Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/224

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Б.Энэрэл (томилолтоор), шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02598 1732 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн А.А, 1982 оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, эрэгтэй 39 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилга дээр мужааны ажил эрхэлдэг гэх, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 03-75 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.А нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулах “ГТ” хүнсний дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Ю-ын гээгдүүлсэн Samsung Wide 4 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 320,000.0 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн А.А  нь Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулах “ГТ” хүнсний дэлгүүрт 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр иргэн Д.Ю-ын гээгдүүлсэн Samsung Wide 4 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 320,000.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2.      Нотлох баримтын үнэлгээ

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

- Хохирогч Д.Ю-ын “...би 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Гурван товх” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа өөрийн Samsung wide 4 загварын гар утсаа гээгдүүлээд гарсан байсан. Тэгээд удалгүй дэлгүүрт буцаж орж ирэхэд дэлгүүрт байсан залуу миний гар утсыг аваад явсан байхаар нь утас руугаа залгаж ярихад “...би гар утсыг дэлгүүрийн гаднаас олсон...” гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал);

- Гэрч О.А-ийн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “ГТ” хүнсний дэлгүүрээр Ю  эгч үйлчлүүлээд гарахдаа гар утсаа гээгдүүлсэн байсныг манай дэлгүүрээр урьд нь үйлчлүүлж байсан залуу гарахдаа аваад гарсан байсан. Тэгээд Ю эгч гар утас руугаа залгахад нөгөө залуу гар утсыг дэлгүүрийн гаднаас олсон гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал);

-“ГТ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-22 дахь тал);

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/073 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Samsung wide 4 загварын гар утас 320,000.0 төгрөг...” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 24 дэх тал);

-Шүүгдэгч А.А-ын “...би уншиж бичиж чадна, өмгөөлөгч авахгүй. Би өмнөх өдөр нь архи уугаад нэлээн шартсан байсан. Тэр эгч гарахдаа лангуун дээр гар утсаа мартаад гарахаар нь би авсан ба дуудлага ирэхээр нь гар утсыг дэлгүүрийн гаднаас олсон гэж хэлээд унтраах гэтэл унтрахгүй байхаар нь гэрийнхээ хойд талд байх хувцас хийдэг шүүгээнд хийсэн. Тэгээд 10 гаран хоногийн дараа авах гэтэл алга болсон байсан. Би архины мөнгө олох зорилгоор гар утсыг авсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэсэн бөгөөд түүний яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.      Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь бүрэн дунд боловсролтой бөгөөд тэрээр монгол хэл, бичиг мэддэг болохоо илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.      Эрх зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.А-ын үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас гээгдэл эд зүйл болох “Samsung wide 4” загварын гар утсыг 320,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000.0 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч А.А-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Ю нь гар утсаа биет байдлаар буцаан аваагүй, гэмт хэргийн улмаас учирсан 320,000.0 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.А-аас 320,000.0 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Ю-д олгох нь зүйтэй. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.      Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч А.А бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна. Мөн А.А-ын цагдан хоригдсон 20 хоног буюу 160 цагийг түүний эдлэх 320 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцон, үлдэх 160 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх саналтай байна.

Шүүгдэгч: “...хэлэх зүйлгүй...” гэв.

2.2.      Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Сонгинохайрхан дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1969 тоот албан бичиг (хавтаст хэргийн 38 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1379 тоот албан бичиг (хавтаст хэргийн 40 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41-42 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр 11-ний өдрийн 810 дугаартай “Хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай” захирамж зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.А тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хэдий ч шүүхийн шатнаас оргон зайлсан, хохирол төлөгдөөгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх хэм хэмжээг хэрэглээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ... тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 20 (хорь) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 160 цагаар тогтоов.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааралдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас заасан газарт ажиллуулахаар тогтсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 20 (хорь) хоногийн нэг хоногийг найман цагийн ажлаар тооцон хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 160 цагаар тогтоосугай.

5.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д сануулсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 320,000.0 төгрөг гаргуулан хохирогч Д.Ю-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА