Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 1138

 

 

 

 

 

 

 

2019          11            12                                            2019/ДШМ/1138

 

Д.Ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ  даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сансарсайхан,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1982 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сансарсайханы 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичсэн 32 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Д.Ад холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Дын А, 1974 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ... аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.А нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот хашаанд байрлуулсан иргэн Х.Хын эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд салхины шил, зүүн хойд хаалга болон хаалганы хойд талын жижиг шил, жолоочийн баруун талын хойд хаалга, зүүн урд крыло, зүүн хойд дээд багана зэргийг алхаар цохин хагалж, хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээж бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай,

...яллагдагч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр” хангасан байхад түүний ханын шүүгээний шил хагалсан гэх үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж дүгнэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор М.Сансарсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр прокурорт буцаасан нь учир дутагдалтай байна. Хавтас хэрэгт гэрч Б.Баярхүү, Т.Цэгц, яллагдагч Д.Агийн мэдүүлгүүд, “Тэнцвэрт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангууд болон баримтууд цугларсан байна. Баримтаас дүгнэхэд яллагдагч Д.Агийн “ханын шүүгээний шил хагалсан” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь, “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Яллагдагч Д.Агийн “ханын шүүгээний шил хагалсан” гэх үйлдэл нь тээврийн хэрэгслийн шил хагалснаас өмнөх цаг хугацаанд, өөр орон зай, орчинд буюу гэрч Б.Баярхүүгийн эзэмшлийн өвлийн байшинд үйлдэгдсэнээр тухайн үйлдэл бүрэн төгсдөг. Мөн дээрх үйлдлийн улмаас тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Хт хохирол учраагүй харин хашаа байшингийн эзэмшигч болох гэрч Б.Баярхүүгийн эд зүйл устаж, устсан гэх эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний байгууллага 60.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Иймд шүүхээс яллагдагч Д.Агийн “ханын шүүгээний шил хагалсан” гэх үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэснийг зөрчжээ. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Агийн үйлдсэн “гэрч Б.Баярхүүгийн ханын шүүгээний шилийг хагалж 60.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” зөрчлийн шинжтэй, яллагдагч Д.Агийн үйлдсэн “хохирогч Х.Хын тээврийн хэрэгслийн шилийг хагалж түүнд 760.000 төгрөгийн хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэгтэй үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1982 дугаартай шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй учир хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1982 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн захирамжид “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр...”,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн...” гэж дүгнэн Д.Ад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь буруу болжээ.

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан бөгөөд яллагдагч Д.Агийн ханын шүүгээний шил хагалсан гэх үйл баримт нь өөр хохирогч руу чиглэсэн, өөр цаг хугацаа, орон зай, орчинд үйлдэгдсэн ба уг үйлдлийн хохирол нь 60.000 төгрөгөөр үнэлэгдсэн нь гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний 818 дугаартай тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн бүх шинжийг агуулаагүй, мөн тухайн үед яллагдагч Д.Ад зодуулсан гэх нөхөр Б.Баярхүү уг асуудлаар гомдол гаргаагүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй талаараа мэдүүлсэн” гэж тайлбарлан дүгнэж давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.   

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, хэргийн бодит байдлыг тогтоож, гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Сансарсайханы эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1982 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Сансарсайханы 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бичсэн 32 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ