Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/143

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Гармаа, 

шүүгдэгч З.******* өөрийгөө өмгөөлж оролцсон, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д  холбогдох эрүүгийн 2310000000022 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, хувиараа авто засварын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, *******ийн *******-******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.******* нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн *******-******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.*******ыг “архи уулаа гэж хэллээ” гэж шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж, түлхэж унаган, өшиглөх зэргээр биед нь халдаж, тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хоёр өвдөгт цус хуралт, бүхий хөнгөн гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310000000022  дугаартай хавтаст хэргээс:  

 

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №133 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн  байдалтай холбоотой баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 28 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 32 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч З.******* нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ийн *******-******* тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.*******ыг “архи уулаа гэж хэллээ” гэж шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж, түлхэж унаган, өшиглөх зэргээр биед нь халдан зодсоны улмаас хохирогчийн биед “тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хоёр өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Дуудлагын лавлагааны хуудас “нөхөр агсам тавиад зодоод байна гэж эгч утасдаад байна...гэх мэдээлэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хохирогч Г.*******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2022 оны 12 дугаар сарын 12-ны орой ******* цагийн үед ажлаасаа тараад хүүхдүүдээ сургуулиас аваад ирэхэд нөхөр З.******* гэртээ байхгүй байсан. З.******* нь хувиараа авто засварт ажилладаг юм. Би гэртээ хоол хийх гэж байхад орой 20 цагийн үед З.******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь “чи нэг дэх, тав дахь өдөр болгон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх юм” гэж хэлэхэд миний урдаас хэрэлдээд янз бүрээр хэлсэн чинь уурлаад хийж тавьсан хоолоо өшиглөөд нураачихсан. Би болиулах гэсэн боловч тэрээр намайг зодох гээд байхаар нь гараад зугтаасан. Гэтэл араас гарч ирээд гэр рүү чирч оруулаад намайг хэл амаар доромжлоод гэрийн хананд тулгаснаа гараа атгаж байгаад баруун талын нүд рүү нэг удаа цохисон, зүүн талын хөлийн гадна хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №133 дугаартай дүгнэлтэд: ...Г.*******ын биед тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хоёр өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтэл гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүгдэгч З.******* мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр машин засдаг газрынхаа гадаа зүс таних 5 хүнтэй хамт “Хараа” нэртэй 0.5 литрийн 5 шил архи уусан. Тэгээд орой нь гэртээ очиход эхнэр Г.******* хүүхдүүдийн хамт гэртээ ирчихсэн байсан. Г.******* намайг “архи уулаа” гэж уурлаад байхаар нь бид хоёр маргалдсан. Тэр үед миний уур хүрээд Г.*******ыг түлхтэл тэрээр орон дээр унаад босоод ирэхээр нь би зүүн гараараа баруун нүдний хэсэгт нэг удаа цохисон чинь уйлаад орилоод байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч З.*******, хохирогч Г.******* нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хэдий ч 2017 оноос хойш хамт амьдарч, дундаасаа 20******* оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Д.*******, 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Д. гэсэн хоёр хүүхэдтэй байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. 

 

          Шүүгдэгч З.******* нь согтуурсан үедээ хамтран амьдрагч Г.*******той маргалдаж улмаар хохирогчийн биед нь халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хоёр өвдөгт цус хуралт, бүхий гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд шүүгдэгч З.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

          Шүүгдэгч З.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч З.******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар батлагдаж байна. /хавтаст хэргийн 26 дахь тал/

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч  З.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3-5 насны хоёр хүүхэдтэй, хувиараа авто засварын ажил хийж орлого олдог хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

 

         3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

         Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын биед тархи доргилт, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус харвалт, хоёр өвдөгт цус хуралт, бүхий гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

 

        Хохирогч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хавтаст хэргийн 34 дэх тал/ гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                               ТОГТООХ нь:

           1.  Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******д мэдэгдсүгэй.     

 

            4. Шүүгдэгч З.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР