| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0039/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/44 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/44
2023 02 01 2023/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баянхүү,
Улсын яллагч Ж.Б,
Насанд хүрээгүй хохирогч Х.Т
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,
Өсвөр насны шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 222500*********** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.М нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Урам” хүнсний дэлгүүрийн гадна талд Х.Ттой үл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн хэсэгт цохих, нүр хэсэгт нь өвдөглөх, нарны халхавчаар нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь гавлын дух ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний ухархайн хананы хугарал, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шуу, баруун тохойд 2 тооны зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Энамайг орхиж, Т руу гүйж очоод нүүр рүү нь гараа атгаж байгаад цохисон. Хэдэн удаа Тыг цохисон гэдгийг мэдэхгүй. Намайг араас нь явж очих үед Эрдэнэдаваад цохиулсны дараа тонгойж байсан Т дээшээ болоод миний хамар руу 2-3 удаа цохисон. Үүний дараа Т, Б, Д, Э дөрөв над руу дайрч Б.Т миний шанаа хэсэг рүү гараараа цохиж, миний хамарнаас цус гарч би доошоо тонгойсон. Энэ үед нэг нь миний цээжний баруун талын хавирга руу өшиглөөд байсан. Би доошоо харчихсан байсан болохоор хэн гэдгийг нь хараагүй. Удалгүй тэд нар намайг зодохоо болиод надаас холдсон... Б.ТЭхоёр хоорондоо ноцолдоод байсан. Б.Тнамайг цохих гээд дайрахаар нь гадуур хувцасныхаа халааснаас эвхдэг хар өнгийн зоонтог гаргаж ирээд дэлгэж Баттулгын гар руу хоёр удаа цохисон... 20 цаг 30 минутын орчим гэртээ хариад байж байтал Тын хамаатны эгч манай ангид сурдаг Намуунаа над руу фэйсбүүк чатаар залгаж эцэс дээр хүрээд ир, Тын эгч Эта хоёрыг дуудаж байна гэсэн...Намуунаа 30 гаран насны нэг эгчийн хамт приус маркийн машинтай хүрч ирсэн. Машины хойд суудал дээр суух үед миний хажууд суугаад машинаа дотор талаас нь түгжиж, над руу хүүхэд томографикт орчихлоо гэж хэлээд намайг үсдэж, баруун гараараа 2-3 удаа нүүр рүү алгадаж баруун талын шанаа руу гараар атгаж байгаад цохисон... Би өөрөөсөө өөр хүнийг зоонтогтой байхыг хараагүй... Би Х.Тыг доошоо болоход нь өвдөглөсөн. Х.Тын биед би гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 121-122х/,
- Насан хүрээгүй хохирогч Х.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ”...Энэ үед Э халааснаасаа гар утсаа гаргаж ирээд хөөе андаа танай сургуулийн 3 бацаан манийг чинь дээрэлхэж зодчих гээд байна гэсэн утгатай үг хэлээд Г.Мтай утсаар яриад байх шиг байсан. Ингэж утсаар ярьчхаад Эяваад өгсөн. Эрдэнэдавааг явсны дараа би дэлгүүрийн эсрэг талын автобусны буудал дээр очиж автобусанд суух гэтэл Б.Тнадад хандан хөөе андаа нөгөө хоёр чинь ирж байна гэж хэлсэн. Миний суух гэж байсан автобусан дотор найз Д мөн хамаатны дүү Алтантөгс хоёр байхаар нь би буугаад ир Мөөгий ирж байна гэж тэр хоёрыг дуудсан. Үүний дараа автобусны буудлын ойролцоо Мөөгий буюу Г.М миний урдаас хүрч ирээд надтай духаа нийлүүлж яасан хөөе гэж хэлэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ? гэж хариулсан. Мөн надтай маргалдаж байхдаа Г.М баруун гартаа хар өнгийн үзүүр нь төмөр, барзгар зоонтог барьчихсан байсан. Г.М надтай духаа нийлүүлчихсэн байхдаа гартаа барьсан зоонтгоороо миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон энэ үед миний толгой эргэж, эхэлсэн ба Г.Мын цамцнаас барьж автал гараараа миний толгой, нүүр хэсэг рүү цохиж эхлэхээр нь би зөрүүлж 4-5 удаа гараараа цохисон. Г.М бид хоёр хоорондоо 4-5 удаа цохилцсон. Мөн миний толгой эргээд доошоо тонгойсон байхад Г.М миний баруун нүдний хэсэг рүү буюу зоонтгоороо цохисон газар руугаа хүчтэй өвдгөлсөн энэ үед миний ухаан балартаж юу болж байгааг мэдэхээ больсон, хэсэг хугацааны дараа сэргэтэл би газар машин зам дээр хэвтэж байсан. Газраас босож ирэхэд миний баруун нүд бүрэлзээд юмыг бүдэг хараад байсан. Энэ үед Г.М гартаа барьсан зоонтгоороо бид нарыг цохих гэж хөөе мангар бацаануудаа нааш ир гээд дайраад байсан. Бид нар цохиулахгүйн тулд арагшаа ухарч байсан. Гэнэт Энхтөр, Г.М хоёр хоорондоо барьцалдаад унасан би тэр хоёрыг салгах гэхэд хөл дээрээ сайн тогтож чадахгүй манарч байгаа юм шиг толгой эргээд байсан. Үүний дараа Эрдэнэдаваа, Г.М хоёр “Урам” нэртэй дэлгүүр рүү гүйгээд орчихсон...Тэгээд Энхтөр, баттулга, Д, Алтантөгс бид хэд Мөнхлхагвын гэрт очсон. Мөнхлхагвынд очоод би ухаан алдчихсан. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 17-18х/,
- Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд: “...Би цоо эрүүл өвчин хэлж үзээгүй хүүхдээ бусдад зодуулж хүнд гэмтэл авсанд маш их гомдолтой байна. Миний хүү насан туршийн өвчтэй хүн боллоо. 9 сараас хойш 4 сар гаран эмнэлэгээр явж байна. Мэдрэлийн эмчийн хяналтанд орсон. Байнга эм ууж байгаа, 5,500,000 төгрөг нэхэмжилж байна. 700,000 төгрөг өгсөн хасахгүй...” гэв.
- Насанд хүрээгүй гэрч Э.Эмөрдөн шалгах ажиллагаанд: “...Дэлүүрийн үүдэнд Баттулга, Энхтөр, Д, Т нар зогсож байсан. Би хажуугаар нь зөрөх гэхэд зай бага мөрлөөд гарчихсан юм...Дэлгүүрээс буцаад гарахад Эта нар зодолдъё гээд байлуу одоо зодолдъё гээд Т, Б.Тнар над руу дайраад байсан. Тэгтэл цаанаас Г.М ирж таараад зодоон болсон. Хамгийн эхэлж Т миний зүүн талын шанаа хэсэг рүү цохисон. Би зөрүүлээд нэг цохисон. Бас Энхтөрийн нүүрэн тус газар 2 цохисон. Г.М Ттой зодолдож байсан. Г.М барьж явсан зоонтгоороо Тын нүүр рүү цохисон. Тэгсэн нэг машинтай ах боль та нар гээд сигналдаад байсан. Бид нар салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 35-36х/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Амөрдөн шалгах ажиллагаанд: “...Энэ үед Г.М ах гартаа хар өнгийн төмөр, сунадаг зоонтог бариад алхаж байсан. Г.М ах хамт байсан нэг ахтай Т ах руу алхаж очих замдаа муухай муухай хараалын үг хэлээд байсан. Яг юу гэж хэлсэн гэдгийг нь санахгүй байна. Г.М ахтай хамт ирсэн эрэгтэйн мөр рүү Эах түлхсэн. Үүний дараа Г.М ахтай хамт ирсэн ах Эахыг цохиж авсан. Дараа нь Т ах Г.М ах хоёр хоорондоо зууралдаад байсан. Энэ үед Т ахыг доошоо тонгойход Г.М ах дээрээс нь нуруу руу нь тохойгоороо цохиж аваад байсан. Дараа нь Т ах Г.М ахаас салаад газар уначихсан. Газар унасныхаа дараа Т ахыг босох гэтэл Г.М ах дээрээс нь толгой руу нь цохиод байсан. Энэ үед Эах Г.М ахыг хажуугаас нь жийгээд газар унагаасан Г.М ахыг газар унаж байх үед Т ах газраас босож ирээд толгойгоо бариад газар явган суугаад байсан. Г.М ах босож ирээд хар өнгийн төмөр зоонтгоо урт болгож сунгаад толгойгоо бариад сууж байсан Т ахьн нүүр рүү зоонтгынхоо бариул хэсгийн төмрөөр нь нэг удаа цохисон. Нүүр рүү нь зоонтгоороо цохисны дараа Г.М ах Т ахын үснээс гараараа зулгааж нүүр рүү нь нэг удаа өвдөглөсөн. Мөн Г.М ах дараа нь төмөр урт болгож сунгасан зоонтгоороо хажуудаа байсан хүмүүс рүү далайж саваад байсан. Зоонтогноос нь айгаад Энхтөр, Баттулга, Т, Д ах хойшоогоо ухраад байсан. Хойшоо ухарч байхдаа Т ах хоёр гараараа нүүрээ дараад яваад байсан. Энэ үед Г.М ах Эах болон Б.Тахын гар руу зоонтгоороо цохисон. Дараа нь хүмүүсийг цохиод байсан хар өнгийн урт төмөр зоонтог нь голоороо нугарах шиг болсон. Зодоон дуусаад Г.М ах хамт ирсэн ахтай цуг “Урам” нэртэй дэлгүүр рүү гүйгээд орчихсон...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 38х/,
- Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.Мын фейсбүүк хаяг руу залгаад яагаад Тыг зодсон талаар нь асуухад чиний дүү нар чинь эхэлсэн, дүү нарынхаа хэл амыг аятайхан аваад явчихаж чадахгүй гэж уурлаж байснаа чи дүү нараа аваад тосгоны эцсийн автобусны буудал дээр хүрээд ир, дүү нартай чинь шууд уулзаад учраа ольё, Эбид хоёр хамтдаа байна гэж хэлсэн. Би Г.Мд хандан Т эмнэлэг рүү явчихсан шүү дээ гэж хэлтэл дүү нараа аваад дагуулаад ир гэж хэлсэн. Үүний дараа би эгч Энхзулын 99894641 дугаарын утас руу залгаж Г.М гэдэг хүүхэд Эрдэнэдаваатай хамт байна, намайг дүү нараа аваад эцсийн буудал дээр хүрээд ир гэж дуудаад байна, хоёулаа хамт очъё гэж хэлсэн. Удалгүй Энхзул эгч машинтайгаа намайг Тын гэрээс ирж аваад Баянцагаан багийн эцсийн буудал дээр очсон. Гадаа бороо орж байсан учраас Г.М, Э хоёр автобусны буудлын нөмөрт зогсож байсан. Автобусны буудал дээр очоод Энхзул эгч машинаас бууж Г.Мын дэргэд очоод яагаад Тыг зодсон талаар нь асуусан энэ үед Эавтобусны буудлын сандал дээр суучхаад утсаа оролдоод хүнтэй яриад байх шиг байсан. Машины гадна байхад Г.М, Энхзул эгчид танай дүү нар чинь энэ зодооныг эхлүүлсэн, бид хоёрт буруу байхгүй гэж хэлсэн тэгэхээр нь Энхзул эгч Г.Мыг машинд сууж байгаад ярилцъя гээд хойд суудал руу суулгаад өөрөө дэргэд нь суусан. Тэр үед би жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байсан. Машин дотор байхад Энхзул эгч Г.Маас яагаад хүүхэд зодож байгаа юм бэ? ээжийнхээ утасны дугаарыг хэл гэхэд ээж, аав хоёр хоёулаа гар утасгүй байгаа, би буруугүй гээд өөрийгөө өмөөрөөд байсан. Үүний дараа Энхзул эгч намайг ангийн багшийнхаа дугаарыг өг гэж хэлээд надаас ангийн багш Должинсүрэнгийн утасны дугаарыг авсан. Дараа нь Энхзул эгч багш Должинсүрэн рүү залгаад Г.Мын ээжийн утасны дугаарыг авч Г.Мын ээжтэй ярьж танай хүүхэд хүүхэд зодсон байна гэж хэлсэн. Энхзул эгч Г.Мын ээжтэй утсаар ярьж дуусаад одоо чамайг дуудаж чамайг өгч явуулна гэж Г.Мд хэлтэл Г.М аниа цагдаа битгий дууд, зүгээр учраа ольё гэж хэлтэл Энхзул эгч чи хүүхэд ийм аймар болгочхоод яаж ингэж хэлж чадаж байна аа гээд гараараа баруун зүүн хацар руу нь нэг нэг удаа алгадсан. Дараа нь машины гадна утсаа оролдож байсан Эрдэнэдавааг машиндаа суулгаад бид нар бүгдээрээ эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 40х/,
- Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тосгоны эцсийн буудал дээр очиход Г.М, Эхоёр хамт байсан. Би тэр хоёроос Тыг хэн зодсон юм бэ? гэж асуухад Г.М надад хандан би зодсон юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаасаа буугаад Г.Мыг арын суудалд суулгаад өөрөө хажууд нь суусан. Харин Эгадаа автобусны буудал дээр борооноос хоргодоод зогсож байсан. Би Г.Мын дэргэд суугаад ээж, аавынхаа утасны дугаарыг өг, яагаад миний дүү Тыг ийм болгож байгаа юм бэ? гэж асуухад утасны дугаарыг нь хэлэхгүй гээд байсан. Үүний дараа би урд суудал дээр сууж байсан Намуунаагаас ангийн багшийнх нь утасны дугаарыг асууж ангийн багш руу нь залгаад Г.Мын ээжийнх нь утасны дугаарыг авсан. Г.Мын ээж рүү залгаж танай хүүхэд чинь манай дүүг зодчихсон байна, эмнэлэг дээр ухаангүй байгаа, ирэх үү гэж асуухад би очиж чадахгүй, аав нь ээлжийн ажилтай, Эдуудаж гэрээс нь гаргасан, зүв зүгээр л гэртээ байж байсан, машин тэрэг байхгүй гэж хариулсан. Тэр үед Г.М надад хандан ээжийг ирүүлэх хэрэггүй, эхлээд юу болсон гэдгийг сонсчих гэхээр нь би чи хүүхэд ийм болгочхоод юу яриад байгаа юм бэ? би чамайг цагдаад барьж өгнө гээд Г.Мын хацар руу нь хоёр удаа алгадсан. Дараа нь 7035102 дугаарын утас руу өөрийнхөө 99894641 дугаарын утаснаас залгаж хүүхэд зодчихоод хоёр хүүхэд цагдаагүй учраа ольё гээд Тосгоны эцэс дээр байгаад байна, дуудлага өгөх гэсэн юм гэж хэлтэл таны дуудлагыг авлаа гэж хариулсан. Гадаа бороо ороод байсан учраас утсаар ярьчхаад гадаа зогсож байсан Эрдэнэдавааг машинд суулгахад Энадад хандан би ах эгчийгээ дуудъя та битгий цагдаа дуудаач гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 43-44х/,
-Насанд хүрээгүй гэрч Г.Б.Тмөрдөн шалгах ажиллагаанд: "... Г.М хаанаас гэдгийг нь мэдэхгүй нэг хар өнгийн эвхэгддэг зоонтог гаргаж ирээд Тын баруун нүд рүү нэг удаа цохиж авсан. Т Г.Мд зоонтгоор цохиулсныхаа дараа шууд Г.Мыг хоёр гараараа зуурч, тэр хоёр хоорондоо гараараа цохилцоод эхэлсэн... Дараа нь Т манараад доошоо хагас тонгойгооод суутал Г.М Тын үснээс хоёр гараараа зулгааж байгаад нүүр рүү нь өвдгөлсөн... Г.М Тын дээр нь гараад суучихсан толгой руу нь гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 48-49х/,
- Насанд хүрээгүй гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: "... Нэг мэдсэн чинь Г.М баруун гартаа хар өнгийн зоонтог барьчихсан Тын баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохиж авсан. Үүний дараа Т биеэ хамгаалах гэж Г.Мын хавцаснаас нь зуурч Г.Мыг цохиж авсан мөн Г.М ч гэсэн гараа Тын толгой руу олон удаа цохиж авсан. Г.Мын хар өнгийн зоонтог нь эвхэгддэг богино болдог зоонтог байсан. Г.Мд олон удаа цохиулаад Т манарч газар хагаст суусан тэр үеийг би хальт л харсан. Намайг харж байхад Г.М Тыг үснээс нь гараараа барьж байгаад нүүр рүү нь өвдөглөсөн. Дараа нь Г.М Тын дээр нь гарч байгаад толгой руу нь гараараа цохиод байсан...Мөнхлхагвын гэрт орсны дараа Тын баруун нүдний хэсэг хавдаад эхэлсэн, дараа нь банштай цай идэж эхэлснээ цонх руу хараад сууж байснаа гэнэт татаад бие нь муудаж эхэлсэн. ...Зодоон эхлээд дуусах хүртэл миний харснаар ЭТ руу ойртож очоогүй ...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 51-52х/,
- Насанд хүрээгүй гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г.М Т хоёр духаа нийлүүлээд яасан бэ хөөе гэх мэтээр маргалдсан. Тэгтэл Г.М хаанаас ч юм хар өнгийн төмөр зоонтог гаргаж ирээд Тын нүүрэн хэсэгт нь хүчтэй цохиж авсан. Дараа нь Г.М Тын толгой руу зогсоо зайгүй цохиод байсан, Т эсэргүүцэж Г.Мыг ганц хоёр удаа л цохиод авсан. Миний харснаар эхлээд Г.М, Тын нүүр рүү хар өнгийн төмөр зоонтгоор цохичхоод дараа нь гараараа Тын толгой руу гараараа цохиод байсан. Тыг манараад доошоо хагас тонгойход Г.М Тын үснээс зулгааж байгаад нүүр рүү дахин өвдөглөсөн... Би Э, Тыг цохиж байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 54-55х/,
- Шинжээч эмч Ж.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд: “...Х.Тын ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасагт 2022-09-06-аас 2022-09-16-нд хэвтэн эмчлүүлсэн 12649 тоот өвчний түүхийн хуулбараас үзэхэд хэвтэх үедээ толгой өвдөнө, баруун нүд дух орчим өвдөнө гэсэн зовуурьтай, биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан саруул, судасны цохилт минутанд 75 удаа, хүчдэл дүүрэлт дунд, хэсэг газрын үзлэгт баруун чүдний эргэн тойрон хаван, хавдар ихтэй, нэлэхүйдээ хөхөрсөн, хөхрөлт хавдар зүүн нүд болон хамар руу шилжсэн, баруун гарын тохой, баруун өвдөг, эрүүн доор, баруун чихний ард өнгөц зулгарсан шархтай байсан байна. 2022-09-12-нд ясыг ил гарган харахад баруун духны хэсэгт гавлын яс дотогш цөмөрсөн хугаралтай байсанд хугарлын зөрөөг гаргасан, баруун нүдний ухархайн дээд хана цөмөрч бяцарсан ясны сэлтэрхийнүүдтэй байсан байна. Иймээс миний гаргасан дүгнэлтэнд 12649 дугаартай Х.Тын өвчний түүхэн дээрх гэмтлүүд бүгд тусгагдсан байна. Дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-н 77х/,
- Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай: “...1...Х.Тын биед гавлын дух ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний ухархайн хананы хугарал, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шуу, баруун тохойд 2 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Духны ясны хугарал, хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, баруун нүдний ухархайн хананы хугарал, нүдний алимны доргилт, тархины эдийн дунд зэргийн няцрал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно...” гэсэн дүгнэлт, /1-р хх-н 83-84х/,
- Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 751 дугаартай: “...Б.Мын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт, /1-р хх-н 90-91х/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 5-7х/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-н 11-12х/,
- Х.Тын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өвчний түүх /1-р хх-н176-188, 192-205х/,
- Хохирлын баримтууд /1-р хх-н 207-249х, 2-р хх-н 1-4х/,
- Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-н 153х/,
- Б.Мд мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /1-р хх-н 150х/,
- Б.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151х/, дүнгийн хуудас, Б.Мын авч шагналуудын хуулбар, хохирол төлсөн талаарх баримт зэргийг судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...өсвөр насны шүүгдэгч Б.Мыг насанд хүрээгүй хохирогч Х.Тын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох...” гэсэн саналыг гаргасан.
Өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Урам” хүнсний дэлгүүрийн гадна талд Б.М нь Х.Ттой маргалдан улмаар гараараа нүүрэн хэсэгт цохих, нүр хэсэгт нь өвдөглөх, шүхэрээр нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь гавлын дух ясны баруун талын цөмөрсөн хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, хатуу хальсан дээрх цусан хураа, баруун нүдний ухархайн хананы хугарал, нүдний алимны доргилт, нүүрэнд зөөлөн эдэд цус хуралт, зүүн шуу, баруун тохойд 2 тооны зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Мын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Х.Тын “... Г.М миний урдаас хүрч ирээд надтай духаа нийлүүлж яасан хөөе гэж хэлэхээр нь би чи яах гээд байгаа юм бэ? гэж хариулсан. Мөн надтай маргалдаж байхдаа Г.М баруун гартаа хар өнгийн үзүүр нь төмөр, барзгар зоонтог барьчихсан байсан. Г.М надтай духаа нийлүүлчихсэн байхдаа гартаа барьсан зоонтгоороо миний баруун нүдний хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон энэ үед миний толгой эргэж, эхэлсэн ба Г.Мын цамцнаас барьж автал гараараа миний толгой, нүүр хэсэг рүү цохиж эхлэхээр нь би зөрүүлж 4-5 удаа гараараа цохисон. Г.М бид хоёр хоорондоо 4-5 удаа цохилцсон. Мөн миний толгой эргээд доошоо тонгойсон байхад Г.М миний баруун нүдний хэсэг рүү буюу зоонтгоороо цохисон газар руугаа хүчтэй өвдгөлсөн энэ үед миний ухаан балартаж юу болж байгааг мэдэхээ больсон... Тэгээд Энхтөр, баттулга, Д, Алтантөгс бид хэд Мөнхлхагвын гэрт очсон. Мөнхлхагвынд очоод би ухаан алдчихсан.... гэсэн,
- Насанд хүрээгүй гэрч Э.Эрдэнэдаваагийн “...Г.М Ттой зодолдож байсан. Г.М барьж явсан зоонтгоороо Тын нүүр рүү цохисон...” гэсэн,
- Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн “...Т ах Г.М ах хоёр хоорондоо зууралдаад байсан. Энэ үед Т ахыг доошоо тонгойход Г.М ах дээрээс нь нуруу руу нь тохойгоороо цохиж аваад байсан. Дараа нь Т ах Г.М ахаас салаад газар уначихсан. Газар унасныхаа дараа Т ахыг босох гэтэл Г.М ах дээрээс нь толгой руу нь цохиод байсан. Энэ үед Эах Г.М ахыг хажуугаас нь жийгээд газар унагаасан Г.М ахыг газар унаж байх үед Т ах газраас босож ирээд толгойгоо бариад газар явган суугаад байсан. Г.М ах босож ирээд хар өнгийн төмөр зоонтгоо урт болгож сунгаад толгойгоо бариад сууж байсан Т ахын нүүр рүү зоонтгынхоо бариул хэсгийн төмрөөр нь нэг удаа цохисон. Нүүр рүү нь зоонтгоороо цохисны дараа Г.М ах Т ахын үснээс гараараа зулгааж нүүр рүү нь нэг удаа өвдөглөсөн...” гэсэн,
-Насанд хүрээгүй гэрч Г.Баттулгын “... Г.М хаанаас гэдгийг нь мэдэхгүй нэг хар өнгийн эвхэгддэг зоонтог гаргаж ирээд Тын баруун нүд рүү нэг удаа цохиж авсан. Т Г.Мд зоонтгоор цохиулсныхаа дараа шууд Г.Мыг хоёр гараараа зуурч, тэр хоёр хоорондоо гараараа цохилцоод эхэлсэн... Дараа нь Т манараад доошоо хагас тонгойгооод суутал Г.М Тын үснээс хоёр гараараа зулгааж байгаад нүүр рүү нь өвдгөлсөн...” гэсэн,
- Насанд хүрээгүй гэрч Г.Дгийн “...Нэг мэдсэн чинь Г.М баруун гартаа хар өнгийн зоонтог барьчихсан Тын баруун нүд рүү нэг удаа хүчтэй цохиж авсан. Үүний дараа Т биеэ хамгаалах гэж Г.Мын хавцаснаас нь зуурч Г.Мыг цохиж авсан мөн Г.М ч гэсэн гараа Тын толгой руу олон удаа цохиж авсан...Намайг харж байхад Г.М Тыг үснээс нь гараараа барьж байгаад нүүр рүү нь өвдөглөсөн. Дараа нь Г.М Тын дээр нь гарч байгаад толгой руу нь гараараа цохиод байсан...Мөнхлхагвын гэрт орсны дараа Тын баруун нүдний хэсэг хавдаад эхэлсэн, дараа нь банштай цай идэж эхэлснээ цонх руу хараад сууж байснаа гэнэт татаад бие нь муудаж эхэлсэн...” гэсэн,
-Насанд хүрээгүй гэрч Н.Э-ийн “...Г.М Т хоёр духаа нийлүүлээд яасан бэ хөөе гэх мэтээр маргалдсан. Тэгтэл Г.М хаанаас ч юм хар өнгийн төмөр зоонтог гаргаж ирээд Тын нүүрэн хэсэгт нь хүчтэй цохиж авсан. Дараа нь Г.М Тын толгой руу зогсоо зайгүй цохиод байсан, Т эсэргүүцэж Г.Мыг ганц хоёр удаа л цохиод авсан. Миний харснаар эхлээд Г.М, Тын нүүр рүү хар өнгийн төмөр зоонтгоор цохичхоод дараа нь гараараа Тын толгой руу гараараа цохиод байсан. Тыг манараад доошоо хагас тонгойход Г.М Тын үснээс зулгааж байгаад нүүр рүү дахин өвдөглөсөн... Би Эрдэнэдавааг Тыг цохиж байхыг хараагүй...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 708 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.М нь насанд хүрээгүй хохирогч Х.Тын биед санаатай халдаж гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд 5,500,000 төгрөгийг нэхэмжилсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 575,360 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч 700,000 төгрөгийг өгсөн байна. Хэрэгт авагдсан хоол хүнс, бензиний баримтууд нь уг гэмт хэргийн улмаас гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага 5,500,000 төгрөгнөөс шүүгдэгчээс өгсөн 700,000 төгрөгийг хасч үлдэх 4,800,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд ял оногдуулахыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүрийг түүний эх Алиманцэцэгт даалгах...” саналтай гэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Д.О “... 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авч өгөхийг хүсье ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь хэрэг гарах үед 14 насанд хүрсэн байсан болох нь түүний төрсний бүртгэлийн лавлагаа бичиг баримтад үндэслэн мөрдөгчийн хийсэн нас тоолсон тухай тэмдэглэлээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/...гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд зэргийг шинжлэн судалж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Батжаргалын Г.Мд ял оногдуулахыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Д.Ат тус тус даалгахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн шүхэрийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Шадарбаян овогт Батжаргалын Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Мд ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хүмүүжүүлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх арга хэмжээг авсугай.
3. Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Мд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Орхон аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эх Д.Ат тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.М нь дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хар өнгийн эвдэрхий шүхэрийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Хын нэхэмжлэлийн шаардлага 4,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ