| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0052/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/70 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Жавхлан хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын 2-р дамжааны оюутан, ам бүл 6, ээж, эмээ, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* хотхон, 421-86 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь согтуурсан үедээ буюу 2022 оны 10 дугаар 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны 106 тоотод Э.*******тай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, амны зүүн хажуу эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000001401 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Э.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/
Гэрч Д.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/
Гэрч Б.ын мэдүүлэг /хавтаст хэргийн16 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 14967 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, оршин суух газрын лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар 24-25-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны 106 тоотод хохирогч Э.******* нь найз охин Д.*******г гэрээсээ явуулахгүй гэснээс шалтгаалан маргалдаж, улмаар нүүр рүү нь гараараа цохиж баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, амны зүүн хажуу эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Э.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “2022 оны 10 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагийн үед гэрт манай найз охин, түүний ажлын газрын хүмүүс байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 03 цагийн үед нэг залуу гэрийн ширээн дээр хөлөө тавихаар нь би уурлаад шаардлага тавьсан чинь “чи чинь яасан сонин залуу вэ, чи соёлтойгоор зайл гээд хэлчхэж байгаа юм биш үү?” гээд тэр хэд хувцсаа өмсөөд гарах гэж байсан чинь цаана нь Содоо гэдэг нэртэй залуу зогсож байснаа “чи яасан олон үгтэй юм бэ” гээд шууд нүүр рүү цохисон. Тэгээд толгой тус газраа хэд цохиулсан. Хамт явж байсан ажлын газрын охидууд нь болиулаад тэд нар гараад явсан. Манай найз охин араас нь дагаад гарсан. Тэгээд цагдаад хандаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дахь тал/
Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Тухайн өдөр манай ажлын гэх залуугийн төрсөн өдөр болоод Хан Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхонд байх ******* бид хоёрын түрээсэлдэг *******-106 тоотод тэмдэглэсэн. ширээн хөлөө тавьснаас болж ******* уурлаад гэрээс бүгдийг нь хөөсөн. Тэгээд манай ажлынхан “согтуу хүнтэй найзыгаа үлдээхгүй” гээд намайг авч явах гэсэн чинь ******* над руу уурлаад “архичин, гэртээ хүн цуглууллаа, чамайг явуулахгүй” гэж хэлсэн чинь манай ажлын ******* урдуур орж өмөөрсөн. Тэгээд тэр 2 муудалцсан ба яг зодолдож байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: ...“ хөлөө ширээн дээр тавьсан чинь ******* босож ирээд “манайхыг хүндлээгүйд баярлалаа” гэхэд би уучлал гуйсан чинь дахиад үглээд байхаар нь сүүлдээ “за уучлаарай, эелдгээр хөөсөнд баярлалаа, гаръя” гэж хэлээд бусдыгаа босгосон. Цагдаагийн байгууллагаас дуудах үед бид нар хоорондоо ярьсан чинь Оргил буюу ******* нь “би цохисон юмаа” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүхийн эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 14967 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.*******ын биед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, амны зүүн хажуу эрүүнд зулгаралт, гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: ...Тэгээд “эелдгээр хөөж байгаад баярлалаа, бид нар ингээд явлаа” гэж хэлээд бусдыгаа “хувцсаа өмс, явъя” гээд босгож эхэлсэн. Тэгээд бид хэд бөөнөөрөө үүд рүү очоод хувцсаа өмсөж байхад цаана том өрөөнд *******, ******* хоёр хоорондоо маргалдаад байсан. ******* бид нартай гарах гэж байхад ******* гаргахгүй гээд байсан. Тэр үед нь би “найзыгаа аваад явчихъя” гэхэд явуулахгүй байсан болохоор ажлынхан гарсны дараа би *******ыг орилоод байхаар нь тайвшруулах гээд нүүр рүү нь нэг цохисон. Тэгээд суулгаж ярьж байгаад гараад явсан юм. Би гэм буруу дээрээ маргахгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2022 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* хотхоны ******* байрны 106 тоот хохирогч Э.*******ыг “найз охин Д.*******г гэрээсээ явуулахгүй” гэснээс шалтаглан маргалдаж, нүүр рүү нь гараараа цохисны улмаас хохирогчийн биед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, амны зүүн хажуу эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Д.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн нь хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцахын зэрэгцээ цагийн ажил эрхэлж орлого олдог хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдэх нь зүйтэй.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ын биед баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, амны зүүн хажуу эрүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хохирогч Э.******* нь “CHILL RESTAURANT&LOUNGE”-д тогоочоор ажилладаг, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллаагүй нь үнэн болно. Нэг өдрийн 80.000 төгрөг, 10 өдрийн 800.000 төгрөгийн цалинтай” гэсэн тодорхойлолт ирүүлжээ. /хэргийн 76 дахь тал/
Хохирогч нь гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин, хөлсөө нэхэмжлэхэд ажиллаж буй байгууллагын тодорхойлолтоос гадна эрүүл мэндийн шалтгаанаар ажил эрхлэх боломжгүй байсан эмнэлгийн магадалгаа, түүний цалин хөлсний дунджийг тодорхойлсон баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн хохирогчийн дутуу авсан цалин, хөлсийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэдэг.
Гэвч шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ад 800.000 төгрөг нөхөн төлсөн байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь хохирогч Э.*******ын эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг нөхөн төлснийг дурдcугай.
.
5. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР