| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/279 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/279
2023 02 28 2023/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Шүүгдэгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Уд холбогдох 2206 04493 3275 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 22 дугаар гудамжны 356б тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Жы У /РД: /.
Хэргийн товч агуулга:
Ж.У нь 2022 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Ганцэцэгийн үлдээсэн байсан гадуур хувцас, халаасанд нь байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.781.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.У өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн өдөр Нямгарав, Ганцэцэг нарын хамт байсан. Бид нар 10 гаруй жилийн өмнөөс танилцаж найзууд болсон... Тухайн үед Нямгаравыг гадуур хувцастай эсэхийг нь сайн санахгүй байна. Нямгаравын гадуур хувцас юм болов уу гэж бодоод аваад гарсан. Би тухайн үед халаасанд нь утас байсан эсэхийг анзаараагүй, тамхи хийсэн гэж Ганцэцэг хэлж байсан. Надад ганцхан тамхи татдаг өрөөний бичлэгийг харуулсан. Гарч байгаа болон таксинд сууж байгаа талаар гаднах камерт бичигдсэн байх. Надад гаднах камерын бичлэгийг харуулаагүй. Тэгээд Нямгарав бид хоёр тухайн баарнаас гараад такси барьсан. Бид хоёр тухайн үед жоохон маргалдаад би 13 дугаар хорооллын 4 замын уулзварын тэнд тухайн таксинаас буугаад өөр такси барьж нөхөр лүүгээ явсан... Би уг нь гар утсыг нь аваагүй, намайг авсан гээд гүтгээд байгаа юм...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганцэцэгийн өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 15:00 цагийн орчимд ажлаасаа тараад такси бариад Баянзүрх дүүргийн Амгаланд байрлах “Оргил” худалдааны төвийн орчимд найз Нямгарав дээр очсон. Тэндээсээ найзтайгаа хамт Офицеруудын ордон өгсөөд караоке орсон. Тэр караокеноос 20:00 цагийн орчимд гараад найз Нямгаравын хамт бас нэг үл таних эмэгтэйтэй бид 3 орсон караокеныхоо ойролцоо нэрийг нь санахгүй байна, нэг буудалд орж 2, 3 шил пиво уусан. Ууж дуусаад би найз Нямгаравын хамт буудлаас гараад найз Уыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Асет” худалдааны төвийн орчмоос очиж аваад бид гурав “Санан дурсахуй” бааранд орсон. Тийшээ ороод бид 3 пиво ууж бүжиглэж байгаад би хоёр найзаасаа түрүүлээд 00:00 цаг өнгөрөөгөөд явсан. Явахдаа өөрийн өмсөж явсан хар өнгийн, зүүн ханцуйн дээрээ “North face” гэх бичигтэй нимгэн гадуур хувцсаа үлдээгээд явсан байсан. Хувцасны маань халаасанд I phone 11 pro max загварын гар утас байсан. Цэнэг нь дуусахаар нь халаасандаа хийгээд цахилгаандсан байсан, хамт үлдээгээд явсан. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр найз Нямгаравын гэрт нь очиж асуухад “Надад тийм куртик, утас байхгүй, бид 2 авч гараагүй” гэж хэлсэн. Түүнээс хойш найз Нямгарав, У хоёрын утас нь холбогдохгүй байж байгаад өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбогдож “Хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн, та хоёр аваад гарч байна” гэж хэлэхэд найз Нямгарав, У хоёр хоёулаа “Би мэдэхгүй, авч гараагүй, чи хувцастай орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгээд хамт очиж хяналтын камер шүүж үзье гээд хэлэхэд У “Чи яагаад хүн гүтгээд байгаа юм бэ, бид хоёр чиний хувцас, утсыг яасан гэж авах юм” гэж уурлаж, орилж үг хэлээр доромжлоод байхаар нь би утсаа салгасан. Мөн Нямгарав араас нь утсаар залгаад “Юу яриад байгаа юм бэ, бид хоёр аваагүй, чи ингээд хүн гүжирдээд байвал чамайг бас цагдаад гүжирдсэн гэж өгнө шүү” гэж хэлсэн. Би гар утсаа аваад нээх удаагүй, 2022 оны 06 дугаар сард 1.500.000 төгрөгөөр авсан, имей код нь байхгүй байна, авсан хүнээсээ асуугаад хэлнэ. Гадуур хувцсаа нэг сарын өмнө 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хяналтын камерын бичлэгт миний куртикийг найз Ж.У аваад гарч байгаа бичлэг байсан, мөн бичлэг дээр тамхины өрөөнд миний гадуур хувцасны утас байсан халаасыг онгойлгоод хайрцагтай тамхиа хийгээд аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.10-12/,
“... би гомдолтой байгаа учир өөрийн хохирол болох 1.781.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг/ хх.40/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямгаравын өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15:00-16:00 цагийн орчимд найз Ганцэцэгтэй Чулуун овооны “Оргил” худалдааны төвийн гадна уулзаад бид хоёр караокед орсон. Арав орчим шил пиво уусан, яг хаана ямар караокед орсноо санахгүй байна. Тэндээсээ гараад “Их засаг” их сургуулийн орчимд Намар билүү Амар билүү нэртэй буудалд орж, пиво уусан. Тэнд байж байгаад гарч бааранд оръё гээд найз Уыг 19:00-20:00 цагийн орчимд цайз худалдааны төвийн тэндээс ажлаас очиж авсан. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сананд дурсахуй” бааранд орсон. Бааранд ороод бүжиглээд нэг хүний 3, 4 шил орчим пиво уусан. Ганцэцэг ерөөсөө босож бүжиглэхгүй байхаар нь би “... гоё дуу тавьчих манай найз бүжиглэхгүй байна” гэж хэлээд ая солиод У бид хоёр бүжиглэж байгаад нэг мэдэхэд Ганцэцэг алга болсон байсан. У надад “Ганцэцэг нэг залуутай гараад явсан” гэж хэлсэн. Би гарч явж байхыг нь хараагүй. Бид хоёр Ганцэцэгийг нэлээн хүлээгээд, тамхины өрөөнд орж тамхи татаад хамгаалагчаас нь “манай найз охин хаана байна” гэж асуухад “мэдэхгүй” гэж хэлж байсан. Тэгээд хүлээж, хүлээж байгаад явъя гэж хэлээд бид хоёр гарсан. У намайг ээжийнд маань хүргэж өгсөн, би гарахдаа ягаан футболктойгоо дангаараа гараад явсан байсан. Дараа нь цамцтайгаа гарсан гэж бодсон чинь машиндаа үлдээсэн байна лээ. Анзаараагүй, би Уын хамт баарнаас гараад ээжийндээ хүргүүлээд харьсан байсан. Өглөө ээжээс асуухад тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн Б31-22-1253 дугаартай тайлан /хх.22-23/,
Санан дурсахуй баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... еШ10101125ЬЬ88М8557аа5а46е75ссс16ЬШаа1Ьс47с2Ь9еа9Ьееа9а593с1_7881546 гэсэн бичиглэл бүхий бичлэгийг уншуулахад 00 минут 14 секундийн бичлэг байх бөгөөд бичлэгийн цагаар 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санан дурсахуй баарны гадаах хаалгыг харуулсан хяналтын камерын бичлэг байв. Бичлэгийг тоглуулж эхлэхэд бичлэгийн 00 секундээс эхлэн 14 секунд хүртэл Санан дурсахуй баарны хаалгаар шаргал өнгийн футболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, ягаан өнгийн сандаалтай, махлаг биетэй эмэгтэй, араас нь халимаг үстэй, хар хөх өнгийн бомбор загварын гадуур хувцастай, хөх өнгийн жинс өмдтэй, ягаан өнгийн таавчигтай, баруун гартаа хар өнгийн гадуур хувцас мэт зүйл барьсан хоёр эмэгтэй гарч байгаа дүрс байх ба тухайн хоёр эмэгтэй нь баарнаас гараад явж байгаа дүрс бичигдсэн байна.
сее8715566Ш74а0085с31а79е1428Ь959997с1а7ас59353ГСаса16ЬсЮ592еса_69е48810 гэсэн бичиглэл бүхий бичлэгийг тоглуулж эхлэхэд нийт 21 секундийн бичлэг байх ба тухайн бичлэгт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санан дурсахуй” баарны 2 давхрын заалны бичлэг байх ба бичлэгийг тоглуулахад хар өнгийн сандлуудтай голдоо ширээтэй пабын зохион байгуулалттай заал байх ба тухайн сандлуудын хойд хэсэгт хар өнгийн хувцастай халимаг үстэй эмэгтэй, лааз мэт савтай зүйл ууж байх ба түүний хажууд шаргал өнгийн футболктой, саарал биеийн тамирын өмдтэй, өмдний түрийгээ өвдөг хүртлээ шуусан эмэгтэй бичлэгийн баруунаас зүүн тийш алхаж байгаагаар бичигдсэн байна. Бичлэгийг цааш үргэлжлүүлэн тоглуулахад 08 секундэд бичлэгийн баруун буланд байрлах сандал дээр гэрэл тусахад хар тусгалд нь хар өнгийн гадуур хувцас мэт зүйл байх ба бичлэгийн 14 секундэд тухайн хувцас мэт эд зүйлийг халимаг үстэй, хар хөх өнгийн бомбор мэт гадуур хувцастай, дотуураа цагаан өнгийн футболктой, саарал өнгийн жижиг цүнх үүрсэн, хар хөх өнгийн жинс өмдтэй, цагаан оймстой, саарал таавчигтай эмэгтэй авч байгаагаар бичигдсэн байна. Бичлэгийг цааш тоглуулахад хэрэгт ач холбогдолтой ирлээгүй...” гэх тэмдэглэл /хх.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Уын яллагдагчаар өгсөн: “... зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр би өөрийн нөхөр Дуаны ажил дээр буюу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах засварын газарт байж байхад манай найз Б.Ганцэцэг, Б.Нямгарав нар нь ирсэн. Тухайн үед би тэр хоёрыг ирэхэд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэр хоёр мөн адил хэрэглэсэн байсан ба тэндээсээ баар оръё гээд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санан дурсахуй бааранд орсон. Бааранд ороод байж байхад Санан дурсахуй баарны хамгаалагч гэх том биетэй залуу Ганцэцэгийн хажууд сууж байгаад Нямгарав бид хоёрыг тамхи татаад эргээд ороод ирэхэд байхгүй болсон байсан. Ямар ч байсан Санан дурсахуй баарны хяналтын камерыг шүүж үзэхэд би хар өнгийн гадуур өмсдөг зүйлийн халаасанд тамхи хийж байсан бичлэг байсан. Тухайн хар хүрэм нь хэнийх болох талаар нь мэдэхгүй байна. Би ер нь Ганцэцэгийн гадуур хүрмийг хаяж болзошгүй гэж бодоод авч гараад такси бариад таксиндаа орхисон байж магадгүй гэж бодож байна. Тэрнээс биш Ганцэцэгийн эд зүйлийг аваад хохироох гэсэн бодол байхгүй. Би тухайн үед их хэмжээний согтолттой байсан зарим зүйлсийг сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.38/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх.32-34/,
Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.37/,
Шүүгдэгч Ж.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.45/,
Шүүгдэгч Ж.Уын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.46-48/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Ж.У нь 2022 оны 08 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Санан дурсахуй” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Ганцэцэгийн үлдээсэн байсан гадуур хувцас, халаасанд нь байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.781.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх үйл баримтын талаар нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Уын өгсөн: “... Нямгарав бид хоёр тухайн баарнаас гараад такси барьсан. Бид хоёр тухайн үед жоохон маргалдаад би 13 дугаар хорооллын 4 замын уулзварын тэнд тухайн таксинаас буугаад өөр такси барьж нөхөр лүүгээ явсан... Би уг нь гар утсыг нь аваагүй, намайг авсан гээд гүтгээд байгаа юм...” гэх мэдүүлэг нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганцэцэгийн өгсөн: “... бид 3 пиво ууж бүжиглэж байгаад би хоёр найзаасаа түрүүлээд 00:00 цаг өнгөрөөгөөд явсан. Явахдаа өөрийн өмсөж явсан хар өнгийн, зүүн ханцуйн дээрээ “North face” гэх бичигтэй нимгэн гадуур хувцсаа үлдээгээд явсан байсан. Хувцасны маань халаасанд I phone 11 pro max загварын гар утас байсан. Цэнэг нь дуусахаар нь халаасандаа хийгээд цахилгаандсан байсан, хамт үлдээгээд явсан... Хяналтын камерын бичлэгт миний куртикийг найз Ж.У аваад гарч байгаа бичлэг байсан, мөн бичлэг дээр тамхины өрөөнд миний гадуур хувцасны утас байсан халаасыг онгойлгоод хайрцагтай тамхиа хийгээд аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.10-12/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нямгаравын өгсөн: “... би Уын хамт баарнаас гараад ээжийндээ хүргүүлээд харьсан байсан. Өглөө ээжээс асуухад тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20-21/,
Санан дурсахуй баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “... Санан дурсахуй баарны хаалгаар шаргал өнгийн футболктой, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй, ягаан өнгийн сандаалтай, махлаг биетэй эмэгтэй, араас нь халимаг үстэй, хар хөх өнгийн бомбор загварын гадуур хувцастай, хөх өнгийн жинс өмдтэй, ягаан өнгийн таавчигтай, баруун гартаа хар өнгийн гадуур хувцас мэт зүйл барьсан хоёр эмэгтэй гарч байгаа дүрс байх ба тухайн хоёр эмэгтэй нь баарнаас гараад явж байгаа дүрс бичигдсэн байна.
... баруун буланд байрлах сандал дээр гэрэл тусахад хар тусгалд нь хар өнгийн гадуур хувцас мэт зүйл байх ба бичлэгийн 14 секундэд тухайн хувцас мэт эд зүйлийг халимаг үстэй, хар хөх өнгийн бомбор мэт гадуур хувцастай, дотуураа цагаан өнгийн футболктой, саарал өнгийн жижиг цүнх үүрсэн, хар хөх өнгийн жинс өмдтэй, цагаан оймстой, саарал таавчигтай эмэгтэй авч байгаагаар бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /хх.28-29/ зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Завших гэж алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Ж.У нь хохирогч Б.Ганцэцэгийн үлдээсэн байсан гадуур хувцас, халаасанд нь байсан Айфоне 11 про макс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь хохирогч Б.Ганцэцэгт 1.781.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Ж.У нь хохирогч Б.Ганцэцэгийн 1.781.000 төгрөгийн үнэ бүхий гээгдэл эд зүйлийг завшиж бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Ж.Уын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.У хохиролд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Ганцэцэг нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Ж.У гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Ж.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Уд дээрх хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлан, зарим хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.
Ж.У 3 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Ж.У нь нөхрийн хамт хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар нотлох баримтгүй учир торгох ял оногдуулах боломжгүй, мөн шүүгдэгч бага насны 2 хүүхэдтэй тул нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохимжгүй, харин гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдлаас харахад улсын яллагчийн дүгнэлтэд дурдсанаар зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ж.Уд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Жы Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Уд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Уд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, өөр дүүрэг, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Уд сануулсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Сиди нэг ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Уд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР