 төгрөг авдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2 гутлын мөнгийг ******* төлөөгүй бөгөөд маргааш нь уг 2 гутал алга болсныг мэдсэн. Тэгээд өөрөөс нь асуухад фейсбүүкээ устгаад алга болсон. Гэтэл 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед нэг гутлыг зараад, нөгөөг нь өөрөө өмсөөд гарч байгаа бичлэг үлдсэн байсан.

Дээрх гутлууд нь Турк Улсын Flufie брэндийн 37, 38 размерын нэг ширхгийн үнэ нь 599.000 төгрөг, нийлээд 1.198.000 төгрөгийн үнэтэй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-11 дэх тал),

2. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1156 дугаартай:

“...үнэлэгдэж буй 2 ширхэг Турк гутал нь нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.198.000 /нэг сая есөн зуун ерэн найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 19-22 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.*******ийн яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын намайг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил цагийн ажил хайж яваад******* уулзсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх И-март худалдааны төвд гутлын лангуун дээр худалдагчаар ажилд орсон. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэг эмэгтэй гутлыг нь 530.000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь бэлнээр авсан. Нэг эмэгтэй гутлыг өөрөө өмсөөд ажлаас гарсан. Би хүнд мөнгөний өртэй байсан учир гутлын мөнгийг өгсөн. Нөгөө гутлыг одоо өөрөө өмсөж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 34 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 44 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.*******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр И-Март худалдааны төвийн 1 давхарт байрлах иргэн Ч.Оюунтөгсийн түрээслэн ажиллуулдаг гутлын тасагт цагийн тарифаар цалинжин, худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тасагт худалдан борлуулж байсан Турк улсад үйлдвэрлэгдсэн Flufie брэндийн тус бүр нь 599.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг эмэгтэй хос гутлын нэг хосыг нь худалдан борлуулсан атлаа мөнгийг тушаалгүй, өөртөө авч ашиглах, мөн нэг хос гутлыг өөрөө өмсөж ашиглах замаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Ч.Оюунтөгсөд нийт 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- хохирогч Ч.Оюунтөгсийн: “...Би 2022 оны 10 дугаар сараас Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март худалдааны төвийн 1 давхарт гутлын лангуу түрээслэн хувиараа гутал зарж байгаа. Ингээд цагийн худалдагчаар ******* гэх эмэгтэйг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажилд авсан. 15-22 цагийн хооронд цагаар ажиллаад, цагт 25.000 төгрөг авдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2 гутлын мөнгийг ******* төлөөгүй бөгөөд маргааш нь уг 2 гутал алга болсныг мэдсэн. Тэгээд өөрөөс нь асуухад фейсбүүкээ устгаад алга болсон. Гэтэл 12 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн үед нэг гутлыг зараад, нөгөөг нь өөрөө өмсөөд гарч байгаа бичлэг үлдсэн байсан.

Дээрх гутлууднь Турк Улсын Flufie брэндийн 37, 38 размерын нэг ширхгийн үнэ нь 599.000 төгрөг, нийлээд 1.198.000 төгрөгийн үнэтэй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 10-11 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1156 дугаартай:

“...үнэлэгдэж буй 2 ширхэг Турк гутал нь нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 1.198.000 /нэг сая есөн зуун ерэн найман мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 19-22 дахь тал),

- шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын намайг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.

Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил цагийн ажил хайж яваад******* уулзсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх И-март худалдааны төвд гутлын лангуун дээр худалдагчаар ажилд орсон. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэг эмэгтэй гутлыг 530.000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь бэлнээр авсан. Нэг эмэгтэй гутлыг өөрөө өмсөөд ажлаас гарсан. Би хүнд мөнгөний өртэй байсан учир гутлын мөнгийг өгсөн. Нөгөө гутлыг одоо өөрөө өмсөж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-30 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр И-Март худалдааны төвийн 1 давхарт байрлах иргэн Ч.Оюунтөгсийн түрээслэн ажиллуулдаг гутлын тасагт цагийн тарифаар цалинжин, худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус тасагт худалдан борлуулж байсан Турк улсад үйлдвэрлэгдсэн Flufie брэндийн тус бүр нь 599.000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг эмэгтэй хос гутлын нэг хосыг нь худалдан борлуулсан атлаа мөнгийг тушаалгүй, өөртөө авч ашиглах, мөн нэг хос гутлыг өөрөө өмсөж ашиглах замаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирогч Ч.Оюунтөгсөд нийт 1.198.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар тус тус маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.*******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Оюунтөгсийн эд хөрөнгөд 1.198.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.******* нь учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн болох нь Мөнгөн шилжүүлгийн хуулга (хэргийн 48 дахь тал) баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Н.*******ийн хувьд эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх хохиролгүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.******* нь нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 44 дэх тал) тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Н.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь хэргийн үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхлэлтийн байдал болон орлого олох боломж зэргийг харгалзан, уг ялыг хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэв.               

Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт******* *******ийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД