Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1137

 

 

 

 

 

 

 

2019           11            12                                           2019/ДШМ/1137

 

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Туяа,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1532 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичсэн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Ггийн Б, 1984 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Г.Б нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т заасан /”барилгын ажил” гэх бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа/-д хамаарах ажлыг, уг хуулийн 19.1.12-т заасан /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ/ гэснийг зөрчиж хувь иргэн /бригад/-тэй гэрээ байгуулсан,

мөн “...” ХХК “...” ХХК-ийн хооронд байгуулсан барилгын дотор засал гүйцэтгэх ажлын гэрээний 6.8-д /Гүйцэтгэгч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно/ гэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т /Ажил олгогч нь ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.8-д /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчсөн,

“Ажил гүйцэтгэх гэрээ”-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт /Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна/ гэсэн заалтуудыг тус тус биелүүлээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтын дагуу дотор заслын ажлын онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтад хамаарах дотор засал хийх үед шаардлагатай дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу дотор заслын ажлын удирдан зохион байгуулах мэргэжлийн инженер ажилтнуудыг ажиллуулна гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “...” хорооллын 1101 дүгээр байрны орцонд засал чиглэлийн ажил гүйцэтгэж байсан иргэн Б.Майсайхан нь эвхдэг шатнаас унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирч, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйл яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Майсайхан “...намайг ажиллах хугацаанд ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-18 тал/, гэрч Ч.Ундармаагийн “...манай байгууллага өдөр тутмын зааварчилгааг талбайн инженер өгдөг харин би давтан болон урьдчилсан зааварчилгааг бүх ажилчдад өгдөг байсан” гэх мэдүүлгүүдийг /хх-23/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг “...” ХХК хариуцахаар тохиролцсон гэх мэдүүлгүүдийг өгчээ. Иймд мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай ба Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх талаар, тийм зааварчилгаа өгч байсан бол ямар бүртгэлийн дэвтэрт хөтөлж байсан, хөтөлж байсан бол дэвтэрт үзлэг шинжилгээг хуульд заасан журмын дагуу хийж, шаардлагатай гэрчүүдээс тодруулах. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг шинжээчээр томилж, гаргасан дүгнэлт нь үндэслэл муутай болжээ. Шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа талуудын харилцан тохиролцож хийсэн гэрээний заалт болон холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг зөрчсөн гэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ. Гэм буруутай эсэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Гэтэл шинжээч нар нь дүгнэлт гаргахдаа эрх зүйн дүгнэлтийг шүүхийн өмнөөс хийсэн гэж үзэхээр байна. Иймд дахин шинжээчийн дүгнэлт хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтүүдийг хийж Ггийн Бд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа прокурорын эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

1. Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, “...Өмгөөлөгчийн хүсэлтээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй” гэж үзэн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан.

2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ямар ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгааг заагаагүй, мөн яллах дүгнэлтийн аль хэсэг хуулийн шаардлага хангаагүй талаар огт дурдаагүй.

3. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдийн зөрүүг арилгах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Г.Бгийн үйлдлийг нотолсон. 

4. Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар... шинжээч томилно” гэж зааснаар тухайн этгээд ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын тусгай мэдлэг бүхий хөдөлмөрийн улсын байцаагч нарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан хэрэгт ач холбогдол бүхий дүгнэлт бөгөөд шинжээчийн дүгнэлт нь шүүхийн эрх мэдэлд халдаж, эрх зүйн дүгнэлт хийсэн асуудал биш юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг бүрэн дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэргийг хүлээж аваад яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хуралдсан. Яллагдагчийн өмгөөлөгч нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүсэлтийг хэрэгсэхгүй орхиж, тухайн гомдол хүсэлттэй холбоотойгоор хэргийг прокурорт буцааж болох байсан. Гэтэл шүүх гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн мөртлөө гэм буруутай эсэхийг хэлэлцэж байхдаа прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...Хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотлох, ...мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгах, ...Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх талаар, тийм зааварчилгаа өгч байсан бол тодруулж хэрэгт хавсаргах, хэрэгт мэргэжлийн дүгнэлт гаргасан шинжээч буюу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар нь эрх зүйн дүгнэлт шүүхийн өмнөөс хийсэн” гэсэн үндэслэлүүдийг зааж Г.Бд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Учир нь, Барилгын тухай Монгол Улсын хуулиар “барилгын ажил”, “барилгын ажлын талбай”, “барилгын ажлын захиалагч”, “барилгын ажлын гүйцэтгэгч”, “барилга байгууламжийн техникийн улсын хяналт” зэрэг хууль зүйн ойлголтууд, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг, харин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулиар “хөдөлмөрийн аюулгүй байдал”, “хөдөлмөрийн эрүүл ахуй”, “хөдөлмөрийн нөхцөл”,  “ажлын байран дахь эрсдэл”, “ажлын байр”, “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт”, “үйлдвэрлэлийн осол”, “ажил олгогч”, “ажилтан” гэх зэрэг хууль зүйн ойлголт, тэдгээрийн зохицуулах эрх зүйн харилцаануудыг нарийвчлан зохицуулсан байдаг.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар иргэн Б.Майсайхан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “...” хотхоны барилгын орцонд засал чимэглэлийн ажил гүйцэтгэж байхдаа эвхдэг шатнаас унаж хүндэвтэр гэмтэл учирсан асуудлыг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгалгүйгээр иргэн Б.Майсайханы эхнэр Ц.Должинсүрэн болон “...” ХХКомпаниудын хооронд байгуулсан “Барилгын дотор засал гүйцэтгэх ажлын гэрээ”, “...” ХХКомпани болон “...” ХХКомпаниудын хооронд байгуулсан “Барилгын дотор засал гүйцэтгэх ажлын гэрээ” гэх эрх зүйн баримт бичгүүдэд заасан заалтуудыг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчигдсөн гэх дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй болжээ. 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 32 дугаар зүйлд “Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, алба, улсын байцаагч нь ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавина”, 33 дугаар зүйлд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.” гэж,

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд “Барилгын ажилд аюулгүй ажиллагааг хангах хөдөлмөр зохион байгуулалтын зураг боловсруулсан байна”, 37 дугаар зүйлд “Барилгын захиалагч нь барилгын үйл ажиллагаанд холбогдох ...эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцна”, 40 дүгээр зүйлд “Барилгын ажлын гүйцэтгэгч нь ...барилгын ажлын талбайд гал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөж..., ...техникийн ослоос сэргийлсэн хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээний зохион байгуулалтын зургийг боловсруулж, түүний дагуу гүйцэтгэх...” гэж заасан зохицуулалтууд хэрхэн хэрэгжиж байсан,

уг баригдаж байсан барилгад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахин хангуулах үүрэг бүхий этгээд байсан эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зохих хяналт шалгалт явуулж байсан эсэх, барилгын ажлын талбайд хөдөлмөр хамгааллын дэглэм сахиулах үүрэг бүхий этгээд нь шүүгдэгч Г.Б мөн эсэх, барилгын ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг Ц.Должинсүрэн, Б.Майсайхан нарт хуульд заасан үндэслэл журмын дагуу өгч байсан эсэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааврыг өгсөөр байтал хохирогч Б.Майсайхан эвхдэг шатнаас унасан нь хохирогчийн өөрийн хэт хайнга, хайхрамжгүй байдлаас болсон эсэх, хохирогчийн унасан гэх эвхдэг шатыг хэрэглэх стандарт, заавар журам байдаг эсэх, байдаг бол хохирогч Б.Майсайхан уг зааврын дагуу шатыг хэрэглэсэн эсэх, хаана хэрхэн яаж байрлуулснаас болж унасан зэрэг асуудал нэг бүрээр хууль зүйн үндэслэл бүхий нотлох ажиллагааг хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

 

Иймд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурор Х.Эрдэнэтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичсэн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1532 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1532 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичсэн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Ц. ОЧ