Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01079

 

*******,******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2141 дүгээр магадлалтай,

*******,******* нарын нэхэмжлэлтэй,

ПРОАДД ББСБ ХХК, ******* нарт холбогдох

2013.09.27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай үл хөлдөх хөрөнгийн барьцааны гэрээ болон 2013.09.27-ны өдрийн №2013/9/27-2 дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг            

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар, хариуцагч *******, хариуцагч ПРОАДД ББСБ ХХК-ийн төлөөлөгч Д.Даваажаргал, хариуцагчийн өмгөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ******* нь *******тай 1990 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд 2004 онд гэр бүл болсныг 2014.12.25-ны өдөр бүртгэж гэрлэлтээ батлуулсан. ******* нь улсад олон жил үр бүтээлтэй ажилласны үр дүнд байгууллагаас нь 2009.12.23-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах, 36 м.кв нэг өрөө орон сууцыг өгсөн. ******* нь тус байрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж эхнэр охидын хамт амьдарч байсан бөгөөд гал голомтоо бусад шилжүүлэхийг хүсэхгүй байгаа. Гэвч ******* нь нөхөр ******* болон охин Т.Саруулдаа хэлэлгүй гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрыг банк бус санхүүгийн байгууллагаас найздаа зээл авч өгөх зорилгоор 2013.09.27-ны өдрийн У1013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж барьцаалсан байсныг манай гэрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэгч орж ирж байраа чөлөөлж өгнө үү гэх шаардлага тавьснаар мэдлээ. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна, 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна, 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу ******* нь нөхөр *******, охин******* Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, нараас хуульд заасан зөвшөөрөл авалгүй, нууцаар зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээ байгуулсан үйлдэл нь Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчжээ. ПРОАДД ББСБ ХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нь эхнэр *******гийн сайн найз юм. Д.Бямбасүрэн нь тус байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байр гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд барьцааны гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүй, *******г ятган өөртэй нь гэрээ байгуулсныг сүүлд мэдсэн. Дээрх хууль зөрчиж хийсэн хэлцлийн үр дүнд нөхөр *******, охин******* нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн байрандаа цаашид амьдрах боломжгүй нөхцөл байдалтай байна. Иймд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 2013.09.27-ны өдрийн №2013/9/27-2Б дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Мөн ПРОАДД ББСБ ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2013.09.27-ны өдрийн №2013/09/27-2 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэмэгдүүлсэн. Хариуцагч ПРОАДД ББСБ ХХК-аас *******д зээлийн гэрээний дагуу шилжүүлэх ёстой 35,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Зээлийн төлбөрийг ПРОАДД ББСБ ХХК-аас нэхэмжлэгч *******ын дансанд шилжүүлсэн ба мөнгийг Н.Сайнбаяр нь авч ашигласан байдаг. Монгол Улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн зээлийг олгосонд тооцно гэж тус тус заасан байна. Н.Сайнбаяр ПРОАДД ББСБ ХХК нь зээлийн төлбөрт нийтдээ 39,000,000 төгрөгийг төлсөн байхад тус ПРОАДД ББСБ ХХК-аас зээлийн төлбөрт *******гаас 35,000,000 төгрөгийг гаргуулах шүүгчийн захирамж гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцааны байрыг худалдан борлуулж хохирол гаргуулахаар болсон байна. ПРОАДД ББСБ ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би ПРОАДД ББСБ ХХК-ийн захирал н.Бямбацэрэнтэй найз нөхдийн харилцаатай байдаг. Тэгээд би түүний ББСБ-д гэр бүлийн дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 57-109 тоотод байрлах 36 м.кв нэг өрөө орон сууцыг барьцаалан өөрийн найз Н.Сайнбаярт зээл авч өгсөн. Уг зээлийн 35,000,000 төгрөгийг ПРОАДД ББСБ ХХК-аас нөхөр *******ын Хаан банк ХХК-ийн дансанд шилжүүлснийг гаргаж авч Н.Сайнбаярт өгсөн. Гэтэл ПРОАДД ББСБ ХХК-аас нэхэмжлэл гаргаж би 35.000.000 төгрөг төлөхөөр болсон. Нийт төлбөрт Н.Сайнбаяраас зээлд 41,000,000 төгрөг төлснөөс одоо 18,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Би дээрх орон сууцыг нөхөр болон хүүхдүүддээ хэлэлгүй барьцаанд тавьснаас болж тэдний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч ПРОАДД ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 2013.09.27-ны өдрийн ******* нь нөхрийн хамт ирж 2013/09/27 тоот зээлийн гэрээ байгуулан 3 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан ч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. *******гийн хүсэлтээр нэхэмжилсэн 47,848,625 төгрөгөөс 12,848,625 төгрөгийг татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн 2015.12.08-ны өдрийн 102/ШШ2015/07817 тоот захирамжаар эвлэрлийн гэрээг баталсан. Төлбөр төлөгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Бид зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хуулийн дагуу байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй зохицуулалтын дагуу энэ асуудлыг дахин авч хэлэлцэх, нотлох шаардлага байхгүй юм. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа, бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой билээ. Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65 дугаар зүйлийн 65.1.1, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсгээс 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэг хүртэл, 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсгүүдэд заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргана гэж зааснаар нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй юм. Гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэх зохицуулалтын дагуу барьцаанд бүртгүүлсэн орон сууцны өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээ нь зөвхөн *******гийн өмчлөлд байсан бөгөөд уг бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Тийм учраас эдгээр хүмүүсээс зөвшөөрөл авах шаардлагагүй билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.8-д зааснаар *******, Т.Саруул нарын гаргасан хариуцагч ******* болон хариуцагч ПРОАДД ББСБ ХХК-ийн хооронд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******, Т.Саруул нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,016,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2141 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс Проадд ББСБ ХХК нь зээлдэгч ******* холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.12.08-ны өдрийн 102ШШ2015/07817 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, шүүхийн уг захирамж хуулийн төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд зээлийн гэрээний талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэсэн тул дахин нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс Проадд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд *******,******* нарт холбогдох хэргийн үйл баримт, нотлох баримтыг нотлоогүй болно. Нэхэмжлэгч *******,******* зээлийн гэрээний тал биш, түүнд гэрээгээр эрх, үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно заасны дагуу нэхэмжлэлийг хянан шийдвэрлүүлэх, шаардах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан 2013.09.27-ны өдрийн зээлийн гэрээгээр Проадд ББСБ ХХК-аас *******д зээлийн төлбөрийг бодитойгоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Уг харилцаанд иргэний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжтой. Мөн барьцааны гэрээ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн эрхийг зөрчсөн хууль бус хэлцэл юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 2141 тоот магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

*******,******* нар нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлага гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, харин ПРОАДД ББСБ ХХК эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч ******* нь ПРОАДД ББСБ ХХК-тай 2013.09.27-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 35,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлж, үүргийн барьцаанд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө 57 дугаар байрны 109 тоот 36 м.кв талбайтай, эрхийн улсын Ү-2206012438 дугаар бүртгэлтэй, нэг өрөө орон сууцыг барьцаалсан байна.  

******* нь ....гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцыг эхнэр ******* гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авалгүйгээр зээлийн үүргийн барьцаанд тавьж гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус.... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч гэрээ байгуулах үед уг орон сууц нэг хүний буюу Н.Гэрэлтуяагийн өмчлөлд бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.  

Зээлдүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь хүчин төгөлдөр гэрчилгээг үндэслэн өмчлөгч этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй буюу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй, улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

Иймээс ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно заасны дагуу нэхэмжлэлийг хянан шийдвэрлүүлэх, шаардах эрхтэй... гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн зээлийн гэрээнд заасан 35,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй тул гэрээг байгуулагдсанд тооцохгүй гэж тайлбарлан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Тухайлбал, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж зээлдүүлэгч ПРОАДД ББСБ ХХК нь зээлдэгч *******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2015/07817 дугаартай зөвшөөрлийг баталсан захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд зээлийн гэрээний талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэсэн тул дахин нотлох шаардлагагүй гэж шүүх дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний нэг тал биш, түүнд гэрээгээр эрх, үүрэг үүсээгүй тул зээлийн хөрөнгийг шилжүүлээгүй гэж зээлдүүлэгчийг буруутган шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, ПРОАДД ББСБ ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул ...зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2019/01849 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2141 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД