| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2022/1714/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/48 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/48
2023 01 06 2023/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Эрдэнэчимэг /тээврийн прокурор/,
Хохирогч Б.Ц., түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч А.С., түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. овогт А.ын С.д холбогдох эрүүгийн 2203 00535 0502 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 20-ний өдөр, Завхан аймагт төрсөн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Зв хэсэг, улиастай хэсэг 760 тоотод оршин суух, комфорт архитектур дизайн ХХК-ийн мужаан ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,
урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 633 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны 694 дугаартай захирамжаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.
Б. овогт А.ын С. /РД: ИУ99062019/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.С. нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн уулзварын замд “2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд Приус маркийн 47-45 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийг чөлөөлөн замын хашлага дагуу зогсож байсан Приус маркийн 69-74 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, худалдан авалт хийхээр зогсож байсан уг автомашины жолооч болох Б.Ц.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.С. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хохирлоос 1.650.000 төгрөг төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Ц. нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед 9 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө би охинтойгоо явж байсан. Манайх Баянзүрхийн товчоо, цанын баазын хойно байдаг. Улиастайн гүүр даваад замын хажуугаас тарвас авах гээд машинаа чөлөөлж зогсож байсан чинь хойноос нэг машин хурдтай хүрч ирээд намайг мөргөсөн. Тухайн үед шокт ороод юу болсноо мэдээгүй. Энэ залуу машинаасаа ч буугаагүй. Тухайн үед миний баруун тал ямар ч мэдээгүй болоод машины завсар хавчуулагдсан байсан чинь хажууд явж байсан олон машинуудаас залуучууд буугаад надад туслаад машиныг маань холдуулсан. Би охиндоо санаа зовоод хартал охин маань уйлсан, бас л шокийн байдалтай, юу болсноо мэдэхгүй сууж байсан. Энэ залуу машин холдуулсан гэж худлаа ярьж байна, машин холдуулах боломж байхгүй байсан. Ямар ч боломжгүй, машин маань 2 талаасаа базсан лааз шиг болоод хавчигдуулсан байсан. Тухайн үедээ ингээд үхчихдэг юм байна л гэж бодож байсан. Доошоо юм гоожсон, цус гоожсон уу гэсэн чинь цус биш давсаг хагарсан байсан. Тэгээд шокт орсон. Юу болоод байна вэ, намайг аваач ээ гэсэн чинь тарвас зарж байсан худалдагч эмэгтэй хашхираад байсан чинь хажууд байсан олон залуучууд буугаад надад тусалсан. Тухайн үед манай нөхөр Сэлэнгэ аймагт ажилтай явж байсан. Дуудах хүн байхгүй, би хүүгээ охиноо дуудсан, бүгд ирсэн. Тэгээд бид хэдийг эмнэлгийн машинд аваад явсан. Бүтэн өдөржин гэмтлийн эмнэлэгт шинжилгээ өгсөн. Охиндоо санаа зовсон, охин маань бүсээ бүсэлсэн сууж байсан тулдаа бүс нь тээглэгдээд савагдаад охин маань гайгүй байсан. Би охиноосоо “гайгүй юу” гэсэн чинь “гайгүй ээ ээж, би яаснаа мэдэхгүй байна” гэсэн. Охин гайгүй, би тухайн үедээ хүнд гэмтсэн. А.С. нь таны бие гайгүй юу гэж утсаар ярьсан, надаас уучлалт гуйх юм болов уу гэсэн чинь надаас уучлалт гуйгаагүй. Би “чи миний хүүгээс ялгаа юу байх вэ, эгчийнхээ хохирлыг төлнө биз дээ, бие маань ингэж гэмтсэн, машин авах юмгүй болсон байгаа” гэсэн чинь “эгчээ би боломжоороо төлнө” гэсэн сүүлд нь утсаар ярьсан чинь “та цагдаа шүүхээр яв, цагдаа нь шийдэх юм байгаа биз” гээд хүнийг үл тоосон байдалтай. Тэгээд би нөхрийгөө дуудсан, манай нөхөр Сэлэнгэ аймгаас хамаг ажлаа хаяад ирсэн. Манай нөхөр чамтай холбогдоход С. нь манай нөхрийг битгий дарамтлаад бай, С. нь хэдэн ч утастай юм, өгсөн утаснууд нь авдаггүй, эсвэл ажлынх нь залуу аваад ажлынх нь залуу байна гэдэг, надад утсаа ч өгөхгүй байсан. Хэлэх гэсэн чинь та нар цагдаа шүүхээр явдаг юм байгаа биз, та нар битгий дарамтлаад бай гэсэн. Тэгэхээр нь би дахиж С.тай холбогдоогүй. Цагдаа шүүх шийдэх байх гээд биеэ бодож эмчилгээгээ хийлгэе гэсэн. Надад 150.000 төгрөг л өгсөн, намайг таксины мөнгө өглөө гэж хэллээ гэсэн, энэ бол тухайн үедээ таксины л мөнгө байсан. Би Sky resort цанын баазаас гэмтлийн эмнэлэг рүү яаж явах вэ, С. намайг таксины мөнгө өглөө гэж хэллээ гэсэн, хүнийг гэмтээчхээд тэгж хэлж байна, тэгж болохгүй, ямар ч ёс зүй байхгүй, увайгүй, гэмших юм байхгүй, яаж хүмүүжихээрээ ийм байдаг юм бэ, тухайн үедээ би их гомдолтой байсан. Одоо миний бие ч гайгүй болж байна, би тухайн үедээ өчнөөн эмчилгээ хийлгэсэн, миний хөл тэнийхгүй, байнга өвддөг, явж чадахгүй бүтэн сар хэвтэрт байсан. Нөхрийнхөө ажлыг алдагдуулсан, хүүхдүүд маань тусдаа, бага насны хүүхэдтэй. Би хувийн байгууллагад ажил хийдэг байсан, ажлаа хийж чадахгүй, одоо ч гэсэн би ажилдаа явж чадахгүй байна. Өмгөөлөгч аваад өмгөөлөгчийн туслалцаатай энэ бүгдийг хийж байна. Тухайн үед надад хэлэх зүйл зөндөө байсан, одоо яах юм бэ” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 4-12 дахь тал/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зураг /хх-ийн 5-17 дахь тал/,
- Хохирогч Б.Ц.ийн “...Би 2022 оны 09 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад гэртээ харих гээд охин Есүйн хамт явж байсан. Т.Приус маркийн 69-74 УНЭ дугаарын миний өөрийн нэр дээр байдаг автомашиныг жолоодон хажууд охин суугаад явж байсан Улиастайн гүүрний зүүн талд яаж байгаад том ачааны машин тарвас зарж байхаар нь замаа чөлөөлж , ачааны машины ард талд зогсоод би өрөө буугаад машин дээр очоод тарвас авах гээд зогсож байтал гэнэт араас тас хийх чимээ гараад миний баруун талын хөл бэлхүүснээс доош ачааны автомашинтай хавчуулагдсан. Тэнд явж байсан хүмүүс зогсоод хүмүүс гарч ирээд намайг салж авч байх шиг байсан. Намайг тэндээс гаргахаар нь би доошоо суугаад байх үед баруун талын хөл мэдээгүй болчихсон байсан. Би ачааны автомашины хойно талд арай зүүн гар талаар нь кило байсан газарт нь тарвасаа киллүүлээд зогсож байсан. Миний баруун талын хөлийг хавчсан. Маш их гомдолтой байна. Уучлал ч гуйхгүй байна. Одоогоор бүрэн тооцоо гараагүй байна. Тооцоо гаргаж өгнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/
- Иргэний нэхэмжлэгч Т.Ахжархыний “...Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би хамт байгаагүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр танил дүү Амадынхтай хувийн тохиролцоо хийгээд Ховд аймгийн Буянт сумаас 14 тонн тарвас ачаад Улаанбаатарт 09 дүгээр 06-ны өдөр орж ирээд Улиастайн гүүрний зүүн талд очиж зорчих хэсгийг чөлөөлөн зогссон. 09 дүгээр сарын 08-ны өдөр Өлгийд ажил явдал гараад би машинаа орхиод Өлгий явсан. Энэ хооронд осол гарсан байсан. Эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Үнэлгээ хийлгэхгүй. Автомашины хойд хөндлөн төмөр хуурч унасныг би өөрөө янзлуулаад гагнуулчихсан. Өөр эвдрэл гэмтэл учраагүй. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дахь тал/
- Иргэний нэхэмжлэгч Д.А.ын “... Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Би хамт байгаагүй. Осол гарах үед манай төрсөн хүү болох А.С. машиныг жолоодож явсан юм. Эвдрэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дахь тал/
- Иргэний хариуцагч Д.А.ын “... Манай хүү төлбөрийн чадваргүй учир би тухайн ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах талаар ойлголоо. Хохирлын хэмжээнээс хамааран өөрийнхөө боломжоо харгалзан үзэж шийднэ гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/
- Гэрч Х.Амандыхын “... 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би Улиастайн гүүрний зүүн талд зорчих хэсэг чөлөөлөн зогссон ачааны автомашин дээр манай ээж М.Сайраагүл тарвас зараад байж байсан. Би хүргэлтээр Цайз руу явчихсан байсан бөгөөд ээж над руу утсаар залгаад осол гарчихлаа гэж хэлсэн. Би хүрээд иртэл 2 машин ар араасаа мөргөлдчихсөн байсан. Түргэн хүмүүсийг нь аваад явчихсан, цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. ...Ирсэн цагаас хойш тэр автомашин тэндээс огт хөдлөөгүй. ...Осол гарах үед 10 орчим тарвас дайрагдсан бөгөөд осол гарсан учир нэхэмжлэх санал гомдол байхгүй, гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 56 дахь тал/
- Гэрч Б.Соёл-Эрдэнийн "...Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Амгалангаас Улиастай орох зорилгоор манай нөхөр С. Приус маркийн автомашиныг жолоодон би хажууд нь суугаад өвөр дээрээ охин 2 настай, Агь-үжинг суулгаад явж байсан. Замдаа 1 хуушуурын түцнээс 4 ширхэг хуушуур аваад 1, 1 хуушуур идээд цаашаа хөдлөөд явсан. 1 хуушуурыг нь би хүүхдэдээ өгнө гээд ярьж байх үед манай нөхөр хуушуур луу хараад яв гэж хэлэх үед манай машиныг юм мөргөчих шиг болоод нөхөр баруун гар тал руугаа жолооны хүрдээ дараад урд машинаа мөргөөд зогссон, Урдаас бөөн утаа саагиад байсан бөгөөд манай нөхөр буугаад нөгөө мөргүүлсэн машины цонхоор ороод ухраагаад байсан. Надад цаашид нэхэмжлэх санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дэх тал/
чөлөөлөн зогссон ачааны автомашин дээр тарвас зарж байхад саарал өнгийн Приус автомашин ирээд цагаан зураас даваад замаа чөлөөлөөд зогсоод жолооч нь бууж ирээд надаас тарвас авч байсан. Би бүхээгтэй машин дээрээ байсан бөгөөд баруун гар талдаа килограммаа тавьсан байсан учир жинлэх гээд арай баруун гар талд 1 тарвас тавиад нөгөө хүн тооцоогоо хийх гээд машины баруун хойд тал руу зогсож байтал гэнэт баруун талаас ирж байсан саарал өнгийн Т. Приус автомашин маш их хурдтай ирж байгаад гэнэт замаас гараад зогсож байсан Приусийг мөргөөд түрээд тэр Приусын урд талд нь хураасан байсан шуудайтай тарвасыг дайраад манай машиныг мөргүүлээд зогссон. Мөн тарвас авч байсан эмэгтэйг ачааны машин болон өөрийнх нь машины голд баруун хөл талаар нь хавчсан. Мөргөсөн жолооч нь буугаад ирсэн бөгөөд замын хүмүүстэй хамтран хавчуулагдсан эмэгтэйг машиныг нь хойш түлхэн гаргаж авсан. ...Нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй, гомдолгүй ” гэх мэдүүлэг /хх-59 дэх тал/
хуушуур зарж байсан газарт зогсоод 4 ширхэг хуушуур аваад машиндаа эхнэр бид 2 нэг, нэгээр нь идээд 2 нь нь үлдээд хөдөлсөн. Баруунаас зүүн тийш чиглэлд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал миний баруун гар талд явж байсан саарал өнгийн автомашин миний урдуур дохио өгөлгүй шахаад би мөргөлдөхгүйн тулд баруун гар тийш дартал зогсож байсан автомашиныг мөргөөд урагш нь түрээд зогссон. Би машинаас буугаад иртэл цаана нь том автомашины ард мөргүүлсэн машины урд хүн орилж байсан. Би хаалгаараа буугаад хартал нэг хүн мөргүүлсэн машины урд талд ачааны автомашин хоёрын голд хавчуулагдсан байсан. Би гүйж очоод мөргүүлсэн машины хаалгыг онгойлгох гэсэн боловч онгойхгүй байсан учир цонхоор нь орж хойш нь ухраагаад буугаад очтол нөгөө эгч хөлөө барьчихсан зогсож байсан. ...Би замын урд талд зогсож байсан ачааны машиныг харсан. Мөргөсөн машинаа бол олж хараагүй. ...Би одоогоор 150.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-144 дэх тал/
шинжээч эмч Ц.Бадралын №12579 дугаартай “1. Б.Ц.ийн биед ууц ясны 2, 3 дугаар нугалмын баруун талын латерал массын зөрүү багатай хугарал, зүүн өгзөг, хоёр гуя, шилбэ, баруун өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэх” 2022.09.16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 74-75 дахь тал/
09 дүгээр сарын 19-ны өдрийн №4399/ДД№24301908 дугаартай тайлангаар Приус-20 маркийн 69- 74 УНЭ улсын дугаартай автомашинд 7.045.000 төгрөгийн хохирол учирсан гэх албан бичиг /хх-ийн 98-105 дахь тал/,
өдрийн В22-244 дугаартай үнэлгээгээр хохирогч Б.Ц.ийн эд зүйлд 147.000 төгрөгийн хохирол учирсан гэх /хх-ийн 109-116 дахь тал/
дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.С. нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн уулзварын замд “2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд Приус маркийн 47-45 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийг чөлөөлөн замын хашлага дагуу зогсож байсан Приус маркийн 69-74 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, худалдан авалт хийхээр зогсож байсан уг автомашины жолооч болох Б.Ц.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь: хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Б.Бямбадоржийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 12579 дугаартай дүгнэлт, “Итгэлт хөрөнгө” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгч А.С.н мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч А.С. нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн уулзварын замд “2022 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд Приус маркийн 47-45 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчих хэсгийг чөлөөлөн замын хашлага дагуу зогсож байсан Приус маркийн 69-74 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, худалдан авалт хийхээр зогсож байсан уг автомашины жолооч болох Б.Ц.ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа гэм буруугийн талаар дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлттэй маргах зүйлгүй. Гэрч Соёл-Эрдэнийн мэдүүлснээр осол бол хуушуур руу хараад яв гэхэд мөргөлдчих шиг болсон. Мөн гэрч Саригүлийн мэдүүлгээр хурдтай ирж мөргөөд тарвас дайраад машиныг маань мөргөсөн гэх мэдүүлэг, зам тээврийн ослын актаар бол 4745 УНА гэх тэмдэглэл, мөн Замын хөдөлгөөний дүрмээр зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт зөрчөөд осол гаргасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж осол гарсан нь тогтоогддог. Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй адил байр суурьтай байна. Хохирол бүрэн гүйцэт төлөгдөөгүй байгаа. Хохирогчийн хувьд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирол 2 шалтгаант холбоотой хохирогчид зөвхөн эрүүл мэндэд хохирол учраад зогсохгүй, эд хөрөнгөд нь хохирол учирсан байгаа. Үүнээс улбаалаад хор уршиг давхар учирсан, өчнөөн зардал гаргасан байгаа. Баянзүрхийн товчоо хүртэл 15 километр юм байна, түүнээс цааш тооцоод ирж очиход бараг 30-д километр явж эмчилгээнд хамрагддаг гэж мэдүүлсэн байгаа. Гэмтэл авснаас хойш байнгын хэвтрийн дэглэмтэй, хэвтрийн дэглэмд байхад нөхөр нь асарч байсан гэж мэдүүлдэг, үүнтэй холбоотой зардлаа шүүхэд гаргаж өгөөгүй байгаа, дараа нь иргэний журмаар нэхэмжилнэ гэж мэдүүлдэг. Хохирогч автобусаар явах боломжгүй, машин нь ардаа 8 хүний суудалтай, ард талынх нь зайнд хэвтэж явж эмчилгээ авдаг байсан, хотоос 15 километрийн зайд байдаг гэж мэдүүлснээс харахад хохирогч нь бие мах бодь, сэтгэл санаа, эд хөрөнгө, цаг хугацаагаараа бүрэн хохирчихсон байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Гэмтлийн хүндэвтэр зэрэг нь 7 хоног буюу түүнээс дээш удаан хугацаагаар үргэлжилдэг, энгийн хөдөлмөрийн чадварын 15-33 хувь хүртэл алдагдуулдаг зэргээс харахад тэр дороо эдгэрэх боломжгүй, цаашид удаан хугацаанд эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Хохирогч мэдүүлэхдээ утсаар шүүгдэгчтэй ярихад шүүгдэгчийн зүгээс уучлалт гуйдаггүй, хохирлоо төлөх талаар асуухад цагдаа, шүүхээрээ яв гэж увайгүй зан гаргасан байдаг. Үүнийг хүртэл шүүх гэм буруутай эсэхийг тооцоход анхаарч үзэх хэрэгтэй. Хохирогчийн хувьд гэмтэл аваад зогсохгүй, сэтгэл санааны зовлон шаналгааг давхар давхар авч байна. Иймд хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Эрүүл мэндэд учирсан хохирол нь 6.189.165 төгрөг, эд хөрөнгөд нь 7.192.000 төгрөг, нийт 13.381.165 төгрөг болж байна. Үүнээс хохиролд 1.650.000 төгрөгийг барагдуулсан. 11.731.065 төгрөг өнөөдөр төлөгдөөгүй байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ажилгүй байсан цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилнэ гэсэн. Хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй учраас шүүхээс хохирогчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Иргэний хариуцагч А.ыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хуралд оролцоогүй, хэрэгт авагдсан баримтаар эзэмшигч нь А. байдаг. Дээрээс нь Төрийн банкны тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тухайн үед эзэмшигч нь А. байсан учраас шүүхээс шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас хохирогчид учирсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж өгөх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа гэм буруугийн талаар дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруу дээр маргадаггүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Тээврийн хэрэгсэл жолоодож яваад болгоомжгүй үйлдлээсээ болоод болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас эхлээд өгсөн мэдүүлгээрээ хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ бол хөнгөрүүлэн үзэх нэг нөхцөл байдал юм, миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогч надад зөндөө зардал гарсан гэж яриад байна. Өнөөдрийн байдлаар бид хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд л асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэгт хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хууль зүйн туслалцаа аваад явж байсан, үүнийхээ дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байна. Тэгэхээр баримтуудаа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд 9 сарын хугацаанд гаргаад өгөх боломж хангалттай байсан. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тал дээр санал нэг байна. Харин өнөөдөр гаргаад өгчихсөн үнэлэх боломжтой нотлох баримтуудын хэмжээнд үнэлэх боломжтой баримтуудаар хохирлыг бодитой тооцож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. И баримтуудаар авагдсан давхардсан байгаа 28 болон 31 дүгээр хуудас дээр байгаа 520.000 төгрөгийн зардлыг давхардуулахгүйгээр хасч нэгээр нь тооцож өгнө үү. Гэр бүлийнхээ хүний тээврийн хэрэгсэлд шатахуун хийгээд явсан гээд, нэг бол таксигаар явсан гээд ийм зөрүүтэй тайлбарууд байгааг анзаараад том оврын машиных нь мөн юм, тээврийн хэрэгсэл нь нөхрийнх нь мөн, гэрлэлтийн баталгаа нь энэ юм гэдэг баримтууд хэрэгт авагдаагүй учраас энэ и баримтууд үндэслэлгүйгээр цугларсан байна. Шатахууны зардлаа ч гэсэн и баримт дээрээ регистрийн дугаараа шивүүлээд авах боломж байгаа. Нийтдээ 1.631.648 төгрөгийн шатахууны баримт байна. Үүнийг шүүхээс хохиролд тооцохдоо хасч тооцож өгнө үү. Бусад эмчилгээтэй холбоотой зардал дээр маргахгүй. Давхардуулж тооцохгүйгээр л шийдэж өгнө үү. Өмгөөлөгчийн хөлс болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримт огт орж ирээгүй, үүнийгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байж худлаа хэлэхгүйгээр тухайн үедээ тээврийн хэрэгслийг хөдөлгөөд хохирогчид тусалсан гэдгээ ярьж байгаа болохоос би энэ гэмт хэргийг огт хийгээгүй гэсэн талаас ерөөсөө мэдүүлэг өгөхгүй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү. 103 руу дуудахаар өөр дугаар руу залга гэсэн байна, яаралтай тусламж үйлчилгээ авахыг тухайн үедээ авсан байна гэж харсан. Тухайн дуудлагыг авахгүй байсан учраас өөр хүн дуудсан юм, хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт “би 103 руу дуудлага өгсөн боловч ингэсэн” гэдэг талаараа тайлбарладаг. Миний үйлчлүүлэгч хэлэхдээ тэр эгч бие нь өвдсөн болохоор ууртай байдаг юм шиг байна лээ, би ярихаасаа айдаг, тэгээд би холбогдож чадахгүй өдийг хүрсэн, би данс руу нь хохирол төлөх гэсэн юм, та надад дансны дугаар аваад өгөөч гэсэн, би өмгөөлөгчөөр нь дамжуулж хохирогчоос дансны дугаарыг авч байсан. Ингээд 1.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн байдаг. Хэрэг болсон цагаас хойш хохирол төлөхгүй байгаа шалтгаан нь бол А.С. нь барилгын компанид барилгын ажил хийдэг, гүйцэтгэгч компани нь захиалагч компаниасаа ажлын хөлсөө авч чадахгүй байгаа учраас ажилтан цалин хөлсөө авч чадахгүй, өнөөдрийн байдлаар 8.000.000 төгрөгийн ажлын хөлс авах ёстой гээд авлагатай байгаа.Сая цалин гээд 1.500.000 төгрөг авсан тэрийгээ шууд шилжүүлчихсэн. Ингээд цалин хөлс, орлогогүй байсан учраас хохирлоо төлж чадахгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Ажлын газрын тодорхойлолт хэрэгт авагдсан, тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх саналыг гаргаж байна” гэв.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны, гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч А.С. нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Ц.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй байна.
Шүүгдэгч А.С. нь зам тээврийн осол гаргаж хохирогч Б.Ц.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймээс шүүгдэгч А.С.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.С. нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч А.С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотоос 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхтуяа эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигтай таарч байна. Бие мах бодь болон учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй, эзэмшигч А.тай хувь тэнцүүлэх нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч А.С. нь гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сар болгож багасгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч хохирол төлөхөө илэрхийлж байгаа. Хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байгаа учраас өнөөдрийг хүртэл хохирлоо төлж чадахгүй байгаа, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгаж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч А.С.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч А.С. нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Б.Ц.эд 10.849.315 төгрөгийг иргэний хариуцагч Д.А.аас хувь тэнцүүлэн олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч А.С.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт А.ын С.г “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С.г 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А.С. нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С., иргэний хариуцагч Д.А. нараас хувь тэнцүүлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо 2-1-23 тоотод оршин суух, Аргууд овогт Билэгмаагийн Ц. /РД: УЗ74031245/-т 10.849.315 төгрөгийг олгосугай.
5. Хохирогч Б.Ц. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.С.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.С. нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД