| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2023/0087/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/100 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/100
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэг,
шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцон, тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2210000001424 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, хувиараа дуу хөгжим бичдэг гэх, ам бүл 5, хамтран амьдрагч, эгч, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод түр оршин сууж байгаа,
-урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар тогтоосон,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан,
******* овогт *******ын *******, регистрийн дугаар: *******
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэж, хамтран амьдрагч Б.*******гийн биед халдан зодож. эрүүл мэндэд нь дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “ мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хоёр. Эрүүгийн 2210000001424 дугаартай хэргээс:
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 14-15 дугаар хуудас/,
Хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14919 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Яллагдагч Л.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/.
Шүүгдэгч Л.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 31 дэх тал/
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоол,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоол,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоол, ял шалгах хуудас /хэргийн 39-84 дэх тал/
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ 2022 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоот гэртээ хамтран амьдрагч, хохирогч Б.*******гийн биед халдан зодож. эрүүл мэндэд нь дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэлд: “дунд” гэсэн /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,
Хохирогч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: ... би Л.*******тай хамтран амьдраад нэг жил болж байгаа ба дундаасаа хүүхэдгүй. Амьдарч эхэлсэн цагаасаа хойш 2021 оны 06 дугаар сард согтуудаа дургүй дууг нь тавьсан гээд сандал авч шидсэнээс болж би гараараа хаасан чинь үсдэж чирээд угаалгын өрөөнд оруулж байгаад хүйтэн шүршүүрээр нүүр рүү шүршиж, заазуураар гар хатгаж байсан. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр би харих гээд машин бариад явж байхад хажууд сууж явсан ба гэрлэн дохионы дэргэд зогсоход бас намайг явахгүй байна гээд зодож нүүр, ам руу цохисон. 2021 оны 07 дугаар сард эрүүл байхдаа бас гар хүрээд багалзуурдаж байгаад нүүр рүү зодсон, дэрээр цохисон. Ер нь ингээд яриад байвал 2022 оны 08 дугаар сард намайг модоор зодохдоо эрүүл байсан Тухайн үед гар, хөл, тохой, нуруу, гуя руу цохисон. Сая сүүлд өнөөдөр орой 20 цагийн үед манай хүүтэй муухай зандарч харьцаад байхаар нь хүүгээ өмөөртөл намайг эхэлж алгадаад гар утсаараа дух цохиод хагалсан чинь цус гараад больсон. Би энэ хүнээс тусдаа амьдаръя гэхээр нэг бол зодож нүдээд нэг бол амиа хорлоно гэж сүрдүүлээд байдаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 14919 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Б.*******гийн биед дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ... Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр байх яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, би Хан-Уул дүүргийн 3-р хороо *******-******* тоотод хамтран амьдрагч ******* болон хүү ******* нарын хамт байж байтал, гаднаас манай хоёр найз *******, нар орж ирээд хоёр Сөжү архитай ирсэн. Би гараад нэг вино аваад буцаж орж ирээд ******* бид хоёр Сөжү уугаад, болон ******* нар вино ууж байсан. Миний гар утсанд дуудлага ирээд ярьсан чинь “*******гийн эгч Байгал ажил дээрээ татаад уначихлаа” гэж хэлсэн. Би *******д “эгчийгээ очиж ав” гэж хэлсэн чинь “чиний эгч биш юм уу” гээд бид хоёр хэрэлдсэн. Тэгээд л орилж чарлаад байхаар нь “чимээгүй бай, хүмүүсийн хажууд” гэж хэлсэн чинь “танай эгч биш юм уу” гээд байсан. Тэгээд янз янзаар лалар гичийгээр нь намайг хараагаад байхаар нь би *******г тайвшруулах гэж байгаад тэврэх гэтэл ******* миний гарыг цохиод би гараа буцаах гэж байгаад гартаа барьж байсан утсаараа санаандгүй толгой хэсэгт нь цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.
Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Л.*******, хохирогч Б.******* нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хэдий ч 2021 оноос хамтран амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.
Шүүгдэгч Л.******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Б.*******тэй маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдан зодож эрүүл мэндэд нь дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.******* нь урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 566 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар тогтоосон,
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 39-84 дэх тал/
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******т 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 90 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод очих, хохирогч Б.*******тэй харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах дүгнэлт гаргав.
Шүүгдэгч Л.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.******* нь хамтран амьдрагч Б.*******гийн биед халдаж зодсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрхийг дахин зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 90 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод очих, хохирогч Б.*******тэй харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах тухай улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******гийн биед дух, зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.
Хохирогч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд “надаас утсаар уучлалт гуйсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн /хавтаст хэргийн 15 дах тал/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.*******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Л.*******ыг 90 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ******* дугаар байр ******* тоотод очих, хохирогч *******тэй харилцахыг хязгаарлах арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.*******т авсан 90 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ******* дугаар байр ******* тоотод очих, хохирогч Б.*******тэй харилцахыг хориглосон хязгаарлалтын биелэлтэд хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгасугай.
6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР