Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 2022         12            26                                       2023/ШЦТ/17    

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч С.Болорзул,

Хохирогч О.Н, түүний өмгөөлөгч Д.Майдри,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А   овогт Н ийн Б д холбогдох эрүүгийн 2209001401777 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Б нь “Япон улсын барилгын компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучилна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Р.Н г төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "..." тауэрын 604 тоотод "Ажлын байр зуучлалын гэрээ" байгуулж, 2019 оны оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 4.500.000 төгрөгийг “...” ХХК-ийн Хас банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Н.Б нь Япон улсын барилгын компанид хөдөлмэрийн гэрээгээр ажиллахад зуучилна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Р.Н г төөрөгдөлд оруулан "Ажлын байр зуучлалын гэрээ" байгуулж, 2019 оны оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 4.500.000 төгрөгийг “...” ХХК-ийн Хас банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч О.Нгийн мөдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Япон улсад барилгын компанид ажилд оруулж өгнө гээд 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийг Хас банкны ... дугаарын дансанд, 2.500.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... дансанд нийт 4.500.000 төгрөгийг өгсөн. ...Мөнгө авснаас хойш Н.Б гэх хүн утсаа авахгүй, оффис нь алга болчихсон байсан. ...Н.Б ын өгсөн шар хуудас нь хуурамч гэдгийг олж мэдсэн юм. …Мөнгөө буцааж авч чадаагүй. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/,

Хохирогч О.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай найзын ах нь Б ын компанид ажиллаж байсан бөгөөд Япон явуулдаг найдвартай газар байна гэж надад хэлсэн. Тэгээд би 2-3 хүн дутуу байгаа гэхээр нь яаралтай очиж уулзаад урьдчилгаа болох 2 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш жил хүлээсний дараа Б  оршин суух хаягийн эрхээ ав гэхээр нь очиж шар хуудас аваад үлдэгдэл 2.5 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш явах юу болсон бэ? гэхэд цар тахалтай холбоотойгоор ажил удааширч байна гэж хэлсэн. Ингээд би тухайн компаниас өгсөн шар хуудсыг өөр гадаад хэлний бэлтгэлийн газар үзүүлэхэд зургийг нь дараад цаашаа өөрсдийн хамтардаг Япон дахь сургуулийн захиралтай холбогдоод шалгаж өгсөн. Гэтэл тухайн бичгийг шалгаад энэ хүн виз мэдүүлээгүй хүн байна гэж хэлсэн. Ингээд анх шүүх цагдаад хандаад хэргийг шалгуулсан. Би одоо хохирлоо авчихвал өөр гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

Ажилд зуучлах тухай 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний хуулбар /хх-ийн 24-28 дугаар тал/,

Хохирогч О.Нгийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 29 дүгээр тал/,

... ХХК-ийн ... дугаартай дансны хуулга /хх-ийн 137-146 дугаар тал/,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10/9482 дугаартай албан бичиг, ... ХХК-ийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 53-78 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “..Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлөх талаар хурал дээр хэлсэн боловч хохирогч Нямдаваа нь олдоогүй. Хохирлыг барагдуулна. Нямдаваагаас авсан 4,500,000 төгрөг Японы талаас ярилцлага авахаар ирсэн төлөөлөгч нарын буудал, хоолонд зарцуулагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-176 дугаар тал/,

Түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцох үедээ бусад хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдаг. ...Би энэ гэмт хэргийг анхнаасаа санаатай үйлдээгүй, Япон улсын талаас хамтран ажиллах санал, гэрээ зэрэг бичиг баримттай холбоотой байсан. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

            Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Н.Б нь “Япон улсын барилгын компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучилна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Р.Н г төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "..." тауэрын 604 тоотод "Ажлын байр зуучлалын гэрээ" байгуулж, 2019 оны оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 4.500.000 төгрөгийг “...” ХХК-ийн Хас банкны ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь хохирогч О.Нгаас нийт 4.500.000 төгрөгийг авч залилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний /50.000.000/ хохирлын хэмжээнд хүрэхгүй байна.

Шүүгдэгч Н.Б ын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б ыг Залилах” гэмт хэргийг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.Б нь нийт 4.500.000 төгрөгийг хохирогч О.Нгаас авсан болох нь хэрэгт авагдсан баримт, хэлэлцүүлэгт талуудын өгсөн тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Б аас 4.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Нд олгох нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар урьд эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийг нэмж нэгтгээд, нийт эдлэх ялыг 1 жил 11 сар 3 хоногоор тогтоох, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Майдриас: “...Шүүгдэгч ажил хөдөлмөр хийж хохирол төлбөрөө төлсөн байна. Мөн хохирол төлөхөө илэрхийлж байх тул хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч Н.Б аас “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Н.Б д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 161 дүгээр тал, ялын тооцоо /хх-ийн 200 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлэгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай тогтоолоор шүүгдэгч Н.Б д 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2382 дугаартай захирамжаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 15 хоногийн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.

Ялтан Н.Б ыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ЦХШЗ/855 дугаартай шүүгчийн захирамжаар 425 дугаар нээлттэй хорих ангиас цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлж цагдан хорьж, ялын тооцоог 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгожээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б д энэ тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 75 хоногийн хугацаагаар хорих ялыг өмнөх Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2382 дугаартай захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б нь тус хэрэгт нийт 34 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А   овогт Н ийн Б ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ыг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б д өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2382 дугаартай захирамжаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялд энэ тогтоолоор оногдуулсан 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 75 /далан тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сар, 18 /арван найм/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б ын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б аас 4.500.000 /дөрвөн сая  таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Нямдаваад олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН