Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45

 

 2023         01          05                                      2023/ШЦТ/45     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2023/0020/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул,

улсын яллагч Б.Сарантуяа,

хохирогч Д.Э,

шүүгдэгч Э.Ч /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн 2209030262265 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, ... ХХК-д график дизайнер ажилтай, ам бүл 4, эцэг, эхийн хамт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 808 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Э.Ч /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Ч нь 2022 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйл дээр маргалдан улмаар иргэн Д.Э-ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үл ялих зүйлээр шалтгаалан маргаан үүсгэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Хохирогч Д.Э мэдүүлэхдээ: “2022 оны 10 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... бааранд бүжиглэж байхад манай эмэгтэй найз “миний ард талаас энэ залуу хатгаад байна” гээд шүүгдэгчийг заахад нь би байраа солиод бүжиглэсэн. Гэтэл Э.Ч намайг “Чи цаашаа зогс” гээд түлхсэн. Үүнээс болж маргаан үүссэн тэгээд намайг эргээд харахад Э.Ч миний хамар луу 2 удаа цохьсон. Үүнээс болж миний хамарын таславчинд гэмтэл учирсан. Хамрын хагалгаанд орох шаардагатай гэсэн. Энэ хагалгааны төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2022 оны 10 дугаар сарын 14-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “...” нэртэй бааранд найзууд болох Ө, С, Да, Дэ, Ц нарын хамтаар орсон. Ингээд үйлчлүүлж байхад үл таних хүн Ц-г хоргоогоод байсан тэгэхэд нь С очоод Ц-г авч ирсэн. Тэгээд бид нар зургуулаа бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Ц надад хандаж энэ залуу араас хатгаад байна гэж хэлсэн. Тэгээд харахад өмнө Ц-г хоргоогоод байсан үл таних эрэгтэй хүн ард нь зогсож байсан. Тэгээд намайг энэ залуугийн урд зогсоод бүжиглээч гэж Ц надад хэлэхэд нь би урд зогсоод бүжиглэж байхад уг үл таних залуу нь намайг араас хатгаад чи цаашаа зогсчих тэгэх үү чи намайг түлхээд байна гэж хэлсэн. Тэгээд би тэр үл таних залууд хандаж “чи тэгвэл энэ эмэгтэйг битгий хатгаад өдөж хоргоогоод бай” гэж хэлснээс үүдэн маргалдсан. Тэгээд намайг шууд баруун гараараа нударгаа зангидаж байгаад хоёр удаа миний хамар руу цохьсон. Би тэр залууд цохиулснаас шалтгаалж хамар маань хавдсан хөхөрсөн байдалтай байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14259 дугаартай: "Д.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Ч-н яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... бааранд 01:00 цагийн орчимд өөрийн найз болох Т-н хамт орж үйлчлүүлсэн. Тухайн баарны бүжгийн талбай дээр найзын хамт бүжиглэж байхад үл таних 4-5 залуу бүжиглэж байсан, уг залуучууд бүжгийн талбай дээр намайг түлхэх зэргээр олуулаа байна, гэдгээрээ дээрэлхээд дайраад байсан. Тэгэхээр би тухайн залуучуудад хандаж “Та нар яагаад байгаа юм" олон нийтийн газар бие зөв авч яваач гэж хэлсэн. Тэгсэн тухайн залуучууд надруу бөөнөөрөө дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуучуудын нэг залуугийн нүүрэн хэсэгт нь гараараа 1 удаа цохьсон. Тэгээд тухайн залуучуудтай ярилцаад уг залуутай хамт баарнаас гарсан. Баарнаас гараад надад цохиулсан гэх залуутай би ярилцаж тохиролцоод гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхээр болоод, тухайн залуугийн, нэг найзтай нь хамт Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгийн гадаа тухайн залууг үзүүлэх гэж байхад надад цохиулсан гэх залуутай хамт явж байсан найз нь гэх залуу надаас их хэмжээний мөнгө нэхсэн. Тэгэхээр би тэр мөнгийг өгч чадахгүй гээд орхиод явсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч тухайн үед болсон асуудлыг маш сайн санаж байгаа. ...Миний биед учирсан бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Э.Ч нь согтуугаар 2022.10.14-15-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” бааранд үйлчлүүлж байсан хүмүүсийг өдөж хоргоон хэрүүл мараан үүсгэн улмаар хохирогч Д.Э-ийн толгой нүүрэн тус газарт нь цохиж хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Э.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Э.Ч-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт ичгүүр сонжуургүй аашилж, бусдыг өдөөн хоргоох, хэрүүл маргаан зориудаар үүсгэх зэргээр хүмүүстэй зүй бус харьцсан, хэрцгий догшин, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Э.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Д.Э нь шүүх хуралдааны үеэр Med Trauma эмнэлэгт хамрын ясны хугарал засах, таславч тэгшлэх хагалгаанд орох эмчилгээний төлбөр 3.735.000 төгрөг, толгойн КТГ дүрс оношлогоо хийлгэсэн төлбөр 140.000 төгрөг, нийт 3.875.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нь “Med Trauma” эмнэлэгт дүрс оношилгоо хийлгэсэн баримт, Супер проб ХХК-ийн №06/85 дугаартай нэхэмжлэх зэргээр нотлогдож байх тул эдгээр зардлыг хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч Э.Ч-с гаргуулж, хохирогч Д.Э-д олгох үндэслэлтэй байна.

Мөн хохирогч Д.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Ч-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид энэ зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Ч-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Э.Ч нь урьд энэ төрлийн буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож /хх 47-51/ торгох ял эдэлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн байдал нь түүнийг урьд үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж ухамсарлаж ойлгоогүй, ахин дахин гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Э.Ч-н тухайд урьд үйлдсэн гэмт хэрэгт торгох ял оногдуулсан байхад нийгэмшсэн зүйл байхгүй, 2 жилийн дараа дахин энэ төрлийн санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний дээрх хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхээс оногдуулсан 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Ч-с 3.875.000 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Э-д /РД: / олгосугай.

6. Хохирогч Д.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Э.Ч-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР