| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 221/2024/0052/З |
| Дугаар | 221/ШШ2025/0005 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/ШШ2025/0005
О.С-н гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: О.С
Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо
Гуравдагч этгээд: Д.Э
Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч О.С , гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гуравдагч этгээд Д.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр нар оролцов.
Хэргийн индекс: 221/2024/0052/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч О.С нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороонд холбогдуулан “Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Гуравдагч этгээд Д.Э нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч О.С ийг Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан байна.
3. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/27 дугаар тогтоолын 2 болон 3 дахь заалтаар “... О.С ийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3 дахь заалтуудыг зөрчсөн ... Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч О.С д сануулах шийтгэл оногдуулж” шийдвэрлэжээ.
4. Гомдол гаргагч О.С тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч О-н С миний бие Б.Б, Д.Э , Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийн оролцогч Д.Э т өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Тодруулбал, эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийн холбогдогч, Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Д.Э т өмгөөлөгч миний бие 2021 оны 05 дугаар сараас эхлэн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр миний үйлчлүүлэгч Д.Э “өмгөөлөгч О.С-н ар гэрийн байдал, өөрийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан” гэх үндэслэлээр надаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авахаас татгалзах хүртэл түүний өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
4.2. Гомдол гаргах болсон үндэслэл нь “түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээр бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилогдсон Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-с өөрт нь мэдэгдэлгүйгээр татгалзсан, улс төрийн зорилгоор өөрийг нь яллах ажиллагаанд оролцсон, хэрэг маргааны талаар буруу ташаа ойлголт өгч, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлсэн, хууль зүйн туслалцаа тууштай үзүүлээгүй” гэжээ. Д.Э ийн гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хянан шалгагчийн 2023 оны 09 дүгээр сарын 04- ний өдрийн МҮ/59 дүгээр тогтоолоор өмгөөлөгч надад холбогдуулан маргаан үүсгэсэн. Маргааныг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаар 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “...улс төрийн зорилгоор өөрийг нь яллах ажиллагаанд оролцсон, хэрэг маргааны талаар буруу ташаа ойлголт өгч, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлсэн, хууль зүйн туслалцаа тууштай үзүүлээгүй” гэх гомдлын шаардлагуудыг үндэслэлгүй гэж үзэж тус тус хэрэгсэхгүй болгосон. Гэвч өөрийн үйлчлүүлэгч Д.Э т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Г-г татгалзан гаргах хүсэлт гаргахдаа үйлчлүүлэгчдээ мэдэгдээгүй гэх үндэслэлээр өмгөөлөгч намайг буруутгасан. Өөрөөр хэлбэл “...Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “өмгөөлөгч нь мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах” эрхтэй гэж заасан байх боловч тус эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авсан байвал зохих бөгөөд энэ талаараа үйлчлүүлэгчид мэдэгдэж, тайлбарлах ёстой байна” гэж дүгнэн өмгөөлөгч надад Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.1-т зааснаар “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан. Өмгөөлөгч миний бие өмгөөллийн үйл ажиллагаа явуулахдаа, өөрийн үйлчлүүлэгч Д.Э т өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ хууль, ёс зүйн дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байх тул шүүхэд гомдол гаргаж байна.
4.3. Учир нь өмгөөлөгч бидний хувьд иргэн, хуулийн этгээдэд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ Монгол Улсын хуулийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг бөгөөд өмгөөлөгчийн эрхийг Өмгөөллийн тухай хуулиар тогтоож, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаанд оролцохдоо тухайлсан харилцааг зохицуулсан процессийн хууль болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг. Өмгөөлөгч миний хувьд Д.Э т холбогдох эрүүгийн хэрэгт түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд Өмгөөллийн тухай хуулиас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан ажилласан. Өмгөөллийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг хуульчилсан бөгөөд 13 дугаар зүйлд өмгөөлөгчийн эрхийг тодорхойлж, 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны ооолцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах” эрхийг өмгөөлөгчид олгосон байна.
4.4. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өмгөөлөгч дараах эрхтэй”, 2.8 дахь заалтад “Мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах” гэж өмгөөлөгчийн эрхийг хуульчилсан. Харин Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаандаа энэ хуулийн 41.6.5-д заасан ёс зүйн дүрмийг баримталж ажиллана”, 31.2-т “ёс зүйн дүрэм нь өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээ, өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг агуулсан байна”, 41 дүгээр зүйлийн 41.6-д “Их Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 41.6.5-д “ёс зүйн дүрмийг батлах” гэж тус тус заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн холбооны Их хурлын 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийг баталсан. Өмгөөлөгч миний бие тус ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа баримтлан өөрийн үйлчлүүлэгч Д.Э ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд бүрэн, тууштай хамгаалж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Гэвч Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх хуралдаанаас өмгөөлөгч намайг буруутгахдаа дээр дурдсанчлан хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлийг зааж байгаа нь Өмгөөллийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.5. Тодруулбал Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид сахилгын шийтгэл оногдуулахдаа хууль, ёс зүйн дүрмийг зөрчсөн буюу үүргээ зөрчсөн өмгөөлөгчид хариуцлага хүлээлгэх ёстой. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 44 дүгээр зүйлд “Өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил”, 44.1-д “Хууль болон энэ дүрэмд заасан үүрэг, шаардлагыг зөрчсөн өмгөөлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцно” гэж тодорхойлсон. Гэвч өмгөөлөгч намайг хууль болон дүрэмд заасан үүргээ зөрчсөн гэж бус хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос үзэж “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
4.6. Нөгөөтэйгүүр Д.Э т холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзсан татгалзлыг тус шүүхийн ерөнхий шүүгч үндэслэлтэй гэж үзэж хүлээн авсан. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч миний бие хуульд заасан үндэслэлгүй хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4.7. Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч О.С нь үйлчлүулэгчийнхээ зөвшөөрөлгүй шуүгчээс татгалзсан болох нь гомдол гаргагч Д.Э болон гэрчүудийн мэдүүлгээр тогтоогддог. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаар тогтоолд ямар үндэслэлээр өмгөөлөгч О.С-д хариуцлага тооцсон нь тодорхой дурдагдсан.
5.1. Мэргэжлийн хариуцлагын хороо нь Өмгеөллийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д “Мэргэжлийн хариуцлагын хороо 11 гишүүний бүрэлдэхүунтэй” мөн хуулийн 32.4-д “Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд шүүгч, прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэдийн төлөөлөл тус бүр нэг, Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл долоо байна”, 36 дугаар зүйлийн 36.1-д дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдаанд нийт гишүуний дийлэнх олонх оролцсоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар гаргана” гэж заасны дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах арга хэмжээ авсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гарсан байх тул гомдлыг хэрэгсэхгуй болгож өгнө үү” гэжээ.
6. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... О.С нь 2021 оны 5 сараас 2022 оны 09 дүгээр сарын 05-ныг хүртэл миний өмгөөлөгчөөр оролцсон гэдэг нь худлаа, би өмнө гаргасан гомдолдоо О.С-н анх “2022 оны 2 сард” оройн цагаар ирж уулзсан огноог “2021 оны 5 сар“ гэж буруу бичсэнийг далимдуулж үнэнд нийцээгүй олон зүйлийг бичжээ. 2021 оны 5 сард би өөрөө өргөдөлөө өгч Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гэрчээр асуугдаж явсан үе юм. О.С өөрөө “... Прокурорын шатнаас эхлэн орсон” гэдгээ Мэргэжлийн хариуцлагын хорооны хурал дээр хэлсэн байдаг. Өмгөөлөгч О.С нь Нийслэлийн прокурорт хэрэг шилжүүлсний дараа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нэг удаа л Нийслэлийн прокурор дээр очиж хэргээс баримт хуулбарлаж авах хүсэлт гаргасныг Нийслэлийн прокурор өөрийн зардлаар хувилж авах боломжоор хангасан байдаг. Надтай гэрээ байгуулаагүй. Өөрөө хүсэлтээ бичээд Нийслэлийн прокурорт өгчихнө гэж байсан, харин өөрийнх нь хувилж авсан гэх надад хамааралгүй 2 хавтас баримт одоо надад байгаа. Нийслэлийн прокуророос хэргийг 2022 оны 05 дугаар сарын 12-нд шүүхэд шилжүүлсэн. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал дээр А шүүгчийг татгалзсанаас хойш өмгөөлөгч О.С нь шүүх дээр дахин очоогүй, надтай уулзахаас зайлсхийдэг болсон.
6.1. Харин 2022 оны 03 дугаар сараас хойш намайг хууран мэхэлж төөрөгдүүлж байсан, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгээгүй, миний хүсэл зоригийг эсрэг байр суурийг илэрхийлж нэр бүхий шүүгч нараас удаа дараа татгалзсан, тухайн үед надад “... хуулиас гадуур их олон зүйл байгаа” талаар хэлж, Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрмээ зөрчсөн үйлдэ гаргаж байсан нь бодит үнэн. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан дээр О.С нь надтай ярилцаж зөвшилцөөгүй, надад мэдэгдээгүй, шүүгч нараас татгалзсан хүсэлтээ надад танилцуулаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн “...энэ хүнийг ажилд нь эргүүлээд тогтоож болдог бол би шийтгэл хүлээхэд яахав” гээд уйлаад зогсож байсан нь худлаа жүжиг байжээ.
6.2. Тус хуралдаанд О.С-н гаргасан тайлбар, өөрийнх нь бичгээр гаргасан тайлбар, Захиргааны хэргийн шүүхэд гаргасан гомдол зэрэг нь хоорондоо зөрүүтэй байдлаас үзэхэд анхнаасаа худлаа ярьж байгаа нь тодорхой, ямар ёс зүйгүй өмгөөлөгч болохоо өөрөө илтгэж байна. Тухайлбал Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон эсэх талаар 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн бичгээр гаргасан тайлбар, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Мэргэжлийн Хариуцлагын хуралдааны хурлын тайлбар нь зөрүүтэй байгаа.
6.3. Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд би 2023 оны 08 дугаар сарын 23-нд гомдол гаргасан. 2023 оны 09 дүгээр сарын 04-нд маргаан үүсгэх тогтоол гарсанаас хойш бүтэн 1 жил өнгөрсөний дараа 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтуудыг О.С зөрчсөн гэж тогтоосон нь сайшаалтай боловч түүнд оногдуулсан “сануулах” шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байна. О.С өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуулиар хүлээсэн үүргээ ч зөрчсөн, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг ч явуулсан болох нь О.С-н өөрийн тайлбар, бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон. Нэр бүхий 2 шүүгчийг татгалзсан О.С-н хуулийн ямар ч үндэслэлгүй.
6.4. Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2, 2.8-д “мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан. Энэ заалт нь хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргахаас биш нууцаар үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурийг илэрхийлэх эрхийг олгоогүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоолын үндэслэлийг хянаад өмгөөлөгч О.С-н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар “... өмгөөлөгч О.С ийг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3 дахь заалтуудыг зөрчсөн” гэж, 3 дахь заалтаар “Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч О.С д сануулах шийтгэл оногдуулж” шийдвэрлэжээ.
2.1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо маргаан бүхий тогтоолоор “...Өмгөөлөгч О.С нь үйлчлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүй шүүгчээс татгалзсан болох нь Д.Э ийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.8-д “мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах” гэж заасан байх боловч тус эрхээ хэрэгжүүлэхдээ үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авсан байвал зохих бөгөөд энэ талаараа үйлчлүүлэгчид мэдэгдэж тайлбарлах ёстой байна” гэх дүгнэлтийг хийж, гомдол гаргагч О.С ийг Өмгөөллийн тухай хуулийн холбогдох заалтууд зөрчсөн гэж үзэж, “Сануулах” хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.2. Учир нь хэрэгт авагдсан баримтууд болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны Д.Э ийн гомдолтой, О.С д холбогдох маргааны материал зэргээс үзэхэд гомдол гаргагч О.С нь Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргахдаа Д.Э ээс зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй гэх үйл баримт байх төдийгүй энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй болно.
2.3. Харин Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ дараах нийтлэг эрх эдэлнэ”, 13.1.8-д “хуульд заасан үндэслэлээр хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд “Өмгөөлөгчийн эрх, үүрэг” гээд мөн зүйлийн 2 дахь хэсгийн “мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт гаргах” гэж, 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно”, 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзвал шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
2.4. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй байх ба энэ нь хэргийн бусад оролцогч, өмгөөллийн үйл ажиллагааг хамтран явуулж буй бусад этгээд үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөс үл хамааралтай хэрэгжихээр байна. Энэхүү хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр зохицуулжээ.
2.5. Гомдол гаргагч О.С энэхүү Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Х дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хууль дээдлэх, шударга ёсыг сахих”, 4.1.3-д “хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх”, 4.1.6-д “хүнлэг, энэрэнгүй байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлчлүүлэгчид хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгч, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухай бүр цаг алдалгүй өгөх, өмгөөллийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн агуулга, хууль зүйн үр дагаврыг бүрэн тайлбарлах”, 14.1.2-д “үйлчлүүлэгчтэй холбоотой гүйцэтгэсэн аливаа үйл ажиллагааны талаар түүнд мэдэгдэх, тайлбарлах”, 14.1.6-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, шийдвэрийг хүндэтгэх”, 15 дугаар зүйлийн 15.1.4-д “үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах”, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.2-д “Хууль зүйн үйлчилгээний зорилгод хүрэх арга замын талаар үйлчүүлэгчтэй зөвлөлдөх”, 16.1.3-д “үйлчилгээний явцын талаар тухай бүрд нь үйлчлүүлэгчид мэдээллэх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
2.6. Түүнчлэн, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хорооны тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Өмгөөллийн тухай хуулийн ... 16.1.2, 16.1.3” гэж хуульд байхгүй заалтыг баримталсан байсныг дурдах нь зүйтэй.
2.7. Мөн Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна”, 22.2-д “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээнд дараах зүйлийг тусгана”, 22.2.1-д “өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаяг”, 22.2.2-д “өмгөөллийн үйл ажиллагааны агуулга”, 22.2.3-д “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар”, 22.2.4-д “хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх явцад өмгөөлөгчөөс гарах зардлыг нөхөн төлөх нөхцөл”, 22.2.5-д “өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн хүлээх хариуцлага”, 22.2.6-д “гэрээг цуцлах нөхцөл”, 22.3-д “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад нөхцөлийг талууд харилцан тохиролцож болно” гэж тус тус заажээ.
2.8. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргээр гомдол гаргагч О.С , гуравдагч этгээд Д.Э нар нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр эсхүл цахимаар байгуулаагүй байна.
2.9. Дээр дурдсан үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хороо нь өмгөөлөгч О.С ийг Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, өмгөөлөгч О.С-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2.10. Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Ч.О, Ч.Н нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар шүүхэд мэдэгдсэн, иргэдийн төлөөлөгч Ч.Н хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд гомдол гаргагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын зүгээс “иргэдийн төлөөлөгчийн хувьд саналгүй, түүнийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно ...” гэж заасныг баримтлан хэргийн оролцогчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.
2.11. Мөн гуравдагч этгээдийн зүгээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны бичлэгийг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан боловч Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооноос “... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Маргаан хянан шийдвэрлэх журмын 75 дугаар зүйлийн 75.4-д “Талууд хуралдааны тэмдэглэл албажсанаас хойш 3 хоногийн дотор танилцаж, засвар оруулах талаар санал гаргах эрхтэй” гэж заасны дагуу гуравдагч этгээдээр оролцож байгаа Д.Э нь тэмдэглэл гарснаас хойш засвар оруулж танилцах бүрэн эрхтэй байсан … хорооны хуралдааны бичлэг хард диск дээр архивлагддаг болно. Гэтэл хуралдааны нарийн бичиг бичлэгийг архивлахдаа алдаа гаргаж хуралдааны бичлэг устгагдсан байна” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн төдийгүй шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуралдааны бичлэг хийдэггүй, бичлэг хадгалагдаагүй” гэх тайлбарыг гаргасан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.6, 15 дугаар зүйлийн 15.1.4-т тус тус заасныг баримтлан өмгөөлөгч О.С ээс Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн МТ/2024/00 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ