Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Х.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э*******ад холбогдох эрүүгийн 2215003540016 дугаартай, 163/2023/0038/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Х*******гийн Э*******, Булган аймгийн Булган суманд 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 40 айлын 210 тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт амьдардаг, урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 228 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 37,000 төгрөгөөр торгох ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 96 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Булган аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 3 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, 46 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Э******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Ө*******ын гээгдүүлсэн iPhone 12 Pro max загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003540016 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Э******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Ө*******ын гээгдүүлсэн iPhone 12 Pro max загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Ө*******ын өгсөн: 2022 оны 07 дугаар сарын эхээр би Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Шинэ хорооны хүрэн худгийн хажуу талд оршин суух Ганбаатар гэх айлд шөнийн 02 цагийн орчимд очоод тэднийд орж унтсан. Өглөө нь сэрээд өөрийнхөө iPhоnе 12 рго mах маркийн гар утсаа хайгаад олоогүй. Тэр үедээ машиндаа үлдээсэн байх гэж бодоод машин руугаа гарч үзэхэд машины хаалга онгорхой байсан. Тэгээд өөрийнхөө гар утсыг алдсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,

2. Иргэний нэхэмжлэгч Ч.П*******ын өгсөн: Би Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хувиараа гар утас худалдан борлуулж, засвар үйлчилгээ хийдэг юм. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А******* гэх таньдаг хүн над руу залгаад гар утас худалдаж авах уу гэж асуусан. Би ямар гар утас вэ гэж асуухад iPhone 12 Рго mах маркийн гар утас байна гэж хэлэхээр нь үзье гэж хэлээд тухайн гар утсыг үзээд 650.000 төгрөгөөр худалдан авахаар болж А*******гийн данс руу 650.000 төгрөг шилжүүлж худалдан авсан юм. Сүүлд цагдаагийн байгууллагаас ирж уулзаад тухайн гар утсыг алдагдсан гар утас гэдгийг мэдсэн. ...Одоо би 650.000 төгрөгөөр хохирсон болохоор хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

3. Гэрч Б.А*******гийн өгсөн: 2022 оны 07 сарын эхээр гэртээ байж байхад Э******* гэх таньдаг ах маань над руу залгаад ахын дүү хүрээд ирээч утас зарах гэсэн юм гэж хэлэхээр нь Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын байранд очиж уулзсан. Намайг очиход Э******* ах цэнхэр өнгийн iPhone загварын ар талдаа 3 камертай гар утас үзүүлэхээр нь ямар учиртай гар утас болох талаар асуухад Э******* ах манай эхнэрийн гар утас байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гар утсыг авахаар болж Э******* ахад 90.000 төгрөг бэлнээр өгч, орой нь 160.000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. ...Тэгээд тэр өдрийн маргааш нь Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хуваариа гар утас худалдан борлуулж засаж янзалдаг Пагмаа гэх залууд үзүүлээд 650.000 төгрөгөөр зарсан. ...Сүүлд нь iPhone 12 рго mах загварын гар утас байсан гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь/,

4. Б.А*******гийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: Би гар утас худалдан авсан 250.000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

5. Б.А*******гийн иргэний хариуцагчаар өгсөн: ...Тэгэхээр нь би гар утас зардаг газарт аваачиж Пагмаа гэх залууд тухайн утсыг 650.000 төгрөгөөр зарж борлуулсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

6. Б*******гийн А*******гийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

7. Гар утсанд үзлэг хийсэн: Уг гар утас нь хар хөх өнгийн гадаргуутай асааж үзэхэд хэвийн ажиллагаатай байх ба iPhone 12 рго mах маркийн 351406667056646, 351406667005882 дугаарын imei кодтой байв. Гар утас ямар нэг сэв зураасгүй, ард талын таг нь дээрээ 3 камертай гар утас байснаар иргэний нэхэмжлэгч Ч.П*******аас хураан авснаар үзлэгийг дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 34-37 дахь тал/,

8. Таньж олуулах ажиллагаа явуулахад хийсэн: Хохирогч Б.Ө******* нь 1, 2, 3, 4 гэж дугаарласан 4 ширхэг гар утсыг ширээн дээр эгнүүлэн тавьж харуулан та эдгээр 1-4 хүртэл дугаарласан гар утас дундаас өөрийн эзэмшлийн гар утсыг зааж өгнө үү? гэхэд хохирогч Б.Ө******* нь бэлтгэж тавьсан гар утаснуудыг харж байгаад энэ 3 гэсэн дугаартай гар утсыг зааж, би өөрийн гар утсыг таньж байна. Харин бусад дугаартай гар утаснууд минийх биш байна гэснээр таньж олуулах ажиллагааг дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

9. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/5151 дугаартай: iPhone 12 рго mах загварын 128 GB багтаамжтай гар утасны зах зээлийн үнэ 2.250.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-61 дэх тал/,

10. Яллагдагч Х.Э*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шиг санаж байна, ямар ч байсан наадмын өмнө байсан ба би энэ өглөө гэрээсээ 07 цаг 30 минутад гараад өөрийн хороонд байдаг Дөлгөөн гэх хүнсний дэлгүүр орох гээд явж байхад газарт худгийн хажууд цэнхэр өнгийн утас дугараад байж байхаар нь аваад унтрааж чадахгүй болохоор дэлгүүрийн наад талын хашааны буланд байх халгай дотор шидсэн. Тэгээд Дөлгөөн дэлгүүр орж 100 гр-н савлагаатай Хараа нэртэй архи авч уучихаад хүний утсаар өөрийн танил дүү А*******г дуудаад нөгөө халгай руу шидсэн утсаа үзүүлж өгөөд бэлэн 100.000 төгрөг авсан. Дараа нь А*******гээс 3-4 шил архи, мөн тамхи ундаа авхуулсан. Ингээд нийтдээ 250.000 төгрөг болсон байх. А******* надаас авсан тэр утсыг яасан талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Э******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Х.Э*******ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Х.Э******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Ө*******, иргэний нэхэмжлэгч Ч.П*******, гэрч Б.А******* нарын өгсөн мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Х.Э*******ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Х.Э******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.Ө*******ын гээгдүүлсэн iPhone 12 Pro max загварын гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа авч завшиж, бусдад зарж борлуулан 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Э******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Э*******ын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Х.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ө*******т 2.250.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.П*******д 650.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.А*******д 250.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Х.Э******* нь гар утсыг биет байдлаар нь хохирогч Б.Ө*******т буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 96 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.А*******д 250,000 төгрөгийг төлж барагдуулсан ба иргэний нэхэмжлэгч Б.А******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Э*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний хариуцагч Б.А******* нь иргэний нэхэмжлэгч Ч.П*******д гар утас зарж борлуулсны мөнгө болох 650.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 410 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Б.А*******гээс 650,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.П*******д олгож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Э*******ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Х.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.Э*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 78-93 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х.Э******* нь Булган аймгийн Булган суманд 1977 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, 40 айлын 210 тоотод амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын төрлийг сонгож, шүүгдэгч Х.Э*******ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Э*******ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Шүүгдэгч Х.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Ө******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Х*******гийн Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*******ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*******ад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт ажиллуулахаар тогтоож ялыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтээр хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*******ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 88 /наян найм/ цагийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 152 /нэг зуун тавин хоёр/ цагаар тогтоосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар иргэний хариуцагч Б.А*******гээс гар утас зарж борлуулсны хохиролд 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 116-р байрны 1-9 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Чулуунбаатарын П******* /РД: ГИ84013114/-д олгосугай.

8. Шүүгдэгч Х.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Ө*******, иргэний нэхэмжлэгч Б.А******* нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ