Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01080

 

Эм жи эл корпораци ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр магадлалтай

Эм жи эл корпораци ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Сандэй ХХК, Д.Бат-Өлзий нарт холбогдох 

Гэрээний үүрэгт нийт 151,394,332 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг             

Хариуцагч Сандэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Эм жи эл корпораци ХХК нь Сандэй ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр /Пийс тауэр барилга/-ны 17 дугаар давхрын 312,19 м.кв үйлчилгээний талбайг зээлээр худалдан авахаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ҮХГ-002/16 тоот үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 8.967.810 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 9.266.573 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 9.266.573 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 8.369.810 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын19-ний өдөр 8.967.650 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9.266.575 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.967.650 төгрөгийг, нийт 63.072.641 төгрөгийг төлсөн. Талууд санхүү эдийн засгийн хямрал, Эм жи эл корпораци ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №026/17 албан тоот болон талуудын харилцан тохиролцоог үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 6 сараар сунгасан. Талууд дахин харилцан тохиролцож, 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр №17/0918 тоот хэлцлийг байгуулж, 17 дугаар давхрын 312,19 м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох агуулах, ажилчдын өрөө бүхий нийт 58,92 м.кв талбайг Эм жи эл корпораци ХХК нь худалдан авч, 17 дугаар давхрын үлдсэн 253,27 м.кв талбайг гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар харилцан тохиролцож, дээрх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн хэлцэл байгуулсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 58,92 м.кв талбайн төлбөрт нийт 55.001.692 төгрөгийг Сандэй ХХК-д Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгээр төлж, Эм жи эл корпораци ХХК нь нийт 118.074.332 төгрөгийг Сандэй ХХК-д төлсөн болно. Гэтэл Сандэй ХХК нь дээрх хэлцэлд заасан үүргээ биелүүлэлгүй гуравдагч этгээд болох Дивацогт ХХК-д 17 давхрын 312,19 м.кв талбайг бүхэлд нь худалдан борлуулсан байна. Сандэй ХХК нь гэрээний дагуу 17 давхрын 58,92 м.кв талбайг гуравдагч этгээдэд түрээслэхгүй, худалдахгүй, давхар түрээслэхгүй, батлан даалт болон баталгаа гаргахгүй байх үүрэгтэй болно. Мөн Сандэй ХХК-ийн ерөнхий захирал Д.Бат-Өлзий нь баталгаа болгон 2017 оны 09 дүгээр сарын18-ны өдрийн №17/0918 тоот тодорхойлолтдоо тус компанийн Эм жи эл корпораци ХХК-д зээлээр худалдахаар гэрээлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 байрны 17 дугаар давхар тоот хаягт байршилтай 312.19 м.кв үйлчилгээний талбайн тодорхой хэсэг болох 253.27 м.кв талбайг 2 тал гуравдагч этгээдэд худалдан борлуулж, Сандэй ХХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/118 тоот Худалдаа хөгжлийн банк дахь уг хөрөнгө барьцаанд байгаа зээлийг хаахаар тохиролцож, хэлцэл хийснийг тодорхойлов гэсэн үүрэг амлалт, харилцан тохиролцоогоо зөрчсөн болно. Эм жи эл корпораци ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сандэй ХХК-д 17 давхрын 253.27 м.кв талбайг, 58,93 м.кв талбайн хамт суллан өгсөн болно. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээний 6.7, 6.8-т заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 20-нд сүүлийн төлбөр төлөгдсөн ба энэ өдрөөс хойш 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүтэн 1 жил 5 сар буюу нийт 17 сар өнгөрсөн тул нийт төлсөн 118.074.333,7 төгрөгийн 1,66%-ийн хүү 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны иргэдэд олгож байгаа зээлийн 1 сарын хүүгийн дундаж 1.66 хувь 1 сард 1.960.033.93 төгрөг буюу 17 сарын хугацаанд нийт 33.320.000 төгрөгийг хүүнд төлөх тооцоо гарч байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлсөн 118.074.332 төгрөг, хүүнд 33.320.000 төгрөг буюу нийт 151.394.332 төгрөгийг Сандэй ХХК болон уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох иргэн Д.Бат-Өлзий нараас гаргуулан Эм жи эл корпораци ХХК-д олгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сандэй ХХК төлбөрийн чадвартай болох нь тогтоогдсон тул хариуцагч Д.Бат-Өлзийгөөс төлбөр гаргуулахаас татгалзаж, зөвхөн Сандэй ХХК-аас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компани нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Эм жи эл корпораци ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээгээр Сандэй ХХК-ийн өмч болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж-54 тоот хаягт байрлах Пийс тауэр талбайг /уг талбай Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байсан худалдан авахаар тохирч урьдчилгаа төлбөр төлөхгүй банкны үүргийг хүлээж, талбайг ашиглаж байхаар хүлээн авсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Худалдаа хөгжлийн банкинд төлж, өмчлөх эрхээ шилжүүлэхээр тохиролцсон. Эм жи эл корпораци ХХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хугацаанаасаа өмнө мэдэгдээгүй бөгөөд банкны хүүг төлөхгүй байсан тул бид үүргээ биелүүлэхийг шаардсан. Уг шаардлагын дагуу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр хугацааг 6 сараар сунгасан. Гэвч уг гэрээний үүрэг дахин биелэгдээгүй. Энэ хугацаанд Сандэй ХХК үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байсан тул Худалдаа хөгжлийн банктай байгуулсан гэрээний үүргийн дагуу өөрийн өмчлөлийн талбайг Худалдаа хөгжлийн банкны санал тавьсан компанид худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болно. Иймд бид Эм жи эл корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагчаас 150,600,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 794,180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 914,921.66 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 910,951 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 264 дүгээр зүйлийн 264.1 ... гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 гэж, 2 дахь заалтын ... нэхэмжлэгч нарт ... гэснийг нэхэмжлэгчид гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 910,951 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

  Хариуцагч Сандэй ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 24 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Зохигчдын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдан Сандэй ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө гудамж 54, Пийс тауэр цамхаг барилгын 17- р давхарт байрлах 317,46 м2 талбайг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байх үед худалдан авагч түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг сар бүр хугацаа хэтрүүлэлгүй гэрээнд заасан хугацаанд 2017.04.11-ний өдөр гэхэд нийт 568.262.594,91 төгрөгийг бүрэн барагдуулж өмчлөлдөө шилжүүлэн авах гол нөхцөлөөр тохиролцон гэрээний зүйл болох хөрөнгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авч бүхэлд нь ашиглаж байсан. Худалдан авагч хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэгдүүлсэн хүү төлөх нь гэрээний үнэд нөлөөлөхгүй байхаар талууд тохиролцсон. Гэвч худалдан авагч дээрх хугацаандаа банкин төлбөрийг төлөхгүй байсан нь нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлал үүсгэж гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Манай зүгээс урьдчилан сануулж 2 удаа гэрээний хугацаа сунгаж, мөн худалдан авагчийн хүсэлтээр талбайн хэмжээг багасгасан боловч дахин үр дүн гараагүй. Ингэхдээ хоёр тал харилцан тохиролцож талбайг гуравдагч этгээдэд худалдан борлуулах харилцан үүрэг хүлээсэн боловч үр дүн гараагүй, 3 дахь удаа хугацааг сунгасан. Ингэж сунгахдаа үндсэн гэрээний бусад заалтуүд хүчинтэй байхыг дурьдсан нь үндсэн гэрээний хугацаагаар сунгасан ч дахин худалдагч гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үр дүн гараагүй тул гэрээгээ цуцалж Худалдаа хөгжлийн банкны саналаар 2018 оны 5 сард Дивацогт ХХК-д бүхэлд нь худалдсан.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээр Сандэй ХХК болон иргэн Д.Бат-Өлзий нарыг хариуцагчийг татсан. Сандэй ХХК-ийн хувьд Б.Гүнжээд олгосон гэх итгэмжлэлд түүнийг ямар хэрэгт төлөөлүүлэх, хэрэг хянан шийдэвэрлэх ажиллагаанд ямар эрх үүргийг хэрэгжүүлэх тухай заагаагүй байна. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлахдаа: Хариуцагч Сандэй ХХК эрхээ хэрэгжүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 зүйлд заасан арга хэмжээ авагдсан тухай шүүгчийн захирамжинд Сандэй ХХК гомдол гаргасан " гэсэн боловч Сандэй ХХК-ийн албан бичигт зурагдсан гарын үсэг нь илт хуурамч буюу түүнд захирал Д.Бат-Өлзий гарын үсэг зураагүй байдаг. Харин иргэнийхээ хувьд Б.Гүнжээд итгэмжлэл олгосон ч удалгүй нэхэмжлэгч иргэн Д.Бат-Өлзийд холбогдох шаардлагаасаа татгалзсан тул энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Сандэй ХХК төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Иймд анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хүчингүй хариуцагчийг мэтгэлцэх боломжоор ханган хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Эм жи эл корпораци ХХК нь хариуцагч Сандэй ХХК, Д.Бат-Өлзий нарт холбогдуулан гэрээний үүрэгт нийт 151,394,332 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдох шаардлагаасаа татгалзсан байна.

Анхан шатны шүүх Сандэй ХХК-аас 150,600,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 794,180 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон техникийн алдааг залруулсан өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Хэргийн баримтаас үзэхэд Эм жи эл корпораци ХХК нь 2016.11.11-ний өдөр Сандэй ХХК-тай байгуулсан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагч нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, гудамж, 54 /Пийс тауэр барилга/ дүгээр байрны 17 давхарт байршилтай нийт 317.46 м.кв талбайтай оффис, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд 2017.04.12-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хугацааг 2017.10.11-ний өдөр хүртэл сунгажээ.

Талууд 2017.09.18-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулж, Эм жи эл корпораци ХХК нь гэрээний зүйл болох нийт 317.46 м.кв үйлчилгээний талбайн 58.92 м.кв талбайг худалдан авах, үлдэх 253.27 м.кв талбайг Сандэй ХХК нь гуравдагч этгээдэд худалдан борлуулахаар харилцан тохиролцсон байх бөгөөд Эм жи эл корпораци ХХК нь 2016.12 04-ний өдрөөс 2017.11.22-ны өдөр хүртэл нийт 118,074,333 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв, Сандэй ХХК нь Эм жи эл корпораци ХХК-ийн өмчлөлд 58.92 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч 17 давхрын 312.19 м.кв талбайг бүхэлд нь өөр этгээдэд худалдсан тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн нийт 118,074,333 төгрөгийг гэрээний 6.8-д заасан хүүгийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1-д нийцсэн гэж үзнэ.

...нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэдгээ хугацаанаасаа өмнө мэдэгдээгүй гэсэн хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Сандэй ХХК-аас гэрээний дагуу шилжүүлсэн 118,074,333 төгрөгийг, арилжааны банкны зээлийн дундаж хүүгээр тооцож 32,525,918 төгрөг, нийт 150,600,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 794,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв.

Түүнчлэн анхан шатны шүүх зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзах Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлэхдээ техникийн шинжтэй алдаа гаргасан тухай давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, алдааг залруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан болон давж заалдах шатны шийдвэр, магадлалыг хүчингүй, хариуцагчийг мэтгэлцэх боломжоор ханган хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэсэн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь, давж заалдах шатны шүүхээс ...хариуцагчаас төлөөлөгчид олгосон итгэмжлэлд түүнийг ямар хэрэгт болон тухайлан ямар эрх, үүргийг шилжүүлсэн нөхцөл тодорхойгүй байгаагаас хариуцагч төлөөлөгчөөрөө дамжуулан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй гэх боловч хавтаст хэргийн 59, 62 дахь талд авагдсан итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар бүх шатны шүүхэд хариуцагчийг төлөөлөх эрхийг Б.Гүнжээд олгосон байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь Сандэй ХХК, Д.Бат-Өлзий нарт холбогдуулан шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Бат-Өлзийгөөс татгалзсан, нөгөөтэйгүүр Д.Бат-Өлзий нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний нэг тал биш байхад анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхисныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/02058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Эм жи эл корпораци ХХК нь хариуцагч Д.Бат-Өлзийд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Д.Бат-Өлзийд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дарааллыг 3, 4, 5 болгон шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 910,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД