| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-03-01 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч С.О
Шүүгдэгч Б.Н
Гэрч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О, Б.Н нарт холбогдох 2216001800201 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.О: ...-нд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Б овогтой С.О
Холбогдсон хэргийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, Б.Н нарыг бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагаас 21 цаг 15 минутын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Таван богд супермаркетын урд талд байх ногоон байрны гадна талд байсан хохирогч Х.Цын эзэмшлийн 1 тооны адууг /даага/ машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Х.Цт 500,000 төгрөгний хохирол учруулсан хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр драгоны урд талд унага машинд дайруулсан байсан. Хоёр хүүхэд түрүүлж харчхаад “ээж та үзээд өгөөч, унага хөл нь гэмтсэн байна” гэхээр нь очиж харахад баруун талын дал руу мөргөөд гэмтсэн байсан. Тэгээд хоёр хүүхэд “ээж та хүн барьдаг юм чинь энэ унагыг авч яваад эмчилж болохгүй юм уу” гэж хэлэхээр нь үзээд байж байтал Г.А эгч гарч ирээд “энэ унага хашаан дотор явж байдаг юм өнөөдөр ажлаас ирэхэд хөл нь гэмтсэн байна. 1 сар гаруй энэ орчмоор яваад байсан. Эзнийг нь мэдэхгүй байна. Хашаа хороогоор орж гараад баас, шээс цуглуулаад байх юм аваад яваач” гэж хэлэхээр нь үзээд эмчилье гэсэн үүднээс авч явсан. Дайруулаад нялх унага байхаар нь өрөвдөөд эмчилье гэдэг сэтгэлтэйгээр авч явсан болохоос хулгайлъя гэдэг бодлоор авч яваагүй. Дааганы дотроос нь барагшун өгсөн, өвчин намдаагч тарьсан, далыг барьж, далыг нь боож шавшиж 1 сар гаруй эмчилгээ хийсэн. Хоногийг нь тодорхой мэдэхгүй байна. Г.А эгчээс хэний эзэмшлийн талаар асуусан. Эзэн нь энэ хавьд байдаг юм уу гэж асуухад “мэдэхгүй, эзэн нь мэдэгдэхгүй байгаа, өмнө нь нэг хүн фэйсбүүк дээр зар тавьсан байсан, эзнийг нь олж хараагүй” гэж хэлсэн. Би хүнд тусалж байна гэж бодсон. Үүнийг хулгайн хэрэг гэж бодохгүй байна. Тэр үед гэгээтэй гэрэлтэй байсан. Хоёр хүүхдээ дагуулаад манайх Харзат ... тоотод байдаг гэж хэлээд явсан учир би үүнийг хулгайн хэрэг гэж бодохгүй байна гээд шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ “Ер нь аваад зарах юм уу, завших санаа байгаагүй. Эмчлээд эзнийг олоод өгье гэсэн сэдэл байсан. Прокурор шууд бух харж байгаа юм шиг бух шиг зүтгээд байх шаардлага байхгүй. Чи чинь хүн юм байгаа биз дээ. Хүн гэсэн хүн чанар байх ёстой биз дээ. Чи бас адилхан хүүхэдтэй эхнэртэй биз дээ, чи ч гэсэн ингээд сууж байвал яах юм, хүнд юу ч тохиолдож болдог юм. Залуу хүүхэд болоод мэдэхгүй байж магадгүй. Шууд гүтгээд байгаа биз дээ. Шүүхэд хэлэхэд ямар ч гэсэн авъя, идье, ууя гэсэн сэдэл байгаагүй. Эмчлээд анагаагаад өгье гэсэн бодолтой байсан. Тэгээд нөхөр бид хоёр хоёулаа эмч нарын хяналтад байдаг. 03 дугаар сарын 20-д гаргаад зүрхний хагалгаанд орох заалттай байгаа. Би сахартай болоод 3 жил болж байна. Энэ бүхнийг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч мэдүүлэхдээ: Тухайн үед олон нийтийн газар өвчтэй унага байсан. Унага даага хоёрын хооронд сарвай гэж нэршил байдаг. Тэр өдөр 2 хүүхэд эхнэртэйгээ хамт явж байсан. Хоёр хүүхэд өвчтэй мал байна. Та үүнийг туслаад эмчлээд өг гэж гуйгаад тэгээд хоорондоо ярьсан. Тухайн үед тус болоод гайгүй бол буцаагаад эзэнд нь хүлээлгэж өгөх бодол байсан. Ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. Би ч гэсэн өөрөө лам хүн байгаа. Олонд тус дэм болъё, өөрөө хөдөө өссөн малыг сайн мэднэ. Саахалт айлын малыг эрсдэлд орсон бол хүлээлгэж өгдөг. Хууль дүрэм мэдэхгүй юм. Тухайн үед ийм зүйл болно гэж санасангүй. Байгууллагын үүдэн дээр хүнд хэлж байсан. Манайх Харзат 1-27 тоотод байдаг учир хүн сураглаж асуувал хэлээрэй гэж хэлсэн. Г.А гэдэг хүнтэй нэлээд юм ярьсан. Тухайн үед “эзэн нь яаж байна” гэхэд “фэйсбүүк дээр л тавьсан, манай хашаагаар баас шээс дүүргээд байх юм холдуулаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед замаас холдуулж өгсөн. Машин ч зайтай байсан. Сүүлд ачихад 2 залуу байсан. Тэр хүмүүст бас хэлээд явсан. Хүн сураглаад асуувал манайх Харзат ... тоотод байдаг аваад явсан гэж хэлээрэй гэж хэлж байсан. Тухайн үед дайрагдаад удаагүй гэж ойлгосон. Удаагүй байхад арга хэмжээ аваад гайгүй болох байх гэж бодсон. Очоод нэлээд эмчилгээ хийсэн. 1 сар гаруй хугацаа болсон. Яагаад удсан юм гэхээр би өөрөө бие муутай эмнэлгээр явдаг. Эд нарт хэлээд эмнэлэгт хэвтсэн. Хот явах шаардлагатай гээд хугацаа жоохон алдсан. Ямар ч байсан дотор гаднаас нь эмчилсэн. Хөл нь чирээд байсан бол хумсалж явдаг болсон. Бие нь дээрдсэн гэж бодсон. Би өөрөө лам хүн учир хүүхдийнхээ нүдэн дээр хулгай хийнэ гэж юу байх вэ, хамаагүй аваад явсан. Хулгай хийж байгаа бол нууж авдаг байх. Хашаандаа зогсоод хөдөлгөөнгүй дэглэм бариулсан. Буцаагаад Х.Ц ахад ийм ийм эмчилгээ хийлгэсэн гэдгээ хэлээд тайлбарлаж өгсөн. Хууль дүрэм мэдэхгүй юм. Ингээд зогсохоор жоохон тулгамдаад байна. ...Хэрэв даага эрүүл байсан бол авахгүй. Хөдөө байхдаа эрсдэлд орсон мал байвал анхны тусламж үзүүлдэг. Тэр нь шиг санасан. Дааганд эхлээд 10 боодол өвс авсан. 200.000 төгрөгөөр курс эмчилгээ хийлгэсэн. Монгол хүн учир өрөвдөж байгаад өөрийн юм шиг л бодсон гээд шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ “үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Амьдрал хэцүү байна. Хоёулаа эмчийн хяналтад байдаг, бодитой орлого байдаггүй. Сар гаруй хугацаанд би 10 хоногт нь эмнэлэгт хэвтсэн, 10 хоног хот явсан. Манай хоёр хүүхэд моринд хайртай, хурдан морь унадаг. Хууль дүрэм мэдэхгүй учир хулгай гэж бодсонгүй, хүнд хэлээд явж байгаа. Камер нь бодит баримт болдог юм уу, эргээд хугацаа нь болсонгүй. Алдчихгүй байж байгаад хүлээлгэж өгөх бодолтой байсан. Ямар ч гэсэн энэ гуравт захиад явсан, өвс тэжээл өгөөд, тарилга хийж байсан. Хотоос ирсний маргааш нь цагдаа орж ирсэн. Ямар юмаар хооллодог болон амбаар сав үзээд явсан. Өмнөх мөргөсөн машин тэрэг гэж бодоод цагдаад хандсан юм шиг байсан. Бид хоёр хэлмэгдэж байх шиг байна. Хоёр хүүхэд харах хүн байхгүй. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Хоёр хүүхдийнхээ төлөө явж байгаа. Нэг их юм завшина гэсэн санаа бодол байгаагүй. Тэр зардал нь хамаагүй, төв суурин газар мал удаан хугацаагаар байж болдог ч юм уу. Би тухайн үед малыг өрөвдөж байсан. Би өөрөө хагалгаанд орж байж өдий болсон. Өөрийн биеэр зовлон туулаад ирсэн. Тэр сэтгэлээр малд хандсан. Энд зогсоод нэр хүндээ алдана гэж зүүдэлсэнгүй. Би хууль дүрэм мэдэхгүй” гэв.
Хохирогч Х.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 08 дугаар сард төрсөн хэнз даага байсан юм. Өвөл муудаад ижлээ гүйцэхгүй байхаар нь манай адуу Баян-Уулын нутагт байсан. Өвөл ачиж ирж тэжээгээд онд ороод хавар адуунд тавихад ижилдээ явахгүй байсан. Тэгээд аймгийн төв дээр булаг дээрээс явахгүй, хөтөлж авч яваад булаг руу тавьдаг байсан. 08 дугаар сарын 23-ны орой 05 цагийн үед манай айлын хүн залгаад таны даага машинд дайруулсан байна гэж хэлсэн. Тэгээд очоод үзэхэд баруун хөлийг машин дайрсан явж чадахгүй байсан. Тэгэхээр нь өөрийнхөө машинаар ачиж ирээд өвчин намдаах тариа хийгээд 9 сар гараад сайн болохгүй. Гэхдээ өвчин намдаах тариа хийсэн учир гадуур дотуур явдаг болсон. Би хөдөө найранд яваад хэд хоног анхаарал суларсан. Алаг гэдэг нэртэй болсон хүмүүс ч андахгүй болсон. 09 дүгээр сарын 07-ны өдөр хайгаад гарсан байх газар байдаггүй. Драгоны хүмүүсээс асуухад түрүүн л байсан, өдөр байсан гэж хэлдэг. Тэр өдөр хайгаад олоогүй. Маргааш өдөр нь хайгаад асуусан. Манай алаг даага үзэгдэнэ үү гэхэд мэдэхгүй гэсэн. Тэр өдөр байхгүй. 3 дахь өдөр буюу 09 дүгээр сарын 09-ний өдөр алга болсон байна гэж бодсон. Хэзээ ч алга болсон юм мэдэхгүй. Адуу мал дагаад холдоогүй байх гээд хүмүүс руу утасдаад байсан. МСҮТ-ийн уурын зуухны урдуур явж байгаад нэг хүнээс асуухад та ачаад зогсож байсан биз дээ гэхээр нь би ачаагүй гэж хэлэхэд цагаан машинтай хүн ачиж байхаар нь таныг гэж бодсон юм гэж хэлэхээр нь машинтай хүн ачаад явсан юм байна гэж бодсон. Гэхдээ би дайрсан хүн нь юм байна гэж бодсон. Машин дайрсан болохоор нэг их тоогоогүй юм. Таксины жолоочоос асуухад нуугаад хэлээгүй. Дайрсан хүн нь авсан гэж бодоод нэлээд шуурхайлсан. 3 замын нэгээр л явсан байх гэж бодсон. Цагдаа дээр очиход та өргөдөл бичиж өг гэсэн. Тэгээд би өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед тог тасарсан. Тэрнээс болоод эргэж тохируулга хийгдээгүй учир уулзварын камер ажиллаагүй байна гэж хэлсэн. Нэлээд хэд хоногийн дараа намайг дуудсан. Цагдаа нар яваад байхгүй гэсэн. Би өөрөө бас гудмуудаар явахад эдний үүдэн дээр байсан. Би энд байна гэж уулзсан. Хулгайн сэдлээр аваагүй юм байна. Өөрсдөө бариач, лам хүмүүс учир эмчлэх гэж авсан юм байна. Би өөрөө дайрсан жолооч нь авсан гэж бодсон. Надад гомдол байхгүй. Удам угшил сайтай гээд нандигнаад байсан юм. Тэрний төлөө гомдол гаргахгүй. Энэ хэргийг хаасан нь дээр байх. Нялх хүүхэдтэй учир өрөвдөж л байгаа юм. Миний бодол машин дайраад явсан учир бөөн юм бодсон. Эзнийг нь хүмүүс нуугаад хэлж өгөөгүй гэв.
Гэрч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн даага 7 сард 2 адуутай хамт явдаг байсан. 7 сарын сүүлчээр манай хашаанд хоёр билүү, гурван удаа унасан байсныг жолооч нар өшиглөж босгосон. Үхсэн юм шиг байна гээд өшиглөж босгоод явуулсан. Тэгээд 8 сарын эхээр хөлөө дайруулсан юм шиг явж байсан. Ажил тараад хаалгаа цоожлох гэж байхад тэр даага хашаанаас гараад гадаа явж байсан. Тэр даага хөлөө чирсэн явж чадахгүй байхад энэ хоёр хүн ингээд хөлийг нь боовол эдгэж магадгүй гэж яриад байсан. Ачихад нь хамт байгаагүй. Гэрийн хаягаа Харзат гэж хэлж байсан. ...Хоёр хүүхэд хамт явж байсан. Эхнэр нь хөлийг нь өргөөд хаандаа гэмтэл авсан байна гэж хэлж байсан. Нөхөр нь эмчилье гэсэн бодолтой байсан. Хулгайлах талаар мэдэхгүй, нөхөр нь хөдөөний гэмээр хүн байсан. Эмчилбэл яах бол гээд эхнэрээсээ асуугаад байсан гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Тухайн мал нь өөрийн байх бэлчээр орон нутагт байсан. Алдуул мал гэдэгт ижил сүргээсээ тасарсан, өөр орон нутагт шилжиж байрласан, эзэмшигч өмчлөгч хэн болох нь мэдэгдэхгүй малыг алдуул мал хэлдэг. Гэтэл тухайн даага нь хохирогч Х.Цын өөрийн эзэмшил өмчлөлд байсан. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэлд дайрагдаад өөрөө хариулаад маллаад байж байсан. Тухайн даага алга болсон газар автотээврийн газар, хохирогч гурвын хооронд маш ойрхон зайтай байсан. Тухайн даага нь автотээврийн газар болон гэрийн урд талын булаг буюу зүлгэн дээр байдаг. Би даагыг өдөрт нь сураглаад маллаад, хариулаад явдаг. Ямар нэгэн байдлаар ор сураггүй хаяад асуудал байдаггүй. Хурим найр гээд гарцаагүй байдлын улмаас хаяад явсан. Тэгээд ирэхэд нь даага байхгүй байсан. Тэгээд даагаа хайж явахад танай даагыг машинтай хүн ачаад явж байсан гэж мэдүүлдэг. Тухайн даагыг шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирогч Х.Цт мэдэгдээгүй, даагыг авч явлаа гэдэг байдлаар хүнд мэдэгдсэн зүйл байдаггүй. Гэрчид мэдэгдсэн гэдэг зүйлийг ярьдаг боловч шүүгдэгч нар нь өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэггүй. Шүүхийн шатанд хууль сануулаад авч байгаа мэдүүлэгт энэ хүмүүс авч явах гэж байгаа талаар надад хэлээгүй. Тэгээд эмчлээд авчихъя гэж хоорондоо ярьж байхад нь танайх хаана байдаг юм гэж асуухад манайх Харзатад байдаг гэж хариулсан гэж хэлдэг. Мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн даагыг 47 хоногийн дараа хохирогч олж авсан байдаг. Камерын бичлэг болон нөхцөл байдлаас шалтгаалан хохирогчийн зүгээс тухайн даагыг эрж хайх ажиллагаа тасралтгүй явагдаж байсан. Энэ хүн даагыг ор мөргүй хаяагүй цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Өөрөө мөн хайж байсан. Ямар нэгэн байдлаар ижил сүргээс тасраад өөр орон нутагт шилжээд алдуул болоод явсан зүйл байхгүй. Үүнийг алдуул мал гэж үзэх үндэслэл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил өмчлөлд байгаа малыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлснээр төгсдөг. Бусдын эзэмшил өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “бид хоёр хүний юм авч явах эрх хэмжээ байхгүй” гэж мэдүүлсэн. Хохирогчийн эзэмшил өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж хохирогчид мэдэгдэхгүйгээр нууцаар аваад явсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18-19 цагийн хооронд үзэж яваад орой 21 цагийн үед ирээд ачиж явж байгаа. Гадаа харанхуй байгаа боловч магадгүй гэрэлтүүлгийн асуудал байгаа. Ачиж яваа камерын бичлэгээс харахад тухайн даага байрлаж байгаа газар нь ямар нэгэн байдлаар гэрэл гээгүй байсан нь харагддаг. Шаардлагатай бол камерын бичлэг үзэх нөхцөл байдал байсан. Энэ нөхцөл байдлаас харахад нууц далд аргаар тээврийн хэрэгсэл ашиглаж эхнэр нөхөр хамтран даагыг авч явж хашаандаа байлгасан үйл баримт тогтоогдож байгаа. Иймээс С.О, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан бусдын эзэмшил өмчлөлд байсан малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.О, Б.Н нар нь удаа дараа хэлж байсан. Хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ явж байсан. 18 цагийн үед очиж үзэхэд манай хоёр хүүхэд та даагыг эмчлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд очоод үзэхэд гэмтэл авсан байсан. Гэмтэл авсан даагыг үзэж байхад манаач ирээд эзэнгүй хэд хоног явж байна. Машинд дайруулсан юм шиг байна гэдэг зүйлийг ярьсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.А нь тодорхой ярьсан. Энэ даага эзэнгүй олон хоног явж байсан гэж мэдүүлж байсан. Эмчлэх зорилгоор авч явсан гэдэг. Авч яваад эмчилгээ хийлгэсэн эсэх асуудал яригдана. Тухайн даагыг очоод үзэхэд сойлт хийсэн эмчилгээ хийж байсан байдал харагддаг. Өөрөө С.О лам, эхнэр нь бага эмч мэргэжилтэй хүн байгаа. Эмчилье гэдэг санаа зорилго байсан. Бид нарын хувьд гэмт хэрэг гэж бодсонгүй гэдэг. Хавтаст хэрэгт энэ талаар тогтоогдсон. 19 цагийн үед гэгээтэй байсан 21 цагийн үед нууцаар ирээд машинаар ачаад явж байгаа хэлж байна. Гэтэл яллагдагчийн мэдүүлэг үнэлэгдэхгүй боловч тухайн үйл явдлыг тодорхой ярьдаг. Хоёр хүн хамт ачилцсан гэдэг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр гэгээтэй байсан нь маш тодорхой харагдаж байгаа. Үүн дээр нууцаар авч явсан үйлдэл харагдахгүй байгаа. Өдөр манаачийн хажууд эмчилье гэдэг зүйл ярьж байсан гэдэг. Эмчилж авъя гэсэн үйлдлийг шууд гэмт хэрэгт тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт нотолбол зохих байдал дээр гэм буруугийн сэдэлт, гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоох ёстой. Гэм буруугийн санаа сэдэл хулгайлъя, ашиг хонжоо олъё гэсэн санаа зорилго харагдахгүй байгаа. Магадгүй тэр даагыг эмчилж байгаад зараад идсэн бол хулгайн гэмт хэрэг гэж зүйлчлэх байсан. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогчийг эзэн нь гэдгийг мэдээгүй. Хохирогч өөрөө даагыг хайхрахгүй байсан, хашаандаа өдөр бүр хонуулахгүй байсан миний буруу гэж хэлж байсан. Нийтийн эзэмшлийн талбайд мал бэлчээхийг хориглосон хуулийн заалт байгаа. Машинд дайрагдсан малыг эмчилье гэсэн монгол хүний сайхан сэтгэлийг нөхөр нь лам хүн учир зовсон мал амьтанд тус болъё гэсэн сэтгэл нь гэмт хэрэгтэн болгоод шүүгдэгчийн ширээний ард суулгаж байгаа нь харамсалтай байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, хохирогчийн мэдүүлгээр миний даагыг эмчилье гэсэн сэтгэлтэй байсан байна. Би даагаа авсан гэдэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугийн зарчим байгаа. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай Дээд шүүхийн тогтоолын дагуу нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй гарсан улмаар үр дагавар бий болсон. Мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг учир гадаад нөхцөл байдлаар гэмт хэрэг юм шиг боловч гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог гэж заасан байгаа. Б.Н болон С.О нарын үйлдлийг харахад гэм буруугүйгээр гадаад нөхцөл байдлаараа гэмт хэрэг мөн юм шиг боловч субьектив шинж агуулагдаагүй учир энэ нь хохирол хор уршиг учруулаагүй гэж харагдахаар байгаа. Ингээд харахаар бодит байдал дээр дүгнэлт хийх ёстой. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокурор болон мөрдөгч бодит нөхцөл байдалд үндэслэж дүгнэлт шийдвэр гаргах ёстой. Энэрэнгүй ёсны зарчим байгаа. Нялх хоёр хүүхдээ дагуулаад хулгай хийгээд явж байх эцэг эх байх уу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Прокурор хэлж байна. Хоёр хүүхдийн гэрчилгээг яах гэж хийсэн юм бэ гэхээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учир хүүхдүүдийн гэрчилгээг хийсэн гэж байна. Насанд хүрээгүй хоёр хүүхэдтэйгээ гэмт хэрэг үйлдье гэсэн санаа зорилго байсан юм уу гэдэг дээр дүгнэлт хийх байсан. Нууц далд аргаар авч явах байсан бол гэрч нартай яриа хийх байсан юм уу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд зааснаар хулгайлах гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогдохгүй байна. Тухайн даагыг эмчилсэн үйл баримт тогтоогдож байна. эрх зүйн ухамсрыг удирдлага болгож шийдвэр дүгнэлт гаргах ёстой. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж агуулагдсан юм уу гэдэг дээр дүгнэлт шийдвэр гаргах ёстой. Шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд хоёр нялх хүүхэд нь хүлээгээд байж байгаа. Эхнэр нь Говь-Алтай аймгийн хүн биш. Нөхрийнх нь аав ээж байдаггүй. Хоёр хүүхдийг нь харах хүн байхгүй. Хоёр хүүхдийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн сэдэл зорилго тогтоогдохгүй байгаа тул ашигтай байдлаар шийдвэрлэх эрх хэмжээ байна. Иймээс аль болох шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Энхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохоор улсын яллагч дүгнэлт гаргаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 09-нд гаргасан хохирогч Х.Ц малаа хулгайд алдчихлаа гэсэн өргөдөл гомдол гаргаагүй, миний даагыг ачиж явсан машиныг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн өргөдөл гомдол гаргасан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт өргөдлийг хулгайд алдсан гэдэг байдлаар тайлбарлаад байсан. Гэрч мэдүүлэхдээ хөл нь гэмтсэн даага манай хашаагаар орж гараад байдаг байсан. Эхнэрийг нь би малын эмч гэж ойлгосон гэж хэлдэг. Тухайн малыг эмчилье гэсэн санаа сэдэл байсан, хулгайлъя гэсэн санаа сэдэл байгаагүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээрэй. Миний үйлчлүүлэгч лам хүн байгаа. Хамаг амьтны тусын тулд тухайн дааганд эмчилгээ хийсэн. 10 боодол өвч авсан. 200.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн гэдэг. Тэгэхээр хохирогчийн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөдөө хайхрамжгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Баруун дал нь гэмтсэн байсан. 08 дугаар сарын 23-нд гэмтэл авсан байсан. Гэмтэл авчхаад яваад байна гэдэг нь хайхрамжгүй хандсан хохирогчийн эс үйлдлээс болж машин дайрсан нөхцөл байдал харагдаж байгаа. Даагыг хулгайлсан юм уу, алдагдсан юм уу эсхүл өөр гэмт хэргийн шинжтэй юм уу гэдгийг шүүх өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх байх. Даагыг хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлснээс гэмт хэргийн шинж харагддаг. Иргэний хуулийн 117 дугаар зүйл нь алдуул мал гэсэн ойлголт байгаа. Алдуул мал гэдэг санааг улсын яллагч өөрөө Иргэний хуулийн 117 дугаар зүйлийг баримталж ярьж байна. Тэгэхээр нууцаар хууль бусаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг гэж байна. Хэрэв даага хөл нь хугараагүй байсан бол авахгүй байсан. Хохирогч ижил сүргээсээ тасарсан, ижилдээ явахгүй байсан, алаг чинь энэ тэнд явж байна шүү гэж хүмүүс хэлдэг байсан, би найр хуримд явсан анхааралгүй байсан нөхцөл байдал байсан гэж байна. Энэ хүн хулгайд алдсан гэж огт бодоогүй. Дайрсан хүн нь аваад явсан гэж бодсон учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байгаа. Гэрчээс энэ хоёр хүн хулгайчийн дүр төрхтэй харагдсан уу, өрөвдсөн шинжтэй харагдсан уу гэхэд эхнэрийг нь малын эмч гэж бодсон гэж хэлсэн. Анхны ярилцлагыг гэрч хулгайн сэдэл илрээгүй байсан гэдгийг мэдүүлгээрээ хэлж байна. эхнэр нь хол нутгийн хүн байгаа. Ард нь 8 нас, 10 настай хүүхэд үлдэж байгаа. Гэм буруутайд тооцсон тохиолдолд ял авахаар байгаа. Тэгэхээр шүүхэд хандаж хэлэхэд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байгаа учир мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгнө үү гэв.
Улсын яллагч нэмэлт тайлбартаа: Улсын яллагчийн зүгээс С.О Б.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж машин механизм ашиглаж үйлдсэн гэдэг нөхцөл байдлаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт дээр алдуул мал гэдгийг мөн тайлбарлаж байна. Улсын яллагчийн зүгээс мал хулгайлах гэмт хэрэг гэж тайлбарлаж хэлээгүй юм. Алдуул мал завшсан гэмт хэрэг энэ нь мал хулгайлах гэмт хэрэгт орж байгаа юм гэж дурдаж хэлсэн байгаа. Үүнийг зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Мөн нөхцөл байдлаас дүгнээд үзэхэд субьектив санаа зорилго нь юу байсан юм бэ. Тухайн даагыг 18 цагийн үед очиж үзсэн. Гэтэл өнөөдөр энэ даага эзэнгүй, өөрийн эзэмшилд авъя гэж ярилцаж байсан нь гэрчийн мэдүүлгээс харагддаг. Өөрийнхөө өмчлөл буюу хашаандаа авч очоод 47 хоног болсон. Иргэний хуулийн 117 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Тэр даагыг шууд хүнсэндээ хэрэглэхээргүй байсан. Хохирогч гомдол гаргаад мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй бол энэ даага өсөж томорно биеийн хэлбэр өөрчлөгдөнө дараа нь миний даага гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Лам хүн бусдын малыг зөвшөөрөлгүй авч явсан бол энэ нь зан үйлийн асуудал, бусад хүн аваад явахад хулгайн гэмт хэрэг болох асуудал байхгүй. Мөн зан заншлын талаар яриад байна. Энэ талаар Эрүүгийн хуульд зааж өгөөгүй. Бусдын өмчлөлд байгаа малыг хууль бусаар авч явсан бол гэмт хэрэг гэж үзнэ гэж заасан. Энэ үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар нууцаар авч явсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Мөн хоёр хүн ачилт хийх гээд ухрааж орж байгаа байдал харагддаг. Энэ хоёр хүн очоод даага ачиж байгаа нь харагддаг. Өөр хүмүүс ачилцсан зүйл харагдахгүй байгаа. Нийтийн эзэмшлийн талбай гэдэг зүйл ярьж байна. Монгол хүмүүсийн нөхцөл байдлаас хамаараад, нүүдлийн соёл иргэншлээс хамаараад зуданд муудсан малаа авч ирж тэжээдэг нөхцөл байдал байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Сууринд байсан учир мал хулгайлах гэмт хэрэг биш гэж ойлгож болохгүй. Эдгээр хүмүүсийн үйлдэл Иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаагүй. Хүний юм авч болохгүй талаар ухамсарлаж ойлгож байсан. Бусдын эзэмшлийн малыг авч явж байгаа нь санаатай үйлдэл. Магадгүй малаа эрж хайгаад хохирол хор уршиг учирсан байхыг үгүйсгэхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нэмэлт тайлбартаа: Нууц далд аргаар хашаандаа байлгаад байгаа нь нууцаар авч явсан гэж байна. Яллах дүгнэлт үйлдсэн хэрэг нь нууц далд аргаар авч явсан байхыг шаарддаг. Тэгэхээр сая тайлбартаа хашаандаа байлгаад байгаа нь нууц далд аргаар авсан байна гэж хэлж байна. Энэ гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл юу юм гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрх зүйн ухамсрыг тусгаж өгсөн. Шалтгаан нөхцөл юу юм бэ гэдэгт эрх зүйн ухамсар явж байгаа. Ямар учраас энэ үйлдлийг хийх болсон юм бэ, хэрэв тэр даага эрүүл саруул байсан бол тэр даагыг өрөвдөх, эмчилье гэсэн санаа зорилго байхгүй байсан. Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийг үйлдсэн юм бэ, үүнийг ойлгомжтой байдлаар тусгах ёстой. Прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй зүйл харагдаад байгаа. Нэг бол алдуул мал гэдэг ойлголтыг яриад байдаг, нэг бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийг тайлбарлаад байдаг. Алдуул мал гэдэг тодорхойлолтыг хэлж байна. Бодит байдал дээр эзэн нь тодорхойгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Боосон эмчилж байсан бол тэр үйл баримт харагдах ёстой. Хэрэв тэр даагыг боогоод сойлт хийсэн бол энэ хоёр хүн очоод эзэнтэй юм байна гэж бодоод малыг эмчлэхгүй байх санаа сэдэл төрөх байсан. Гэтэл тэр малыг ямар нэгэн байдалтай эмчилж байсан нөхцөл байдал харагдахгүй, эзэн нь тодорхойгүй байсан. Эзэн нь тодорхой байсан бол машинд дайруулахгүй, дайруулсан ч хашаандаа эмчилгээ хийлгээд байж байсан байх. Мөн ижил сүргээсээ салсан малыг алдуул мал гэж байна. Гэтэл энэ даага ижил сүргээсээ салсан явж байсан юм уу. Өмгөөлөгч миний үйлчлүүлэгч нарыг алдуул мал завшсан зүйл ангиар зүйлчилж өгнө үү гэж хэлэхгүй. Нэгэнт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогдохгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ашигтай байдлаар шийдвэрлэх эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байна. Иймээс аль ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хохирогчийн хэлсэн үг мөн тийм утгатай байна. Энэ хүн тус болъё эмчилье сувилъя гэсэн санаа сэдэл байсан. Иймд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Энхзаяа нэмэлт тайлбартаа: Мал хулгайлах санаа байхгүй байсан. Эмчлэх санаа байсан гэдгийг хэлж байгаа. Тухайн үед хариулахдаа анзааргатай ханддаг байсан бол энэ хоёр хүний гар дээр ирээд боолтод орохгүй байсан. Хэрэв боолттой байсан бол эзэн тодорхой гэдэг сэдэл төрөх байсан. Гэмтээгүй байсан бол авахгүй байсан. Эмчлээд байсан эмчилгээ авахгүй байсан. Тэгээд хууль ёсны эзэмшигч Х.Ц дээр очсон байгаа. Шүүх зүйлчлэлийг өөрчлөх юм уу гэм буруугүйд тооцох зарчмыг хэрэглэх эрх хэмжээ нь шүүхэд байгаа. Иймд мал хулгайлах гэмт хэргийн шинж байхгүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.О, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд, мэтгэлцээн, тайлбаруудын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч С.О, Б.Н нар нь эхнэр нөхөр бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед хоёр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байх Драгон буюу Автотээврийн төвийн урд явж байхдаа тэнд байсан автомашинд дайрагдаж хөлөндөө гэмтэл авсан даагыг ямар гэмтэл авсан эсэхийг үзэж энэ дааганы талаар уг төвийн хашаанд амьдардаг Л.Г.Агаас асууж тодруулан энэ хүний хажууд энэ даагыг авч явах талаар ярилцаж улмаар оройны 21 цагийн үед өөрсдийн эзэмшлийн портер маркын автомашинаар дахин ирж ачиж Харзат багт байх хашаандаа аваачиж уг даагыг эмчилж тэжээсэн байна. Улмаар уг дааганы эзэн Х.Ц өөрийн даагаа эрж хайсан бөгөөд цагаан автомашинтай хүн ачаад явсан сургаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж 2022 оны 10 сард даагаа буцааж авсан байна.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.О, Б.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч С.О, Б.Н нарыг цагаатгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хянаж үзэхэд 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл уг хэрэгт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь шууд санаатай шунахай сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлдэг. Үүгээрээ бусдын эд хөрөнгийг өөр зорилго, сэдэлтээр нууцаар авах үйлдлээс яллагддаг. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог. Гэхдээ гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субьектив ойлголт бөгөөд зарим тохиолдолд хүмүүсийг үл тоомсорлож, тэдний дэргэд хулгайлах тохиолдол байж болдог.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.О, Б.Н нарын хүүхдүүд нь автомашинд дайруулж хөлдөө гэмтэл авсан даагыг эмчлэх саналыг ээж Б.Нт тавьсан байна. Шүүгдэгч Б.Н нь бага эмч сувилагч мэргэжилтэй / яллах дүгнэлтэд бичсэнээр/ бариа хийдэг, харин шүүгдэгч С.О нь лам бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлж байна.
Шүүгдэгч Б.Н, С.О нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд мэдүүлсэн ..... хоёр хүүхэд “ээж та хүн барьдаг юм чинь энэ унагыг авч яваад эмчилж болохгүй юм уу” гэж хэлэхээр нь үзээд байж байтал Г.А эгч гарч ирээд “энэ унага хашаан дотор явж байдаг юм өнөөдөр ажлаас ирэхэд хөл нь гэмтсэн байна. 1 сар гаруй энэ орчмоор яваад байсан. Эзнийг нь мэдэхгүй байна. Хашаа хороогоор орж гараад баас, шээс цуглуулаад байх юм аваад яваач” гэж хэлэхээр нь үзээд эмчилье гэсэн үүднээс авч явсан. Дайруулаад нялх унага байхаар нь өрөвдөөд эмчилье гэдэг сэтгэлтэйгээр авч явсан болохоос хулгайлъя гэдэг бодлоор авч яваагүй. уг даагыг эмчлэх зорилгоор авч явсан, хэрэв тэр даага хөлдөө гэмтэл аваагүй бол авч явахгүй байсан....гэх мэдүүлэг, гэрч ГГ.Агийн... 8 сарын эхээр хөлөө дайруулсан юм шиг явж байсан. Ажил тараад хаалгаа цоожлох гэж байхад тэр даага хашаанаас гараад гадаа явж байсан. Тэр даага хөлөө чирсэн явж чадахгүй байхад энэ хоёр хүн ингээд хөлийг нь боовол эдгэж магадгүй гэж яриад байсан. Ачихад нь хамт байгаагүй. Гэрийн хаягаа Харзат гэж хэлж байсан. ...Хоёр хүүхэд хамт явж байсан. Эхнэр нь хөлийг нь өргөөд хаандаа гэмтэл авсан байна гэж хэлж байсан. Нөхөр нь эмчилье гэсэн бодолтой байсан. Хулгайлах талаар мэдэхгүй, нөхөр нь хөдөөний гэмээр хүн байсан. Эмчилбэл яах бол гээд эхнэрээсээ асуугаад байсан...гэх мэдүүлэг, хохирогч Х.Цын .... МСҮТ-ийн уурын зуухны урдуур явж байгаад нэг хүнээс асуухад та ачаад зогсож байсан биз дээ гэхээр нь би ачаагүй гэж хэлэхэд цагаан машинтай хүн ачиж байхаар нь таныг гэж бодсон юм гэж хэлэхээр нь машинтай хүн ачаад явсан юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н, С.О нар нь уг даагыг шууд санаатай шунахайн сэдэлтээр нууцаар авч явсан болох нь тогтоогдохгүй харин эмчлэх эдгээх зорилгоор авч явсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч нарын дээрх нөхцөл байдал буюу “даагыг эмчлэх зорилгоор авч явсан, нууцаар авч яваагүй, 2 хүн ачилцаж өгсөн, гэрийнхээ хаягийг Г.Ад хэлсэн” болох нь гэрч Г.А, хохирогч Х.Ц нарын мэдүүлэгтэй зөрүүгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай шунахайн сэдэлттэй байхыг шаардах бөгөөд үйл явдлын гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн санаатай шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй.
Иймд шүүгдэгч нарын үйлдлээ ухамсарласан байдал болох гэмт хэргийн дотоод талыг түүний илрэн гарах үйлдлийн шинж байдалд дүн шинжилгээ хийх замаар тогтоох нь зүйтэй юм.
Тухайн үйл баримтын хувьд гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлт тогтоогдохгүй үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч С.О, Б.Н нарын өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм нарын гаргасан “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байгаа учир мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын яллагч нь “...Тухайн даагыг шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирогч Х.Цт мэдэгдээгүй, даагыг авч явлаа гэдэг байдлаар хүнд мэдэгдсэн зүйл байдаггүй. Гэрчид мэдэгдсэн гэдэг зүйлийг ярьдаг боловч шүүгдэгч нар нь өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээдэггүй. ...Хохирогчийн эзэмшил өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж хохирогчид мэдэгдэхгүйгээр нууцаар аваад явсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18-19 цагийн хооронд үзэж яваад орой 21 цагийн үед ирээд ачиж явж байгаа. Гадаа харанхуй байгаа боловч магадгүй гэрэлтүүлгийн асуудал байгаа. Ачиж яваа камерын бичлэгээс харахад тухайн даага байрлаж байгаа газар нь ямар нэгэн байдлаар гэрэл гээгүй байсан нь харагддаг. Гэм буруутай болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлт гаргасан бөгөөд харанхуйд ирж авч байгаа үйлдэл бүрийг нууцаар авч байгаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нар нь хүүхдүүдийн хамт ирж авсан мөн уг даагыг ачиж байгааг харсан хүн хохирогчид хэлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд даагыг авч явсан болохоо мэдэгдээгүй гэдэг нь гэрч Г.Агийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч, гэрч хохирогч нарын мэдүүлгүүдээр шууд санаатай, шунахайн сэдэлт нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.
Иймээс шүүгдэгч Б.Н, С.О нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С.О, Б овогт Б.Н нарт холбогдох 2216001800201 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О, Б.Н нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч С.О, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсаргасугай.
4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2216001800201 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА