Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/161

 

 

 

 

 

 

 

 

 

     2023            03           10                                         2023/ШЦТ/161                                

                                                                                                                              

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хззэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч Б.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэлэг Тайж овогт************** холбогдох эрүүгийн 22100 2686 0034 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, “Нормаунт” ХХК-д яаралтай тусламжийн жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах,******* дүүргийн 23 дугаар хороо, Арцат ам хорооллын 1432 дугаар байрны 80 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Дэлэг Тайж овогт************** /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед******* дүүргийн 23 дугаар хороо, Арцат апартмент 2 хотхоны 1432 байрны 80 тоотод хамтран амьдрагч Ө.Отгончимэгийг бусадтай хардаж маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Б.Гантулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Гантулгаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Манай эхнэр хэрэгт мэдүүлэг өгөхдөө “өмнө нь намайг зодсон” гэсэн байсан. Би өөрөө тамхи татдаггүй, түүнд бас “тамхи татах хэрэггүй” гэхэд жирэмсэн байхдаа тамхи татдаг, бас найзуудтайгаа архи уучихдаг байсан. Би зүгээр байхад нь зодоогүй. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд 3-4 хүнтэй унтсан гэж өөрөө хэлсэн. Би тэр хүмүүс рүү нь залгаж асуусан.

Би 2022 оны 9 дүгээр сард Өмнөговь аймаг руу 14 хоногоор ажилд явсан. Намайг ажил дээрээ дөнгөж очиход тэр шөнөжингөө архи уугаад, хувцсаа тайлаад, гэртээ хүн авч ирээд архи ууж байсан. Би ажлаасаа өглөө үүрээр ирэхэд гэрт найз нь гэх нэг залуутай байсан. Хоёулаа согтуу, нүцгэн байсан. Манай 2 хүүхэд нөгөө талын өрөөнд нь унтаж байсан. Би тэр хоёрыг хөөж гаргаад, цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн. Би цагдаад “гомдолтой байна” гэхэд ямар ч арга хэмжээ аваагүй. Дараа нь дахиад бааранд орсон гэж хэлсэн.

Би маргааш нь “ямар залуутай танилцсан бэ” гэхэд “тийм зүйл байхгүй” гэсэн. Утсыг нь үзэхэд хүнтэй танилцаад, дугаарыг нь авсан байсан. Гэрийн доод талын залуутай танилцаад, мөн дугаарыг нь авчихсан байсан. “Яах гэж байгаа юм бэ” гэхэд “надад өөрөө дугаараа өгсөн” гэж хэлсэн. Нэрийг нь өөр нэрээр хадгалсан байсан. Би залгаж асууна гэхэд утсаа өгөөгүй. Гэрт 1 залуутай хоносон үед нь би “дахиж ингэхгүй биз дээ” гэхэд “тэгэхгүй” гэсэн. Урд нь 2, 3 удаа өөр хүнтэй уулзсан гэж хэлсэн. Би тэр болгонд уучлаад, хоёр хүүхдээ бодоод хамт амьдарч байна. Би тэр өдөр үнэхээр тэсэхгүй зодсон. Би зүгээр байхад нь зодоогүй.

Би 2 хүүхдээ бодоод хамт амьдарч байгаа. Цохисон нь миний буруу. Би өмнө нь зодож байгаагүй. Намайг ажилдаа явахаар л архи, пиво уудаг. Цагдаа “танай эхнэр архины хамааралтай юу” гэж асуусан. Би нотлох зүйлгүй болохоор байнга уудаг гэж хэлээгүй. Цагдаад хэлэхээр “танай эхнэр албадан эмчилгээнд явж байгаагүй, эрүүлжүүлэгдэж байгаагүй болохоор архины хамаарал байхгүй юм байна” гэсэн. Ганц удаа эрүүлжүүлэхэд өгсөн. Хүүхдүүддээ гэрийн багш авсан тул гэртээ камер тавиад гар утастайгаа холбосон байсан болохоор дээрх болсон асуудлыг би тэр нь мэдэж ажлаасаа буцаж ирсэн байдаг. Эхнэрийнхээ эрүүл  мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Миний буруу. Хардалтаас болж хэрүүл маргаан үүсэж, эрх чөлөөнд нь халдсан асуудал гаргасан.“ гэсэн мэдүүлэг,

Гурав. Эрүүгийн 22100 2686 0034 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Отгончимэгийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр******* дүүргийн 23 дугаар хороо, Арцат апартмент 2 хотхоны 2-80 тоот гэртээ нөхөр, хоёр хүүхдийн хамт байж байхад орой 19 цагийн үед манай нөхөр миний гар утсыг хараад, “өөр эрэгтэй хүний утасны дугаарыг хадгалсан байна” гээд намайг угаалгын өрөөнд оруулж байгаад зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Гэтэл манай нөхөр гараад явчихсан. Өмнө нь намайг 2 удаа зодож байсан ба надад тухайн үед бичлэг, нотлох баримт гэх зүйл байгаагүй учир цагдаад мэдэгдээгүй. Бас гэмтэл учруулахаар сүртэй биш байсан.

...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ асуудал миний өөрийн буруугаас болсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),

2. ШШҮХ-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14706 тоот:

“1. Ө.Отгончимэгийн биед баруун хацар, баруун зүүн бугалга, цээж, хэвлий, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 21-22 дахь тал),

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Гантулгын яллагдагчаар өгсөн:

“...Ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Манай эхнэр Ө.Отгончимэг 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бааранд пиво уусан байсан. Тэгээд маргааш өдөр нь ...нэг хүнтэй утсаар “урьд шөнө би бааранд нэг цэвэрхэн залуутай танилцсан” гэж ярьж байсан. Тэгээд би ...ариун цэврийн өрөөнд “чи гар утсаа өг дөө, ямар залуутай танилцсан гэж яриад байгаа юм бэ” гэхэд надад “гар утсаа өгөхгүй” гэж хэлсэн. Ингээд миний уур хүрээд, түүнийг зодож, бие эрх чөлөөнд нь халдсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 40-41 дэх тал) мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх баримтын лавлагаа (хэргийн 44 дэх тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 46 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 54 дэх тал), “Нормаунт” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт (хэргийн 55, 62 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гантулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Гантулга нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед******* дүүргийн 23 дугаар хороо, Арцат апартмент 2 хотхоны 1432 байрны 80 тоотод хамтран амьдрагч Ө.Отгончимэгийг бусадтай хардсаны улмаас маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар гараараа цохих, алгадах зэргээр зодож цохин эрүүл мэндэд нь “..баруун хацар, баруун зүүн бугалга, цээж, хэвлий, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт баруун эгэмд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн:

 - хохирогч Ө.Отгончимэгийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр******* дүүргийн 23 дугаар хороо, Арцат апартмент 2 хотхоны 2-80 тоот гэртээ нөхөр, хоёр хүүхдийн хамт байж байхад орой 19 цагийн үед манай нөхөр миний гар утсыг хараад, “өөр эрэгтэй хүний утасны дугаарыг хадгалсан байна” гээд намайг угаалгын өрөөнд оруулж байгаад зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Гэтэл манай нөхөр гараад явчихсан. Өмнө нь намайг 2 удаа зодож байсан ба надад тухайн үед бичлэг, нотлох баримт гэх зүйл байгаагүй учир цагдаад мэдэгдээгүй. Бас гэмтэл учруулахаар сүртэй биш байсан.

...Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Энэ асуудал миний өөрийн буруугаас болсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 12 дахь тал),

- ШШҮХ-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14706 тоот:

“1. Ө.Отгончимэгийн биед баруун хацар, баруун зүүн бугалга, цээж, хэвлий, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт баруун эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 21-22 дахь тал) болон шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 40-41 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтогдсон байна. 

Прокуророос шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Гантулга, хохирогч Ө.Отгончимэг нар нь дундаасаа үр хүүхэдтэй, эцэг, эх болохын хувьд гэр бүлийн амьдралаар хамтран амьдарч байгаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах субъект мөн хэдий ч шүүгдэгч Б.Гантулгын зүгээс хохирогч Ө.Отгончимэгтэй хамт амьдрах хугацаанд гэрлэгчдийн эрх тэгш байх эрхийг зөрчсөн, хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан гэх нөхцөл байдал байдал тогтоогдоогүй, энэ талаар тодорхой үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий хандах, дошин авирлах, зовоон тарчлаах, эдийн засгийн эрхшээлд байлгах зэргээр бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдлийг байнга үйлдэж зовиур шаналал учруулдаг, уг үйлдэл тогтсон хэвшмэл шинжийг агуулж, тодорхой нэг хүний /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай/ эсрэг байнгад чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хууль болон Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь хохирол, хор уршиг учирсныг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх хуулийн зохицуулалтай. 

Хэрэг гарсан тухайн өдөр шүүгдэгч нь хохирогчийг бусадтай хардаж, “утсандаа өөр эрэгтэй хүний дугаарыг хадгалсан байна” гэсэн тодорхой сэдэлттэй шалтгааны улмаас тэдний хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн, улмаар маргааны явцад шүүгдэгч Б.Гантулга нь эхнэр Ө.Отгончимэгийн нүүр, гар луу нь гараараа цохиж зодон, биед нь “зулайн хуйханд няцарсан шарх, зүүн тохойд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.Гантулгын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд, нэг удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж шүүх дүгнэв. 

Иймд прокуророос Б.Гантулгын хамтран амьдрагч Ө.Отгончимэгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Хэргийн шүүгдэгч Б.Гантулга нь эхнэр Ө.Отгончимэгийг бусадтай хардаж, зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

Хэргийн хохирогч Ө.Отгончимэг нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” хэмээн мэдүүлж /хэргийн 12/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч Б.Гантулгаас гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Гантулга нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 54 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан Б.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

Энэ хэрэгт Б.Гантулга нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Отгончимэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                   

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокуророос Дэлэг Тайж овогт************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Дэлэг Тайж овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гантулгад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Гантулга нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт Б.Гантулга нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.Отгончимэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД