Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

хохирогч О.,

шүүгдэгч Ц.******* өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******т холбогдох эрүүгийн 2305000000103 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 18-нд ******* аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цаг уур, орчны шинжилгээний инженер мэргэжилтэй, “******* экуйпмент” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* *******гийн ******* дугаар гудамжны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, овогт ын ******* /Регистрийн дугаар: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” бааранд согтуугаар хохирогч О.ыг цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүд болон зүүн доод 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг төлнө. Надаас 4,500,000 төгрөг нэхсэн, их байхаар нь шүүх дээр баримтаар нэхэмжилсэн мөнгийг төлье гэж хэлсэн. Миний биед сүртэй гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч О. мэдүүлэхдээ: “...Тухайн үед шинэ жил тэмдэглээд найзуудтайгаа бааранд орсон. Энэ хүн гурвуулаа явж байсан, надтай хамт явж байсан ахыг өдөөд байсан. Манай ахтай ноцолдоод унасан татаад босгох гэтэл хамар хэсэг рүү тас хийтэл цохиод хамраас цус гоожсон. Би архи уугаагүй эрүүл байсан, намайг хэн цохисныг сайн мэдэхгүй байна. Шүүх хурлаас өмнө хохирлын мөнгө өгнө гээд өгөөгүй. Хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлын газрын хүмүүстэйгээ “Парис” нэртэй бааранд орсон. Тэгээд бүжгийн талбайд бүжиглэж байтал бүжгийн талбайд бүжиглэж байсан үл таних хүмүүс хоорондоо маргалдаад байсан. Тэгээд би дундуур нь ороод болиулах гэж байтал хоорондоо маргалдаж байсан үл таних хүмүүс над руу дайраад миний хувцаснаас хойш татаад байсан бөгөөд тэр үед миний хамар, ам хэсэг рүү хэн нэгэн нь цохих шиг болсон бөгөөд миний хамар амнаас цус гараад шүд үйрээд, толгой манараад явчихсан. Тэгээд босоод сууж байсан ширээн дээрээ очоод сууж байтал хамт явсан хүмүүс маань ирээд хамар амнаас чинь цус гарч байна гээд цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг цохисон хүнийг барьж аваад, харин намайг гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Би гомдолтой байна, яаралтай хамрын хагалгаанд орохоор байгаа тул эмнэлгийн зардал төлбөрүүдээ нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-9-10 дугаар хуудас/,

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 23 цагийн үед найз *******, Балжинням нарын хамт “Парис” нэртэй бааранд ороод 0,75 литрийн 1 шил архи, 3 ширхэг 0,5 граммын лаазтай пиво аваад уугаад сууж байгаад би тамхи татахаар тамхины өрөө рүү ганцаараа явсан. Тэгээд тамхи татчихаад 5 орчим минутын дараа тамхины өрөөнөөс гараад текний ойролцоо маргалдаад байгаа хүмүүс дээр очиход үл таних эрэгтэй нүүрээ дарчихсан хүнд цохиулчихсан байдалтай байсан бөгөөд би *******, Балжинням нараас юу болсон талаар асуухад үл таних хүмүүстэй маргалдаад ******* тухайн залууг цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-14-15 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 629 дугаартай: “О.ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүд болон зүүн доод 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-20-21 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цагийн үед найз Балжинням, нарын хамт гэмтлийн дунд замд байрлах Парис нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод 1 шил 0,75 литрийн архи, 3 ширхэг 0,5 литрийн лаазтай пиво аваад уугаад бүжиглээд байж байтал гаднаас үл таних 5, 6 залуучууд орж ирцгээсэн бөгөөд тухайн залуучууд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хүмүүсийг өдөөд маргаан үүсгээд байсан. Тэгээд би 2 цаг орчим бүжиглээд суугаад байж байгаад бүжгийн талбай дээр маргаан болоод байхаар нь зодоон болохоос нь өмнө явъя гэж бодоод текэн дээр тооцоо хийх гээд зогсож байтал хохирогч О. гэх эрэгтэй /тухайн үед цагаан цамцтай байсан/, малгайтай хар өнгийн цамцтай эрэгтэйтэй хамт над дээр ирээд хэрүүл өдөөд талбай жижигдээд байна уу гээд маргаан үүсгээд байж байгаад гэнэт миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тухайн залуутай барьцалдаж аваад буцаагаад нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэгээд бөөн бужигналдаан болж хамгаалагч нар нь орж ирээд бид хоёрыг 2 тийшээ салгаад ширээ ширээнд нь аваачиж суулгасан бөгөөд удалгүй би баарнаас гарах гэтэл цагдаа дуудчихсан байгаа хүлээгээд байж бай гэсэн. Тухайн үед Балжинням, нар маргаан зодоонд оролцоогүй. Тухайн эрэгтэй надаас өөр хүмүүстэй зодолдоогүй” гэсэн мэдүүлэг /хх-32-33 дугаар хуудас/,

Хохирогч О.ын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-39-41, 46-49 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-54 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-55 дугаар хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-56 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-57 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Улсын яллагч “шүүгдэгч Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” бааранд хохирогч О.ыг цохиж, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1 дүгээр шүд болон зүүн доод 1 дүгээр шүдний цөгцний эмтрэл, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч О., гэрч П. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 629 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч О.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.*******ийн гэм буруутай үйлдэл болох цохисноос үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.*******ийн бусдыг цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ц.*******ийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, уг тогтоолын хувийг түүнд гардуулан өгсөн боловч Ц.******* нь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 602,610 төгрөгийг холбогдох баримтаа гарган өгч нэхэмжилснийг шүүгдэгч Ц.******* шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болно.

Харин хохирогч О. өвчтэй байснаас шалгалтууддаа орж чадаагүй учраас хичээлийн багц цагийн төлбөр гэж 970,000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ц.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан баримтаар тогтоогдсон хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч Ц.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.*******өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч О.ад 602,610 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА