Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/97

 

 2023        01          19                                      2023/ШЦТ/97     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0820/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Ц.Буянхишиг,

шүүгдэгч: А.М, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Д.Лхагвадорж,

шүүгдэгч: М.Ц, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, М.Ц, А.М нарт холбогдох эрүүгийн 2209000000896 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2003 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эмээ, ах нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ...тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан Г.Б /РД:/;

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2002 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Тариалант сум, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Ц /РД: /

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 2004 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.М /РД:/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Г.Б, М.Ц нар нь бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,

- 2022 оны 4 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар Дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна байсан хохирогч Ч.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн авто машины цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 288.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна байсан хохирогч А.Э-н эзэмшлийн *** улсын дугаартай Прадо маркийн авто машины цонхыг хагалж, багаж, цахилгаан бороохой, айфоне 6 маркийн утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 699.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 901 дүгээр байрны гадна байсан хохирогч Б.Х-ын эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 312.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна байсан хохирогч Ц.П-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 288.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ахмадын хотхоны гадна байсан хохирогч П.Б-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, 551.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

-2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон "Ус дулаан дамжуулах" төвийн дэргэд байсан хохирогч Б.Г-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжим, дагалдах хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 416.400 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 3 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Сургуулийн ... тоот хашааны гадна байсан хохирогч Ц.Г-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 11 дүгээр хороо, 513 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Ч-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 216000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

 

- 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 510 дугаар байрын гадна зогсоолд байсан иргэн Ж.Т-н эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс 216.000 төгрөгийн үнэ бүхий хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан байсан Э.Ж-н эзэмшлийн *** улсын дугаартай приус 30 маркийн авто машины гурвалжин цонхыг хагалж, авто машины андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны орчим грашийн гадна байрлуулсан байсан хохирогч Б.Б-н эзэмшлийн *** улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын гурвалжин цонхыг хагалж, улмаар тээврийн хэрэгсэл дотроос андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 450,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 25 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн Н.Н-н эзэмшлийн *** улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гурвалжин цонхыг хагалж андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 685.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 4 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулан тавьсан хохирогч Н.Б-н эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан;

Өсвөр насны яллагдагч А.М нь бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,

- 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадна байсан хохирогч А.Э-н эзэмшлийн *** улсын дугаартай Прадо маркийн авто машины цонхыг хагалж, багаж, цахилгаан бороохой, айфоне 6 маркийн утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 699.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 03 дугаар сарын 23 наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар Дүүргийн 11 дүгээр хороо, Сургуулийн 1-4 тоот хашааны гадна байсан хохирогч Ц.Г-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 04 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 513 дугаар байрны гадна байсан хохирогч Б.Ч-н эзэмшлийн *** улсын дугаартай Тоёота альфард маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, андройд хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 216000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,

- 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 510 дугаар байрын гадна зогсоолд байсан иргэн Ж.Т-н эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс 216.000 төгрөгийн үнэ бүхий хөгжмийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар хулгайлсан эд зүйлээ зараад мөнгийг нь хувааж аваад, өөрсдийн хэрэглээнд зарцуулдаг. Би хохиролд 1.970.000 төгрөг төлсөн.” гэв.

Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэв.

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 4 сарын 25-ны өдрийн шөнийн 02 цаг өнгөрч байх үед хөдөөнөөс ирж, өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хангай хотхоны замын урд талд байршуулж үлдээгээд 2022 оны 04 сарын 25-ны өглөө 9 цагт гарч ирэх үед миний тээврийн хэрэгслийн гурвалжин шилийг хагалж, машины андройд хөгжим алдагдсан байсан... 2021 онд 450.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал)

Хохирогч П.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний *** улсын дугаартай Прадо маркийн машины арын жижиг цонхыг хагалж, дотроос нь ком багаж 1 ширхэг, цахилгаан бороохой 1 ширхэг, айфоне маркийн утас хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 96-98 дахь тал)

Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...унтаж байтал 08-49 цагт хүн залгаад цонхыг чинь хагалаад доторх хөгжмийг чинь аваад явсан байна гэхээр нь гайхаад гараад иртэл урд жижиг гурвалжин шил хагалаад хөгжим алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал)

Хохирогч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...06 цаг өнгөрөөгөөд гараад ирсэн чинь жолооч талын жижиг гурвалжин шилийг хагалаад дотроос нь машины хөгжим алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дахь тал)

Хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 сарын 27-ны өглөө 05:15 цагийн үед ажилдаа явах гээд гарч ирээд машинаа онгойлгох гэсэн чинь машин онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод доторхыг нь харсан чинь салон хуулаад хөгжим байхгүй байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал)

Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 сарын 23-ны 24 цагийн үед өөрийн машиныг Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Сургуулийн ...тоот хашааны гадна байрлуулаад ..өдөр буюу 13 цагийн үед гадуур гарах ажил гараад машинаа үзэхэд жолоочийн эсрэг талын жижиг гурвалжин хагалж машинд хулгай ороод хөгжим алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 69-70 дахь тал)

Хохирогч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажилдаа явах гээд 15 цаг гээд гараад иртэл машины голд байсан андройд хөгжим алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 138-139 дахь тал)

Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны замын урд талын “Ус дулаан дамжуулах” төвийн дэргэд 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байрлуулан тавьсан байсан *** улсын дугаартай Приус-30 маркийн машины гурвалжин шилийг хагалж,.. андройд хөгжим, эд зүйлс маань алдагдсан байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал)

Хохирогч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Хангай хотхонд оршин суудаг бөгөөд өчигдөр орой 17 цагийн үед байрны зүүн талд өөрийн ах Баньдын эзэмшлийн тоёота приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байршуулсан. Өнөөдөр өдрийн 14 цагийн үед гараад иртэл машины зүүн урд талын гурвалжин жижиг цонх хагарсан байдалтай, дотроос нь хөгжим алга болсон байдалтай байсан, машинаас өөр алга болсон зүйлгүй…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 9-11 дэх тал)

Хохирогч Э.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны орой ...хүүхдийн 7 дугаар төвийн ертөнцийн зүгээр урд талд байрлах зам дагуу өөрийн *** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота  Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ны 07 цаг 50 минутын үед гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд миний машины жолооч талын жижиг гурвалжин цонх хагарчихсан байхаар нь машинаа онгойлгоод дотор нь суухад миний машины хөгжмийн гадна хүрээ, ойр орчмын хүрээ хэсэг задарчихсан дотор нь байсан миний машины андройд хөгжим алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал)

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын үед ажлаасаа тараад хамт ажилладаг Тэмүүлэн гэх залуутай цуг өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай хар өнгийн приус-30 хэрэгслээ унаад Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны хойд талын граш дунд өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулаад 17 дугаар байранд ажлынхаа залуугийнд орж хоноод өглөө 09 цагийн үед ажилдаа явах гээд хамт ажилладаг Тэмүүлэнгийн хамтаар гарч иртэл миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын жижиг цонхыг хагалаад машины андройд хөгжим хулгайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 245-246 дахь тал)

Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо 25 дугаар байрны хойд талд грашны хажууд өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэр рүүгээ орсон. Тэгээд маргааш өглөө нь *** гэсэн дугаараас 12 цаг 40 минутын үед нэг эрэгтэй миний дугаар руу машины чинь жолоочийн эсрэг талын цонхыг хагалсан байна гэж хэлэхэд нь би утсаа таслаад гадагшаа гарсан. Тэгээд би өөрийн ээж болох Б.Х руу залгаад машины цонх хагалсан байна гэнэ над руу сая хүн залгасан гэхэд манай ээж одоо очлоо машин дээрээ очоод байж бай гэж хэлээд манай ээж цагдаа дуудсан... гарч ирэх үед миний машины жолоочийн эсрэг талын гурвалжин цонхыг хагалж машины андройд хөгжим хулгайлсан байсан..." гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал)

Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 22 цагийн орчимд өөрийн ажлаа тараад гэр лүүгээ явж байсан. Улмаар өөрийн гэр болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 30 дугаар байрны урд талд автомашины зогсоол хайсан боловч байгаагүй. Улмаар тухайн байрны ард очиж үзэхэд зогсоол байсан ба тухайн газарт би өөрийн *** улсын дугаартай саарал өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг байрлуулсан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд ажилдаа явах гээд гэрээсээ гараад өөрийн тээврийн хэрэгсэл дээр очиход миний тээврийн хэрэгслийн зүүн талын гурвалжин цонх хагархай байсан ба тээврийн хэрэгслээ онгойлгоод үзэхэд миний машинд байсан андройд үйлдлийн системтэй хөгжим алдагдсан ба улмаар би цагдаагийн байгууллагад хандсан…" гэх мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 37-38, 104-105, 185, 228-229, 2 дугаар хавтаст хэргийн 226 дахь тал)

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 51-54, 130-136 дахь тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 23-27, 164-167, 209-210, 2 дугар хавтаст хэргийн 1-3, 64-65, 132-134, 203-207, 3 дугаар хавтаст хэргийн 91-95, 213-216, 4 дүгээр хавтаст хэргийн 41-46 дахь тал)

“Дамно” ХХК, "Кости-Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний тайлангууд (1 дүгээр хавтаст хэргийн 56-57, 143-144, 188-189, 231-232, 2 дугаар хавтаст хэргийн 35-36, 102-103, 178-179, 220-221, 3 дугаар хавтаст хэргийн 46-47, 142-144, 223-225, 4 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал)

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 86-91, 2 дугаар хавтаст хэргийн 250, 3 дугаар хавтаст хэргийн 1-4 дэх тал)

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дахь тал)

Эд зүйлийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал)

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 19-33, 3 дугаар хавтаст хэргийн 72-77 дахь тал)

А.М-н төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал)

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа (3 дугаар хавтаст хэргийн 64-65 дахь тал)

"Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан (5 дугаар хавтаст хэргийн 46 дахь тал)

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нар нь бүлэглэн нийт 13 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, машин механизм ашиглаж 2022.03.23-ны өдрөөс 2022.04.27-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч нэр бүхий иргэдийн автомашинуудын цонхыг хагалж, андройд хөгжмүүдийг нь хууль бусаар авч, бусдад нийт 5.571.400 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Д.Лхагвадоржоос “Улсын яллагчаас учрах саадыг арилгах зорилгоор гэж үзэн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийх ёстой байсан ч үнэлгээ хийгээгүй байна. Иймд хууль ёсны байх зарчмыг зөрчиж байх тул хүндрүүлэн үзэх нь үндэслэлгүй. Шүүгдэгч нар учирсан саадыг тээврийн хэрэгслээр арилгасан зүйл байхгүй, үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учирсан саадыг арилгах буюу хол замыг дөтлөх, хулгайлсан эд зүйлсээ тээвэрлэх зориулалтаар машин механизм ашиглан үйлдсэн болох нь хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлээр (1 дүгээр хавтаст хэргийн 51-54, 130-136 дахь тал) нотлогдож тогтоогдсон.

Мөн шүүгдэгч нарын ашигласан гэх тээврийн хэрэгсэл нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар шүүгдэгч А.М, М.Ц нарын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, шүүгдэгч Г.Б-н нэр дээр *** улсын дугаартай Hyundai Accent маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна /3хх-67-38/ гэжээ.

Шүүгдэгч нар нь мэдүүлэхдээ “бид гурав хулгай хийхдээ эхлээд 2922 /серийг нь санахгүй байна/ улсын дугаартай саарал өнгийн Hyunday Verna маркийн тээврийн хэрэгсэлтэй явдаг байж байгаад, Г.Б машинаа хүнтэй солиод *** улсын дугаартай хар өнгийн Соната-5 маркийн Г.Б-н эзэмшлийн машинаар явдаг болсон” гэж мэдүүлдэг. Улсын яллагчийн хувьд энэ талаар санал гаргаагүй бөгөөд шүүгдэгч нарт хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нар нь  амар хялбар аргаар, бусдын эд хөрөнгөөр мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн явуургүй шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас нэр бүхий 13 хохирогчид нийт 5.571.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Э-д 699.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /4хх-153/ байна.

Шүүгдэгч А.М нь хохирол төлбөрт тооцож тус шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд 1.631.000 төгрөг /4хх-152/, шүүгдэгч  М.Ц нь 1.795.200 /4хх-151/, шүүгдэгч Г.Б нь 1.445.000 төгрөг, нийт 4.871.200 төгрөг байршуулжээ.

Хэдийгээр гэмт хэргийн үйлдэл, оролцооны хувьд шүүгдэгч А.М нь шүүгдэгч нартай 4 үйлдэлд бүлэглэн оролцсон боловч шүүгдэгч нар нь өөрсдийн санаачилгаар хохирогч нарын хохирол төлбөрийг 3 хуваан шүүхийн дансанд байршуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нараас өөрсдийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд төлсөн 4.871.200 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Б-д 288.000 төгрөг, Б.Х-д 312.000 төгрөг, Ц.П-д 288.000 төгрөг, П.Б-д 551.000 төгрөг, Б.Г-д 416.400 төгрөг, Ц.Г-д 500.000 төгрөг, Б.Ч-т 216.000 төгрөг, Г.Т-д 216.000 төгрөг, Э.Ж-д 600.000 төгрөг, Б.Б-д 450.000 төгрөг, Н.Н-д 685.000 төгрөг, Н.Б-д 350.000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч нарт дээрх зүйл ангид заасан тохирох ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Б-д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч М.Ц-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.М-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлаж хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 хүрээгүй байсан шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б, М.Ц нарт гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийг санаачилсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Б-д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ц-д 01 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б-д 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ц-д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад  зааснаар шүүгдэгч А.М-д ял оногдуулахыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.5-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад оногдуулсугай.

6. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Б, М.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б, М.Ц, А.М нараас хохирол, хор уршигт тооцон тус шүүхийн Тамгын газрын 100900005406 дансанд шилжүүлэн байршуулсан 4.871.200 /дөрвөн сая найман зуун далан нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Б-д 288.000 төгрөг, хохирогч Б.Х-д 312.000 төгрөг, хохирогч Ц.П-д 288.000 төгрөг, хохирогч П.Б-д 551.000 төгрөг, хохирогч Б.Г-д 416.400 төгрөг, хохирогч Ц.Г-д 500.000 төгрөг, хохирогч Б.Ч-д 216.000 төгрөг, хохирогч Г.Т-д 216.000 төгрөг, хохирогч Э.Ж-д 600.000 төгрөг, хохирогч Б.Б-д 450.000 төгрөг, хохирогч Н.Н-д 685.000 төгрөг, хохирогч Н.Б-д 350.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч А.М-д авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Г.Б, М.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР