| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2023/0998/З |
| Дугаар | 221/МА2025/0160 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0160
“Ц” ТББ-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэгч: “Ц” ТББ
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 912 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0998/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ТББ нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 912 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 4, 6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/377 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: ““Ц” ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт С.Ү миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0912 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Нэхэмжлэгч “Ц” ТББ-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд байрлах 2.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаартай тушаалаар тухайн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
3.2. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Мөн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” гурвалсан гэрээний 2.5 дахь заалтад газар ашиглах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дуусахаар заасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох хуулийн нарийвчилсан заалттай. Гэвч нэхэмжлэгч нь газрын эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй.
3.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газрын төлбөр төлөх хугацааг хойшлуулах, газрын гэрчилгээг цуцлахгүй байхыг хүссэн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлтүүдээр тогтоогдож байна хэмээн хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.
3.4. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргахдаа хуулийн хугацаанд холбогдох баримт бичгүүдийг хавсарган яаманд хандах ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани газрын гэрчилгээг цуцлахгүй байх агуулга бүхий хүсэлтийг хуульд заасан хугацаанд буюу гэрчилгээний хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргаагүй. Мөн холбогдох бичиг баримтуудыг хавсаргаагүй байсан тул Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас санал авч эргээд хандахыг мэдэгдэж материалыг буцааж шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судлаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0912 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ц” ТББ-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/321 дүгээр тушаалаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын аманд байрлах 2.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаатай ашиглахаар болсон байна.
3.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Чулуутын амны хязгаарлалтын бүсээс “Ц” ТББ-т ашиглууахаар олгосон газрын ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад байгууллагад гаргаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу “Ц” ТББ-ын 23615 м.кв газрын ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснээр энэхүү маргаан үүсжээ.
4. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж тус тус заасан.
4.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл газар ашиглах эрх бүхий этгээд нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө газар ашиглах гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шаардагдах баримтын хамт холбогдох журмын дагуу гаргаснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хугацаа сунгах эсэх асуудлыг судлан шийдвэрлэхээр байх бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор зохицуулжээ.
4.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ц” ТББ нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болон 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан “COVID-19 цар тахлын хүрээнд орлого муу, үйл ажиллагаанд хүндрэл учирч байна. Иймд манай газрын төлбөр төлөх хугацааг хэсэг хугацаанд харгалзан үзэж, газрын гэрчилгээг цуцлахгүй байхыг хүсэж байна”, “ гэсэн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах агуулга бүхий хүсэлтүүдийг гаргасан байх тул нэхэмжлэгчийг газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй гэж шууд буруутгах үндэслэлгүй.
4.3. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй атлаа 3 жилийн дараа буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байгаа нь захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд биелүүлж, бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь захиргааны үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахгүй гэж үзэхээр байна.
4.4. Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн “... хариуцагчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаартай “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэр гаргасан ...”, “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүйгээр шууд ноцтой зөрчил байна гэж үзэж манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан хуульд үндэслэх болон бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмуудыг зөрчсөн ...” гэсэн тайлбараас үзэхэд хариуцагчийн зүгээс хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлтүүдийг хариуцагч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн дээрх хүсэлтүүдийг хариуцагч тухайн үед нь шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болгох эсэхийг цаг тухайд нь шийдээгүй атлаа 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/377 дугаар тушаалаар “газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө нь эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.
4.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч нь газрын эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй ...”, “... хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй ...”, “... нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх боловч шийдвэрийн “Тогтоох” хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталбал зохих хуулийн заалтыг баримтлахгүй орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/0912 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6...” гэсний дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1-ийн 1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ