Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э*******т холбогдох эрүүгийн 2315000000046 дугаартай 163/2022/0049/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт Б*******ийн Э*******, Булган аймгийн Бүрэгхангай суманд 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн *******ын даваа гэх газарт оршин суух бүртгэлтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 34 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хөх чулуутын 19-1908 тоотод оршин суух Б.О*******гийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000046 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хөх чулуутын 19-1908 тоотод оршин суух хадам аав У.Жамьяандагвын гэрт охин А.Алтанчимэг, М.Номин-Эрдэнэ нарыг авахаар очиж, хадам ээж Б.О*******гийн охидыг нь өгч явуулахгүй гэсэн шалтгаанаас түүнтэй маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ийн өгсөн: Тэр өдөр охиноо авах гэж очсон чинь охиныг минь явуулахгүй гэхээр нь би охиноо авч явъя гээд маргалдсан юм. Тэгээд уур хүрээд зурагтыг нь шалан дээр авч шидээд О******* гуайн нүүрэн хэсэгт цохисон нь үнэн юм. Би 2014 онд энэ айлд бэр болж очсоноос хойш хамт нэг хашаанд амьдарч байгаад 2022 оны 07 дугаар сараас хөдөө гэртээ тусдаа амьдарч байгаа. Хадмууд хоёр том хүүхдийг минь аваад Булган сумын төвд сургуульд суулгахаар орж ирсэн юм. Б.О******* нь намайг байнга хэл амаар доромжилдог, нөхрийн бие махбодын дарамт, сэтгэл зүйн дарамт учруулдаг нөхцлөөс болоод би одоо сэтгэцийн өвчтэй болж хохирч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.О*******гийн өгсөн: Би Э*******ийг танина. Манай бэр болоод 10 жил болж байна, миний 2 дахь хүү Алтансүхийн эхнэр байгаа юм. ...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн үед гэртээ байж байхад бэр Э******* гаднаас орж ирээд “та цагдаад юу гэж хэлнэ гэнээ” гээд хараагаад орж ирээд миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж өмсөж байсан цамцны захаар хоолой боогоод газар унагааж дээр суугаад гараараа хоолой дээр дарж ингээд чи үх гээд орилоод байсан. Тухайн үед Алтансүхийн том охин ******* эгч рүүгээ утсаар холбогдож ******* цагдаад дуудлага өгсөн юм. Манай нөхөр Ж*******ва гэртээ хэвтэрт байдаг. Алтансүх Э******* нарын 2 хүүхэд бид хэд байсан. Миний биеийн байдал даралт ихсээд байна, баруун нүд хавдаж хөхөрсөн, хамар битүүрээд толгой өвдөөд байна, мөн цээж хэсгийг самардаад урсан. Ийм л байдалтай байна. Надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл гэвэл зурагтаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9, 12 дахь тал/,

2. Гэрч У.Ж*******вын өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой манай бэр Э******* хоёр хүүхдээ авна гээд утсаар яриад байсан. Удалгүй орж ирээд цагдаад мэдүүлэг өгөөд ирлээ хоёр хүүхдээс мэдүүлэг авна гэсэн юм гэж ярихад нь манай эхнэр О******* хүүхдүүд өгч явуулахгүй гэхэд авч явна гээд орилоод манай хөгшин О*******г зодож нүдийг нь цохисон юм. Би хоёр жилийн өмнөөс хэвтэрт хэвтэж эмчийн хяналтад байдаг бөгөөд хамаагүй чанга дуугарч ярьж болохгүй. Тухайн үед бэр Э******* авдар дээр байсан эд зүйл эвдэж сүйтгэх гээд байсан. Би босч чадахгүй болохоор хараад л хэвтэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

3. Гэрч Ж.*******гийн өгсөн: Б.Э******* нь манай бэр болж ирээд 10 орчим жил болж байна. Анх бэр болж ирж байхдаа дуу цөөтэй ч хэрүүл маргаан хийхдээ сайн хүн байсан. Сүүлийн үед гэр орондоо тогтохгүй хүүхдүүдээ хаяад явчихдаг болсон хүн юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

4. Булган аймгийн шүүх шинжилгээний албаны хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай: Б.О*******гийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

5. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай: Б.Э******* нь сэтгэцийн хувьд дасан зохицохуйн эмгэг F43.25 өвчтэй. /удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсны улмаас үүдэлтэй эмгэг/: Б.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг болох үед дасан зохицохуйн эмгэг F43.25 өвчтэй байсан болно. Б.Э******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

6. Яллагдагч Б.Э*******ийн өгсөн: Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хадам ээж Б.О*******тай маргалдаж зодолдсоны дараа уурандаа зурагтыг нь барьж аваад газар шалан дээр шидэж хагалсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69-71 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.О*******, гэрч У.Ж*******ва, Ж.******* нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Э*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Б.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн Хөх чулуутын 19-1908 тоотод оршин суух оршин суух хадам аав У.Жамьяандагвын гэрт охин А.Алтанчимэг, М.Номин-Эрдэнэ нарыг авахаар очиж, хадам ээж Б.О*******гийн охидыг нь өгч явуулахгүй гэсэн шалтгаанаас түүнтэй маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан зодож биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э*******ийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Б.О*******гийн эрүүл мэндэд учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хоёр бугалганд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Б.Э*******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Э******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал болон удаан хугацааны хувийн таарамжгүй харилцаа нөлөөлсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Э******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Э*******ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.О******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч Б.Э******* нь хохирогчийн гэрийн зурагтыг шинээр авч өгсөн бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан нь хавтаст хэргийн 80 дахь талд авагджээ.

Шүүхээс хохирогч Б.О*******д шүүх хуралдааны товыг мэдэхэд “за ойлголоо, надад одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлоо барагдуулж авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Э*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Э******* нь сэтгэцийн хувьд дасан зохицохуйн эмгэг F43.25 өвчтэй. /удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсны улмаас үүдэлтэй эмгэг/, Б.Э******* нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг болох үед дасан зохицохуйн эмгэг F43.25 өвчтэй байсан болно. Б.Э******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 57-60 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, хур системийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь Булган аймгийн Бүрэгхангай суманд 1989 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 34 настай, нөхөр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн *******ын даваа гэх газарт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б*******ийн Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.О******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ